Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Лхагвадорж: Гар утас, шинэ технологийн бүтээгдэхүүнд хөрсөнд буй металл, бодисууд өргөн хэрэглэгддэг

ikon.mn
2017 оны 12 сарын 12
iKon.MN

Монголын Залуучуудын Холбооноос шалгарсан оны төгсгөлд нийгэм, улстөр, эдийн засаг бизнесийн шилдэг залуу гэж шалгаруулдаг уламжлалтай. Харин шалгарсан залуус нь ирж буй шинэ ондоо багтаж Монгол Улсын хөгжлийн талаарх өөрийн санал санаачлага бүхий илтгэлийг тавьдаг. 

Монголын Залуучуудын Холбоотой хамтран бид энэхүү илтгэлийн 3 дахь цувралыг та бүхэндээ хүргэж байна.

2013 онд эдийн засаг, бизнесийн салбарын шилдэг залуугаар шалгарсан Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Т.Лхагвадоржийн илтгэлийг хүргэж байна. 

 

Уул уурхайн салбар

Сүүлийн хэдэн жилд манай уул уурхайн салбар бүх нийтийн анхаарлын төвд байж ирлээ. Улс орны эдийн засгийн томоохон ачааг үүрч явдаг салбар учир арга ч үгүй. Уул уурхайг хөгжүүлэх, ашигт малтмал олборлох хэрэггүй гэж зарим нь мэтгэдэг. Гэтэл хүний амьдралд хамгийн чухал хэрэгцээтэй материалуудыг зөвхөн уул уурхайн баялгийг олборлож, баяжуулж, боловсруулж байж бүтээн байгуулалтуудыг бий болгодгийг тэр бүр хүн анзаардаггүй. Хүний хэрэглээнд ордог гар утаснаас авахуулаад шинэ технологийн нарийн бүтээгдэхүүнд газрын хөрсөнд буй металл, бодисууд маш өргөн хэрэглэгддэг. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд ч ашигт малтмалууд хэрэг болно. 

Уул уурхай шинжлэх ухааны нэг салбар. Анагаах ухаан хүний гэдэс дотрыг судалж, эрүүлжүүлдэг, шаардлагатай бол хагалж, салгаж авч, сольж сайжруулж, эмчилж эдгэрүүлдэг. Түүний адил уул уурхайн салбар газрын хэвлийг судалж, илрүүлж, хэрэгтэй зүйлийг нь авч, цааш нь боловсруулдаг, хэрэггүй зүйлийг нь ялгаад, дараа нь нөхөн сэргээж унаган төрхөнд нь оруулах тухай шинжлэх ухаан билээ. Монгол орон минь байгалийн баялгаар баян ч, аль нэг ашигт малтмалын нөөцийг тоо хэмжээгээр илэрхийлэхэд багцаасан бүдэг бадаг таамаг голдуу байдаг. Баялгийг  хайж олоход цаг хугацаа их ордог, эрсдэл өндөртэй хайгуулын ажил гэдгийг тэр бүр ухаарч хандаггүй нь бидний алдаа. Зарим нэгний хувьд хурдан морьны хийморь ивээгээд ч гэх юмуу, үздэг хардаг хүнээр зүг чигээ тогтоолгодог, эсвэл мөнгөөр зодож өрөмдөж байгаад орд газар нээж илрүүлнэ гэх тохиолдол байдаг. Магадгүй аз таарч тийм амжилтад хүрч болох ч геологи хайгуулын ажил өөрийн гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй дэс дараалалтай, зохион  байгуулалттай явагдаж байж, мянгад нэг нь амжилттай орд газар болж тогтоох магадлалтай.  

 

Геологичид сансраас зураг авахаас эхлээд газраар хэдэн зуун километр алхаж, газрын гадаргаас сонирхолтой чулуунуудыг нь шуудайлж үүрэн явсаар орд газар байж болох талаар таамаг дэвшүүлдэг. Түүнийг нь геофизикийн нарийвчилсан судалгаа хийж нягталснаар хамгийн үнэтэй ажил цооног өрөмдөх шатандаа орно. Мэдээллээ жаахан л буруу орчуулж ойлгосон бол хэдэн метрийн хажуугаар өнгөрөөд өрөмдчих том эрсдэлтэй. Зарим орд газрыг 4-5 компани дамжин хайгуул хийж нээх амжилтад хүргэх нь бий. Оюу Толгойн ордыг 163 дахь өрөмдлөгөөр нээж илрүүлсэн бол 10 жил тасралтгүй өрөмдлөгийн ажил хийж байж дэлхийн хэмжээний нөөцтэй орд газар болохыг тогтоосон. Дэлхийн хэмжээний орд газруудын нэг Эрдэнэтийн зэс молибдений уурхай 35 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Цаашид 20-30 жил ашиглах нөөц бий гэж тооцоолдог.

