Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Дэлгэрмаа: Манайд эцэг эх нь үр хүүхдэдээ ёс суртахууны үлгэр болохоосоо илүү хэрэглээнд нь анхаардаг

ikon.mn
2017 оны 12 сарын 25
iKon.MN

Монголын Залуучуудын Холбооноос оны төгсгөлд нийгэм, улстөр, эдийн засаг бизнесийн шилдэг залуу гэж шалгаруулдаг уламжлалтай. Харин шалгарсан залуус нь ирж буй шинэ ондоо багтаж Монгол Улсын хөгжлийн талаарх өөрийн санал санаачлага бүхий илтгэлийг тавьдаг. 

Энэхүү илтгэлүүдийг бид Монголын Залуучуудын Холбоотой хамтран 11 дэхь цувралаа хүргэхээр бэлдлээ.

1994 оны нийгэм, улс төрийн шилдэг залуугаар тодорсон ОХУ дахь Монгол Улсын элчин сайд Б.Дэлгэрмаагийн илтгэлийг хүргэж байна.

 
1995.11.16
 
Өнөөдөр манай оронд болж буй үйл явдлууд ерөөс хүнийг улс төрд татан оруулах юм, шинэ генерац төрж өсөх явдал. Шинэчлэл өөрчлөлттэй давхцаж байгаа тул өөртөө зөрчилтэй бөгөөд ардчиллын уламжлалтай орнуудын адил генерациудын хоорондох залгамж холбоог үндэслэж хөгжих боломжгүй. Хамгийн гол нь Монголд өнөөдөр генерациудын хоорондох гэхээсээ илүү шинэ ба «хуучны зөрчил илүү их илэрч байх юм.
 
Генерациудын хоорондох зөрчил нийгмийн хөгжлийн түвшин, соёл, боловсрол, улс төрийн дэглэм, юунаас ч тэр үл хамааран хүн төрлөхтнийг дагалдсаар ирсэн. Тэгвэл 20 дугаар зууны сүүлийн жилд амьдарч буй монголчууд бидний хувьд зүй тогтоолт энэхүү зөрчил нь илүү хурцадсан, илүү этгээд, тэр ч бүү хэл сүүлийн гурван жилд эмгэнэлт, гажуудсан хэлбэрээр илэрч байгаа нь Монголын нийгмийн суурийг доргиосон өөрчлөлттэй шууд холбоотой. Гэтэл энэхүү өөрчлөлт чухам ямар учраас болов, тэр нь биднийг юунд хүргэв, цаашид хэрхэх ёстой, чухам яагаад эмгэнэлт, эсвэл гажуудсан байдлаар энэ процесс явагдаж байна вэ?
 
Ердийн ухамсрын түвшинд хүн түүхэн үйл явцыг өөрийн итгэл үнэмшилд зохицуулан хүлээн авч ухварлан ойлгодог. Хүний итгэл үнэмшил нь тухайн хүний амьдралын туршлага, мэдлэг, боловсрол, социал орчин зэрэгт үндэслэгдэн бүрэлдэн тогтох нь ойлгомжтой. Энэ утгаараа амьдралын баялаг туршлага, мэдлэг, ойлгоц, хүлээц зэргээр илүү давуу ахмад үе, гэнэн, хөнгөн, сэтгэл хөтлөлд автдаг залуу үе, консерватив, шинэлэг зүйлийг хүлээн авах чадвар бүхий ахмад үе, эрчимт, оргилуун, шинэ санаагаар дүүрэн, шинийг эрэлхийлэгч залуу үе, генерациудын хоорондох энэ бүх эерэг ба сөрөг, давуутай ба сул талын харилцан үйлчлэл эцэг ба хүүхдүүдийн хэмээн нэрлэсэн мөнхийн зөрчилд хүргэдэг.

“Үгүй энэ орчин үеийн залуучуудыг хараач, цадиггүй гэдэг нь!” гэж унтууцан хэлж байгаа буурлыг өндөр хөгжилтэй Герман оронд хараад ямар танил үг вэ, 70 гаруй хувь нь хүүхэд залуучууд болох манай оронд энэ үгсийг мөн ч их сонссон доо гэмээр. Үнэндээ ч 60-аад оны хиппи, 70-аад оны рокууд, 80-аад оны панки, 90-ээд оны эгосентрик өрнөдийн залуучуудтай харьцуулахад Монголын залуучууд бид чинь хэн бэ гэсэн бодол төрөхөөр. Генерациудын зөрчлийн тухай ярихдаа Өрнөдийн залуучуудын дунд өргөн дэлгэрсэн дээрх үзэгдэл ер нь залуу хүнд угаас оршдог шинэчлэгч шинж чанартай шууд холбоотой юм.  

