Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

У.Барсболд: Монголын өвөрмөц онцлог, даацад тохирсон үсрэнгүй хөгжлийг бид өөрсдөө бүтээх чадвартай

ikon.mn
2017 оны 12 сарын 28
iKon.MN

Монголын Залуучуудын Холбооноос оны төгсгөлд нийгэм, улстөр, эдийн засаг бизнесийн шилдэг залуу гэж шалгаруулдаг уламжлалтай. Харин шалгарсан залуус нь ирж буй шинэ ондоо багтаж Монгол Улсын хөгжлийн талаарх өөрийн санал санаачлага бүхий илтгэлийг тавьдаг. 

Энэхүү илтгэлүүдийг бид Монголын Залуучуудын Холбоотой хамтран 17 дахь цувралаа хүргэхээр бэлдлээ.

2003 оны нийгэм, улс төрийн салбарын шилдэг залуугаар тодорсон БОАЖ-ын сайд асан У.Барсболдын илтгэлийг хүргэж байна.

 


2004.05.14

МОНГОЛЧУУДЫН ТУХАЙ

Монголчууд бид хэн бэ гэдгийг дэлхий мэддэг. Тусгаар тогтносон, омголон тайван ард олонтой, түүхэн уламжлал, соёлтой, Чингисийн Монгол гэж тэд хэлдэг. Харин бидэнд өөрсдийн тухай ийм мэдлэг хангалтгүй юм. Олон зууны турш хүнд бэрх сорилыг давж, өргөн уудам тал нутагтаа сийрэг суурьшин, цагтаа хагарч бутарч, эгзэгтэй цаг үед нэгдэн нягтарч чаддаг, гайхамшигтай ирмүүн тэмүүлэл, тэрсүү зан чанартай өвөг дээдсийн үр удам гэдгээ бид мэднэ. Монголын гайхамшгийг тоочиж барахгүй ч хүн, тэр тусмаа ард түмэн өөрийн сул тал, алдаа оноог мэддэг байж л сая өөрийгөө таньж, буруугаа засч, зөвийгөө өвлөх чадвартай, оршин тогтнох хувь заяатай байх болно. 

Яагаад ийм цөөхөн хүн амтай, бусдаас өөр, суурьшлын бус аж ахуйтай байна вэ? Монголдоо болохоор ажил голоод хийдэггүй, харь оронд, Америк, Англи, Европ, Солонгост очихоороо хар бор бүх ажлыг ямар ч эмзэглэл, түүртэлгүйгээр хийх болсон өнөөгийн бодит байдал юуных вэ? Олдсон газраа тордож чанаржуулах сөхөөгүй, өнөөдөр болбол маргааш яахав гэж өөрийгөө хуурдаг, маргааш хийнэ гэж бусдыгаа молиго өмхүүлдэг зан бидний төрөлх араншин уу? Өндөр уулын бүсэд, эрс тэс уур амьсгалтай, туйлын эмзэг байгаль, усны хомстол, дулааны гачаалтай газар нутагт бид болохгүй зүйлийг байгуулах, бусдын адил хөгжих гэж тэмүүлсээр алдаж байна уу?

Бидний өвөг дээдсээс уламжлагдан ирсэн аж ахуйн хэлбэр тун цөөхөн хэдэн хүндээ тохиромжтой, байгальдаа зохицсон шилдэг арга байсан байж болох ч өнөөгийн нэг сая хүнтэй төвлөрөл бүхий Улаанбаатарт амьдрал ямар хуулиар зохицуулагдан явагдах ёстой талаар бид дорвитой бодож төлөвлөж байсан уу? Дэлхийн тэргүүний хөгжилтэй аль ч улсын төрийн зүтгэлтэн бүр мөрөөдөж суухаар хэмжээнд нийтээрээ боловсорсон бидний монголчууд сүүлийн хэдэн зуунд гундуухан явсны шалтгаан хаана байна?

Хүн амын дийлэнх хувь нь өсөх идэр насны залуучуудаар төлөөлөгдсөн бидэнд асар ирээдүй байгааг өөрсдөө мэдрэхгүй байгаа юм болов уу гэсэн үй түмэн, энгийн боловч шууд цэгцтэй хариулахад түвэгтэй асуултуудаар Монголчууд бүрэн тодорхойлогдож байна. Хариултгүй, эсхүл хариулахад хүнд байдаг маш олон энгийн асуулт хариултаа хүлээж байна.

 

ХӨГЖЛИЙН ТУХАЙ

Дэлхийд өндөр хөгжилтэй гэж бидний ярьдаг улс орнуудад, олон улсын албан ёсны байгууллагуудад хөгжсөн ба хөгжиж буй улс гэсэн нэр товъёог хэрэглэдэг. Европоос ирсэн юм гадарладаг хүмүүс биднийг хараад гайхдаг. Бүтээж байгуулж байгаагаа тооцож, тоолж мэддэггүй, олсон, олборлосны ид шидийг үзэж чаддаггүй, хурааж, хуримтлуулах ур чадваргүйг гайхаж байна. Хөгжсөн улс оронд ДНБ-ний нэг хүнд ногдох хэмжээг голчилж авдаг бол Монгол Улс энэ тоогоо гаргаж чаддаггүй учраас гаднаа ч, дотроо ч ядмаг харагдаж байна.