Ил уурхай 300-гаас доош метрийн гүн рүү ороод ирвэл, нэмэлт хөрөнгө оруулалтаар далд аргаар ашиглахаас өөр аргагүй болно. Гэтэл арай хийж илрүүлсэн орд газрууд дэд бүтцээс хол, ус цахилгаан хүрэлцээгүй, эсвэл метал ялгаж авах технологи нь хүндрэлтэй, үнэтэй, зах зээлийн үнэ нь дэндүү доогуур зэргээс болоод эдийн засгийн хувьд ашиглах боломжгүй байх нь олонтаа тохиолддог. Тухайлбал, Асгатын мөнгөний орд Монгол-Орос улсын хилийн зааг дээр оршдог, дэд бүтцээс хол, өндөр ууланд мөнх цэвдэгтэй газар оршиж, мөнгө агуулсан чулуунд нь хэрэгтэй хэрэггүй олон бодис байдаг. Хамгийн гол хүндрэл нь манайд ялгах технологи байхгүйгээс одоо хүртэл ам дамжин яригдахаас цаашгүй төсөл боллоо.
 
 

Орд газар болгон уурхай болох нь эргэлзээтэй. Зэсээр жишээ авъя. Зэс агуулсан ашигт малтмал газрын гүнд үүсэхээсээ хэр гүнд оршиж нар салхи, халуун хүйтэн, ус чийг, химийн урвалд өртсөнөөс шалтгаалж янз бүрийн хэлбэрийн минeрал болоод байрладаг. Ногоон, цэнхэр өнгөтэй үнэт чулуу эсвэл харлаж шарласан хүнд анзаарагдахааргүй хад асга шиг байж мэднэ. Газрын хөрсөнд ойр оршдог минерал нь голдуу ус агаартай урвалд орсон байдаг тул хүхэрийн хүчилд уусгаж, дараа нь цахилгаан электролизийн аргаар цэвэрлэж авч болдог. Гэтэл гүн рүүгээ хүхэр, төмөр, уур янз бүрийн ховор хүнд металлууд урвалд ороод ялгахад хэцүү холилдсон байна. Ийм олон янзын бодис яаж холилдсоноос нь шалтгаалж, эдийн засгийн үр ашигтай уурхай, үйлдвэр байгуулж босох эсэхийг техник, эдийн засгийн үндэслэлээр боловсруулж байж тодорхойлох хэрэгтэй байдаг. Зэс идэх дуртай бактери ашиглаж ялгаж авдаг талаар та бүхэн сонсон уу? Ялгахад хэцүү зарим тохиолдолд бактери үржүүлж, зэс агуулсан шороотой холиод, дараа нь ялгаад авдаг арга дэлхийн зарим орд газарт ашигладаг. Бактери нь дулаан оронд амьдрах чадвартай учир манай эрс тэс уур амьсгалтай улсад хэрэгжих боломжгүй. Яагаад Эрдэнэт үйлдвэрийг байгуулах хэрэгтэй болов? Яaгаад Оюу Толгой нь том хөрөнгө шаардсан төсөл болов оо. Энгийнээр тайлбарлъя. 

Эрдэнэтийн зэс молибдений орд гэдэг маань газарт байхдаа 100 кг шороонд нэг хүрэхгүй кг, одоогийн байдлаар 500 гр зэс агуулагддаг. Оюу Толгойн зэс ч ялгаагүй. Баяжуулах гэдэг нь шороогоо буталж нунтаглаад, химийн бодис хольж ялгаж байж 100 кг тодорх зэсийн хэмжээ нь 25-30 кг болохыг хэлнэ. Баяжсан нунтагаа өндөр температур, даралттай зууханд халааснаар бидний мэдэх зэс металл бий болж хэрэглээнд орно.

Гурил шиг нунтаглахад зэс, төмөр, молибден гэх мэт металлууд ширхэгээрээ салах хэмжээнд хүрдэг. Зэс, молибден  нь усанд нордоггүй учир тэр чанарыг нь ашиглаж, хөөсөрсөн усанд химийн бодис нэмж гадарга дээр хөвүүлэн гаргаж ирнэ. Яг үйлдвэр дотор баяжуулдаг машины дэргэд зогсоод процессыг ажиглахад их сонирхолтой. Туршлагатай баяжуулагчид хөөсний өнгийг хараад л хэр их зэс агуулж байгаа, өөр зүйлс холилдсон эсэхийг тодорхойлж чадна.

