Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бямбасайхан: Монгол Эрчим хүчний ДИВААЖИН болох бүрэн боломжтой

ikon.mn
2017 оны 12 сарын 20
iKon.MN

Монголын Залуучуудын Холбооноос оны төгсгөлд нийгэм, улстөр, эдийн засаг бизнесийн шилдэг залуу гэж шалгаруулдаг уламжлалтай. Харин шалгарсан залуус нь ирж буй шинэ ондоо багтаж Монгол Улсын хөгжлийн талаарх өөрийн санал санаачлага бүхий илтгэлийг тавьдаг. 

Энэхүү илтгэлүүдийг бид Монголын Залуучуудын Холбоотой хамтран 4 дэх цувралаа хүргэхээр бэлдлээ.

2012 оны эдийн засаг, бизнесийн салбарын шилдэг залуугаар тодорсон "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханы илтгэлийг хүргэж байна.

 

2013 он

Миний хувьд мэдээлэл, эрчим хүч хоёр  байхгүй бол өнөөдрийн нийгэмд ажил хийх боломжгүй. Өнөөдрийн байдлаар Монголын бүх айл өрхүүд эрчим хүчтэй холбогдсон байгаа. Тэр нь юутай холбоотой вэ гэвэл Монголд хамгийн амжилттай хэрэгжсэн 100,000 нарны гэр хөтөлбөр. Тэр хөтөлбөрийн ачаар Монголын хөдөөний айл бүр DDISH, гар утсаараа мэдээлэл авч байна. Хүн мэдээлэлтэй ойрхон байвал хамгийн зөв шийдвэр буюу “Informed decision” гаргадаг. Тэгснээр бидний амьдралд чухал өөрчлөлтүүдийг авчирч байгаа. Монголд ѳнѳѳдѳр хот хѳдѳѳ хамааралгүй  дэлхий дахинд хэрэглэж байгаа техник, технологийг (3G сүлжээ, ухаалаг утас) ашиглах боломж бий болсон.

 
Гэрэл зургийг mpa.mn

Гол нь эдгээрийн ард Монголын эрчим хүчний эх үүсвэр байгаа юм байх ёстой.  Монгол Улс эрчим хүчний нөөцөөрөө баян: тэр нь юу гэвэл нар, салхи. Дэлхийн эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал гэвэл ойролцоогоор 5.5 ТВ байна. Харин Монгол өөрийн бүх нөөц, хүчин чадлаа ашиглаж чадах юм бол 2.6 ТВ-д хүрнэ. Доорх зургаар та бүхэнд сэргээгдэх эрчим хүчний нөөц, бололцоог харуулж байна. 

Монголын эрчим хүчний бодит боломжууд 

 

Гэвч өнөөдөр Монголын бүх цахилгаан станцуудыг нийлүүлбэл 1 ГВ хүрэхгүй суурилагдсан хүчин чадалтай байна. Энэ бүгдээс харахад Монголд сэргээгдэх эрчим хүчний боломж өндөр байгааг илтгэж байгаа. 

Монголд дахь сэргээгдэх эрчим хүчний боломж

Дэлхий дахинд сүүлийн 20 жилд салхин цахилгаан станцын хөгжил маш эрчимтэй явагдсан. Өнөөдрийн байдлаар буюу 2012 оны эцсээр гаргасан тооцоогоор 282 ГВ орчим хүрч байна. Энэ жил 300 ГВ хүрэх тѳлѳвтѳй байна. Ингээд харьцуулахад дэлхийн нийт цахилгааны хүчин чадал 5.5 ТВ байхад салхи ердөө 282 ГВ байна. Нарны эх үүсвэр 100 ГВ хүрэхгүй байдалтай байна. Монгол дахь боломжууд үүнд чухал ач холбогдол үзүүлэх боломжтой. Намайг 2 жилийн өмнө Өмнөговь аймагт явж байхад салхины эрч их хүчтэй буюу 18м/с байсан. Гэтэл орон нутгийн иргэд хэлэхдээ өнөөдөр харин ч их тогтуухан салхитай байна гэж байв. Мөн дээрээс нь салхи ихтэй ч гэсэн чанартай байдаг.

 

Үүнийг салхины эрчим хүчний хэмжилт хийсний дараагаар чанартай эсэхийг тодорхойлон салхин цахилгаан станц барихыг шийддэг. Дараах зурган дээр Төв Аймгийн Сэргэлэнт сумд баригдаж буй Монголын анхны салхин сэнсийг харуулж байна. Энэ нь 120 метр өндөр. Уг эхний турбиныг их салхитай үед босгох гэж бид анх 4 хонож байсан. Одоо хэрэв салхи тогтуухан байвал нэг ийм турбиныг 1 өдөртөө босгож чадна. Салхитын салхин цахилгаан станц ашиглалтад орсноор бид зөвхөн нүүрс биш, салхи зарах боломжтой болж байна. 

Та бүхний зарим нь Азийн эрчим хүчний супер сүлжээ гэж сонссон байх. Энэ юу вэ гэвэл асар их хурдтайгаар, маш бага зардалтайгаар цахилгаан дамжуулах технологийн шийдэл гэж хэлж болно. Өнөөдөр дэлхийд өндөр хүчдэлийн шугам холбосон сүлжээнүүд их олон газар байгаа. 