Өдий төдийгөөр хэвлэгдэж байгаа ном, сэтгүүл, CD, энд тэнд тоглож буй концерт шоу гээд энэ бүгд бидний бүтээл-бүтээгдэхүүн мөн. Өндөр барилга, олон машин хөгжсөн орны үзүүлэлт биш болоод удаж байна. Монголчууд бидний тархин дотор буй эмгэгээс болж олон урхагтай байдал бий болж байна. Нэгийгээ харж дуурайх, түүнийг орлох атаа хорслоор бидний тархи өвчилсөн байна. Хүн бүр ахар богино хугацаанд их мөнгөтэй болох шуналаар тушигдсан байна.

Хамтарч ажиллах, үнэнчээр ажил хөдөлмөр гүйцэтгэх, сэтгэл гаргаж зүтгэх чадвар үгүйлэгдэж байна. Ийм тохиолдолд хөгжлийн тухай яриа өрнүүлэхэд хүндрэлтэй юм. Чухамхүү юу болоод байгааг хувь хүн бүр ухаарч байж Монголын нийгмийн хамтын амьдрал цэгцтэй, хөгжсөн орнуудын ангилал руу ойртох боломжтой болно. Эх орон, ард түмэн гэж өндөр зэрэглэлийн үйлсийн төлөө бус юм гэхэд өөр өөрийн хэмжээнд хүн бүр хөдөлмөрлөж, хүн чанартай, мөстэй байж чадвал хөгжлийн тухай ярьж болно.

Капиталын хуримтлал өөрөө хөгжил биш юм. Хүний хөгжил, тархины зөв бүтэц бүхий ажиллагаа хөгжлийн өндөр үзүүлэлт гэж би үзэж байна. Ямар ч хүнд байдалд самуурдаггүй, цэвэр ёс суртахуун, зөв сэтгэлгээтэй саруул оюун ухааныг дээдэлж байна.

ОРЧИН НӨХЦЛИЙН ДААЦ, ХӨГЖЛИЙН ЭРЧИМ, ОЮУН САНААНЫ ДАЛАЙЦ

Байгаль орчин, уур амьсгал, экосистемийн төлөв байдал нь өөрөө бүтээн байгуулалт, дардан хурдан зам, өндөр шовх байшин, оволзсон олон жуулчин, зах зээлийн сонгодог бүтцийн хөгжлийг хязгаарлагч үндсэн фактор, хүчин зүйл нь байдаг. Монголын хувьд энэ хүчин зүйл шийдвэрлэх үүрэгтэй. Бид бусад улсыг бодвол хэд дахин их дулаан, эрчим хүч хэрэглэх шаардлагатай, аливаа ажлыг гүйцэтгэхэд зарцуулах хөрөнгө оруулалтыг илүү ихээр шаардана. Нэг үгээр бол тухайн газар зүйн орчин, уур амьсгал, экосистем нь өөрийн гэсэн даацтай, тэр хэмжээгээр бүтээн байгуулалтыг зогсоож хориглож байдаг.

Хэрэв орчин нөхцөлийн ийм даацыг коэффициентолж, бий болсон бүтээн байгуулалттай харьцуулах юм бол Монгол энэ талаар хэнээс ч дутахгүй гэдэгт би эргэлзэхгүй байна. Удаан хугацаагаар хүйтний улирал үргэлжилдэг, өндөр уулын бүсэд, гадаргын ус, хар шороон хөрсний дутагдалтай газарт өндөр хөгжлийн загварыг одоогоор хэн ч бий болгоогүй юм. Ийм утгаар бол Монгол хоцрогдсон орон биш ээ. Орчин нөхцөлийнхөө даацанд тохирсон утгаараа бид хөгжсөн орон юм.

Хөгжлийн эрчим, түүнийг удирддаг оюун санааны далайцаараа хөгжсөн орон. Бусдыг гайхуулах, бишрүүлэх хэмжээнд очтол харин бидэнд цаг хугацаа л хэрэгтэй.

ЁС СУРТАХУУН, ҮҮРЭГ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ

Монгол Улс өнөөдөр ардчилсан улс төрийн тогтолцоотой болж чадлаа. Ардчилал өөрөө хэн нэгнээр тээлгэж, хэн нэгний нэр нүүрээр явж байдаг зүйл биш. Хуулийн хүрээнд аливаа үйл чөлөөтэй. Хуулийг тахин шүтдэг орчныг ардчилал гэж үзэх ёстой. Өнөөдрийн Монголын ардчилал Монгол хүн бүрт хамаатай, бид бүгдийн ололт юм. Гагцхүү хууль өөрөө төгс төгөлдөр байх ёстой. Төр, засгийн эрх мэдлийн хуваарилалт тод томруун байх ёстой. Байнга сайжирч хөгжих ёстой. Хууль төгс төгөлдөр байна гэдэг хэн нэгний хийж болох бүх үйлдлийг нэг бүрчлэн заана гэсэн үг биш юм. Хууль гагцхүү хийж болохгүй үйлдлүүдийг нэг бүрчлэн заах учиртай. Энэ утгаар авч үзвэл ардчилал бол ёс суртахуун, үүрэг хариуцлагын цогцол юм. Энэ утгаар хууль зөрчсөн хэн бүхэнтэй хатуу тооцоо хийдэг байх ёстой.

