Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

16 жилийн өмнө Ж.Оджаргал Монголын бизнесийн орчныг хэрхэн харж байсан бэ?

ikon.mn
2017 оны 12 сарын 20
iKon.MN

Монголын Залуучуудын Холбооноос оны төгсгөлд нийгэм, улстөр, эдийн засаг бизнесийн шилдэг залуу гэж шалгаруулдаг уламжлалтай. Харин шалгарсан залуус нь ирж буй шинэ ондоо багтаж Монгол Улсын хөгжлийн талаарх өөрийн санал санаачлага бүхий илтгэлийг тавьдаг. 

Энэхүү илтгэлүүдийг бид Монголын Залуучуудын Холбоотой хамтран 5 дахь цувралаа хүргэхээр бэлдлээ.

2000 оны эдийн засаг, бизнесийн салбарын шилдэг залуугаар тодорсон М-Си-Эс Группийн Захирлуудын Зөвлөлийн Дарга Ж.Оджаргалын илтгэлийг хүргэж байна.

2001 он

 

Бид бусад хүмүүсийн адил арван жилийн өмнөөс бизнесийн гараагаа эхэлсэн бөгөөд улс орон маань ардчилал, зах зээл рүү шилжиж, аж амьдралаа өөрсдөө авч явах их хариуцлага хүн бүрийн толгой дээр бууж, ёстой нөгөө үүрийг нь хөндсөн шоргоолж шиг бужигнан “орших, эс оршихын” төлөөх тэмцэл явагдсан нь саяхны түүх билээ

Бид хэрхэн өсөж өндийв?

Анх 1990-ээд оны эхээр Азийн Хөгжлийн Банкны төслийн дотоодын зөвлөхөөр ажиллаж байхдаа Швейцарийн нэгэн консалтинг компанид хоёр сар ажиллах завшаан надад тохиолдсон юм. Өндөр чадвартай мэргэжилтнүүдийг зохион байгуулж, тухлаг орчинд оюуны бизнес хийж байгаатай нь танилцаад тийм чиглэлийн компани байгуулж бизнесийн салбарт хүчээ сорихоор шийдсэн.

Ингээд хэтэвчиндээ захирагдан хүүхдийн цэцэрлэгийн жижиг өрөөг түрээсэлж, гэрээсээ авч ирсэн сандал ширээ, бичгийн машинтайгаар компаниа эхэлж билээ. Анхны ажлаа авах гэж олон байгууллагад хандсаны эцэст арван сангийн аж ахуйг хамарсан судалгаа хийх 5000 ам.долларын төслийг Дэлхийн Банкнаас авсан. Бидэнд компьютер байхгүй байсан болохоор улсын байгууллагад ажилладаг найз нөхдийнхөө компьютер дээр ажил нь тарсны дараа өглөө ажил цуглах хүртэл сууж, улсын компьютерийг ашиглаж анхны ажлаа дуусгаж билээ. Хожим нь би энэ “хууль бус” үйлдлийнхээ төлөө тэр байгууллагын даргаас нөхөр ёсны уучлал гуйж бөөн инээдэм болж билээ.

Ингэж л бид гараагаа эхэлж, эрчим хүч, дэд бүтэц, боловсрол зэрэг олон чиглэлийн төсөлд зөвлөгөө өгөх үйлчилгээ буюу консалтинг, тоног төхөөрөмж, ноу-хау нэвтрүүлэх, инженер технологийн иж бүрэн шийдэл бүхий төслүүдийг гүйцэтгэдэг М-СИ-ЭС Интернейшнл компанийг үүсгэн хөгжүүлсэн. Хэрэгжүүлж байсан төслүүдийн хүрээнд компьютер болон бусад техник, тоног төхөөрөмж нийлүүлэх хэрэгцээ гардаг байсан. Иймд Сингапураас компьютер зөөж эхэлсэн нь МСS Электроникс компани болон хөгжих эхлэл байсан ба өнөөдөр компьютерийн зах зээлд өөрийн гэсэн байр суурьтай болсон төдийгүй үйлдвэрлэлийн автоматжуулалт, интернэт, мэдээллийн технологи гэх мэт олон чиглэлд өргөн цар хүрээтэй ажиллаж байна.