Тэгэхээр эрдэнэт үйлдвэр жилд 25 сая тонн чулуу шороог буталж нунтаглаж байж ойролцоогоор 150 мянган тонн зэс ялгаж авна. Тэр их шороог боловсруулaхад асар өндөр хүчин чадалтай техник төхөөрөмжүүд тасралтгүй ажиллах хэрэгтэй. Тус үйлдвэрийн хувьд баялгууд газрын гадаргатай ойрхон учраас экскаватор эл уурхайн аргаад ухаад авч болж байна. Харин Оюу Толгойн  зэс хэдэн зуун метрийн гүнд байгаа учраас далд аргаар олборлох шаардлагатай. Өргөн цооног нүхэлж, тэрийгээ хүн орж гаргахад аюулгүй болгон бэхлэн агааржуулалтын систем суурилуулна. Дараа нь том том техник гүнд нь оруулж байж илүү өндөр зардлаар ашигт малтмалаа ухаж гаргах хэрэгтэй болж байна. Яагаад их хэмжээний эрчим хүч шаардагдаад байна вэ? Төсөөлөөд үз дээ. Намайг Эрдэнэт-д ажиллаж байхад цахилгааны хангамж хүнд байсан 1990-ээд оны үед эрдэнэт хотыг тэр чигт нь тоггүй болгох уу, эсвэл чулуу нунтагладаг найман том тээрмийн нэгийг зогсоогоод хотыг тогтой байлгах уу гэсэн сонголтууд үүсдэг байсныг санаж байна.

Сэлэнгэ мөрний усыг 70 км-ийн зайнаас нэг метр голтой хоолойгоор татаж үйлдвэрт ашиглана. Ийм их эрчим хүч, ус, техник төхөөрөмж шаардагддаг учир хөрөнгө оруулалт нь тэрбум тэрбумаар хэмжигддэг.
Маш их үнэтэй тоног төхөөрөмж, экскаватор, ачигч машиныг эвдрэлгүй ажилуулж сурах нь ажилчин хүнээс том хариуцлага, ур чадвар шаардах нь гарцаагүй.  Уул уурхайн компаниудын хувьд хүний амь нас, эрүүл мэнд хамгаас чухалд тооцогддог. Тиймээс “аюулгүй ажиллагаа” гэдэг үг нь уурхай, үйлдвэрт амны уншлага болно. Барууны зарим орны уурхай хүний эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг дээд зэрэгт тавьдагаараа дэлхийн бусад орноос хэдэн арван жилээр тэргүүлсэн байдаг. Намайг 10 гаруй жилийн өмнө оюутан байхад хамт сурдаг түрк оюутан маань Швед улсын Kiruna төмрийн далд уурхайд очиж дадлага хийгээд ирэхдээ тэр уурхайн хөгжил бидний мэддэгээс даруй 50 жилээр түрүүлж явна гэж билээ. Яaгаад гэвэл тэр далд уурхай доторх бүх техник нь алсын удирдлагаар ажиллаж, уурхайчин нь өрөөндөө компьютер тоглоом тоглож буй аятай удирдлага бариад сууж байдаг, уурхайн гүнд дэх засмал замаар техник машинизм нь нааш цааш явж, ажилтнууд нь камераар бүх ажлаа хянаад ажилладаг тухай бид сонсоод гайхан биширч байсан сан. Хэрэв дэлхийн уул уурхайн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж чадвал ирээдүйд уул уурхайн талаарх бидний ойлголт үндсэндээ өөрчлөгдөнө. 

 

Уул уурхайг ашиглаж дуусаад зөнд нь хаядаг гэж ойлгож болохгүй. Дэлхий нийтийн туршлагаар нөхөн сэргээлт хийж, унаган төрхөнд нь оруулж чадахгүй бол музей, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлдэг. Манай улсад одоогоор нөхөн сэргээлт хийх түвшинд хүрсэн, төгсгөлийн шатандаа орж яваа уурхай байхгүй. Гэхдээ олон улсын стандартад нийцсэн уурхайн үйл ажиллагааг заавал нөхөн сэргээлтээр дуусгадаг учир ажлаа дөнгөж эхэлж буй уурхай руу газрын хөрсийг сүйтгэлээ, эрдэнэсийг нь аваад хөсөр хаялаа гэж болгоомжлох нь нэг талаар мэдлэг дутсаных юм. Цаашид уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа олон нийтэд зөв суртачилж, таниулах нь зүйтэй. Манай “Хүннү Коал”-д хөрөнгө оруулсан Тайландын “Банпу” компани нутагтаа ашиглаж дууссан нүүрсний уурхай дээр голфын сайхан талбай байгуулсныг үзсэн.

АНУ-ын нэртэй том “Peabody” компани Булган аймгийн Эрээний нүүрсний уурхайн нөхөн сэргээлтийг бараг унаган төрхөнд нь оруултал нь сэргээжээ. Англид 150 жил ажилласан “Eden” уурхайн талбай дээр маш сонирхолтой аялал жуулчлалын цогцолбор байгуулсан нь бий. Уул уурхайн салбарыг төр засаг  бодлогоороо зохицуулж, компаниуд нь хариуцлагатай, зөв засаглалтайгаар үйл ажиллагаагаа явуулж, харин ард иргэд хянаж, эдийн засгийн үр шимийг нь ойлгож ухамсартай хандвал жинхэнэ хөгжил болно. Харин муйхраар уул уурхай хэрэггүй хэмээн хааж боодог хүмүүст хариуцлагатай уул уурхайн талаар өргөн ойлголт өгөх нь чухал байна. Зөвхөн байгаль сүйтгэдэг гэдэг өнцгөөс харж, уул уурхайн салбарыг бараантуулах нь хөрөнгө оруулалт хийх шийдвэрт сөргөөр нөлөөлөх болдгийг энд онцлон тэмдэглэе.