 
Монгол Улсаас ОХУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа

Ялангуяа, шинжлэх ухаан техникийн хувьсгал өрнөж хүмүүсийн амьжиргаа эрс дээшилсэн Өрнөдөд 60-аад оноос эхлэн залуучууд амьдралын альтернатив хэв маягийг эрэлхийлж улмаар үүнийгээ этгээдээр хувцаслах, үс гэзгээ янзлах, сексийн эрх чөлөө, поп-рок хөгжмийн нүргээнээр илэрхийлж залуучуудын асуудлыг гаргууд нь хаяж болохгүй юм байна гэдгийг нийгэм, эрх баригчид ойлгож, түүнээс гадна хамгийн гол нь эл үзэгдэл нийгмийн үнэлэмж, сэтгэлгээнд асар том өөрчлөлт авчирсан билээ. Харин социалист ертөнцөд хамаарч байсан Монголын залуучууд төмөр хөшигний цаана юу болж буйг зөвхөн таамаглахаас хэтрээгүй.

Он жилүүд өнгөрсөөр системийнхээ хувьд өөрийгөө бүрэн шавхаж дууссан социализм задран унахад жинс, кока кола, рок хөгжим ч багагүй хувь нэмэр оруулсан болов уу.
 
80-аад оны дунд үеэс ЗХУ-д төрийн тэргүүнээсээ эхлэн “перестройка” хэмээн бүх түвшиндээ зарлан тунхагласан авч энэ нь угтаа системээсээ хэтрээгүй, реформатор шинжийн өөрчлөлт байснаас хувьсгал биш байв. Нөгөөтээгүүр хуучин боловсон хүчнээ түшиглэн өөрчлөн байгуулалтыг хийх гэсэн оролдлого талаар өнгөрч их гүрний задрал, системийнх нь мөхлийн хугацаа урт удаан үргэлжилж энэ нь хүн ардын амьжиргаанд маш хүнд туссан хэвээр байна. Тэгвэл Орос дахь өөрчлөн байгуулалт, ил тод байдлын тусгал нь болж 80-аад оны сүүлээс хэвлэл мэдээллээр Монголын сэхээтнүүд дургүйцлээ илэрхийлж шүүмжлэл өрнүүлсэн хэдий ч заншсан ёсоор орос ах нарын яахыг харзнан байтал хэсэг залуучууд улс төрийн цуглаан жагсаал хийж тэр нь тэлсээр зохион байгуулалттай улс төрийн хөдөлгөөн болж ард нийтийн хүчтэй дэмжлэгтэйгээр төрийн тайван эргэлт хийж чадсан юм.
 
Тухайн үед өөрчлөн байгуулалтын тэргүүн эгнээнд явж урьд өмнө нь хаалттай, хориотой асуудлыг зоригтой хөндөж тавьж байсан К.Зардыхан, Л.Түдэв, П.Очирбат, Л.Бямбасүрэн зэрэг хүмүүс яагаад гудамжинд гарч жагсаагүй, яагаад ардчилсан хувьсгалыг чухамхүү 'залуучууд хийсэн бэ? Тухайн үедээ тодорхой албан тушаал, эрх мэдэлтэй, хамгийн гол нь тэргүүн эгнээнд явах нь амь насанд осолтойг тэд социалист амьдралын туршлагаараа хаширлан мэддэг байсан тул болов уу.
 
