Орчин цагийн монгол хүн Та ямар зан төлөвтэй вэ? ...
Ерөнхийдөө гэнэн итгэмтгий, зочломтгой, дасан зохицох чадвартай гэх нийтлэг тодорхойлолтыг бид өөрсдөдөө өгдөг.
Тэгвэл IRIM /Independent Research Institute of Mongolia/ хараат бус судалгааны байгууллагаас монгол хүний ИТГЭМТГИЙ зан чанарыг дараах байдлаар дүгнэжээ.
Тус судалгааны үр дүн гурван жилийн өмнө гарсан бөгөөд "Монголчууд итгэмтгий бус хашир". Харин ойр дотны хүмүүсээс сонссон дам ярианд итгэх хандлага их байдгийг судлаач А.Долгион нэгэн ярилцлагадаа дурдаж байв.
Монголчууд гэр бүл, найз нөхөд, хамаатан садандаа хамгийн их итгэдэг бол улс төрийн нам, байгууллагад итгэх итгэл маш бага байна.
График: Нийгмийн итгэлцэл 2022 оны байдлаар
"Монголчууд танихгүй хүндээ итгэдэггүй буюу нэлээд хашир хүмүүс гэж ойлгож болохоор байна. Гэтэл санхүүгийн залилан, гэмт хэргийн хохирогч болсоор байдаг нь ямар шалтгаантай байж болох вэ" гэж судлаачаас асуухад "Ам дамжсан яриа үүнд их нөлөөлдөг.
Дотны хүмүүсээсээ сонсоод итгэх нь их байгаа. Эдгээр санхүүгийн, залилан, сүлжээ зэрэг нь хүмүүсийн харилцдаг жижиг бүлгийн итгэлцэлд нэвтрэх, тийш хандсан үйл ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлээд байх шиг анзаарагдсан" гэж хариулж байжээ.
Дани, Норвеги зэрэг оронд нийгмийн итгэлцэл хамгийн өндөр, хүн амын 70-аас илүү хувь нь бусдад итгэж болно гэсэн байхад хамгийн доогуур үзүүлэлт жишээ нь Зимбабвед 2-3 хувь нь л ингэж хариулсныг доорх зургаас харж болно.
Харин Монгол Улсын хүн амын итгэлцлийн үзүүлэлт 26.1 хувийг заажээ.
Судлаач А.Долгион "Бид судалгаандаа нийгмийн итгэлцлийг эхлээд ерөнхий утгаар асуудаг.
Ерөнхийд нь хэлбэл "ихэнх хүмүүст итгэж болно гэж боддог уу" эсвэл "хүмүүстэй харилцахдаа маш болгоомжтой байх шаардлагатай гэж бодож байна уу" гэдгийг асууна.
Багцаагаар олон нийтийн 30 гаруй хувь нь ихэнх хүнд итгэж болно гэсэн бол 70 гаруй хувь нь итгэж болохгүй, маш болгоомжтой байх хэрэгтэй гэж үзсэн. Энэ үзүүлэлтийг бусад оронтой харьцуулахад мөн л дундаж үзүүлэлт.
Монгол харьцангуй хүн ам цөөтэй, хэл, соёл зэргээрээ харьцангуй ижил нийгэм болохын хувьд бүхэл бүтэн 70 хувь нь бусдад итгэж болохгүй гэж үзэж байгаа нь чамлалттай үзүүлэлт" гэдгийг хэлж байсныг эргэн сануулъя.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!