 

Хөрөнгө оруулалт

Хөрөнгө оруулалт гэдэг мөнгө, ашиг ханхалсан том ойлголтын цаана энгийнээр бодвол аливаа хүн хөрөнгөө жаахан ч болтугай арвижуулахын тулд банкинд хүүтэй хадгалах уу, эсвэл хөрөнгө нь үржиж ирээдүйд ашиг авчирч болох бизнест итгэж мөнгөө зарцуулах уу гэдэг сонголтоос үүсэх шийдвэр юм. Хөрөнгө оруулалтын мэргэжлийн байгууллага, банкирууд дэлхийн томоохон хөрөнгөтэй хүмүүсийн итгэж өгсөн хөрөнгийг нарийн тооцоо хийсний үндсэн дээр тодорхой төслүүдэд хувааж хөрөнгө оруулаад, удаан хугацааны туршид ашиг олох замаар хөрөнгийг өсгөдөг. Уул уурхайн том төслүүдийн хөрөнгө оруулалтыг тэрбумаар нь босгодог хүндтэй олон банк дэлхийд бий. Тэдний еpдийн арилжааны  банкуудаас ялгагдах гол зүйл нь  хувьцаа зарж хөрөнгө босгохоор төлөвлөсөн байгууллагуудад хувьцааг нь бусдад сурталчилж, үнэлж зарж өгөөд хувь хүртэх, нөгөө талаар хувьцаа худалдан авах байгууллагуудад судалгааг нь хийж, бодит үнэ тодорхойлж, наймаалцсан үйлчилгээ үзүүлээд татвар авах үндсэн зарчимтай. Энэ үйл ажиллагааг брокерууд буюу зуучлал гэж нэрлэдэг.

АНУ, Канад зэрэг оронд хэдийгээр татвар өндөр, хууль дүрэм нь чанга боловч дэлхийн бусад орнуудаас илүү ихээр хөрөнгө оруулалт хийдгийн учир нь эдгээр улсад үйлчилдэг хууль зүйн, татварын орчин нь хэр барагтай өөрчлөгдөхгүй, 50- 100 жилээр тогтвортой байдагт байгаа юм. Урт хугацааны орчинд тохируулж тооцоогоо хийнэ гэсэн үг. Ер нь уул уурхайн томоохон компаниуд анхан шатны хайгуулын  ажилд оролцох нь нэн ховор. Тиймээс JUNIOR гэж нэрлэгддэг дунд хэмжээний хайгуулын компаниуд төслийн хэмжээнээс хамааран 5-20 сая долларын хөрөнгө оруулалт хийж, өндөр эрсдэлтэй хайгуулын ажилд оролцдог. Тэдний илрүүлсэн орд газрын хэмжээ, потенциал нь тухайн уул уурхайн компанийн бодлоготой нийцэж байвал хувьцааг нь хэсэгчилэн юмуу бүхэлд нь үнэ хайрлахгүй худалдаж авч, илүү өргөн далайцтайгаар хөрөнгө оруулж ажилладаг.

Оюу Толгойн хайгуулын жишээг дурдаж болж байна. Хайгуул нь маш их хэмжээний зардлаар ордыг илрүүлдэг, илрэхгүй ч тохоиолдол олонтаа. Эрсдэл өндөртэй учраас хөрөнгө татахад хүндрэлтэй бизнес. Жишээ нь Канадад 3000 төслөөс зөвхөн нэг нь л эдийн засгийн үр ашигтай уурхай болж хөгжих магадлалтай гэж үздэг. Хайгуулын компаниуд азтай байхыг хүснэ, хөрөнгө оруулагчмд азтай төслийг сонгож оролцохыг хичээнэ. 

 

Австралын хөрөнгө оруулагчдыг уул уурхай, хайгуулын эрсдэл, ашгийг бусдаас илүү ойлгодог гэж би боддог. Баруун Австрали нь байгалийн баялаг ихтэй, газар нутгийн хэмжээ нь Монголынхтой ойролцоо, хүн ам нь ч гурван сая орчим. Уул уурхайн баялгаа зүй зохистой олборлож, экспортлож ихэнхдээ далайн тээврээр Хятад руу тээвэрлэж, олсон ашгаараа нийслэлээс холд орших хотуудаа хөгжүүлжээ. Хөрөнгө оруулалт татахын тулд боловсруулдаг эдийн засгийн тооцоог хэр нарийвчлалтай хийж чадна, тэр хэмжээгээр итгэл үнэмшил төрүүлж хөрөнгө оруулах шийдвэрт хүргэх боломжтой. Bankable Feasibility study буюу банкны шалгуур давах ашгийн тооцоо судалгаа бол маш өргөн хүрээтэйгээр аливаа төслийн техник, эдийн засаг, байгаль орчин, нийгэм гэх мэт нөлөөлөх хүчин зүйлсийг бодитойгоор тооцоолж боловсруулахад олон сая доллар зарцуулах хэрэгтэй болдог.