Тэгвэл хувьсгал хийсэн хэсэг залуучуудын дунд их дээд сургуулиудын багш, эрдэм шинжилгээний ажилтнуудыг эс тооцвол албан тушаалаасаа хагацаж карьер хийх боломжоо хаалгах хүн байгаагүй нь мөн лавтай. Гэвч хамгийн гол нь залуучууд шинэ цаг үе ирж буйг мэдэрсэн юм. Түүхийн асар богино хугацаанд, тодруулбал сүүлийн таван жилийн дотор болсон үйл явдал, нийгэмд гарсан өөрчлөлтийг тоймлон дурдвал:
  • улс төрийн тайван эргэлт (Улс Төрийн Товчоо бүрэлдэхүүнээрээ огцорсон)
  • улс төрийн намууд үйл ажиллагаа явуулж эхэлсэн
  • анхны чөлөөт ардчилсан сонгууль
  • анхны парламент, Засгийн газар, Ерөнхийлөгч
  • Ардчилсан Үндсэн хууль
  • дахиад УИХ-ын сонгууль
  • хувьчлал
  • хөдөө аж ахуйн нэгдэл тарсан -ганзагын наймааны цэцэглэлт, шаталт -инфляц
  • ядуурал, үүний зэрэгцээ нувориш буюу шинэ баячууд -сэтгэлгээний эрх чөлөө
  • хувь хүн, нийгэм дэх үнэт зүйлс, үнэлэмжийн өөрчлөлт -гэмт хэргийн өсөлт -бүх нийтийн архидалт -коррупци
  • хэвлэлийн цензур үгүй болсон
  • үндэсний ухамсар
  • сүсэг бишрэл чөлөөтэй болсон
Ийнхүү нийгмийн амьдралын бүх хүрээг хамарсан эргэлтийн чанартай ийм их өөрчлөлтийг таван жил атугай нэг генерацийн хугацаанд ч бодитой хүлээж авах нь бараг үгүй юм. Энэ ч шалтгаанаар дундаж Монгол хүний сэтгэлгээнд ардчилсан хүчин гэж өөрсдийгөө нэрлэж гарч ирсэн хэсэг залуучуудтай өнөөгийн нийгмийн хамаг болж бүтэхгүй зүйлийг хамаатуулан ойлгож “Энэ хэдэн залуучуудаар улс орноо тоглуулж дууслаа” гэсэн сэтгэлгээ газар авчээ. Тэгээд ч аливаа үйл явцын сөрөг, сүүдэртэй талыг илүү их тусгаж, мэдэрдэг нь хүний төрөлхийн мөн чанартай холбоотой болов уу. Энэ ч утгаараа хуучин нийгэм задрах, задарснаар олон жил бугширч хуримтлагдсан, социалист системийн дотоод мөн чанарт агуулагдаж байсан бүх зөрчил гэнэт дэлбэрэлтийн маягаар нийгэмд илэрч гарсан билээ.
 
Ингээд урьд өмнө нь зохиомлоор дарагдаж, эсвэл мэдээлдэггүй нууцлагдсан зүйлс нийтийн хүртээл болсон авч энэ нь эгэл хүмүүст шинэ нийгмийн нөхцөлд л гэмт хэрэг өсч, ядуурал, оюуны хоосрол, гуйланчлал, ёс суртахууны доройтол бий болсон, ардчилал, зах зээл гэгч юм л эдийн засаг, боловсрол, эрүүл мэндийн салбарын хямралд хүргэж байна гэсэн бодол төрүүлж одоо бараг л хүн бүр “зах зээлийн хүнд хэцүү нөхцөлд” гэж ярих болжээ. 
 
Гэтэл манай улс зах зээлийн эдийн засагтай хараахан болоогүй байна. Зөвхөн шилжиж байна, ардчиллын зарчмыг тавьсан авч түүнийг бүрэлдүүлэх эд эс нь хэрэгжих байтугай бүрэн бүрэлдээгүй байна. Нөгөөтээгүүр эрх чөлөө авчирсан 1990 оны үйл явдлууд, түүний үр дагаварт хувьдаа мал хөрөнгөтэй болсон малчид, бизнес эрхлэн хувийн өмчтэй болох боломж нээгдсэн, амьдрах газраа сонгох, гадаадад чөлөөтэй зорчих, эвлэлдэн нэгдэх, сонгох, сонгогдох эрх жинхэнэ утгаараа хэрэгжсэн, сүсэг бишрэл, үндэсний бахархал, өөрөөр сэтгэн бодох боломж нээгдсэн зэрэг тоочвол үл барах эрх, эрх чөлөө, боломж, нөхцөлийг бид эдэлж байхад зөвхөн бараан талыг өргөмжлөн ярих нь дэндүү өрөөсгөл юм.
 