Алтыг дураараа, хориотой газраас, хортой технологиор олборлож байгаа хэн бүхнийг шийтгэх, таслан зогсоох чадвар нийгэмд, төрд байх ёстой. Түүнийг нийтээр жигшдэг ёс суртахууныг төр хөхүүлэн дэмжих ёстой. Хуулийн заалт, өгүүлбэрийг зөрчөөгүй л бол чөлөөтэй гэдэг ухамсар өөрөө ёс суртахуун, үүрэг хариуцлага юм. Байгалийн баялгийг ашиглах, газар эзэмших, өмчлөх, аялал жуулчлал хөгжүүлэх, тариа ногоо тарих, дулаан үйлдвэрлэх, хог хаягдлаа зайлуулах үйл ажиллагаа хуулийг тойрч гарах, хөгжлийн төлөө гэсэн хоосон уриаг хаацайлах шалтаг болох учиргүй.

Анхнаасаа хуулийн дагуу бүх зүйл хийгдэх ёстой. Түүнээс бус өнөөдөр түгээмэл тархсан шиг тунирхсан, төрийн алба уруу дайрч давшилсан, тэр хэмжээгээрээ хууль бус ажиллагаагаа халхавчилсан, хийж бүтээх, хөгжих тухай ерөнхий яриагаар хуулийг дарамталсан байдал үнэн хэрэгтээ ёс суртахуунгүй, үүрэг хариуцлагагүйн илрэл юм. Хаана ёс суртахуун, үүрэг хариуцлагэ байхгүй байна, тэнд хууль замхарч, хөгжил саарна.

БИДНИЙ АЛДАА, ОНОО

Бид мөнгөнд дуртай болжээ. Бүр хэт их. Хүүхдээс авахуулаад хөгшдийг хүртэл мөнгө ярина, хүснэ, мөрөөднө. Бүх зүйлийг мөнгөөр хэмжинэ. Бүх ажлыг мөнгөөр бүтээх гэнэ. Мөнгө хэрэгтэй байлгүй яахав. Гэхдээ хэр хэмжээндээ таарсан байх ёстой. Чи юу хийж чаддаг, тэр хэмжээгээрээ үнэлэгдэх ёстойг хэн бүхэн хүлээн зөвшөөрөх ёстой. Хэн нэгний тухай худал, хуурмаг зүйл зохиож биччихээд дарамталж эхэлнэ. Мөнгө өгөхгүй бол илүү муухайгаар дахиж зохион бичихээ илэрхийлнэ. Хэчнээн их цагийг ийм бохир зүйлд зарцуулж байна вэ?

Рекэтлэх гэдэг ойлголт, гадаад үг эрүүгийн ертөнцөд төдийгүй сэтгүүлзүйд амь бөхтэй орж ирсэн нь бидний хамгийн ноцтой алдаа болж байна. Мөнгийг ямар ч хамаагүй аргаар олохыг бизнес хийх ярьж байна. Бизнес гэдэг маань өөрөө ямар өргөн утгатай, эерэг үг билээ. Гэтэл түүнийг хэдэн халтар төгрөг олохтой адилтгаж байна. Хэсэг нөхөд нийлж аваад өөрсдөд нь таалагддаггүй нэгнийг мөнгөнд автсан адгийн нэгэнд захиалж бичүүлнэ.

Хөгжлийн тухай бичдэг хүн хуруу дарам цөөхөн байна. Хөгжлийн тухай яриаг өргөн дэлгэр өрнүүлбэл хэн хүний сайн муу нь бүрэн ялгараад ирнэ. Муу, сэтгэлгүй нэгэн нь энэ тухай "А" ч дуугарч чадахгүй, аль эсхүл худал хуурмаг зүйл баахан бурж удалгүй тэр нь баригдана. Хөгжлийн тухай аливаа санаачлагыг хором алдалгүй өлгөн авч олон талаас нь хэлэлцүүлдэг байх ёстой. Түүнээс бус хэн нэгний гэр бүл, үр хүүхэд, эцэг эхийг доромжлох бэлтгэлийг хангачхаад мөнгө нэхнэ гэдэг аймшигтай асуудал юм. Ийм байдлыг газар авахуулсан нь бидний, монголчуудын том алдаа. Одоо УИХ-ын ээлжит сонгууль дөхөж байна. Нэр дэвшиж магадгүй, эсхүл томоохон албан тушаалд томилогдох магадлалтай хүмүүсийг цохлон авч дарамтлах ажилдаа орсон хүмүүс мэр сэр гарсаар байна.
 