Харин тооцоо нь аль ч том банкны сорилт шалгуурыг давах хэмжээнд хийсэн байдаг учир хэрэв тэр тооцоо эдийн засгийн үр өгөөжтэй гэсэн дүгнэлттэй бол хөрөнгө босгоход саадгүй. Үнэндээ хөрөнгө оруулалтын банк их хэмжээгээр мөнгө хадгалдаг газар биш л дээ. Жишээ нь Таван толгойн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хэдэн тэрбум долларын төслийн тооцоо хангалттай түвшинд хийсэн нь банкны судалгаагаар батлагдлаа гэж үзье. Тэгвэл банк цааш нөгөө жинхэнэ хур баячууд эсвэл том том хуримтлалын сангууд  руу ханддаг. Сингапур улсын төрийн мэдлийн хуримтлалын сан Temasek эсвэл Канадын тэтгээрийн сан гэх мэт ард түмнийхээ хуримтлалыг улам баяжуулахаар зориулагдсан байгууллагууд удаан хугацаанд үр ашгаа байнга өгөх уул уурхайн  төслүүд рүү орохоос буцдаггүй. Хөрөнгө оруулалтын олон сайхан жишээ дурьдаж болох боловч  дэлхийг доргиосон нэгэн  том хайгуулын тухай сонирхуулъя. 1995 онд Канадын хөрөнгийн биржид  Bre-X компани Индонезид хоёр жил хийсэн хайгуулын үр дүнгээрээ асар том хэмжээний  алтны нөөцтэй орд газар илрүүлснээ зарласан юм.

Энэ амжилтын үр дүнд нэгж хувьцаа нь хэдхэн цент байсан хувьцааны үнэ 285 канад долларт хүрч, нэг жилийн дотор компанийн зах зээлийн үнэлгээ нь зургаан тэрбум доллар болжээ. 1997 онд тус компанийн  алтны нөөц  6000 орчим тонн байгааг тооцоолж, дэлхийн томоохон компаниуд үнэ хаян худалдаж авахаар хөөцөлдөж эхэлж. Ингээд дэлхийн зэс, алтны том компаниудын нэг Freeport –Mc Moran ихэнх хувьцааг нь худалдаж авахаар Due Diligence буюу нарийвчилсан  судалгаа хийсэн. Судалгааны үр дүн зарлахаас долоо хоногийн өмнө Bre-X компанийн ерөнхий геологич нь нисдэг тэрэгнээс унаж нас баржээ. Гэтэл судлаачид 6000 тонн алтны нөөцгүйг мэдээлсэн юм. Хөндлөнгийн шинжээчид хайгуулын өрөмдлөгийн дээжинд шороон ордын алтны үүрмэг хольсныг баталжээ. Шороон орд нь түлхүү голын усанд угаагддаг бөгөөд мөлгөр гадаргуутай, үндсэн орд буюу газрын гүн дэх алт чулуунд барьцалдаж, ялтсан ширхэгтэй байдгаараа эрс ялгаатай. 

 
Олон жил үргэлжилсэн шүүхийн маргаан олигтой үр дүнд хүрээгүй, харин хөрөнгө оруулсан Канадын том тэтгэврийн сангууд зуу зуун саяаар мөнгөө алдсан гашуун түүхтэй. Энэ явдлаас хойш хайгуулын ажлын тайланг бичих NI43-101, JORC гэх мэт олон улсын хайгуулын ажлын тайлан бэлтгэх стандартууд батлагдаж, бүгд дагаж мөрдөх болсон юм. Бие даасан хөндлөнгийн тайлан бичих зөвшөөрөлтэй мэргэжилтэн нэг удаа хайнга хандах юмуу, хэн нэгний хүсэлтээр дэгсдүүлэн бичиж гарын үсгээ зурсан нь тогтоогдвол энэ салбарт дахин ажиллах эрхгүй болно. Иймд мэргэжилтнүүд маш нухацтай ханддаг болж иржээ. 
 