 

Жижиг зах зээлийн онцлогийг харгалзан олон салбарт үйл ажиллагаа явуулах, бизнесийн хүрээгээ аль болохоор тэлэхийг хичээж, чадлынхаа хэрээр хөрөнгө оруулалтыг хийж эхэлсэн нь эдүгээ Интерпресс, Анун Төв, Анунгоо зэрэг үйлдвэр, худалдааны компаниуд болон өргөжсөн юм. Хөрөнгийн хоёр дахь зах зээл эхэлж, өмч хувьчлал эрчимтэй явагдсан нь бидэнд бизнесийн шинэ сайхан бололцоог нээсэн билээ. Хөрөнгийн бирж дээр худалдаалагдах болсон, ашигтай байж болох компаниудын хувьцааг сонирхож улмаар Дэвшил болон Зүүн Хараагийн Спирт Бал Бурмын хувьцааны нэлээд хэсгийг цуглуулж, хожим нь дуудлага худалдаанд оролцож, эдгээр компанийн багц хувьцааг худалдаж авсан билээ. Манай компанийн түүх гэвэл товчхондоо энэ. Бизнесийн салбарт хүчээ сорьж буй бусад компанитай яг адилхан гэхээр замыг туулсан, одоо ч туулсаар байна.

Яагаад Хүний нөөц болон Мэдээллийн менежмент чухал вэ?

Миний хувьд бизнесийн амин сүнс нь хүний хүчин зүйл, гол хөшүүрэг нь мэдээллийн менежмент гэж ойлгодог. Хүний хүчин зүйл гэдэгт би давын өмнө хүний мэдлэг чадвар, хүний нөөцийн асуудлыг хамруулж байна. Бизнес өөрөө хамтын тоглоом, хамтын бүтээл юм. Ганц мод гал болохгүйн адил ганцаараа хийх бизнесийн цар хүрээ, эрч хүч хязгаарлагдмал байх нь ойлгомжтой. Иймээс хамтран ажиллах хүнээ, ялангуяа удирдах ажилтнуудаа зөв сонгох нь аливаа амжилтын үндэс гэдгийг бүгд ойлгож байгаа.

Боловсрол, ажлын туршлага, хүн чанар гээд уламжлалт шалгуураас гадна бизнес сэтгэлгээ, авхаалжийг нь олж харах амаргүй санагддаг. Нэгэнт сонгосон хүндээ итгэл хүлээлгэж, зохих эрх мэдэл, үйл ажиллагааны эрх чөлөөг нь олгож ажилд нь хөндлөнгөөс оролцохгүй байхыг боддог. Цалингаас нь гадна ажлынх нь үр дүнтэй холбоотой урамшууллын систем тохирч, тохирсон зүйлээ өгөхдөө гар татахгүй байхыг чухалчилдаг. Сайн ажилласан хүн ажлынхаа үр дүнг амсаж, сайхан амьдрал нь зөвхөн өөрийнх нь идэвх чармайлтаас шалтгаалахыг ойлгуулахыг хичээдэг. Ерөөс сайхан амьдралын төлөөх тэмүүлэл хүнийг хөдөлгөгч гол хүч байдаг болохоор үүнтэй холбоотой хувь хүний амбицийг би хэзээ ч буруутгадаггүй. Түүнийг нь зөв чиглүүлж зохион байгуулбал Монгол хүний чадавх потенциал өндөр гэж боддог.

Компанийн ажлын бүтээмжид хамт олны доторхи уур амьсгал чухал нөлөөтэй. Би ч, чи ч ганцаараа бол юу ч биш гэдгийг хүн бүрт ойлгуулахыг чармайдаг. Хамтын үйлсийн төлөө зүтгэж, олсон ч, алдсан ч ачааг хамтдаа үүрэх ойлголт нэг талаас ажил хэрэгч, нөгөө талаас хамт олонч уур амьсгалыг бүрдүүлдэг. Хамт олны уур амьсгалыг захирал, менежер, ачигч, үйлчлэгч бүгд нийлж байж бүрдүүлдэг учир боловсон хүчний сонголт аль ч түвшинд чухал. Манайхны дунд элбэг тохиолддог ах дүүсээ мэдлэг чадавхийг нь үл харгалзан ажилд түлхүү авч, тэдгээр нь илүү эрх дарх эдэлж, улмаар хамт олны ажил хэрэгч уур амьсгалыг бусниулдаг явдалд би шүүмжлэлтэй ханддаг. Боломжтой нэг нь ах дүүстээ туслах нь хүний ёс бөгөөд туслах арга хэлбэр юу эс мундах билээ.