Улс төрийн хүчнүүдийн мөрийн хөтөлбөр бол эрх барих жилүүдэд төдийгүй ирэх онуудад улс орны хөгжлийг яаж авч авах, удирдах тухай чухал баримт бичиг юм. Энэ баримт бичгийг задлан шинжилж, олон талаас нь нухацтай авч үзэж хэлэлцүүлэх нь илүү чухал ажил баймаар. Энэ нь хэн нэгний тухай үл бүтэх зүйл бичиж, худал хуурмаг цуу үг тарааснаас илүү гэдгийг ухаарах цаг болжээ. Мөнгөний төлөө зэрлэг тэмцлийг гааруулж, мөнгөний үнэ цэнийг түүнийг төлөөлсөн бодит үнэлэмжгүйгээр авч үзэх болсон нь нэн том алдаа юм.

Улс орны хэмжээний чухал олон асуудлыг үе үеийн Засаг газар бололцооны хэрээр шийдвэрлэсээр ирсэн. Өнөөдрийн Засгийн газар ч байгаль орчин, хөгжил дэвшилтэй холбоотой олон чухал асуудлаар эрчимтэй олон ажил амжуулсныг энэ индрээс дахин дамжуулахад таатай байна. Болохгүй бүтэхгүй зүйл байгааг үгүйсгэхгүй. Хөрөнгө санхүүгийн гачаал, цаг зуурын үл ойлголцол мэтийн ойр зуур шалтгаан гарч зарим төлөвлөлтийн хэрэгжилт саатдаг. Энэ нь хаана ч тохиолддог. Гэхдээ Засгийн газрын сэтгэлгээний далайц, хичээл зүтгэл үнэхээр их байгааг түүний нэг төлөөллийн хувьд бардам хэлж чадна.

ДАЯАРШИЛ БА МОНГОЛ

Дангаар оршиж байсан улс орнууд өөр хоорондоо харилцан итгэлцэл, илэн далангүй ярилцлагын олон жилийн туршлагыг үндэслэн хамтын хөгжлийн нягт шийдвэрүүдийг гаргах болсныг өнөөдөр бид даяаршил гэж нэрлэж байна. Түүнээс бус даяаршиж буй дэлхий анхнаасаа байсан мэтээр, түүнээс дангааршлыгэргэж ургуулан ярих нь хэр оновчтой бол? Дэлхийн анхны төлөв нь дангааршил, тиймээс ч даяаршлын тухай ярих боломжтой болов уу. Дэлхий нийтийг хамарсан их дулаарал, байгаль цаг уурын өөрчлөлт нь дэлхийн нэгдсэн аж ахуйг эргэж харахыг олон олон Засгийн газраас шаардаж байна. Их дулаарлаас үүдэж манайд зуд, хуурайшил ихээхэн хохирлыг авчирлаа. Ийм хэмжээний хохирлын үр дагавар, болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэх арга замыг бусад орнуудтай харилцан ярилцаж байж, агаар орчны бохирдлыг нийтээр багасгаж байж, нэгэн үгээр хэлбэл даяаршиж буй дэлхийн хэмжээнд ярьж байж л бий болгож чадна.
 
Бүс нутаг дамжсан Монголын говь цөлөөс үүдэлтэй шороон шуурга, шар элсний нүүдлийг багасгах, болзошгүй аюулыг урьдчилан мэдээлэх сонирхол зөвхөн Япон, Солонгос, Хятадын асуудал биш юм. Монголын асуудал бүр биш юм. Энэ дөрвөн улсын хамтын ярилцлага, тус бүрийн ашиг сонирхлын сэдэл байж гэмээнэ гарц нь олдох асуудал юм. Монголын хувьд говь цөлийн бүсийн эмзэг байгаль, экосистемийг судлах, хамгаалах бодлогын үндсэн стратеги нь эдгээр улсын агаарын бохирдлыг бууруулах сонирхолд түшиглэх ёстой.

Цөлжилт, талхагдлын асуудлыг авч үзэхдээ зөвхөн өөрсдийн аж ахуй эрхлэх туршлагыг эргэн хянах төдийгүй үйлдвэржсэн улс орнуудын бохирдол бидэнд хүнд тусч байгааг ярьж хэлж, яриа, хэлэлцээрийн арга хэрэгсэл болгох ёстой. Ийм ч учраас өнөөдөр дэлхий нийтэд байгаль орчны дипломат бодлого гэдэг шинэ яриа орж ирж байна. Энэ бол даяаршлын хамгийн том, тэр тусмаа манай Монголын хувьд хамгийн ашигтай "шинэ дипломат бодлого" юм гэж би үздэг.

Дэлхий нийтийн тогтвортой байдалд заналхийлж байгаа терроризмын асуудал ч мөн даяаршлыг шаардаж байна. Дангааршсан байдал явцгүй болсныг зарлаж даяаршил ирлээ гэж би ухаардаг.

ХӨРШҮҮД БА ХОЛЫН АНД НӨХДҮҮД

Хөршөө сонгодоггүй гэсэн нэгүгбий. Газар нутгаар хиллэдэг хөршийн тухай уламжлалт ухагдахуун бидэнд бат шингээстэй, тэдэнтэй харьцаж, хандаж түүхээ ч бид үргэлжлүүлэн бичиж байна. Орос, Хятад, мөн Казахстан улсууд манай газарзүйн төдийгүй түүх соёлоороо нягт уялдаж ирсэн агуу хөршүүд. Монгол Улс тэдэнтэй харьцуулахад олон талаар жижиг байж болно. Жижиг боловч өөрийн бодолтой, хэл соёлтой улс. Хөрш улсуудад хориглогдсон, тэдний хөгжлийн хүрднээс шахагдан зайлуулагдсан муу бүхнийг бид илүү онцгой анхаарах ёстой.

