Уншиж байна ...

Бразилын ерөнхийлөгч Японы ерөнхий сайдад өөрийн улсын үхрийн махыг амтлуулахыг хүсэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Бразил улсын ерөнхийлөгч Луиз Инасио Лула да Силва тус улсад айлчлан ирсэн Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишидатай уулзжээ.

Энэ үеэр ерөнхийлөгч Силва өөрийн улсын үхрийн махыг Японы зах зээлд нийлүүлэх хүсэлтэй байгааг хүндэт зочиндоо илэрхийлсэн байна.

Бразил улс бүр 2005 оноос хойш Японы зах зээлд үхрийн мах нийлүүлэх зорилготой ажиллаж байгаа юм.

Хамтарсан хэвлэлийн хурлын үеэр Силва хүндэт зочиндоо хандан “Өчигдөр орой та ямар зоог барьсныг би мэдэхгүй байна” гэж хэлснийхээ дараа худалдаа, аж үйлдвэрийн сайддаа “Сан-Паоло хотын хамгийн шилдэг рестораны стэйкийг ерөнхий сайд Фүмиод амтлуулаарай. Тэгвэл дараа долоо хоногоос тэр манай үхрийн махыг импортолж эхлэх нь лавтай” гэж хэлжээ.

Лулагийн засгийн газар Бразилын үхрийн махны импортыг нэмэгдүүлэхээр эрчимтэй ажиллаж байгаа юм.

Түүний тангараг өргөсөн 2023 оны эхнээс хойш дэлхийн 50 улс Бразилын үхрийн маханд зах зээлээ нээсний ихэнх нь Ази тивийн улсууд байна.

Бразилын албаныхны мэдээлснээр Япон улс одоо үхрийн махны хэрэгцээнийхээ 70 хувийг импортолдог бөгөөд импортынх нь 80 хувийг АНУ, Австрали хоёр улс эзэлдэг гэнэ.

“Манай үхрийн мах танай авч байгаа махнаас хямд, бас чанартай. Би үнийг яг мэдэхгүй байгаа ч илүү хямд, маш сайн чанартайд нь эргэлзэхгүй байна” гэж Силва энэ үеэр хэлжээ.

Бразил улс бол үхрийн махны дэлхийн хамгийн том экспортлогч, дэлхийн 90 гаруй улсад экспортолдог бөгөөд экспортын тал орчим нь Хятад, Хонконгийн зах зээлд нийлүүлэгддэг.

Бразил, Япон хоёр онцгой түүхэн харилцаатай улсууд юм.

Одоо Бразилд 2.7 сая гаруй япон гаралтай хүн амьдардаг нь тус улсыг Япон улсаас гадна хамгийн олон япон иргэнтэй улс болгож байна. 1908 онд анхны цагаачид Японоос Бразилд ирж суурьшсан бол дэлхийн нэг, хоёрдугаар дайны үеэр улам нэмэгдэж байжээ.

Баасан гарагийн орой Фүмио Кишидагийн айлчлал Бразилын хөрш Парагвай улсад үргэлжилсэн байна. Бямба гарагийн өглөө тэр буцаж Бразилд ирэхдээ Сан-Паоло хотын япон гаралтай иргэдтэй уулзаж, Сан-Паологийн Их сургуульд илтгэл тавьж, бизнес уулзалтад оролцох ажээ.

 

Эх сурвалж: Associated Press