Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

GLOBAL TIMES: Монгол Улс гадаад худалдаагаа тэнцвэржүүлэхийг хичээж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Global Times сонины нийтлэлийн зураг

Ийм утга бүхий гарчигтай өгүүлэл өчигдөр Хятадын коммунист намын дуу хоолой Global Times сонинд нийтлэгджээ. Нийтлэлд Монгол улсын ерөнхийлөгчийг танил болсон дээл, хар бүрх малгай өмсөн ууттай бараа (алт, зэс…) үүрээд хүрэн баавгайтай уулзахаар явж байгаагаар дүрсэлсэн гар зургийг хавсаргасан байна.

Өвөр Монголын Нийгмийн Ухааны Академийн Орос, Монгол судлалын хүрээлэнгийн судлаачийн бичсэн уг өгүүлэлд ОХУ-ын Владивосток хотноо Дорнын Эдийн Засгийн Чуулганд оролцож байгаа Монгол улсын ерөнхийлөгч Х. Баттулгын айлчлалын зорилгын талаар бичсэн байна.

Өгүүлэлд ерөнхийлөгчийн сонгуулийн амлалтын нэг хэсэг нь Монгол улсын гадаад худалдааг нэг орноос хэт хамааралтай байгааг засаж залруулах зорилт байсныг өгүүлж, анхны гадаад айлчлалын зорилго ч үүнд чиглэж байгаа гэжээ.

Мөн Монгол улсын Орос болон Хятад улсуудтай хийдэг худалдааны хэмжээ, чиг хандлага эрс ялгаатай байгаа нь Х. Баттулгыг ийм бодлого баримтлахад хүргэж байгааг тоо баримт дурдан өгүүлсэн байна. Тухайлбал 1990-ээд онд Орос улс Монголын гадаад худалдааны 80 хувийн эзэлдэг байсан бол жил бүр буурсаар 2015 онд 13 хувьд хүрсэн. Гадаад худалдааны алдагдлын 71.8 хувийг Оростой хийдэг наймааны алдагдал эзэлж, 2013 оны байдлаар $1.5 тэрбумд хүрснийг дурджээ.

Сүүлийн жилүүдэд Монголчууд малын махаа ОХУ-д гаргахыг чармайж байгаа ч ахиц муутай байгааг мөн хэлсэн байна. Харин эсрэгээрээ Хятадтай хийдэг худалдаа 2016 оны байдлаар нийт гадаад худалдааны 60 хувийг эзэлж, цаашдаа ч нэмэгдэж байгааг өгүүлжээ.

Эцэст нь өгүүллийг бичигч Оростой ойртохыг хичээж байгаа Монгол улсын ерөнхийлөгчийн чармайлтыг буруутгах аргагүй, ерөнхий дүндээ бүх талуудад сайн үр дүн авчирна гэж дүгнэсэн байна. Хятад-Оросын харилцаа түүхэн дээд хэмжээндээ хүрээд байгаа тул Монгол, Оросын харилцаа хөгжих нь гурван улсын хамтын ажиллагаанд сайнаар нөлөөлж, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн корридор байгуулах зорилгод нийцэж байгаа хэмээн дүгнэжээ.

 

Эх сурвалж: Global Times