Тэнд газар авахгүй байгаа техник, технологи Монголын хөрсөнд амилах учиргүй. Тэнд явагдаж буй улс төр, эдийн засгийн бодлогын шууд нөлөөлөл бидэнд бага ирдэг байх ёстой. Ийм учраас холын гэлтгүй улс орнуудыг анд нөхдөө болгох хэрэгтэй. Тэднээс цэвэр технологи, мэдлэг боловсрол, анд нөхдийг олж авах учиртай гэж би боддог.

Гадаад улс орныг тусламж, зээл өгөгчийн хэмжээнд хүлээн авдаг өнөөдрийн сэтгэхүйгээс салах ёстой. Сайн анд нөхөр мөнгө, хөрөнгөөр туслагч байх албагүй, алдахаас сэргийлэгч, алдаагаа засахад нь туслагч байдаг гэдэгт би итгэдэг. Монголд наалдацгүй бол шаардлагагүй төсөл, зээлийг авдаггүй, зээл тусламжийг дамжуулагч нь тодорхой бус үйл ажиллагаа явуулдаг бол түүнийг таслан зогсоож чаддаг байх ёстой. Улс орон нээлттэй болохын хэрээр сайн муу бүх зүйл хил даван орж ирж байна.

Монгол Улс бусдын туулсан муу бүхнийг дамжиж өнгөрөх албагүй. Тийм учраас улсын хилээр, хүмүүсийн тархи толгойгоор юу дамжиж орж ирэхийг, юуг нь хөхүүлэн дэмжихээ ил тод зарлая. Бусдыг нь хязгаарлах бодлогыг тууштай зарлаж хэрэгжүүлье.

БУСДЫН ЧАДДАГИЙГ БИД ЧАДАХ ЁСТОЙ Ч БҮГДИЙГ ӨӨРСДӨӨ ХИЙХ АЛБАГҮЙ

Энэтхэг, Хятадад хийдэггүй юм алга. Дэлхийд нэр гарсан бүтээгдэхүүн бүрийг дуурайн үйлдвэрлэж байна. Тэд бусдын чаддаг бүхнийг чадахыг хүсч байна. Аргагүй юм болов уу. Дэлхийн 3,000 хүн тутмын 600 нь хятад, 500 нь энэтхэг үндэстэн байдаг. Харин нэг нь л Монгол. Тэдний сэтгэхүй өөр. Их үндэстний сэтгэхүй гэж ч нэг юм бий. Эндээс л бид цөөхөн, бага үндэстний давуу талыг олж харах ёстой. Тийм учраас тэднээс өөрөөр сэтгэх ёстой. Бид компьютер, нарны зай, электрон багаж, төхөөрөмж үйлдвэрлээд яах юм бэ? Дэлхий даяар шаардагдах, тэр их эрэлт, хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг цөөхүүлээ бид мачийгаад ч барахгүй.

Харин энэ компьютер, нарны зай, электрон багажид зайлшгүй ордог нэг жижигхэн деталийг нь үйлдвэрлэе. Энэ бүгдэд хэрэглэдэг программ, технологийн схемийг боловсруулъя гэвэл бидний хувьд илүү оновчтой. Монголд ноолуурын том, орчин үеийн үйлдвэр барьж болно. Бид ноолуураараа дэлхийд бодитой байр суурьтай. Үүнийг түлхүү анхаарч хатуу нарийн бодлого барих нь зүйтэй.
Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудал ч өөрийн гэсэн онцлогтой.

Өнгөрсөн зун Монголд болсон Ази Номхон далайн байгаль орчин, тогтвортой хөгжлийн чуулга уулзалтыг удирдаж оролцсон Японы Ерөнхий сайд асан, нэрт улс төрч Р.Хашимото гуай Монгол Улсын Ерөнхий сайд болон бидэнд хандаж энэ талаар анхаарууштай нэгэн санааг хэлсэн билээ. Энэ нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тухайн улс орны байгаль орчны даацыг зөв тооцох ёстой тухай санаа байлаа. Монгол Улс жилд хорин сая, эсвэл хоёр сая, 200 мянган жуулчин хүлээн авахад байгаль орчны даац, мөн тэдэнд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмж хангалттай эсэхийг нарийн тооцох ёстой гэдэг утгаар үүнийг ойлгож байна.

Монгол Улс дэлхийн хөдөлмөрийн хуваарилалтад юу хийж чадахыг бид өөрсдөө л оновчтой сонгохгүй бол хэн ч бидний өмнөөс сонгож өгөхгүй. Хурдан онгоц, хүчит техникийг бид үйлдвэрлэх шаардлагагүй шиг юуг хийх хэрэггүйгээ сайн мэддэг байх ёстой. Үгүй ядаж чадахгүйгээ мэддэг байх нь хөгжлийн зүг хагас алхсантай адил юм. Хөгжлийн хойноос гүйцэж түрүүлэх хэцүү, түүнийг амдаж авах бүр хэцүү. Химийн үйлдвэр, түүний дотор нефть нэрэх, цаас үйлдвэрлэх зэрэг хортой салбарыг бид хөгжүүлэх шаардлага байна уу?