Миний ажилладаг “Garrison Capital” Австралийн компани дэлхийн олон оронд ашигт малтмал, газрын тосны эрэл хайгуулын чиглэлээр хөрөнгө оруулах судалгаа хийдэг. Голдуу Австралийн хөрөнгийн бирж дээр хувьцаат компани байгуулан хөрөнгө босгож, төслүүдэд зарцуулснаараа хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийг өсгөж ашигтай ажиллах том хариуцлага үүрдэг. Одоогийн байдлаар хөрөнгийн биржийн 12, хувийн хязгаарлагдмал 10 компанийн үйл ажиллагааг удирдан явуулж байна. Монгол оронд 2009 онооc хойш дөрвөн компанийг Австралийн хөрөнгийн бирж дээр байгуулж, нийт 190 сая долларын хөрөнгө оруулалтыг Монголд татжээ. Одоо ажиллаж  буй компаниудийнхаа түвшинд жилд 30 гаруй оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж, өнчин хүүхдийн асрах газарт жилдээ 200 мянган ам.доллар өгч, жилд нийт 1.2 тэрбум төгрөгийг төрөл бүрийн арга хэмжээнд зарцуулж байна. Манай газрын тосны хайгуулын “Wolf Petroleum” компани Сүхбаатар аймгийн нутагт том хэмжээний судалгааны ажил хийж, 100 км үргэлжилсэн газрын тос байх магадлалтай талбайг илрүүлэн, одоо стратегийн хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах шатандаа явж буй. 

Хөрөнгийн зах зээл

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулах хамгийн зохистой хэлбэр нь олон улсын хөрөнгийн зах зээл юм. Хичнээн сайхан эдийн засгийн үр ашигтай төсөлтэй байгаад хөрөнгө оруулагч нар өөрсдөө гүйгээд ирнэ гэж санаа амар хүлээж болохгүй. Түүний төлөө олон улсаар явж, хөрөнгийн зах зээлийг нь сайтар судалж, шаардлагуудыг нь ойлгож, итгэлийг нь олох түвшинд өөрсдийгөө аваачих хэрэгтэй. Би 2009 онд “Хүннү Коал” компаниа байгуулаад эхний хөрөнгө оруулалтаа хайж банк, санхүүгийн байгууллагуудтай уулзахаар Хонг Конгод очих цагаас хөрөнгийн зах зээл дээр мөнгө босгох ажил маш их нарийн байдгийг бага сагаар ойлгож эхэлсэн. 
 
Уул уурхайн төсөл хэрэгжүүлэхэх компаниудад үндсэндээ гурван сонголт бий. Үүнд:
  1. Хэрэв хангалттай өөрийн хөрөнгөтэй бол төслөө 100 хувь эзэмшээд бүх зардлаа хариуцаж, тэр хэмжээгээрээ эрсдлээ үүрч, харин ирээдүйд олсон ашгаа бүгдийг нь өөрөө авна. Энэ бол нэн ховор тохиолдол.
  2. Тодорхой хөрөнгөө барьцаанд тавьж, зээл авч санхүүжүүлнэ. Тухайн компани орд газраа илрүүлж чадаагүй, эсвэл төсөл нь бүтэлгүйтвэл барьцаа хөрөнгөө алдана.
  3. Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа тодорхой үнээр үнэлж, олон нийтэд худалдсанаар хөрөнгө босгох, эрсдлээ хуваалцах арга. Энэ нь хамгийн түгээмэл сайн арга бөгөөд төсөл амжилттай бол хувьцааны үнэлгээ байнга өсч, ирээдүйд ногдол ашиг хүртэх боломж үүснэ. 
Хөрөнгийн зах зээл нь илүү шударгаар, нээлттэй ажиллаж хүнээс авсан хөрөнгөө юунд зарцуулснаа тайлагнадаг, олон хүний итгэлийг хариуцлагатайгаар дааж явах шаардлага гардаг, хөл хальтирвал хянаж зохицуулдаг, хяналттайгаар явагддаг үйл ажиллагаатай газар. Сүүлийн хэдэн жил Австралийн бирж дээр бүртгэлтэй хэд хэдэн компаниудын үйл ажиллагаанд оролцож ирсний хувьд энэ талаар анзаарч, мэдэж авсан зарим зүйлсээ та бүхэнтэй хуваалцъя. Дэлхийн зарим нэг биржийн товч мэдээллийг хүргэе. 
 
АНУ-д дэлхийн хамгийн том хөрөнгийн биржүүд бий. Нью Иоркийн Хөрөнгийн бирж нь бүртгэлтэй компаниудынхаа нийт зах зээлийн үнэлгээгээр хамгийн том нь яахын аргагүй мөн. 2013 оны байдлаар энэ бирж дээр нэг өдөрт 170 орчим тэрбум долларын арилжаа явагддаг. 200 орчим жилийн түүхтэй тус бирж дээр саяхан болтол хувьцааны үнийг брокерүүд дунд нээлттэй дуудлага худалдаа хэлбэрээр явуулдаг байгаад, одоо ихэнхдээ компьютерийн сүлжээгээр арилжаа хийж байгаа. Өөр нэг том хэмжээний бирж бол NASDAQ. Уг бирж дээр хувьцаа гаргахад тавих шаардлага хамгийн өндөр, хатуу нөхцөлтөй. Тэр хэмжээгээрээ дэлхийн хамгийн том тэргүүлэх компаниуд голдуу хувьцаа гаргаж, тэдний хувьцааг “Blue-Chip” буюу алдах магадлал хамгийн багатай хувьцаа гэж тооцдог. 
 
