Уншиж байна ...

"Дөрвөн гэрлэлт тутмын нэг нь гэр бүлээ цуцлуулж байна. Хосуудад чиглэсэн зөвлөгөө мэдээлэл хангалтгүй"

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Элчин сайд нарыг томилох асуудлыг хаалттай хэлэлцсэний дараа Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг хэлэлцэж байна. 

Тус илтгэлийг үндсэн долоон бүлгийн хүрээнд боловсруулж, энэ хүрээнд нийт 54 саналыг УИХ-д танилцуулж байна. Үүнд:

  • “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдал”,
  • “Боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдал”,
  • “Хүүхдийн эрхийн зарим асуудал”,
  • “Гэр бүлийн хүрээн дэх жендэр ба хүний эрхийн асуудал”,
  • “Иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт”,
  • “Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрх”,
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс, шийдэл” гэсэн бүлэг юм.

Дээрх долоон сэдвийн хүрээнд дараах асуудлуудыг тусгажээ. Үүнд:

1. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдал

Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг нарийвчлан зохицуулсан байгаль орчны салбарын хууль тогтоомж, эрх зүйн актын дүн шинжилгээний үр дүнд давхардал 16, зөрчил 29, хийдэл 71 байгааг тодорхойлжээ.

Хүрээлэн буй орчны асуудлаар 180 улсыг хамруулсан 2022 оны индексийн үзүүлэлтээр Монгол Улс 155 дугаар байранд байгаа бөгөөд, агаарын, хөрсний, усны бохирдол нь үндэсний болон олон улсын стандартын үзүүлэлтээр ноцтой түвшинд байгаа тул орчны чанарыг зохистой түвшинд хүргэх, аюулгүй орчны стандартын хэрэгжилтийг хангах асуудал нэн тулгамдсан болохыг илэрхийлж байна. 

Хөрсний бохирдлын хувьд хог хаягдал, нүхэн жорлон зэрэг нь 60 гаруй төрлийн халдварт өвчний шалтгаан болж байгаа аж. Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийн ундны ус чанарын шаардлага хангахгүй байгаа талаар, холбогдох төсвийг усны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцуулгадаггүйн улмаас хэрэгжилт хангалтгүй байна. 

Монгол Улсад 6,589 стандарт үйлчилдэг. Гэвч хотын стандарт, хяналтын газраас ирүүлсэн мэдээллээс үзэхэд 2023 оны байдлаар 305 сургуулиас 231, 241 хүүхдийн цэцэрлэгээс 131, нийт тоглоомын талбайн 80 хувь нь стандартын шаардлага хангаагүй.

Мөн 2023 оны байдлаар нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах явган замыг норм, дүрмийн шалгуур үзүүлэлтийн дагуу хяналт шалгалт хийсэн дүнгээс үзэхэд хавтан хагарч эвдэрсэн, стандартын шаардлага хангаагүй эрсдэлтэй нийт 1,054 газарт зөрчил дутагдал илэрсэн нь нийт явган замын 77,9 хувь стандартад нийцээгүй.

2. Боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдал

Монгол Улсын боловсролын салбарын бодлого, эрх зүйн зохицуулалтад тасралтгүй шинэчлэл хийгдэж байгаа хэдий ч хүн амын амьжиргааны түвшин, хөдөлмөр эрхлэлт, шилжилт хөдөлгөөн, хот суурин газрын хүн амын хэт нягтрал, суурьшлын тархалтаас шалтгаалан боловсролын үйлчилгээг эрх тэгш, чанартай хүргэж чадахгүй байна. 

Бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын орчинд оюутан, суралцагчийн аюулгүй байдлыг хангах, эрүүл, аюулгүй, хамгаалагдсан орчинд сурч боловсрох, хөгжих боломжийг бүрдүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар эрх зүйн орчин бүрдэж, тодорхой стандартууд мөрдөгдөж байгаа хэдий ч стандартын шаардлага хангаагүй орчин нөхцөлтэй СӨББ, ЕБС, МБТБ, их, дээд сургууль олон бий.

Боловсролын сургалтын байгууллагын онцлог, суралцагчдын ялгаатай хэрэгцээнээс шалтгаалан СӨББ-д ундны ус цэвэршүүлэх төхөөрөмжийг байршуулах, тоглоом, тоглоомын талбайн хүртээмж, аюулгүй байдлыг хангах, багш, ажилтнуудын тоог нэмэгдүүлж, багшийн хөгжлийг дэмжих шаардлагатай.

Өдөр өнжүүлэх төвд хамрагдаж байгаа хүүхдийн эрхийг хамгаалах, эцэг эх, асран хамгаалагчид ажил хөдөлмөр эрхлэх боломж нөхцөлөөр хангах зорилгоор төрөөс онцгой анхаарах шаардлагатай байна.

Багш, ажилтнууд илүү цагаар ажиллах, албан тушаалын тодорхойлолтод тусгагдаагүй ажил, үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тэдний хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт хангалтгүй, багшийн хөгжлийн төвгүйгээс ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих боломж бага, нийгмийн баталгаагаар бүрэн хангагдаж чадахгүй байгаа.

