Уншиж байна ...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 5, 6 дугаар ангид англи хэлний хичээлийг "Pearson" хөтөлбөрийн дагуу орж байна. 

Энэхүү хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаатай танилцахаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон өнөөдөр нийслэлийн 23 дугаар сургуульд зочилж, тавдугаар ангийн сурагчидтай англи хэлний хичээлд нь хамт суулаа.

Үүний дараа хоёр улсын хамтын ажиллагааны боломжийн талаар сэтгүүлчдийн асуултад хариулав.

- Монгол Улсад хийж буй айлчлалынхаа улс төр, геополитик болон эдийн засгийн зорилгыг хэрхэн тодорхойлсон бэ?

- Хоёр улсын хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх зорилгоор энэхүү айлчлалыг хийж байна.

Нэгдүгээрт боловсролын чиглэлээр хамтарч ажиллах боломж дүүрэн байна. Ялангуяа Монгол Улс англи хэлийг албан ёсны хоёр дахь хэлээ болгохоо зарлаад буй энэ үед англи хэл заахад туслалцаа үзүүлэх боломж бидэнд бий.

Цаашлаад уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний хэрэглээ хангамж, худалдаа, бизнесийн салбарт хамтран ажиллах олон боломжтой. Энэ талаар ярилцахаар хүрэлцэн ирсэн. Өчигдөр миний бие эдгээр асуудлаар Гадаад харилцааны сайдтай уулзсан бол өнөөдөр өглөө Ерөнхийлөгчид бараалхсан. Мөн энэ талаар дэлгэрэнгүй ярилцахаар Ерөнхий сайдтай уулзах гэж байгаа. 

- Их Британи болон Монгол Улс ховор металлын чиглэлээр хамтарч ажиллахаар өчигдөр санамж бичиг байгуулсан. Энэ чиглэлд манай улстай хамтрах саналыг хэд хэдэн улс орон тавиад буй. Эдгээрээс Их Британи улс юугаараа илүү онцлогтой байх вэ?

- Их Британи улсад олон давуу тал бий. Хамгийн чухал нь Монгол Улсыг сонголт хийхэд нь илүү олон хувилбарыг бий болгож байгаа. Монгол Улсыг өөрийн чухал хөрш орон эсвэл гуравдагч хөршийн орнуудаасаа заавал сонго гэж тулгахгүйгээр олон сонголттой байх нь зүйтэй гэж бодож байна. 

Манай улсад уул уурхай, технологийн салбарт арвин туршлагатай бизнесийн компаниуд бий. Мөн Монголд томоохон хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Манай компаниудын давуу тал нь арвин туршлагатайгаас гадна ил тод, нээлттэй байдал, авлига, хээл хахуультай тэмцэх зэрэгт маш нээлттэй ханддаг. Тун өндөр стандартыг ханган ажилладаг компаниуд бий. Иймд Монгол болон Их Британи улс энэ тал дээр хамтран ажиллах бүрэн боломжтой. Их Британи улс бусад орноос илүү том давуу талыг үзүүлж чадна байх гэж үзэж байна. 

- Боловсролын салбарын хамтын ажиллагаа цаашид хэрхэн өрнөх вэ?

- Монгол багш нар англи хэлийг заах тал дээр Их Британийн маш олон хөтөлбөр бий. Эдгээр хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж, англи хэл заах арга зүй тал дээр нь хамтран ажиллах боломжтой. 

Боловсролын сайдтай өнөөдөр энэ талаар дэлгэрэнгүй ярилцсан. Мөн Монгол Улсад суугаа Элчин сайдтайгаар  хэрхэн хөрөнгө оруулах боломж бололцоо байгаа талаар ярилцсан. Англи хэл бол дэлхий нийтийн хэл. Монгол залуус англи хэл сурснаар ирээдүйдээ өөрсдийн мэргэжлээр дэлхийн тавцанд гарч ажиллахад нь түлхэц болно. 

Англи хэл нь дэлхий нийтийн худалдаа, хөрөнгө оруулалт гээд бүх зүйлд ашиглагдаж байна. 

Чевнингийн тэтгэлгээр суралцах оюутны тоог хоёр дахин нэмэхээр боллоо

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд хот, хөдөөгийн сургуулийн ялгааг арилгахын тулд чанарыг дээшлүүлэхээр зорьж байгаа. Үүнд Кембрижтэй сүүлийн гурван жилд нэлээд эрчимтэй хамтран ажиллаж байна. Бидний зорилго нь бүх сургуулийг Кембрижийн сургуулийн хэмжээнд хүргэх юм. Ингэснээр төрийн болон хувийн сургуулийн ялгаа арилна. 

Эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд багшаа бэлтгэх ёстой учраас Кембрижтэй хамтарч Монгол Улсын Боловсролын Их Сургууль(МУБИС)-ийн багш бэлтгэх хөтөлбөрийн шинэчлэлийг хийж байна.

Мөн боловсролын багц хуулийн шинэчлэлээр англи хэлийг хоёр дахь хэлээр зарласан. Ирэх намраас гуравдугаар ангиас эхлэн англи хэл заана. Тиймээс англи хэлний багш нараа сургах, ур чадварыг нь хөгжүүлэх, англи хэл зааж буй платформоо улам өргөжүүлэхэд дэмжихээ Гадаад хэргийн сайд нь илэрхийлж байна. 

Мөн үнэлгээний талаар хамтарч ажиллаж байгаа. Өнгөрсөн жил их, дээд сургуулиудын эрэмбэ тогтоодог Times Higher Education компанитай хамтарч, үндэсний их, дээд сургуулиудынхаа эрэмбийг анх удаа зарласан. Мөн үнэлгээний системээ өөрчилж байгаатайгаар холбогдуулж, Английн улсын шалгалт, үнэлгээний систем ээ хөгжүүлдэг төрийн компани AQA -тэй хамтарч бид ерөнхий боловсролын сургуулийн анги дэвших шалгалт, Элсэлтийн Шалгалтыг авах цахим платформуудыг нэвтрүүлж байна. 

Боловсролын салбарт хамтын ажиллагаа хамгийн өргөн хүрээнд хийгдэж байгаа. Мэргэжлийн болон техникийн боловсрол дээр ч хөтөлбөрүүд оруулж ирж байна. Түүнчлэн Чевнингийн тэтгэлгээр өнгөрсөн хугацаанд 200 гаруй хүн суралцсан. Нэг жилд суралцах хүний тоог цаашид хоёр дахь нэмэхээр боллоо. Өмнө нь жилд 13 хүн суралцдаг байсныг 26 болгохоор болж байгаа. 

Англи хэлний сургалтыг дэмжихэд 10 сая фунттэй тэнцэх хэмжээний туслалцаа өгөхөөр судалж байна гэдгээ хэлсэн" гэв.