Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Түмэнцэнгэл: Активын үнэлгээнд үндэслэн банкны салбарт цаашид авах арга хэмжээг тодорхойлно

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монголын банкуудад Активын чанарын үнэлгээ /AQR/ хийж байгаа. Энэ талаар Монголбанкны ОНБМТ-ийн ахлах эдийн засагч Б.Түмэнцэнгэлээс тодрууллаа. 

-Банкуудын активын чанарын үнэлгээг дүгнэх болсон шаардлага мөн яагаад заавал гадны аудитын компани үнэлгээг хийх болсон тухай тодорхой тайлбар өгнө үү? 

-Эдийн засгийг хүндрэлээс гаргаж, тогтворжуулах үндсэн зорилгоор хэрэгжүүлж байгаа ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын нэг нь банкны салбарын эрүүл, найдвартай байдлыг хангах, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх үйл ажиллагаа байдаг бөгөөд үүний тулд банкны системийн эрсдэл даах чадварыг тогтоож, санхүүгийн системийн нөхцөл байдлыг нарийвчлан үнэлэн, цаашид авах арга хэмжээг тодорхойлох шаардлагатай юм.

ОУВС-гаас Активын чанарын үнэлгээг олон улсад түгээмэл ашигладаг аргачлалын дагуу хийх чадвар бүхий, туршлагатай, олон улсад нэр хүндтэй байгууллагаар хийлгэх шаардлагыг тавьсан.

-Шалгаруулалтад ямар үзүүлэлтийг голлон авч үзсэн бэ? 

-Активын чанарын үнэлгээг явуулах компанийг сонгон шалгаруулахдаа энэхүү үнэлгээг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын гишүүн орнуудад түгээмэл ашигладаг аргачлалын дагуу гүйцэтгэж байсан болон зээлийн эрсдэлийн удирдлагын аргачлалын үнэлгээг олон улсын шилдэг туршлагад нийцүүлэн хийж байсан чадвар, туршлагатай, олон улсад нэр хүндтэй байх үндсэн шалгууруудыг харгалзан үзсэн болно.

-PWC компаний тухай мэдээлэл өгнө үү?

-Сонгон шалгаруулалтыг Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид нийцүүлэн явуулсан бөгөөд шалгаруулалтад аудитын чиглэлээр дэлхийд тэргүүлдэг 4 компанийн нэг болох PWC компанийн Чех улс дахь салбар шалгарсан байна.  Тус компани нь олон улсад нэр хүндтэй, актив болон барьцаа хөрөнгийн үнэлгээний чиглэлээр мэргэшсэн компани бөгөөд шалгаруулалтын явцад санхүүгийн ба техникийн чадвартай, сонгон шалгаруулалтын шаардлагыг хангасан болохоо нотолсон.

-Манай улсын банкны салбарт одоо хэрэгжүүлж байгаа стандартууд уг үнэлгээ хийх стандарттай нийцэж чадах болов уу?

-Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа банкны хяналт шалгалтад Олон улсын санхүүгийн Bank for international settlements (BIS) байгууллагаaс баталсан Базелийн стандартыг мөрддөг болно. Активын чанарын үнэлгээг олон улсад нийтлэг мөрддөг Европын Төв банкнаас батлан гаргасан аргачлалын дагуу явуулах бөгөөд энэхүү аргачлал нь Базелийн стандарт болон Санхүүгийн тайлагналын Олон улсын стандарттай нийцсэн байдаг.

-Үнэлгээний үр дүнд банкинд итгэх итгэл сулрах вий гэсэн болгоомжлол бий. Тэгэхээр Төв банк, ОУВС хоёрын хооронд энэ асуудлын талаар хэрхэн тохиролцсон бэ? 

-Активын үнэлгээний үр дүнд үндэслэн банкны салбарт цаашид авах арга хэмжээг тодорхойлох бөгөөд энэхүү арга хэмжээг авч хэрэгжүүлснээр бодит секторт хүрэх зээл, санхүүжилтийн урсгалыг тогтворжуулж, харилцагчид, хөрөнгө оруулагчдын банкны салбарт итгэх итгэлийг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийн өсөлтийг тэтгэж, гадаад өрийн дарамт буурах боломж бүрдэнэ.

-Үнэлгээ хийх ажил одоо яг ямар шатандаа явж байгаа вэ? 

-Активын чанарын үнэлгээний ажил одоогоор хэвийн үргэлжилж байна.

-Банкуудыг яг ямар үзүүлэлтүүд, бичиг баримтад үнэлгээ хийх вэ. Үнэлгээ хэдэн шаттай вэ? 

-Активын чанарын үнэлгээг банкуудын холбогдох тайлан мэдээн дээр үндэслэн хийж байна.

-Хэрэв хяналт шалгалтад муу үнэлгээ авбал засаж сайжруулах боломж банкуудад байгаа юу?

-Активын үнэлгээний үр дүнд үндэслэн банкны салбарт цаашид авах арга хэмжээг тодорхойлох бөгөөд үнэлгээг хийхдээ манай банкны салбарын онцлог, үнэлгээний явцад үүсч болох хүндрэлийг харгалзан үзэх юм.