Саяхныг эргээд харъя. Бизнес эрхлэх нь эрүүгийн ялтай, амьдрах газраа сонгох нь эх орноосоо урван тэрсэлсэн, ганц намд эвлэлдэн нэгдэж, дээрээс нэр заасан хүнийг бүх нийтээр 99 хувьтай сонгож, эзэн Чингисийн тухай шүлэг бичсэн хүн үндсэрхэг үзэлтэн болж хавчигдан, талийгаачийг хөдөөлөхөд нууцаар ном уншуулж байсан шүү дээ. Сайхан байсан гэж санагалзаад байдаг тэр хэдэн жилийн өмнөх үе гэхэд л Улаанбаатар хотын хэдэн дэлгүүрт төвлөрсөн нийлүүлэлтээр 10 дугаар сард алим, 12 дугаар сард жүржний барааг харж, тамхины дээж нь ВТ байлаа. Гэтэл одоо алим байтугай, гадил идэж л байна. Тэгээд одоо ямар ядуурлын тухай яриад дэлхийгээр гараа сунгаж бадир бариад явна вэ? Уудам сайхан нутаг, байгалийн баялагтай, авьяас билэг бүхий монголчууд бид ардчиллаар олж авсан боломжоо ашиглан ханцуй шамлан ажиллаж, сайн ажилласнаар сайхан амьдарч чадахгүй байгаагийн учир юу вэ?
 
НҮБ-ын 1960-аад оны үеийн нэгэн илтгэлд дэлхий дээр хамгийн залхуу хүмүүс солонгосчууд гэж тэмдэглэгдсэн гэдэг. Гэтэл өнөөдөр тэдэн шиг ажилсаг, ажил хэрэгч хүмүүс байна уу? Монголчууд бидэн шиг залхуу, архичин, арчаагүй хүмүүс алга гэж л байна, гэтэл гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудыг хөдөлмөрч, овсгоо самбаатай гэж  шагшин магтах нь юуны учир вэ? Орчин нөлөөлж байна уу? Гэтэл өндөр хөгжилтэй орон дахь Монгол улсын ЭСЯ-ны байранд ороход Монголын нутаг дэвсгэр гэсэн шиг халтар царайлаад суух нь даан ч гутармаар. Энэ нь ерөөс манай нийгэмд хүнийг хөдөлгөх хөшүүрэг алга байгааг харуулж байна. Энэ нь:
  • Нүүдэлчин ард түмний амьдралын хэв маяг
  • Хуучин системийн үр дагаварт бий болсон амьдралын хэв маягаар тодорхойлогдож өнөөдөр монгол хүн гэдэг чинь ерөөс хэн юм бэ гэхэд ази биш, европ биш, харин Монгол л юм.
Ази биш гэдэг нь энэ тивд оршин амьдрагчид хэдэн зуун үе уламжлагдан дамжигдсан амьдралын төлөөх ширүүн өрсөлдөөнд шалгарч шилэгдсэн хүмүүс, энэ утгаараа хятад, япон, вьетнам, Солонгос, энэтхэг гэлгүй аль ч ази үндэсний доторх шороон түмэн хүнээс оюун ухаан, арга заль, ажлын чадавх, бие бялдар бүх юмаар давуутай баймааж илүү сайхан амьдарч чадна, энэ философи мах цусанд нь үе дамжигдан шингэсэн байдаг энэ утгаараа найдвартай, баталгаатай амьдралыг хүсч тэмүүлдэг. Тэгвэл Монгол хүн өрсөлдөөний хатуу ширүүнийг мэдэрч биеэр амсаагүй, амьдралынхаа төлөө тэмцэж маргаашийн ирээдүйдээ хандан хөрөнгө оруулалт хийх нь хомс байдаг нь нүүдэлчний сэтгэлгээтэй холбоотой.
 
Өвөрмөц зан заншил, давтагдашгүй соёл урлаг, гайхамшигт бичгийн соёл агуулдаг нүүдлийн соёлыг үгүйсгэхгүйгээр тэрээр. амьдралын ямаршуу хэв маяг төрүүлдэг тухай товч өгүүлэхэд үл хөдлөх хөрөнгийн уламжлалгүй тул энэ насандаа нэг удаа хүн болж төрсний төлөө эрхэмсэг оршихуйг нүүдэлчний амьдрал бүрдүүлдэггүй. Иймд орчин үеийн иргэний нийгмийн үнэт зүйл болох гэр бүл, хувийн өмч, хүний эрхийг ариун гэгээн шүтээний хэмжээнд өргөгдөн тавьдаггүй билээ.
 