Герман, Туркийн шилдэг технологийг оруулж, малын арьс ширийг байгальд хоргүйгээр боловсруулахаар санаачлагчдыг бид дэмжих ёстой. Бусад улсад хэрэглэхийг хориглочхоод шахагдаж байгаа өндөр эрсдэлтэй, химийн хорт бодисоор боловсруулдаг технологийг гаднаас оруулж ирсээр байгааг таслан зогсоох хэрэгтэй. Хамгийн амттай, эрүүл мах бэлтгэдэг уламжлалаа хадгалж чадвал том хөгжил.

Бэлчээр ашиглалтын менежментийг сайн хийж, байгаль, экологийн тэнцвэрийг хадгалж, даацыг нь хэтрүүлэлгүй, байгалиас ирж болох гамшгийн эрсдэлийг зөв тооцож малаа маллавал мөн л хөгжил. Тэгтлээ их тариа тарьж ургуулж чадахгүй мөртлөө хамаг мөнгөө бензин, тос болгон шатааж байгаа бол газар тариалангаа өөрчилье. Хуурай зун болонгуут ургац алддаг, намар орой бороо, цас эрт орвол чанарыг муутгадаг менежмент явахгүй байна. Тариа талхыг тарьж ургуулж чадахгүй байгаа энэ газар ургах, халуун нар, сэрүүн шөнийг ажралгүй даадаг бусад төрлийн, эдийн засгийн үр ашигтай ургамлыг тарималжуулж дэлхийн зах зээлд гаргах нь илүү зөв биш гэж үү.

МОНГОЛ ХЭР ХӨГЖСӨН УЛС вэ? БУУРАЙ ОРОН МӨН ҮҮ?

Газар доогуур явдаг төмөр зам, 100 илүү давхар байшингийн үнэлэмжээр бол бид хол хоцорсон гэж болно. Бид дээд тал нь 16 давхар ганц хоёр барилгатай, авто замын доогуур ганц гарцтай. Хуучин 20 дугаар дэлгүүр гэдэг байсан байшингийн харалдаа бий. Харин нэг төгрөг зарцуулаад эргээд түүнийгээ нөхөн олж авах боломжоороо Монгол хамгийн нээлттэй улс гэж би боддог. Дундаж иргэний боловсролоороо дээгүүр орох улс бол яах аргагүй бид. Айл өрх бүр өөрийн мэдлийн газартай байх боломж бидэнд л бий. Ийм үзүүлэлтүүдийг хоёр талд тавьж жинлэж үзвэл ямар жинлүүрээр хэмжсэнээс хамаарч хүнд хөнгөн нь шийдэгдэх болно. Миний хувьд Монгол хувь хүнд ногдсон боломж, эдийн засгийн ерөнхий үзүүлэлт хоёрын эхнийх нь илүү чухал гэж үзэж байна.

ГАЗАР, УС БА ДЭД БҮТЭЦ

Дэлхийн хөгжсөн орнуудын түүхийг харахад газрын төлөө тэмцэл дунд бичигдсэн нь анзаарагддаг. Амьдрал хэдий баялаг ч газар дээр л явагдаж иржээ. Хуультай хуульгүйгээр газар эзэмших гэж олон арга чаргыг сэдсэн жишээг дурдаж болно. Цаад зорилго нь уг газрыг хадгалах гэсэндээ бус, анхны төлөв байдлаас ямар нэг байдлаар өөрчилж, боловсронгуй болгон сайжруулснаар, засаж тордсоноор, барилга байгууламж барьснаар, ургамал ногоо тарьснаар уг газрыг үнэтэй болгож эцсийн дүндээ эдийн засгийн эргэлтэд оруулах явдал юм.

2000 оны наймдугаар сард Байгаль орчны сайдаар томилогдонгуутаа миний бие газрын харилцааг боловсронгуй болгох, Монгол Улсад анх удаа газрыг иргэдэд өрхийн зориулалтаар өмчлүүлэх ажлыг эхлэх бэлтгэл, холбогдох эрх зүйн орчныг бий болгох багийг байгуулан удирдаж ажилласан билээ. Баг маань сайн ажиллаж, хуулийн багц төслийг ахар богино хугацаанд бэлтгэн боловсруулж чадсан. Засгийн газраас УИХ-д өргөн барьсан жил гаруй хугацаанд тэнд нухацтай хэлэлцэгдэж, боловсрогдсоны эцэст батлагдсан нь газрын шинэтгэлийн үндэс, гараа болсон юм.

Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд үндэслэн газар эзэмших, өмчлүүлэх ажпыгзохион байгуулах бүтэц бий болж, үйл ажиллагаа нь улам жигдэрч байгааг энэ ташрамд тэмдэглэхэд таатай байна. Цэгцтэй бодлого төлөвлөлтийн хүрээнд суурьшил, түүнийг дагасан хөгжил эндээс эхэлнэ. Газар зохион байгуулалтын цаана хот байгуулалт, усан хангамж, дэд бүтцийн асуудлууд шил даран ундарна.

