Уншиж байна ...

Францын парламент Парисын олимпыг Англи хэлний нөлөө багатайгаар зохион байгуулахыг уриалжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт Франц улсын парламентын доод танхим Парис 2024 зуны олимпын наадмын зохион байгуулагчид, тамирчид, дасгалжуулагчид, сэтгүүлчдэд харилцаандаа франц хэлийг түлхүү хэрэглэхийг уриалсан тогтоол баталжээ.

Өөрөөр хэлбэл тус улсын хууль тогтоогчид энэ зун тохиох олон улсын томоохон арга хэмжээг англи хэлний ноёрхлоос ангид байлгах хүсэл сонирхлоо ийм аргаар илэрхийлсэн байна.

Тогтоолыг санаачилсан консерватив улс төрч Анни Женевар “Олимпын Наадам манай хэлний нөлөө суларсныг батлан харуулах үйл явдал болох гэж байна” хэмээн бусад гишүүдэд анхааруулжээ.

Францын эрх баригчид олон жилийн турш Англи хэлний нөлөөнд автахаас болгоомжилж, өөрийн хэл соёлыг дотооддоо болон гадаадад түгээн дэлгэрүүлэхийн төлөө тэмцсээр ирсэн түүхтэй.

Тус улсын Academie Francaise нэртэй байгууллага гурван зууны турш англи нэр томьёо, үг хэллэгийг франц хэл рүү орчуулсан толь бичгийг төрийн дэмжлэгтэйгээр хэвлүүлж ирсэн байдаг.

1994 онд парламент Тубоны Хууль нэртэй франц хэлийг хамгаалах хууль баталсан юм. Энэ хуульд зар сурталчилгаа, барааны тэмдэг, хайрцаг сав зэрэгт зөвхөн франц хэл хэрэглэхийг заасан байдаг.

Радио өргөн нэвтрүүлгээр цацагдах дууны 40-өөс дээш хувь франц  дуу байхыг бас тусгажээ.

Пүрэв гарагийн тогтоолыг Францын эрх баригч центристүүд болон баруун жигүүрийн гишүүд дэмжсэн бол зүүн жигүүрийнхэн эсэргүүцсэн байна.

Парисын Олимпыг тойрсон хэлний маргаан үүнээс өмнө эхэлсэн юм.

Тухайлбал долдугаар сарын 26-ны нээлтийн арга хэмжээнд Мали гаралтай Францын R&B од Аяа Накамура дуулах болсон тухай цуурхал тарсан нь бас хэлтэй холбоотой асуудал үүсгэжээ.

Франц хэлтэй ертөнцийн хамгийн том од гэгддэг тэрбээр франц, араб, баруун Африкийн хэлний үгсийг хольж дуулдаг юм.

Түүнийг хэт барууны улс төрч Марин Ле Пэн “франц хэлийг завхруулагч” хэмээн шүүмжилснийхээ төлөө арьс өнгөөр ялгаварлах үзэлтэн гэгдэж байсан удаатай.

Орчин үеийн олимпын наадмыг 19 дүгээр зууны сүүлээр Францын язгууртан Пьер де Кубертин санаачилж байсан юм.

Анхны Олимпын наадмын албан ёсны хэл франц байсан бол сүүлд англи хэл нэмэгдсэн юм.

Олон Улсын Олимпын Хорооны ерөнхийлөгчөөр одоо Германы туялзуур жадны тамирчин асан Томас Бах ажилладаг. Тэрбээр сайн франц хэлтэй ч гадаадын сэтгүүлчидтэй харилцахдаа англи хэлээр ярьдаг.

 

Эх сурвалж: AFP