Ийм хөрсөн дээр социалист хэв маягийн амьдрал үүсэж бий болсон. Өрнөдөд хуарангийн социализм гэж нэрлэгдсэн нь үнэхээр тохиолдлын зүйл биш юм. Манай оронд социализмын үеийн хотжилт, аж үйлдвэржилт явагдсан боловч, энэ нь сонгодог утгаараа суурьшмал соёлыг бий болгоогүй, учир нь түүний үнэт зүйл нь өмчтөнийг үгүй хийсэн. Харин социалист аж төрөх ёсыг буй болгосон. Бүх нийтээр хамтаар аж төрж, өөрөөр хэлбэл өөрийн гэсэн байшин биш нийтийн байранд амьдарч, боловсрол шинжлэх ухаан, соёл урлаг, эрүүл мэнд, засаг төрийн бүх байгууллага нийслэлдээ төвлөрч тэдгээрт ажилладаг хамт олны гишүүн бүхий нэгэн амьдралын өвөрмөц хэв маягтай хотын монголчууд бий болж харин хөдөөд нийгэмчлэгдсэн малыг хариулагч болохын хувьд жаал шимийг хүртэх боломжтой өмчгүй малчид амьдарч бас хөдөөгийн монголчууд бий болсон.
 
Өнөөдөр амьдрал, сэтгэлгээний хэв маягаар тэс өөр хоёр төрлийн монголчууд байна​. Энэ хоёр төрлийн монголчуудын хооронд өнөөдөр гол төлөв ямар шинжтэй маргаан явагдаж буйг бид сайн мэднэ. Монголыг монгол ухаан, монгол сэтгэлгээ, монгол загвараар хөгжүүлнэ. Монголыг хэн аврах вэ зэрэг үзэл санаа нэг бодлын гэнэн боловч угтаа хүн төрөлхтний хөгжлийн гольдиргод орохыг эсэргүүцэгчид үй олноор төрүүлж чадах нэн хорт үр дагавартай юм. Нэгэнт нүүдэлчний амьдралд эргээд орох нь утга учир багатай, нөгөөтээгүүр хүний оюун ухаан нэгэнт бүтээж соёлжсон нийгэм хэрэглэж үр шимийг нь хүртэж чинээлэг сайхан амьдарч байхад бид жинхэнэ
 
Монгол болох гэж 100 жилээр хоцрох ёстой гэж үү? Бид чинь хүн төрөлхтний нэг л хэсэг, Монгол хүнийг өнөөдөр ХҮН гэсэн утгаар нь хүлээн авч хөгжих, боловсрох, эрхэмсэг орших боломж олгооч! Социалист аж төрөх ёс нь бүх нийтийн тэгшитгэл тогтоосноор түүндээ зохицсон амьдралын стандартыг төрүүлсэн. Бүгд ижил загварын орон сууцад 1 зурагт, 1 хөргөгчтэй ам бүлээс шалтгаалахгүй 1-3 өрөөнд амьдарч, хамт олонтой хөл нийлүүлэн алхахгүй яагаад ч юм илүү авьяас чадвартай төрчихсөний хар гайгаар түрүүлээд алхчихвал хамт олон нь эгнээндээ ор гэж шаардана, ингэснээр өнөөдөр бид нийтээрээ үлбэгэр, идэвхгүй, санаачилгагүй саарал хүмүүс болчихжээ. Энэхүү тэгшитгэл нь бидний хувцаслалтад хүртэл ажиглагддаг. Уг нь Монголын зүйр үг бий “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий, адууныхаа хэрээр исгэр” гэсэн.
 
Үүнийг ерөнхийлөгч П.Очирбат нэг удаа 1990 онд хэлж ард нийтийн дургүйцлийг хүртсэнээс хойш дахин дуугарахаа больсон. Тэрээр Сэлэнгийн иргэдтэй уулзах үеэр нэг хүн Австрийн гутлын үнэ 650 төгрөгөөр үнэлэгдэж тухайн үеийн албан хаагчийн цалинтай тэнцэж буйг асууж эгдүүцэхэд 45 төгрөгийн гутал дэлгүүрт байж л байна шүү дээ гэж хариулсан билээ. Өнөөдөр ч ялгаагүй, харин ч улам үнэтэй юм эдэлж хүмүүс ганган болох нь баярлууштай бахархууштай боловч энэ дээр харин яг эсрэг хувцасны стандарт манайд тогтоогүй нь харагддаг. Дэлгүүрийн лангууны ард каракул шубтэй зогсож буй бүсгүй эсвэл төрийн албан хаагч , банкны захирлууд лугаа адил костюм, зангиатай оюутнууд эсвэл футболктой Чуулганы хуралдаанд сууж буй УИХ-ын эрхэм гишүүн. , нөгөөтээгүүр хэрхэн хувцаслах нь хүний эрх боловч хээнцэр хувцаслахын тулд өр тавьж явдаг монголчуудын араншинг ойлгоход бэрх. Нэгэн хошуу ноёны эхнэр  сувдан гуталтай болохын тулд хошуу нутгаар нь Хятадад өр тавьж байсан түүхтэй. Оюутан залуучуудаа, сургалтын төлбөр төлж дээр нь "оюуны ачаалал үүрч, боловсрохын төлөө тэмүүлж буй та нарт нэгэн ашигтай зөвлөгөө өгье, залуу насаараа чимэглэж яваарай.  Хувцасны стандарт гэдэг нь  хэн, хаана, юу өмсөх вэ гэсэн ойлголт
 
