Монголын нийгмийн сайн сайхан байдлыг IRIM судалгааны хүрээлэн жил бүр судалдаг.
2022 оны судалгааны үр дүн бэлэн болсон энэ үед тус хүрээлэнгийн Зөвлөх А.Долгионтой ярилцав.
Онцолбол, монголчуудын гэр бүл, хамаатан, хамт олноос бусад хүнд итгэх итгэл таван жилийн өмнөхөөс мэдэгдэхүйц хэмжээгээр буурсан, олон нийтийн оролцооны байгууллагад гишүүн болох нь бага байгаагаас гадна улс төрчдөд итгэх итгэл алдарсан гэж хэлж болохоор байна.
Түүнчлэн бид өнгөрсөндөө сэтгэл дундуур, одоо байгаагаа дундаж үнэлэн, ирээдүйд илүү сайхан байх болно гэсэн итгэлээр амьдарч байгаа нь судалгааны явцад ажиглагджээ.
Судлаач А.Долгион "Бид судалгаандаа нийгмийн итгэлцлийг эхлээд ерөнхий утгаар асуудаг.
Тодруулбал, ерөнхийд нь хэлбэл ихэнх хүмүүст итгэж болно гэж боддог уу эсвэл хүмүүстэй харилцахдаа маш болгоомжтой байх шаардлагатай гэж бодож байна уу гэдгийг асууна.
Багцаагаар олон нийтийн 30 гаруй хувь нь ихэнх хүнд итгэж болно гэсэн бол 70 гаруй хувь нь итгэж болохгүй, маш болгоомжтой байх хэрэгтэй гэж үзсэн. Энэ үзүүлэлтийг бусад оронтой харьцуулахад мөн л дундаж үзүүлэлт. Дани, Норвеги зэрэг оронд нийгмийн итгэлцэл хамгийн өндөр, хүн амын 70-аас илүү хувь нь бусад итгэж болно гэсэн байхад хамгийн доогуур үзүүлэлт жишээ нь Зимбабвед 2-3 хувь нь л ингэж хариулсан байдаг.
Хэдийгээр бусад оронтой харьцуулахад бүр доогуур биш байгаа боловч Монгол харьцангуй хүн ам цөөтэй, хэл, соёл зэргээрээ харьцангуй ижил нийгэм болохын хувьд бүхэл бүтэн 70 хувь нь бусдад итгэж болохгүй гэж үзэж байгаа нь чамлалттай үзүүлэлт гэж бодож байна" гэлээ.
Үүний дараа итгэлцлийг илүү нарийвчлан нийгмийн бүлгүүд буюу гэр бүл, хамт олон, нутаг усныхан гээд хамрах хүрээг нь жижгээс илүү тэлж асуужээ. Аль ч нийгэмд хүмүүс ойр дотнынхондоо итгэх итгэл өндөр, харин тэр хүрээнээс тэлж эхлэхэд хүмүүс бие биедээ итгэж байна уу гэдэг нь социологичдын хувьд илүү сонирхолтой асуулт байдаг тухай хатагтай А.Долгион хэлсэн юм.
Тэрбээр "Бүх нийгэмд, тэр дундаа хөгжиж буй орнуудын гол онцлог нь эргэн тойрныхоо хүмүүст итгээд, өөрийн хүрээллээсээ гарахад итгэл эрс буурдаг. Ингэж доогуур үнэлж байгаа нь өөрөөсөө өөр, танихгүй хүнд итгэх итгэл, нийгмийн харилцаанд орж буй туршлага бага байгаагаас болдог.
Монгол дахь нийгмийн нийцэл нь гэр бүл, хувь бодгальд төвлөрсөн шинжтэй байна. Монголчуудын хувьд өөрсөдтэйгөө төстэй шинж чанартай бүлгүүдэд итгэх, тэдэнтэй хамтарч ажиллах сонирхол өндөр буюу илүү механик эв нэгдэл зонхилсон шинж чанартай байгаа. Энэ нь Монгол нэг улс болохынхоо хувьд маш олон талаараа уламжлалт нийгмийн шинж чанарыг агуулсан хэвээр байгааг харуулсан" хэмээн тайлбарласан юм.
График, Нийгмийн итгэлцэл, 2022 он
Түүнчлэн институцид хэр итгэдэг талаарх үр дүнгээс харахад улс төрийн нам, байгууллагад итгэх итгэл маш бага байна. Мөн хүрээ өргөсөх тусам монголчуудын бусдад итгэх нь багасаж байгааг дээрх графикаас харж болохоор байна. Энгийнээр тайлбарлавал, бид "Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр нь дээр" гэж үзсэн хэвээр байгаа юм.
Итгэлцэл яагаад чухал талаар хатагтай А.Долгион "Энэ бол нийгмийг бий болгож, нийгмийг бататгаж байгаа холбоос. Нийгмийн чанарыг итгэлцлээр тодорхойлдог. Манайхан гадаад улсад очихдоо юмаа энд тэнд мартсан ч эргээд олчихдог, найдвартай гэдэг. Тэнд айл бүр хашаа бариад байх ч шаардлагагүйгээр амгалан байдаг. Итгэлцэл байвал тухайн нийгмийн хөгжилд сайнаар нөлөөлнө. Мөн хүмүүс амгалан амьдрах суурь нь юм" хэмээн тайлбарлав.