Усгүйгээр, усан хангамжийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр, усны найдвартай эх үүсвэргүйгээр хөгжлийн тухай яриа байхгүй. Монгол Улсын Засгийн газар газрын шинэтгэлийг эхлүүлсний дараа усны бодлогод шинэчлэлт хийх үүргийг манай салбарт даалгаж, 2004 оныг усны жил болгон зарлаж, 2003 оныг түүнд бэлтгэх ажлын жил болгосон юм. Байгаль орчин, усны чиглэлийн олон эрдэмтэн, мэргэжилтнүүд нэг баг болон ажиллахдаа Усны тухай багц хуулийг шинэчлэн боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан нь энэ бүх ажлын том үр дүн боллоо.

Гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэх, хур борооны усыг хуримтлуулан энергийн, усалгааны эх үүсвэр болгон ашиглах шинэ концепцыг дэвшүүлж, Засгийн газрын үйл ажиллагааны "Усны шинэтгэл-ХХГ' үндсэн чиглэлийг мөрдөн ажиллах болсон юм. Шинэ бүхэн хэн нэгний сэтгэлд таарч тохирох албагүй. Гэсэн ч анхнаасаа зөв шийдсэн аливаа алхмыг хүссэн хүсээгүй хүлээн зөвшөөрөх болно гэдэгт би итгэлтэй байна. Усны нөөцийн цогцолборуудыг байгуулах ажил өрнөж эхлэхэд бүх зүйл байраа олох болно. Газар, усны бодлогод хийгдэж буй шинэчлэлийн алхмууд нь хөгжлийн төлөө, дэд бүтцийг сайжруулахын төлөө хийгдэж буй том алхам гэдгийг хэн бүхэн хүлээн зөвшөөрөх буй заа.

БАЙГАЛЬ БА НИЙГЭМ

Хөгжлийн тухай ярихад байгаль орчны асуудлууд орхигддог байсан жишиг өнөөдөр алга болж байна. Хөгжихийн тулд байгаль орчныг доройтуулах нь алба юм шиг сэтгэлгээ хол явахаа больжээ. Энэ бол дэлхий нийтийн хандлага. Газрын доорх баялгаа ухаж төнхсөөр хөгжих албагүй гэдгийг ч эрдэмтэн, мэргэд өгүүлж байна. Нийгмийг, хөгжлийг байгалийн дээр тавьдаг, байгалийг нийгмийн захиалга, хавсарга болгон дарамталдаг арга барил хуучирч байна.

Байгалийнхаа даацын хэмжээнд нийгэм оршин тогтнож, түүний зөвшөөрсөн хэмжээгээр л хөгжих жамтайг олон газар оронд хүлээн зөвшөөрч байгааг бид анзаарч байна. Байгаль экологийн даацыг тооцож, тэр хэмжээнд оршин тогтнох нь хөгжил байнга байж, тогтвортой байхын үндсэн зарчим юм. Хөгжихийн тулд байгалиа хайрлах хэрэгтэй.

БАЙГАЛЬ БА ХУВЬ ХҮН

Хүн байгалийг захирч байна гэсэн үзэл санаа саяхан болтол байсаар ирсэн. Буруу байжээ. Хүн хөдлөх бүртээ байгалийг сүйтгэдэг. Байгальд хамгийн их хор хөнөөл, хохирол учруулагч нь хүн юм. Хор хөнөөл, хохирол учруулж байгаа юм бол яахаараа түүнийг захирч чадах билээ. Байгаль харин ч өөдөөс нь хатуу ширүүн авираа гаргаж ялагчгүй тулалдаан үүсэх болно. Ийм тулалдааны үр дүн хорвоогоор дүүрэн байна. Хүн ядуу, чадвар дорой байх тусам байгальтай харгис харьцдаг нь тодорхой.

Хүн тэнэг, дээрэнгүй байх тусам байгалийн эд эсийг сөнөөж устгах чадвартай байдаг. Би өлсөж байна, би даарч байна гээд уулын ургаа мод уруу дайран орогчдын дийлэнх нь амьжиргааны боломжоор тааруу хүмүүс байгаа ч хөдөлмөр эрхлэх дургүй, залхуу хүн үүний дотор олон байгааг үгүйсгэх аргагүй. Амралтын өдрөөр улаан цус нь савирсан чонын сэгийг нийтэд харуулан, хурдан буу, хүчтэй техникээр хядсанаа зарлуулан суугаа эрхмүүдийн ихэнх нь эцсийн дүндээ дээрэнгүй нэгэн байж таарна.

Нэг юм болохоо болилоо гээд гөрөөсний халуун цус уух дуртай этгээдийн тухай ярихаас ч дургүй хүрч байна. Байгальтай зохисгүй харьцсаны хариу нь хэзээ ч ирж болно. Гэхдээ заавал ирнэ. Байгальд дасан зохицож, орчиндоо таарч тохирч явахаас илүү хөгжил гэж байхгүй.