Эрхэмсэг оршихуй гэдгийн дор тансаг юм эдлэх, хээнцэр ганган хувцаслах, бар ресторанд сууж амьдралыг аргацааж өнгөрүүлэх бус оюуны ухааныг дээдлэн амьдралыг амьдарч өнгөрүүлэхийг хэлж буй. Хүн энэ насандаа ганцхан удаа л хүн болж төрдөг юм шүү. Социалист аж төрөх ёсны нэгэн аймшигт үр дагавар бол бэлэнчлэх сэтгэлгээг төрүүлсэн явдал юм. МҮАН-ын Тэргүүн Д.Ганболд нэгэн удаа ингэж ярьсан нь санаанаас гардаггүй юм. Тэрээр тэргүүн шадар сайдаар ажиллах үед хэсэг настайчууд уулзаж сүүний үнэ нэмэгдэж амьдрах аргагүй боллоо гэж шаардлага тавихад ихэнх хүмүүсийн арван хурууны талд нь шижир алтан бөгж гялалзаж байсан гэдэг. 3 жил дараалан 20 дугаар дэлгүүрийн үүдэнд хүүхдээ тэвэрч буусан хүүхэн гуйлга гуйж байгаа мөртлөө бохь зажилсан, саяхан Цагийн хүрд нэвтрүүлгээр тэнэмэл омгийнхон гэж хэдэн хүүхэдтэй айлыг халаглан харуулж байхад хархүү нь янжуур зуусан л байсан.
 
Бохь авч, тамхи татах чадвартай байгаа бол тартагтаа тулаагүй л байна, гэхдээ хамгийн гол нь эд бүгд залуу хүмүүс байсан. Баян тарган Америкт ч орон байргүй, гуйлгачид бишгүйдээ байхыг үзлээ. Гэвч «хүмүүс нь бид амьдрахын төлөө тэмцэж ингэж их ажиллаж байхад яахаараа ажил хийхийг хүсдэггүй, арчаагүй хүмүүст мөнгө өгч байх ёстой юм гэдэг тул тэдэндээ нэг цент ч өгдөггүй. Ядарч зовсон, эрүүл мэнд, насны эрхшээлээр ажлын чадваргүй болсон хүмүүсийг төр асрамждаа авах ёстой. Гэхдээ ядуурлыг төрүүлэх, өөгшүүлэх нөхцөлийг бий болгох ёсгүй. Тухайлбал, УИХ-ын чуулганаар нийгмийн халамжийн хуулийг хэлэлцэж байна. Олон хүүхэдтэй эхчүүдэд олгох тэтгэлэг нэмэгдүүлэхийг нэгэн гишүүн санал болгож дэмжлэг авлаа. Монголчууд бид гэр бүл болж, хүүхэд төрүүлэх хариуцлагыг ухамсарлах цаг аль хэдийнээ болсон. Энэ талаар би дэлгэрэнгүй өгүүлнэ. Одоо би ганц зүйл асууя.
 
Төрүүлж буй хүүхдээ тэжээж чадна, түүнээс гадна бие хүн болгож өсгөж хүмүүжүүлж чадна гэж үзэж байвал хэдэн хүүхэд гаргах нь хүний эрх. 
 