Азийн эрчим хүчний супер сүлжээ   

 
  • Судалгаа болон ТЭЗҮ хийгдэж байгаа
  • Монгол Улс жилдээ 12.9 мян ТВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх нар, салхины нөөцтэй
  • 2020 он гэхэд 200 ГВ-ын нар, салхины хосолсон станц барих боломжтой
  • Улмаар Япон, Солонгос, Хятад, Орост эрчим хүч экспортлох болон дотоодын хэрэгцээгээ хангана

Нөгөө талдаа зах зээл нь байна. Тэр нь юу гэвэл Хятадын буюу дэлхийн хамгийн том зах зээл. 2012 оны 6 сараас хойш хятадын эдийн засаг 1%-иар удааширсан. Үүнээс нүүрсний экспорт буурч Монголын компаниудын дунд өр, авлагын сүлжээ үүсэж бизнесийн орчин хүндэрсэн. Мөн дэлхий дахинд бусад үйл явдлуудыг дурдвал АНУ ерөнхийлөгчийн сонгуультай байсан, Хятадын засгийн газарт өөрчлөлтүүд гарсан, Европын эдийн засгийн уналт, Оросын сонгууль гэх мэт – энэ бүгд манай эдийн засагт нөлөөлж байна. Бизнес хийдэг хүмүүс үүнийг сайн ойлгож байгаа байх. 

Гэхдээ л Хятад өнөөдөр дэлхийн маш том зах зээл. Тэгэхээр бид нар, салхины эрчим хүчийг түлхүү ашигласнаар бидэнд цахилгаан экспортлох боломж нь байгаа. Өмнө нь дурдсан 2.6 ТВ-ын нар, салхины нөөц дээрээ нүүрсний цахилгаан эх үүсвэрүүд нэмбэл Монгол Эрчим хүчний диваажин болох бүрэн боломжтой юм. Бид тэгэхээр өөрсдөдөө байгаа юмаа эдийн засгийн эргэлтэд оруулаад  инновацийг хөгжүүлэх дээр анхаарах хэрэгтэй.

Одоогоор дэлхийд хамгийн том сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадалтай улс бол Герман. Ойролцоогоор 37 ГВ. Тэдний нарны цацрагийн жилийн дундаж хэмжээ нь 1,100 кВтц/м2 байдаг. Гэтэл Монголын жилийн дундаж хэмжээ 1,367 кВтц/м2, ялангуяа говийн бүс нутгаар 1,703 кВтц/м2 байдаг.
Өнөөдөр Япон, Хятад эрчим хүчний хомсдолд орсон, Солонгос эрчим хүчээ импортолдог. Япон нь 2011 онд Фукушимагийн атомын цахилгаан станцын осолд орсон. Тэрнээс хойш атомын цахилгаан станц аюултай юм байна гэж үзээд өөр эх үүсвэр хайхыг эрэлхийлж байгаа. Тэр тусмаа сэргээгдэх эрчим хүчийг илүүд үзэж Монголын нар, салхийг хүртэл сонирхож байна.

Гэвч өнөөдөр намайг зарим хүмүүс шүүмжлэхдээ энэ сэргээгдэх эрчим хүч чинь маш үнэтэй юм аа, үүнийг Монголд нутагшуулж бизнес хийхэд ашиггүй байх юм аа гэдэг. Би үүнийг хоёр зүйлээр үгүйсгэнэ. Нэгдүгээрт, жишээ авахад Австрали дэлхийн хамгийн том нүүрсний экспорт хийдэг улс байгаа. Өөрөөр хэлбэл Монголтой адилхан маш их эрчим хүчний нөөцтэй улс. Гэтэл тэд сэргээгдэх эрчим хүч нь нүүрс, байгалийн хийгээс хямдхан гэсэн статистик тоо гаргасан байна. Өөрөөр хэлбэл Австралид шинээр нүүрсний цахилгаан станц баривал 1 кВтц нь 1.5 австрали доллар, харин салхи 90 цент байна.

Монголын Салхит 50 МВ станцын төслийн өртөг нь 120 сая ам.доллар буюу 175 тэрбум төгрөг. 1 МВ нь 2.5 сая доллар болж байна. Тэгэхэд өнөөдөр Монголд шинээр 450 МВ-ын гурван цахилгаан станц барьж байгуулна гээд яригдаж байна. Үүн дээр гаргасан урьдчилсан тооцоогоор 1 МВ-ын үнэ нь 2.8 сая доллар болж байна. Яагаад гэвэл дэд бүтэцтэй холбоотой. Мөн нүүрс, ус ашиглаж өндөр зардалтай байна. Гэтэл салхин цахилгаан станц нь 1 удаа хөрөнгө оруулалт хийгээд цаашид засвар, үйлчилгээний зардал л орно.

Хоёрдугаарт, сэргээгдэх эрчим хүч Монголын эдийн засгийг томруулах өндөр боломжтой. 2.6 ТВ-ийн нөөц байхад 200 ГВ-ын сэргээгдэх эх үүсвэрүүд барих том зорилго тавьж яагаад болохгүй гэж. Гол хэрэглэгч Хятад, цаашлаад Япон, Солонгос байна. Хэрэв тэгвэл ойрын 10 жилд доорх байдлаар манай эдийн засаг их хэмжээгээр тэлэх тооцоо байна. 

Илтгэлийнхээ эхэнд та бүхэнд 100,000 нарны гэр хөтөлбөр Монголчуудын амьдралыг хэрхэн өөрчилснийг дурдсан. Харин цаашид манай сэргээгдэх эрчим хүчний боломжууд Монголд дараагийн шинэчлэл, өөрчлөлтийг авчирна гэдэгт би итгэдэг. 

2013 он