ХУВЬ ХҮН БА НИЙГЭМ

Хувь хүн хэдийгээр өөрийн зурсан зураг, хувь зохиолтой ч огт тиймгүй юм шигээр үе үехэн зоргоороо байдаг. Та болохгүй байна гэхийн тулд нийгэм байдаг. Нийгмийн тогтоосон жишгээс та халивал хөсөр хаягдана. Энэ бол таны өөрийн тань хувь зохиол тийм байсных. Болох ёстой юм болдгоороо л болдог, болохгүй юм нь болохгүй байдгийг хүн тэр бүр хүлээн зөвшөөрдөггүй бололтой. Тийм учраас болно, болохгүй юм гэж байхгүй хэмээн хоорондоо дэмий ярьцгаадаг болсон байна.

Хэл, сэтгэлгээ, ХҮН ЧАНАР

Сэтгэлгээний илэрхийлэл нь үг яриа, хэл байдаг. Сэтгэх хэмжээ, цар нь хүнийг бүрдүүлж буй матери, мөн чанараас хамаарна. Түүний цаана уг хүний хүн чанар оршиж байдаг. Өнөөдөр ажил алба залгуулахад мэдлэг боловсролоор тэнцэх хүн элбэг болжээ. Урсгал сайхан англи дуудлагатай, муугүй боловсролтой хүн олширсон ч сэтгэлгээ нь явцгүй, бодол санаа нь явуургүй, хүн чанаргүй байдал элбэг тохиолдох болжээ.

БАГ, НИЙЛБЭР АШИГ, ТАМЫН ТОГОО, МУУХАЙ МОНГОЛ ХҮНИЙ ТУХАЙ

Аливаа ажлыг гүйцэтгэхэд баг чухал. Саяхан өндөрлөсөн эрин зууны шинжлэх ухааны гайхамшигт ололтуудын нэг нь тус бүрийн ашгийг их болгох гэж хөөцөлдсөнөөс нийлбэр ашгаа ихэсгэхийг зорих нь илүү гэдэг нь хөдөлшгүй нотолсон үр дүн гэж найз маань надад хэлж билээ. Багийн үр дүн, нийлбэр ашгийн тухай энэ санааг шинжлэх ухаан нотолсон байдаг ажээ.

Монгол Улс хөгжөөгүй, мөн хөгжихгүй байгаа юм шиг олон хүнд санагддаг байж магадгүй. Энд та бидний өөр зуураа ярьдаг тамын тогооны үлгэр, муухай Монгол хүний тухай яриаг сануулъя. Зөвхөн өөрийн ашгийг хөөж амьдрагсдад л тийн санагддаг байх. Хэн нэгэн нь гайгүй явбал түүний түрийвчийг тоолно, суйлна. Муу явбал өө, хөөрхий гэж шоолно. Хамтын шийдэл, нийлбэр ашгийн үзэл баримтлал нь хөгжлийн тухай санаашралтай эн чацуу ухагдахуун гэдгийг би санал болгож байна.

МОНГОЛ ХҮН Монголдоо л монгол

Монголд амьдрах хэцүү хэмээн олон залуус гадаад оронд хөдөлмөр эрхлэхээр одож байна. Тэндээс газар долоох нь холгүй явж байж хэдэн зоос олж байна. Зарим нь бүр олж чадахгүй, нүднээс далд, нутгаас хол сэлгүүцэж явна. Тэнд очоод монгол, монгол биш нь огт хамаагүй болж орхино. Монгол нутагт тааваараа алхаж, хамтын зүтгэлийн үр дүнг амсах хувь зөвхөн Монгол хүнд л бий.

ХИЙСВЭРЭЭС БОДИТ НӨХЦӨЛД БУУЖ ИРЭХЭД...

Та бүхнийг чилээн байж олон зүйл ярьсны утга учир нь энгийн юм. Монгол байрандаа зогсоогүй, урагшилсаар байгааг хэлэх гэсэн юм. Дэлхийн хэнээс ч дутахгүй аз хийморьтой, золбоотой ард түмэн гэдгийг сануулах гэсэн юм. Бидний хоцрогдол гэж юу юм бэ? Бидний дорой буурай гэж юу юм бэ? Бид өөрийн газар нутагт хэнээр ч заалгахгүйгээр, хэнээс ч гуйхгүйгээр амьдарч байгаагаараа дахин нэг бахархах гэсэн юм. Хөгжил гэдэг нь нийлбэр ашгаа нэмэгдүүлэх гэсэн үг, нийлбэр ашгаа нэмэгдүүлнэ гэдэг нь хүн чанартай байх гэдгийг л хэлэх гэсэн билээ.

Монголд их ирээдүй байна. Бүтээх, туурвих, нэр хүнд олох, бизнес хийх, хөрөнгө хуримтлуулах, эзэн болох, чөлөөтэй иргэн болох зэрэг бусад оронд орон зайгүй шахам болсон алтан боломж зөвхөн энд л байна. Монголын өвөрмөц онцлог, даацад тохирсон үсрэнгүй хөгжлийг бид өөрсдөө бүтээх чадвартай юм. Бид урагшилж байна. Урагшлах ч болно.

Санаа зөв бол заяа зөв гэдэг билээ.

2004.05.14