Харин төр яахаараа хүүхэд гаргах эсэхэд оролцдог юм. Нөгөө талаас, би яахаараа өөр нэгэн хүн хүүхэд гаргахад санаа зовж байх ёстой юм? Өнөөдөр татвар төлөгч иргэний хувьд миний 1 төгрөг юунд зарцуулагдаж байна вэ? Төр яагаад миний амьдардаг орчин болох Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгах эсвэл миний явдаг замыг засах, миний хүүхдийн сургуулийн программ шинэчлэхэд миний 1 төгрөгийг зарцуулахгүй харин юунд ч мэдэгдэхгүй төсвийн алдагдал гэгч мөнхийн оршдог том цоорхойг бөглөх гэж хамаг мөнгийг минь түүнд хаяад эсвэл нэгэн хүн олон хүүхэд гаргахын төлөө би түүнд мөнгө өгөх ёстой болж байна вэ? Намайг Калифорни улсын Сенатад ажиллах хугацаанд төсвийн төслийг хэлэлцэж баталсан юм. Тэнд татвар төлөгчийн 1 долларын 60 цент ерөнхий боловсролын сургууль, 20 цент их дээд сургууль, үлдсэн 20 цент нийгмийн хангамж, захиргааны зардал, шорон, дэг журам сахиулах байгууллагад хуваарилагдаж байсан.
 
Одоо би гэр бүлийн асуудлаар товч өгүүлье. Гэр бүл нийгмийн эрүүл гишүүдийг төрүүлэх орчин, дэвсгэр хөрс, ерөөс өөрөө үнэт зүйл юм. Манай нийгэмд гэр бүлд эцэг эх нь үр хүүхдэдээ ёс суртахууны үлгэр болохоосоо илүү хүүхдээ өлсгөхгүй, хувцасгүй явуулахгүй байх, боломжтой айл нь эд агуурсаар хангахаар л үүрэг нь хязгаарлагдаж байхад чөлөөт цагаа үр хүүхэдтэйгээ өнгөрөөж хамтаар ном зохиол унших, аялал зугаалгаар явах, санал бодлоо хуваалцах нэг үгээр эцэг эх хүүхдийн хооронд сэтгэл санаа, оюуны харилцаа бараг байхгүй.
 
Намайг АНУ-д байх хугацаанд аавын өдөр гэсэн баяр болов. Тэр өдөр хүн бүр намайг төрүүлж өсгөсөн аавдаа баярлалаа гэж баяр хүргэв. Бие хүн төлөвшихөд гэр бүл, түүний дотор эцэг хүний үүрэг ямар их чухал байдгийг америк нийгэм хэдийнээ ойлгожээ. Ер нь манай хүүхдүүдийн хүмүүжил дулимаг, ахуйн өдөр тутмын харьцаа, байгаль, амьтан, хүнд хандах харилцаа, ёс суртахуун, үйл байдлын хэм хэмжээ, бэлгийн хүмүүжилд ямар их доголдол буйг бидний хань болдог нөхөр, хүүхдийн аав болдог эрэгтэйчүүдтэй л холбож хэлмээр байна.
 
Харамсалтай нь манай нийгмийн сэтгэл зүйд хүүхдийн хүмүүжил эмэгтэй хүний үүрэг болох ёстой гэсэн үзэл ноёрхдог, тэгээд ч хүүхэд хүн болж төлөвшихөд, чухал үүрэг гүйцэтгэдэг цэцэрлэг, сургуулийн багш нарын 90 хувь эмэгтэйчүүд, гэртээ мөнөөх хүүхэд харихад ээжийн ивээл дор орохоос аав нь хаана ч юм явж байдаг. Нөгөөтээгүүр, гэр бүл нийгмийн үнэт зүйл болж чадаагүйгээс бүхэлдээ хүмүүжилгүй гишүүдтэй нийгэм болсон. Хүнтэй мэндэлдэггүй, баярлалаа гэсэн үг үгийн санд нь байхгүй, уучлал гуйхыг мэдэхгүй, настныг хүндэлдэггүй, эхнэр хүүхдээ зоддог, нийтийн тээвэрт билет авдаггүй, хаа дуртай газраа, энэ нь гол төлөв байрны орц, лифт байдаг морь хардаг, тоочвол барагдашгүй наад захын ахуйн соёлтой холбоотой хүмүүжилгүй хүмүүстэй болжээ. Ийм хүмүүжилгүй хүмүүсийн ёс суртахууны талаар би  ярихаас айж байна.
 