Захирал хүний хувьд, ажиллагсадтайгаа харьцах харилцаагаа би байнга анхаарахыг хичээдэг. Би чиний ажил олгогч, цалин өгөгч, чиний тэжээгч гэсэн логикоор хандах биш харин тэднийг хүндэтгэж, ажлын үр дүнгээ танилцуулж, зовлон жаргалаа хуваалцаж байх нь эргээд мөнгөөр үнэлшгүй сайхан харьцаа, хамтын итгэлцэлийг бий болгодог. Энэ нь манайх шиг хүний нөөцөөр ховор улсад бүр ч их бодож явах зүйл бөгөөд хүний нөөцийн менежмент (Human Resource Management) нэн чухал юм шиг санагддаг.

Мэдээллийн менежмент бизнесийн хөдөлгүүр болох тухай би дээр дурдсан. Мэдээллийг хэрхэн яаж олж авах вэ, түүнийг яаж менежмент хийж, хэрхэн бизнестээ ашиглах нь бизнестээ алдах, онохын үндэс болдог юм шиг санагддаг. Мэдээлэл боловсруулах олон хэлбэрийн нэг нь хуралдах, олон санаа уралдуулж шийдвэр гаргах явдал гэж боддог. Мэдээлэл нь өөрөө ямар ч агуулгатай байж болно. Жишээлбэл, компанийн мөнгөн урсгал, орлого, зардал, агуулахын бараа, гадаад дотоод төлбөр тооцоо, маркетингийн судалгаа, компанийн стратеги гээд бүх мэдээллийг олуулаа боловсруулж, санал солилцсоны эцэст шийдвэр гаргадаг систем манай компанид үйлчилдэг.

Мөн бүх шатны менежерүүдээ компьютерийн сүлжээгээр холбож, дотоод мэдээлэл болох шуурхай тушаал, зааврыг сүлжээгээр дамжуулан солилцдог нь ажлыг их хөнгөвчлөхөөс гадна цаасгүй, хүнд суртал багатай, үр ашигтай болгодог. Үүнийг би мэдээллийн менежмент гэж ойлгодог бөгөөд энэ нь манай хамт олны уураг тархи нь болдог. Үүнийг л Билл Гейтс "Digital Nervous System гэж нэрлэсэн" бөгөөд орчин цагт мэдээллийг хэрхэн менежмент хийх тухай “Сэтгэхүйн хурдтай бизнес” буюу "Business @ the Speed of Thought" хэмээх номондоо дэлгэрэнгүй тайлбарласан байдаг.

Мэдлэгт суурилсан эдийн засаг (Knowledge Based Economy) ба мэдээллийн технологи

Би дараагийнхаа санааг мэдлэг чадвар зөвхөн бизнесийг хөгжүүлээд зогсохгүй эдийн засагт асар их нөлөө үзүүлдэг тухай, мөн сүүлийн үед улс орнууд хөгжлөө мэдлэгт суурилсан эдийн засагтай холбож байгаад хандуулах гэсэн юм. Өнөөдөр өндөр хөгжилтэй улс орнууд мэдлэгт суурилсан эдийн засгийн тухай ярьж хөгжлийн стратегиа эндээс тодорхойлж байна. Мэдлэгт суурилсан эдийн засаг гэдэг миний төсөөлж буйгаар улс орны өрсөлдөх чадвар,  оюуны өндөр чадавхи, мэдээллийн их урсгал, хувь хүний хөгжил буюу чанартай амьдралд хүрэх хамгийн дөт зам юм.

Мэдлэгт тулгуурласан эдийн засгийн үйл ажиллагаа уг мэдлэгийг улам баяжуулж байхад материаллаг баялагт тулгуурласан эдийн засгийн үйл ажиллагаа уг баялагаа хорогдуулж байдаг. Иймд мэдлэгт суурилсан эдийн засаг материаллаг нөөцөөр хомс улс орны ирээдүйг тодорхойлох нь гарцаагүй. Хүн ам цөөн, бүс нутгийн интеграцид байр сууриа олоогүй, дэд бүтэц хөгжөөгүй манай орны хувьд ч энэ нь хөгжлийн стратегиа холбох асуудал яах аргагүй мөн.