Жижиг бүлгийн харилцаа хүчтэй байх нь хүмүүст нийгмийн өгч чадахгүй байгаа зүйлсийг нөхөж, хүнд үеийг даван туулахад нь дэм болдог
Хүмүүс ерөнхийдөө амьдралдаа хэр сэтгэл ханамжтай байгааг олон улсад харьцуулан судлахаа иргэдээс өөрсдийгөө амьдралын түвшнийг 10 гишгүүрээр төсөөлөөд өөрийгөө хэд дэх гишгүүр дээр байгаагаар хэмждэг. Ингэхэд монголчуудын хувьд дундаж оноо 6.5 байна. Харин Австри, Дани, Финланд зэрэг хөгжингүй оронд 8 гаруй оноо, Киргизстан, Узбекистан, Тажикистан зэрэг Дундад Азийн орнуудад энэ үзүүлэлт бас өндөр буюу 8 оноотой байдаг аж.
Судалгаагаар мөн бусадтай хамтран ажиллах, бие биедээ хэр тусч байдаг эсэхийг тодруулсан байна. Энэ үзүүлэлтийн оноо нь 4.7 буюу ерөнхий итгэлцлийн түвшинтэй ойр байгаа нь харагджээ. Энэ нь ихэнх хүн бие биедээ төдийлөн тусархаг байж чаддаггүй гэхдээ хэрэгцээтэй үед тусархаг байх боломжтой гэсэн дундыг барьсан хариулт юм байна.
Судлаач А.Долгион “Нийгмийн итгэлцэл, тусархаг байдал, амьдралын сэтгэл ханамж зэрэг үзүүлэлтийг нэгтгээд харахад нийгмийн бүлгүүд хооронд мөн ялгаа ажиглагддаг. Боловсролын түвшин ба орлогын түвшин дээшлэх тусам итгэлцэл, амьдралын сэтгэл ханамж дээшилж байна. Энэ нь эргээд орлогын, нийгмийн тэгш бус байдлын амьдралын хүрээ бүрд хэрхэн хүчтэйг нөлөөлж байгааг харуулж байна” гэв.
Дээрх үр дүнгүүдээс харахад, "Монголчууд танихгүй итгэдэггүй буюу нэлээд хашир хүмүүс гэж ойлгож болохоор байна. Гэтэл санхүүгийн залилан, гэмт хэргийн хохирогч болсоор байдаг нь ямар шалтгаантай байж болох вэ" гэж судлаачаас асуухад "Миний бодлоор ам дамжсан яриа үүнд их нөлөөлдөг. Дотны хүмүүсээсээ сонсоод итгэх нь их байгаа. Эдгээр санхүүгийн, залилан, сүлжээ зэрэг нь хүмүүсийн харилцдаг жижиг бүлгийн итгэлцэлд нэвтрэх, тийш хандсан үйл ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлээд байх шиг анзаарагдсан" гэж хариулсан юм.
Мөн "Нэг талаас зөвхөн дотоод бүлэгтээ итгэх итгэл өндөр гарч байна гэдэг нь муу юм шиг боловч нөгөө талдаа бас эерэг тал байна. Хөгжингүй нийгэмд ойр дотно харилцаа нь багасах, жижигсэх тусам ганцаардал, сэтгэл гутрал нэмэгддэг. Харин жижиг бүлгийн харилцаа хүчтэй байх нь хүмүүст нийгмийн өгч чадахгүй байгаа зүйлсийг нөхөж, хүнд үеийг даван туулахад нь дэм болдог" гэж онцлов.
Нийгэм харьцангуй эрүүл, хүмүүс бусдадаа итгэдэг, тусалдаг, хүмүүс ч өөрт нь тусална гэж итгэдэг байх тусам нийтийн сайн сайхны төлөөх байгууллагын гишүүн болох нь их байдаг аж.
Гэтэл 2016-2017 онд судалгаанд оролцсон иргэдийн 9.1 хувь нь спорт, шашин, мэргэжлийн холбоо, СӨХ, нутгийн зөвлөл, нөхөрлөл, сайн дурын байгууллага, аливаа төрийн бус байгууллагын гишүүн байсан бол 2022 онд 6.5 хувь болж буурчээ.
Судлаач А.Долгион "Үүний шалтгаан нь нийгмийн бүтцүүд бүрэн бүрэлдэж амжаагүй байна. Одооноос л бүрэлдэж эхэлж байна. Өмнөх нийгмийн үед хүмүүс албадлагаар бараг бүгд ямар нэг байгууллагын гишүүн байсан бол одоо гишүүн болох эсэх нь сайн дурын шинж чанартай байгаа. Түүнийг орлох органик бүтцүүд, байгууллагууд, оролцооны хэлбэрүүд бий болоогүй байна" хэмээв.