Лондонгийн хөрөнгийн биржийг манайхан Монголын хөрөнгийн биржтэй хамтран ажилладгаар нь мэднэ. Сүүлийн жилүүдэд Лондонгийн хөрөнгийн бирж дэлхийн хөгжиж буй том гүрнүүд, ялангуяа Орос, Хятад, Энэтхэгийн компаниудыг онилж, бирж дээрээ үйл ажиллагаа явуулах боломжийг олгож байгаа. Хэдийгээр тавигдах шаардлага нь маш өндөр ч АНУ дахь өндөр өртөгтэй зарим нэг шаардлага байхгүй тул олон улсын компаниуд хувьцаагаа гаргахад дөхөмтэй гэж үздэг. Арай бага хэмжээний хөрөнгө босгох компаниудад зориулагдсан AIM буюу “Alternative Investment Market” бирж бий. Тэнд уул уурхай, хайгуулын олон компани хувьцаагаа худалддаг. Монголоос “Петро Матад” компани хувьцаагаа гаргаад нэлээд хэдэн жил болж байна. 
 
Хонгконгийн хөрөнгийн бирж бол бас л АНУ-ыг бодвол арай хөнгөн шаардлагуудтай,  гэхдээ  миний бодлоор өндөр өртөгтэйгээр бүртгүүлдэг бирж. Хятадын төрийн өмчит том компаниуд, хэд хэдэн банк энэ бирж дээр их хэмжээгээр хөрөнгө босгож чадсан. Ер нь ихэнхдээ банк санхүү, аж үйлдвэр, өндөр технологийн чиглэлээр компаниуд хөрөнгө босгож хувьцаа худалддаг уул уурхай, хайгуулын компаниуд амжилттай ажиллахад их төвөгтэй. Учир нь худалдан авагчид нь уул уурхайн талаар ойлголт маш бага. 
Сүүлийн үед Шанхайн хөрөнгийн бирж дүрэм журмаа шинэчилснээрээ Хятадын компаниудын анхаарлыг татаж, Хонгконгийн биржид том өрсөлдөгч болж хувирч байна. Австрали болон Канад дахь хөрөнгийн биржүүд нь уул уурхайн хайгуулын компаниудад хамгийн тохиромжтой, харьцангуй бага зардлаар хөрөнгө босгох боломжтой зах зээлүүд.
 
Австралын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргахын тулд эхлээд дор хаяж 400 хувьцаа эзэмшигчидтэй байх ёстой бөгөөд удирдлагын баг нь эхний хоёр жилийн хугацаанд хувьцаагаа зарах эрхгүй, ингэснээрээ бусдын өмнө хүлээх хариуцлага илүү өндөр байдаг. Хөрөнгийн бирж дээр нэг бол шинээр хувьцаа үнэлэн зарж мөнгө босгох буюу IPO зарчмаар эсвэл хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй боловч үйл ажиллагаа нь амжилтгүй болж, зогсонги байдалд орсооос үнэлгээ нь буурсан идэвхгүй компаниудыг хямд үнээр худалдан авч шинэ чиглэлээр үйл ажиллагааг нь идэвхжүүлэх гарц бий. Аль ч тохиолдолд банкинд хайгуулын, ашиглалтын тусгай зөвшөөрлөө барьцаалж зээл авдагтай огт адилгүй бөгөөд зөвхөн компани бизнес төлөвлөгөө буюу Prospectus, мөн техник шинжээчдийн хөндлөнгийн тайлан, хуулийн шинжээчдийн хөндлөнгийн тайлан гэх мэт бичиг баримтууд шаардагддаг. Иймээс хөрөнгийн бирж дээр хөрөнгөө барьцаанд тавьсан гэж ярьдаг ойлголт  огт үндэсгүй зүйл. 
 
Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй нийт компаниудын 60-70 хувь нь жижиг, дунд хэмжээний буюу 100 сая ам.доллараас бага үнэлгээтэй компаниуд байдаг. Нэгж компанийн нийт хувьцааны нэлээд хувь нь чөлөөтэй арилжаалагддаг тул ямар мэдээлэл гаргаж байгаагаас шалтгаалан үнэлгээ нь өсч буурах нь хэлбэлзэлтэй. Жишээ нь хайгуулын нэг компани өрөмдлөгийн ажлаа эхэллээ гэсэн мэдээллээр сайн үр дүн гарна гэж итгэж байгаа хүмүүс тасралтгүй хувьцаа худалдан авч 10 цент байсан хувьцаа эрэлт өсч, сарын дотор 15 цент болж мэднэ. Гэтэл үр дүнгээ зарлахгүй удах юм уу, эсвэл хайгуулын үр дүн амжилтгүй болсноо зарлавал бүгд хувьцаагаа хурдтайгаар зарснаас үүдэн хэдхэн хоногийн дотор таван цент юм уу түүнээс доош унах ч эрсдэл бий. 
 
