Уншиж байна ...

S'Outlet дэлгүүрийн гурван давхрыг буулгасан, үлдсэн хоёр давхрыг ирэх долоо хоногт дуусгана

Б.Манлай
2024 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сэлбэ голын голдирлыг нарийсгаж, барилга байгууламж барьсан S'Outlet дэлгүүрийг гуравдугаар сараас эхлэн буулгаж, дэлгүүрийн дөрвөн давхар объект, агуулах, гурван хүчдэлтэй цахилгаан эрчим хүчний дэд станцыг буулгасан дуусгасан болохыг мэдээлж байв.

Тус дэлгүүрийн таван давхар үндсэн барилыг буулгах ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлсэн юм.

Уг ажлын явц болон Сэлбэ голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийг хэзээ барих талаар УБЗАА-наас тодруулахад "Төмөр бетонон хийцээр хүчитгэсэн S'Outlet дэлгүүрийн таван давхар барилгын гурван давхрыг буулгасан. Одоо хоёр давхар төмөр бетоныг молдокдож/цахилгаан нураагч/, 24 цагаар ажиллан нурааж байна. Ингэснээр хугацаа хожиж, үерийн хамгаалалтын даланг яаралтай барихаар төлөвлөсөн юм.

Шөнийн цагаар ажиллаж буй хугацаанд оршин суугчдын дийлэнх нь дэмжиж байгаад талархаж байна. Гэхдээ цөөн иргэн дургүйцлээ илэрхийлж буй нь зүйн хэрэг.

Дэлгүүрийн барилгыг нураах ажлыг ирэх долоо хоногт дуусгана гэж тооцоолон ажиллаж байна.

Тус дэлгүүрийн буурин дээр нийт 1.5 км урттай, 4-4.5 метрийн өндөр, темөр бетонон хийцтэй үерийн даланг барихаар тендерийг өнгөрсөн сард зарласан.

Тендерийг 2024 оны тавдугаар сарын 8-нд нээнэ. Нийт санхүүжилт 37 тэрбум төгрөг. Үүнээс 20 тэрбум нь S'Outlet дэлгүүрийн буурин дээр баригдах үерийн хамгаалалтын шугам сүлжээ, барилга байгууламжид зарцуулагдана. Энэ жил есөн тэрбум төгрөгийг зарцуулна. Шинжлэх ухааны үндэстэй, зураг төсөл, тооцоо судалгааг үндэслэж, үерийн даланг барина.

Тендерт шалгарсан компани ажлаа гүйцэтгэсний дараа мөнгөө авна" гэсэн мэдээллийг өглөө.