Мэдлэгт суурилсан эдийн засгийн гол хөшүүрэг нь мэдээллийн технологи юм. Би энд юуны өмнө хэдэн жишээ татахыг хүсч байна. Солонгосын Засгийн газар өрх бүрийг компьютержуулах шинэ зууны бодлогоо танилцуулж, Коста Рика улс нэг сурагч - нэг компьютер гэсэн хөтөлбөрийг бага дунд сургуулийн түвшиндээ хэрэгжүүлж, манайхтай хүн амаар ойролцоо Ирланд улс мэдээллийн технологийн салбарт ихээхэн мөнгө хаяж, нийт оюутнуудынхаа олонхийг software болон hardware-ийн салбарт бэлдсэнээр дэлхийн үндэстэн дамнасан компьютер технологийн компаниудыг өөр рүүгээ хошууруулж, Энэтхэг программ хангамжийн мэргэжилтэн экспортолдог гол орон болжээ. Хятад, Малайз зэрэг олон орон мэдээллийн технологийг хөгжүүлэх тусгай бүс гаргаж эрх зүйн таатай орчин бүрдүүлснээр дэвшилтэд технологи үйлдвэрлэгчид болж хувирлаа.

Манайд ч гэсэн энэ талаар тодорхой арга хэмжээ авмаар санагддаг. Тухайлбал, мэдээллийн технологийн гол зэмсэг болсон компьютерийг гааль болон НӨТ-ийн татвараас тодорхой хугацаанд чөлөөлж, ингэснээр компьютерийн үнэ буурч компьютер өөрөө тансаг хэрэглээ бус, хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болно. Мөн компьютерийн элэгдэл хорогдлыг жилд 50 хувиас багагүй тооцдог болмоор байна. Өнөөдөр компьютерийн элэгдэл хорогдлыг 10 хувиар тооцож байгаа нь нэг компьютерийг 10 жил хэрэглэнэ гэсэн үг болж байна. Гэтэл компьютер жилээр бус сараар хуучирдгийг бид бүгд мэднэ.

Мэдээллийн технологийг чухалчлахын учир нь, миний ойлгож байгаагаар, компьютер, программ хангамжийн мэргэжилтэн бэлдээд тэднийг болон бүтээгдэхүүнийг нь экспортолж мөнгө олохоос гадна, хамгийн гол нь мэдээллийн технологийг түлхүү хөгжүүлснээр эдийн засгийн бүх салбарын хөгжил хурдасдагт байгаа юм.
Манай Засгийн газар ч энэ хандлагыг анхааралдаа авч Үндэсний комисс байгуулан Ерөнхий сайд өөрөө ахлах болсонд баяртай байна. Улс үндэстний ирээдүйг тодорхойлох энэ салбарт ажиллаж буй эрдэмтэд үндэсний компаниудаа дэмжих, тухайлбал орлогын болоод импортын татварын хөнгөлөлтөөр урамшуулах гээд олон алхам хиймээр байна.

Жишээлбэл, мэдээллийн технологи болон програм хангамж чиглэлийн гадаадын хөрөнгө оруулалттай компанийг эхний таван жилд татвараас Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиар чөлөөлсөн атлаа мөн салбарт хөрөнгө оруулж буй дотоодын компанид ямар ч хөнгөлөлт хамаарахгүй байна. Энэ байдал үргэлжилбэл Монгол компани эх орныхоо тэргүүлэх чиглэлд оруулж болох хөрөнгөө Хятад ч юм уу, гадаадын өөр оронд байршуулж, харин Монголын тэргүүлэх салбарт нь зөвхөн гадаадын капитал ноёрхож мэдэх юм. Өөрөөр хэлбэл, Монгол компани Монголдоо гадаадын компанитай энэ салбарт өрсөлдөх тэгш боломжгүй байна. Харамсалтай нь шалтгаан нь мэдлэг дутсаных биш, хөрөнгө дутсаных ч биш, ердөө манай хууль тиймийнх юм.