Харин бүгдээрээ одоо юу хийх вэ гэдгээ ярилцъя. Би дээр шинэ үеийн нийгэмд гүйцэтгэсэн үүргийн тухай өгүүлсэн. Энд шинэ үе гэж залуучуудыг, тодорхой насны хүмүүсийг би хэлээгүй, харин шинэ цаг үеийн хүмүүст хамаатуулж энэ үгийг хэрэглэж байгаа билээ. Бидний амьдралын хэв маяг, сэтгэлгээний гаж, ёс суртахууны доройтлыг засахад төр засгийг эмхлэх, эдийн засгаа өөд нь татахаас илүү их хугацаа шаардагдана, нөгөө талаас энэ хоёроос шууд хамаарна. Өнөөдөр нийтийн байранд амьдарсан хэвээр байвал бидний сүргийн сэтгэлгээ арилахгүй байсаар байна, төрөөс явуулах бодлого өмчтөнийг төрүүлж дэмжихгүй бол нийгэм арчаагүй, ядуу хүмүүстэй хэвээр байж л байна. Шинэ үе хуучин үеийн хоорондох сэтгэлгээний ялгааг жаахан бүдүүлэг гэхдээ энгийн жишээгээр харуулъя.
 
Дуртай газраа морь харах асуудлыг шинэ үе яаж шийдэх вэ: бүх газар нийтийн жорлон барина, тэгвэл одоогийн засаг төр хоёр л арга хэрэглэнэ: тогтоол гарган бие засахыг хориглоно эсвэл бие засах явдалтай тэмцэж дэд хороо байгуулна. Зарчмын ялгаа нь шинэ үе аливаа асуудлыг шийдэх гарц хайдагт оршино.
 
Өнөөдөр АНУ 2005, 2010, 2020 оны тухай ярьж байна. Бид 100 жилээр хоцорч байгаагийн дээр улс орноо хөгжүүлэхэд гаднын зээл тусламжид дулдуйдаж амьдарч түүнийгээ ч үр ашигтай ашиглаж чадахгүй байгаа тул шинэ зуунаас эхлэн 20 дугаар зууны сүүлийн 10 жилд тавьсан өр нэхэгдэж ирнэ үүнийг ямар нэгэн засгийн газар төлөхгүй бид төлнө. Бид өөрсдийгөө алтан дээр суусан ядуучууд гэж ярих дуртай. Үнэхээр байгалийн баялаг арвин нөөцөө орчин үеийн үйлдвэрлэлийн түвшинд бид өөрсдөө дангаар ашиглаж чадахгүй. Үүнд хөрөнгө хэрэгтэй. Гадны хөрөнгө оруулалтгүйгээр Монголын эдийн засаг хөл дээрээ босож чадахгүй. Үүнийг шийдэхэд газар өмчлөлийн асуудлыг туйлбартай шийдэх хэрэгтэй.
 
Газраа хэнд ч өгөхгүй, хэмээн эх орончид гэж өөрсдийгөө нэрлэж буй хүмүүс харамлан зүтгэснээр эзэнгүй, ашиглалтгүй, талхлагдаж зэрлэгшсэн атартай л үлдэнэ. Тэр эх орончдын нүдэнд хувьдаа бэлчээр газраа эзэмшсэн, ззний байдлаар ашигласан чинээлэг тохилог амьдралтай фермерийн аж ахуйтай монгол малчин айл харагдахгүй яагаад бөөн хятад харагддаг юм болоо? Монгол ард түмнээ ингэж хардах нь юуны учир вэ? Мэдээж тусгаар тогтнолын асуудал бүх хүний зүрх сэтгэлд байх ёстой, үүний төлөө төрийн хар хайрцагны бодлого гэгч юм байдаг биш үү?

Өнөөдөр хамгийн их хөрөнгө оруулалтыг шаардаж буй салбар бол боловсрол. Боловсролын тогтолцоог өөрчилж түүнд эн  тэргүүний ач холбогдол өгч хөрөнгө оруулснаар мэдлэгтэй, хүмүүжилтэй энэ утгаараа ёс суртахуунтай, соёлтой, гоо сайхны мэдрэмжтэй, байгаль, амьтан, хүн хүнээ хайрлаж хүндэлдэг ухамсартай иргэд, нийгмийн гишүүдтэй болно. Боловсрол бол манай ирээдүйн хөгжил, дэвшил, бидний хангалуун сайхан амьдралын баталгаа, түүнд хүрэх арга зам ингэснээр бид чинээлэг ард түмэн болж, бидний амьдрал, өмч хөрөнгө, нэр төрийг хамгаалагч, сахиулагч хүчтэй төрийг бий болгоно. Ийм хөгжлийн зам миний нүдэнд харагдаж байна. Шинэ үе пепсийг сонгоно! Энэ нь зөвхөн архи уудаггүй хүмүүсийн уриа биш,

үүний цаана шинэ сэтгэлгээ, шинэ амьдралын хэв маягийг сонгоно гэсэн үг.

 
1995.11.16