ЕБС-ийн хүний эрхийн агуулга туссан сурах бичигт хүний эрхийн суурь ойлголт, жендэрийн тэгш байдал, олон талт ялгаатай байдлын талаар агуулга хангалтгүй, хамран сургах тойргийн биш хүүхдийг сургуулиас шилжихийг шаардах тохиолдол цөөнгүй, өрхийн амьжиргааны төвшнөөс хамаарч ялангуяа хөвгүүд ажил, хөдөлмөр эрхэлж, ар гэрээ тэжээх зэргээр сургууль завсардаж сурч боловсрох, хөгжих, нийгмийн хамгаалалд орох эрх нь зөрчигдөж байна.

3. Хүүхдийн эрхийн зарим асуудал

Монгол Улсад 2022 оны байдлаар 0-18 насны нийт 1,282,373 хүүхэд бүртгэлтэй байгаагаас хагас өнчин 36,363, бүтэн өнчин 2,911 хүүхэд байна. Засаг даргын захирамжаар Асрамж халамжийн төвд 2019 онд 908, 2020 онд 904, 2021 онд 960, 2022 онд 964, 2023 онд 906 хүүхэд хүргэгдсэн байна.

Асрамж, халамжийн төвд амьдарч байгаа хүүхдүүдийг гэр бүлийн байдлаар нь авч үзвэл 2023 онд хагас өнчин 334, бүтэн өнчин 220, гэр бүлтэй хүүхэд 341, олдмол 29 хүүхэд байгаа аж.

Эцэг, эх байх эрхийг шүүхийн шийдвэрээр хассаны улмаас хүүхэд хагас болон бүтэн өнчин болсон тохиолдолд хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, хүүхдийн тэтгэвэр, хүүхдэд ногдох өмч хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр орхигдуулж байгаа. 

Их, дээд сургуульд хамрагдсан эсхүл төгссөн оюутнуудын статистик мэдээлэлд хагас болон бүтэн өнчин хүүхдийн мэдээлэл байхгүйгээс хэдэн хувь нь дээд боловсрол эзэмшиж байгаад дүгнэлт хийх боломжгүй.

4. Гэр бүлийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийн зарим асуудал

2021-2023 онд нийт гэрлэлт 51,122 бүртгэгдсэн бол гэрлэлт цуцлалт 12,743 бүртгэгдсэнээс үзэхэд дунджаар дөрвөн гэрлэлт тутмын нэг нь гэр бүл цуцлуулж үүний цаана бүтэн гэр бүлд, эцэг эхтэйгээ хамтдаа байх хүүхдийн эрх ашиг ноцтой зөрчигдсөөр байхад гэр бүл цуцлалтын шалтгаан нөхцөлийг нарийвчлан судалж, суурь шалтгааныг арилгахад чиглэсэн дорвитой ажил хийгдээгүй.

Гэр бүл цуцлалтын 76 хувь нь таарамжгүй харилцаанаас үүдэлтэй гэх боловч хосуудад чиглэсэн зөвлөгөө мэдээлэл хангалтгүй, гэр бүлд чиглэсэн үйлчилгээ хангалтгүй, ялангуяа сэтгэл зүйчийн орон тоо хангалтгүй, үйлчилгээний хөлс хэт өндөр байна.

Сэтгэл санаа болон эдийн засгийн хүчирхийллийг тогтоох, таслах зогсоох арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байгаа ч судалгаанд оролцсон 5 эмэгтэй тутмын 2 нь хянах хэлбэрийн хүчирхийлэлд өртөж байгаагаа илэрхийлсэн байна.

2021-2022 онд өсвөр насны охидын жирэмслэлтийн хяналтын тоо, үр хөндөлт, бэлгийн замын халдварт өвчин жил бүр өсөх хандлагатай байна гэв. 2022 онд 10-19 насны буюу өсвөр насны 2,391 охин төрсөн байна.Энэ нь өсвөр насны охидын эрүүл мэнд, нөхөн үржихүйн асуудалд онцгой анхаарал хандуулж, тусгай арга хэмжээ авах шаардлагатай.

Гэр бүлүүдийн онцлог, тэдний хэрэгцээнд тулгуурласан нийгмийн халамж, хамгааллын хосолсон хувилбарт үйлчилгээг бий болгох, үйлчилгээний стандартыг батлах, анхан шатанд үнэ төлбөргүй нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй.

Өсвөр насныхны нөхөн үржихүй, эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч, тэдний өвөрмөц хэрэгцээнд тулгуурласан урьдчилан сэргийлэх, тусламж, үйлчилгээний тусгай арга хэмжээ авах нь зүйтэй. 

0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй эх, эцэгт сар бүр олгодог тэтгэмжийн 50 мянган төгрөгийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тогтоож, мөн уян хатан цагтай бага насны хүүхэд харах үйлчилгээ, өдөр өнжүүлэх төвүүд зэрэг олон хувилбарт сонголттой үйлчилгээг төрөөс дэмжин бий болгох саналыг боловсруулжээ.

5. Иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт

Монгол Улсад 31,000 иргэний нийгмийн байгууллага бүртгэлтэй байгаагаас 7,000 орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Олон улсын индексээр сүүлийн жилүүдэд Монгол Улс дахь иргэний нийгмийн байгууллагын индекс буурсан. Уул уурхай болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчдын эрх илүүтэй зөрчигддөг болохыг судалгаагаар тогтоожээ.

Монгол Улсад 1,147 байгаль хамгаалагч байгаа юм байна. Тэдгээрийн статус тодорхойгүй байгаа нь байгаль орчны хүний эрхийн асуудлаар үйл ажиллагаа явуулж байгаа хүний эрх хамгаалагчдад эрсдэл болдог.

6. Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрх

Монгол Улсад сүүлийн хоёр жилийн дунджаар 2,614 хүн хорих ялаар шийтгүүлж, 1,597 орчим хүн хуульд заасан үндэслэл, журмын дагуу суллагдаж байгаа бол нийт хорих ял эдэлж байгаа хүний 45 орчим хувь нь 5 хүртэлх жилийн хугацаагаар хорих ял эдэлж байна.

Хорих ял нь хүний эрхийн хязгаарлалтын хамгийн хүнд хэлбэр бөгөөд гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, шударга ёсыг тогтоох зорилгоор  энэ төрлийг ялыг хэрэглэж байгаа ч  санхүүгийн хувьд харьцангуй өндөр зардалтай, нийгэмд үзүүлэх үр нөлөө нь багатай албадлагын арга хэмжээ юм.

Хоригдлыг нийгэмшүүлэх, нийгэмд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх бодлого зөвхөн хорих ял эдлүүлэх явцад, эсхүл суллагдах дөхсөн хоригдолд хамааралтайгаар хэрэгжиж байгаа бөгөөд суллагдсаны дараа дэмжлэг үзүүлэх албан ёсны тогтолцоо бүрдээгүй нь хорих ялын үр нөлөөг сулруулж, нийгмийн болон хувь хүний хөгжилд сөргөөр нөлөөлж байна.

Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн 38.6 хувь нь суллагдсанаас хойш хоёр жилийн дотор дахин гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлжээ. Дахин гэмт хэрэг үйлдэж ял эдэлж байгаа хоригдлуудын дийлэнх нь суллагдсаны дараа нийгэмд бие даан амьдрахад хүндрэлтэй байсан гэж үзжээ. Тиймээс хорих ял эдлээд суллагдсан хүнд тодорхой хугацаанд (2 жил) нийгэмд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай.

Хорих ял эдлээд суллагдсан хүмүүст тулгарч байгаа нийтлэг асуудлыг багцлан үзвэл суллагдсаны дараа нийгмийн харилцаанд бие даан оролцоход хүндрэлтэй байдаг, хуулиар тодорхойлсон нийгмийн халамж авахад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх боломж хомс, нийгмийн ялгаварлан гадуурхалт, гэр бүлийн харилцаа хөндийрсөн, өөрийн гэсэн оройн байр байхгүй зэрэг асуудлыг нэн тэргүүнд дурджээ.

7. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс, шийдэл

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 105 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэлтэй байдаг байна. Эдгээрийн 80 орчим хувь нь санал өгөх буюу сонгох эрхээ эдэлж байгаа.

Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуульд хөгжлийн бэрхшээлтэй 7 иргэн нэр дэвшиж байсан ч нэг нь ч сонгогдож байгаагүй аж. Нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэн төлөөлөгчөөр ажиллаж байна.

2010 оны Хүн ам, орон сууцны тооллогоор манай улсад 10 болон түүнээс дээш настай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 78.0 хувь нь ямар нэг төвшний боловсрол эзэмшсэн байсан бол 2020 оны тооллогын дүнгээр 86.1 болж, 8.1 хувиар өсжээ.

2010 онд улсын хэмжээнд хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.2 хувь нь хөдөлмөр эрхэлж байсан бол 2020 онд 29.2 хувь болсон байна. ХЭҮК-ын судалгаанд оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 8.0 хувь нь сонгох, сонгогдох эрхээ хангалттай, 33.5 хувь нь дунд төвшинд эдэлж байна гэж, харин 58.5 хувь нь эдэлж чадахгүй байгаа гэж үнэлжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 70 орчим хувь нь бие даан амьдрах хэвшилгүй, өөрийгөө хөгжүүлэх боломж хязгаарлагдмал, санхүүгийн гачигдалтай амьдардаг бөгөөд орчны хүртээмжгүй байдлаас нийгмийн харилцаанд чөлөөтэй оролцож чадахгүй байгаа тул хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ядуурлаас гаргах, боловсролын чанар хүртээмжийг дээшлүүлж, хувь хүнийг хөгжүүлэхгүйгээр тэдний улс төрийн оролцоо өргөн хүрээнд, бодитой нэмэгдэхгүй.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1522983098432150