Бизнесийн боломжийн тухайд

Бизнесийн орчныг эрдэмтэн мэргэд янз бүрээр тодорхойлж, макро эдийн засгийн зохицуулалтын төрөл бүрийн жор боловсруулсан байдаг ч жирийн бизнесмений нүдэнд туссан зүйлээ хуваалцъя.
Эдийн засаг гэдэг өөрөө хязгаарлагдмал баялгийг тодорхой тооны хүнд хуваарилах тухай асуудал билээ. Бизнес гэдэг нь тухайн хуваарилалтад тодорхой үүрэг гүйцэтгэж, гүйцэтгэсэн ажил үйлчилгээндээ тохирсон шан харамж авах тухай ойлголт гэж боддог. Монгол улс зах зээлд шилжсэнээр улс дангаараа хийдэг байсан нийгмийн баялгийг хуваарилах процесст хувь хүмүүс оролцох эрх нь нээгдэж, түүнд оролцохын төлөө чөлөөт өрсөлдөөн үүссэн. Ганзагын наймаагаар эхэлсэн энэ үйл явц хөгжиж өнөөдөр Монголын компаниуд инженер техник, өндөр технологийн олон ажилбарыг бие даан хэрэгжүүлэх чадалтай болжээ.

Шилжилтийн үеийн бэрхшээлүүдийн тухай бид хангалттай сонссон. Харин энэ үед мөн бизнесийн өргөн их боломж нээгдсэнийг тэр болгон ярьдаггүй. Чухамхүү энэ үед л хүн бүр чадах ядахаараа хөдөлж, өнөөдөр Монголд төрөл бүрийн бараа, үйлчилгээний хомсдол бараг арилж, одоо чанар, өнгө үзэмж, үнээрээ өрсөлдөж байна. Дэлхийн мэдээллийн урсгалд интернет, кабель зурагтаар өргөн холбогдсоны дүнд Монголчуудын оюуны болон материаллаг хэрэгцээ улам өсч, түүнийг нь хангах бизнесийн шинэ боломжууд мөн л нээгдсээр байгаа билээ. Хүний санаа шавхдашгүй бөгөөд энэ нь хөгжил дэвшлийн нэг хөшүүрэг болсоор ирсэн. Нэг үгээр хэлбэл, зах зээлээ жижиг гэж гололгүй бидэнд хийх бизнесийн боломж асар их байна.

Гэхдээ бизнес хийж байгаа хүмүүс өөрт хамаарах зах зээлийн сегментээс гадна эдийн засгаа бүхэлд нь авч үзэж, дотоодын нийт бүтээгдэхүүний бүтэц, гадаад худалдааны баланс зэрэг асуудалд анхаарлаа хандуулж баймаар санагддаг. Өнөөдөр манайд импортын худалдаа, үйлчилгээ зонхилон хөгжиж байгаа нь энэ төрлийн бизнес микро түвшин дээр ашигтай байгаагийн баталгаа юм. Макро түвшинд энэ нь давын өмнө гадаад худалдааны тэнцвэрийг улам муутгах аюултай билээ. Экспортын хэдхэн үйлдвэр маань доройтож, гадаадын зээл тусламж багасах тохиолдолд бид хэрхэх вэ гэдэг талаар улстөрчид, бизнесийнхэн, ер нь Монгол хүн бүр санаа зовж, төр засаг бодлогоо тодорхойлж, түүнийгээ эрх зүйн хувьд дэмжих цаг болсон. Үүнд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, экспортын чиглэлийн болон импортыг орлох үйлдвэр, аялал жуулчлалыг хөхүүлэн дэмжих зэрэг уламжлалт аргуудаас гадна чөлөөт худалдааны бүс, газрын концесс, нөгөө хэл ам тарьж байсан казино мэтийн гадныхны мөнгийг оруулж ирэх зүйлүүдийг түлхүү анхаармаар санагддаг юм.

Бизнесийн орчин

Эдийн засаг, бизнесийн орчин тодорхой нэг утгаар авч үзвэл сүүлийн 6-7 жил тогтвортой байж, эдийн засаг өссөөр ирсэн гэж боддог. Энэ хугацаанд Засгийн газар удаа дараа солигдож байсан ч өргөн утгаараа улс төрийн нөхцөл тогтвортой байсан гэж би үздэг. Төр засгийн эдийн засгийн бодлого ерөнхийдөө зөв байсны нэгэн жишээнд Улаанбаатар хотод босч байгаа олон барилга байгууламж, өдрөөс өдөрт олширч байгаа худалдаа үйлчилгээний газруудыг дурьдаж болно. Энэ бол хүмүүс үйлчилгээ үзүүлэх ч, үйлчлүүлэх ч мөнгөтэй болж, амьдрал нь дээшилж байна гэсэн үг.