 
Хувьцаат компанийн гол онцлог нийт хувьцаа эзэмшигчиддээ санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа тогтмол нээлттэй тавих шаардлагатай. Тиймээс амжилтаа зарлаж хувьцааныхаа үнийг өсөхийг харах сайхан ч, дутагдалтай ажиллагаа, алдагдлаа бас нууж болохгүй учир үйл ажиллагаа, алхам бүртээ хариуцлагатай хандах шаардлага гардаг. Гол нь гаргасан алдаагаа хэрхэн арилгах төлөвлөгөөгөө сайтар танилцуулж чадвал хувьцаа эзэмшигчид сандралд орох нь бага байх магадлалтай. Зөвхөн цаасаар зарлах бус, гол хувьцаа эзэмшигчидтэйгээ байнга уулзаж, ажлаа танилцуулах, хөрөнгө оруулагч нарт компаниа зохион байгуулалттайгаар сайн сурталчлах нь чухал. 
 
Хөрөнгийн биржийн бас нэг чухал онцлог зөвхөн компанидаа хөрөнгө босгох, хувьцаагаа арилжаалах боломж бүрдүүлээд зогсохгүй, хувьцаа эзэмшигчдийн нийтлэг эрх ашгийг дээд зэргээр хамгаалахад оршдог. Том, жижиг ч бай хувьцаа эзэмшигч нар компанийн тайлан мэдээлэлтэй танилцах боломжоор хангагдсан байх ёстойгоос гадна, удирдлагуудад асуулт явуулж үйл ажиллагаа, санхүүгийн талаар мэдээлэл хүсэх эрхтэй. Хайгуулын хувьцаат компани өсөлт хөгжлийн сонгодог загварыг графикаар харуулъя. Бүх ажил нь амжилттай явах тохиолдолд хайгуулын үр дүнгээс уурхайн ашиглалтын оргил хүртлээ иймэрхүү замыг туулдаг зарчимтай. 

Дүгнэлт

Миний бэлтгэсэн танилцуулга дотроос та бүхэнд мэдлэг олгох, санаа авах зүйлс байсан болов уу. Ярьсан зүйлсээ базаад цөөн үгээр илэрхийлвэл: 
  • Боловсролыг эзэмшихдээ ирээдүйгээ харж ухамсартай хандаж, болж өгвөл өөрийн үндсэн мэргэжлээрээ ажлыг гололгүй, доороос нь эхэлж том зорилго тавиад тууштай хөдөлмөрлөвөл амжилтад хүрнэ. Шургуу хөдөлмөрийн үр дүнд гаргасан амжилт эх орныхоо хөгжилд оруулж байгаа хувь нэмэр юм шүү. 
  • Уул уурхайн салбар шинжлэх ухаан учраас эрүүл саруул ухаанаар хандаж, эрсдэлийг нь зөв үнэлж, ирээдүйг нь дэлхийн тэргүүлэх хөгжилд хөл нийлүүлэх хэмжээнд сэтгэж сурах хэрэгтэй байна. Нэг талаас төр нь бодлогоо зөв тодорхойлж, нөгөө талаас бизнес эрхэлж байгаа компаниуд нь засаглалаа сайжруулж, хариуцлагатай хандан ажиллаж, харин ард түмэн уул уурхай бол зүгээр нэг газар ухаж эрдэнэсийг нь зөөж байгаа асуудал бус, баялаг бүтээж, хүний амьдралд үр шим хүртээх том хэмжээний бүтээн байгуулалт гэдгийг ойлгож хандах нь зүйтэй. 
  • Хөрөнгө оруулалтыг татахын тулд үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг ул суурьтай сайн бэлтгэж техник, эдийн засгийн тооцоогоо нийгэм, байгаль орчинд нөлөөлөх хүчин зүйлстэй нь уялдуулан тууштай судалж тооцоолсны үндсэн дээр эргэж буцалгүй зүтгэсэний хүчинд амжилтад хүрэх боломжтой. 
  • Олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа санал болгож хөрөнгө босгохын тулд компаниуд төслийн судалгаа тайлангаа өндөр түвшинд бэлдэж, үйл ажиллагаандаа тохирсон зах зээлээ сонгож оролцохдоо, компанийн засаглал, удирдлагын багийн ур чадвар, түншүүдийн туршлага зэргийг нарийн тооцох хэрэгтэй юм. Хөрөнгийн бирж дээр аливаа эрсдэлийг шантралгүй туулж байж бусдыг амжилтаараа далалсан том тоглогч болох цаг ирнэ гэдэгт итгэж байна.