Бизнесийн орчныг бүрдүүлэх нэг гол зүйл бол бизнесийн эрх зүйн орчин бөгөөд үүнд бизнес, эдийн засгийн харилцааг зохицуулсан хууль журмаас гадна тэдгээрийн харьцангүй тогтвортой байдал, хэрэгждэг механизм гэж би ойлгож байна. Хууль тогтоомжийн хувьд, манай улс зах зээлд шилжээд аравхан жил болж байгаа ч хууль тогтоогчид, засгийн эрх баригчдын тууштай бодлогын үр дүнд шинэ үетэйгээ нийцсэн эдийн засгийн багц хууль тогтоомжтой болсон. Энд мэдээж алдаж оносон зүйл байгаа. Аливаа хууль амьдралдаа зохицон өөрчлөгдөж байдаг органик шинжтэй байдаг билээ. Энэ утгаараа бизнес, эдийн засгийн чиглэлийн хуулиуд ч байнга өөрчлөгдсөөр ирсэн.

Гэхдээ хуулиуд дэндүү хурдан хурдан өөрчлөгдөж, заримдаа тэс эсрэг утгатай болдог тохиолдол гардаг. Энэ нь бизнес төлөвлөх, хөрөнгө оруулах зэрэг тодорхой ажилд хортойгоос гадна, ер нь бизнесийн тогтворгүй орчинг бүрдүүлж, хөрөнгө оруулалтын эрсдлийг ихэсгэдэг болох нь хэнд ч тодорхой юм. Улс төр, эдийн засгийн хөгжлийн стратеги нь цэгц тодорхой, хууль тогтоомжууд нь тэдгээр стратегийн сонирхолдоо хөтлөгддөг байвал хуулиуд логиктой, харилцан уялдаатай, урьдчилан төлөвлөх боломжтой баймаар санагддаг.

Стратегийн бодлого болон эрх зүйн зохицуулалтын харилцан шүтэлцээн үгүйлэгдэж байгаагийн жишээ болгож Кока-Кола-гийн үйлдвэр байгуулж байгаа өөрийн туршлагадаа тулгуурлан ярья. Кока-Кола бол хамгийн сайн чанарын ундаа гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх. Өөрөөр хэлбэл, энэ бол эрүүл хүнс. Гаднаас оруулж ирсэн Колагаас харьцангүй хямд байх утгаараа улам олон хүн өндөр чанарын хүнс хэрэглэнэ гэсэн үг. Кока-Колагийн хэрэгцээ, зах зээл манайд өсч байгаа бөгөөд гадаадаас валютаа тушааж оруулж ирж байгаа. Энэ утгаараа дотооддоо үйлдвэрлэснээр импортыг орлож, Монголд байгаа “ногоон”-ыг хэмнэнэ гэсэн үг.

Үйлдвэр гэдэг утгаараа олон ажлын байр бий болгоно. Ингээд аваад үзэхлээр ийм үйлдвэр нь улсын стратегийн бодлого, хүмүүсийн эрх ашигт бүхий л талаараа нийцэж байгаа юм. Парадокс нь юу вэ гэхлээр өнөөгийн орчинд дэлхийн стандартын, франчайзын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд оруулах хөрөнгө нь чанар багатай бүтээгдэхүүний үйлдвэрээс хэд дахин өндөр байдаг тул эргээд бүтээгдэхүүний үнээр өрсөлдөхөд хэцүү байдаг. Эдийн засаг, бизнесийн хууль тогтоомжид агуулгын хувьд эргэж хармаар зүйл бидний нүдэнд нилээд тусдаг. Жишээ нь:

  • Бизнесийг амжилттай явуулахад мэдлэг чадвартай боловсон хүчин чухал байдаг тухай би дээр тодорхой ярьсан. Гэтэл боловсон хүчнээ зах зээлийн өндөр мэдлэг, ур чадвартай болгон сургах, давтан сургалтанд хамруулахад татварын хуулинд зааснаар сургалтын зардлыг ашгийн 5%-иас хэтрүүлбэл үлдэх ашгаас төлөх болдог.
  • Бизнесийг зөв гольдрилд оруулж амжилттай явуулахад маркетингийн зардал их гаргаж байж, борлуулалт ихсэж, бизнес амжилттай болох нөхцөл болдог байтал зар суртапчилгааны зардлын хэмжээг татварын хуулинд ашгийн 5%-тай тэнцэх хэмжээгээр хязгаарладаг.
  • Мөн хандив хүссэн олон хүсэлтээс бизнесменүүд бид хаашаа ч зугатах аргагүйд хүрдэг. Уг нь боловсрол, соёл урлаг, спорт, нийгмийн эмзэг давхаргынхан гээд олон хүнийг тусалж дэмжих нь буянтай үйлс. Гэхдээ өгч байгаа хандивыг зардалд тооцохгүй нь их хүндрэлтэй байдаг. Мэдээж хандив бүхнийг зардалд тооцохдоо бус харин үүний зохистой харьцааг олмоор байна.
  • Хуулийг тогтвортой байлгах бас нэгэн чухал зүйл бол төсөл байхад нь уг хуулиар зохицуулагдах харилцаанд оролцогчдын саналыг авч хэлэлцүүлэх явдал юм. Боловсролын тухай хуулинд багшийн санал чухалтай адил бизнесийг зохицуулах хуулинд бизнесменүүдийн санал үнэтэй байх ёстой.

Эрх мэдлийг хувааж, харилцан хянах зарчим дээр суурилсан манай өнөөдрийн төрийн тогтолцоонд бизнесийнхэн нийгмийн бусад давхрагын нэгэн адил ашиг сонирхол, зовлон бэрхшээлээ төр засгийн гишүүдэд тайлбарлан таниулах шаардлага байдгийг хэн ч үгүйсгэхгүй бизээ. Гэвч манай нийгэмд түгээмэл байгаа хардах сэрдэх уур амьсгалын гайгаар төрийн албаныхан бизнесментэй хамт үзэгдэхээс эмээдэг эрүүл бус явдал газар авчээ. Энэ байдлаас гарч, улс төр, бизнесийнхэн бодол саналаа солилцдог ил тод механизмыг бүрдүүлэх явдал үгүйлэгдэж байна. Ийм харилцаа нь улс төрчдөд ч, бизнесийнхэнд ч, нийгэмд ч хэрэгтэй гэж үзэж байна.

Бизнесийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд бэрхшээл бас ажиглагддаг. Хуулиуд гол төлөв товчхон, заалтууд ерөнхий байдгаас апбан хаагчид хуулийг узэмжээрээ тайлбарлаж эцэс төгсгөлгуй хэрүүл үүсэх шалтаг болдог мэт санагддаг. Америкийн ноолуурын компаниуд хуулийн дагуу татвараа төлөөд Хятадын ноолуурын ганзагачидтай өрсөлдөхөд хэцүү байгаа тухай удаа дараа бичигдэж байсан татварын тэгш бус орчин бусад төрлийн бизнес хийдэг компаниудад ч тулгарч байгааг мөн Засгийн газар анхаармаар санагддаг.

Эцэст нь хэлэхэд, улс хөгжиж, иргэд баяжсанаар бизнесийн илүү таатай орчин бүрдэх тул улс нийгмээ хөгжүүлэх нь ямар ч бизнесмен хүний эрхэм зорилго гэж ойлгодог. Хажуугийн хүний бизнес сайн байвал өөрийн чинь зах зээл, бизнесийн боломж өргөжиж байна гэдгийг ойлгож бие биенийхээ бизнесийг дэмжицгээе. Бие биенийхээ итгэлийг дааж харилцан ашигтай бизнес хамтран хийцгээе.
Бид дан ганц зовлон бэрхшээлээ ярих биш, бас гэрэл гэгээгээ харж, ирээдүйдээ итгэлтэй, сэтгэл өөдрөг улам сайн сайхан амьдралыг цогцлохыг зорьцгооё. Монгол бол үнэхээр залуучуудын орон, залуучууд өөдрөг байх ёстой. Бидний амьдрал биднээс л шалтгаална.

Бизнесээ дэмжье, шударгаар өрсөлдөе, улс орноо хамтдаа хөгжүүлье.

2001 он

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.