Тэрбээр "Гишүүнчлэл бага байгаа нь тухайн хүн нийгэмд оролцох суваг хязгаарлагдмал байгааг илтгэнэ. Ганц боломж нь олон нийтийн сүлжээ болчихсон. Тухайлбал, долоо хоног бүрийн аль нэг өдөр байгаль орчны холбоондоо очих, спортын, номын гэх мэт сонирхлын клубийнхэнтэйгээ уулзах ч гэхчлэн тогтмол оролцоотой зүйл дутмаг. Тэгэхээр нийгэм ба хувь хүний хооронд ихээхэн зөрүү буюу хоосон орон зай үүсдэг" гэсэн юм.
Жишээ нь Бүгд Найрамдахчуудын Холбоо (IRI) ба IRIM-аас саяхан хийсэн судалгаагаар “Улс оронд гарч буй шийдвэрүүдэд энгийн иргэд ямар үйл ажиллагаагаар дамжуулан нөлөөлж чадах вэ?” гэхэд 27 хувь нь олон нийтийн мэдээллийн сүлжээгээр үзэл бодлоо илэрхийлэх, дараагийн гол суваг нь эсэргүүцлийн жагсаалд оролцох гэсэн байна (26 хувь). Судалгаанд оролцогчдын 13 хувь нь л иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаанд нэгдэх, 4 хувь нь улс төрийн намд элсэх гэжээ.
Хүмүүс ерөнхийдөө амьдралдаа сэтгэл ханамжтай байдаг нь Монголын нийгмийн сайн сайхан байдлын судалгааны онцлох нэг үр дүн юм.
Тодруулбал, монголчууд өөрсдийн хувийн амьдралдаа хэр сэтгэл хангалуун байгааг 0-10 оноогоор үнэлүүлэхэд 7.85 оноотой байна.
Харин сэтгэл ханамжийн талаар лавшруулж, таван жилийн өмнөх амьдралаа эргэцүүлбэл хэр сэтгэл ханамжтай байна вэ, одоо ямар байна вэ, ирээдүйд ямар байхаар төсөөлж байна вэ гэж ялгаж асуужээ. Сонирхолтой нь, монголчууд өнгөрсөндөө сэтгэл дундуур, өнөөдрөө дундаж, харин ирээдүйгээ өндрөөр үнэлэх хандлагатай байсныг судлаач А.Долгион онцолсон юм.
Товчхондоо, бид ирээдүйдээ итгэж амьдардаг буюу өөдрөг үзэлтнүүд гэж тодорхойлж болохоор байна.
Гэхдээ дээрх үзүүлэлт нь зөвхөн тухайн өөрийнх нь бүтээсэн амьдралтай холбоотой үнэлэмж юм. Харин нийгэм, эдийн засаг, улс төрийн байдалд хэр сэтгэл хангалуун байгааг тодруулахад иргэд 2-4 оноо өгчээ. Ялангуяа залуучуудын сэтгэл ханамж маш доогуур гарсан байна.
Орон нутагт амьдарч байгаа хүмүүс хотынхныг бодвол илүү сэтгэл ханамжтай амьдарч байна
Судлаач А.Долгион "Хүмүүсийн сэтгэл ханамжийг бууруулж байгаа зүйлс нь улс төрийн болон эдийн засгийн нөхцөл байдал байна. Аль ч нийгэмд судалгаанд оролцогчид өөрөөсөө хол зүйлийг доогуур үнэлж, харин өөрийнхөө зүйлсийг сайнаар үнэлдэг. Тиймээс ч нийгэм оршин тогтнож байгаа байх. Үүний тод жишээ нь дайн, зөрчилдөөнтэй, гамшиг их болсон орнуудад энэхүү хувийн сэтгэл ханамж ч эрс доогуур гардаг.
Хүний амьдралын сэтгэл ханамжид гэр бүл, найз нөхөд, хамт олны харилцаа, орлого, боловсролын түвшин, нийгэмд эзлэх байр суурь ихээхэн нөлөөлдөг. Орлого нэмэгдэх тусам сэтгэл ханамж дээшилдэг. Гэхдээ хязгаартай.
Тухайлбал, сарын 10-50 мянган ам.долларын орлоготой үед сэтгэл ханамжид эрс ялгаа гардаг гэсэн олон улсад хийгдсэн судалгааны дүн байдаг. Харин нэг саяас дээш ам.долларын орлоготой хүмүүс энэ нь нөлөөлөхөө больдог. Одоогоор манай улсад энэ төрлийн судалгаа дутмаг байна" хэмээв.
Мөн сэтгэл ханамжийн байдлыг үнэлэхэд, орон нутагт амьдарч байгаа хүмүүс хотынхныг бодвол илүү байжээ. Учир нь улс төр, нийгэм, эдийн засаг гэж стресстэх нь бага, хэрэгцээ нь тодорхой хэмжээнд хангагдсан, гэр бүл, хамаатнууд гээд өөрийн хүрээллийнхэнтэй ойр байдаг зэрэг нь үүнд нөлөөлсөн байна.
IRIM судалгааны хүрээлэн нийгмийн 2016 онд анх Субъектив сайн сайхан байдал ба нийгмийн нийцэл сэдвээр үндэсний хэмжээнд төлөөлөхүйц судалгааг санаачилж хийж эхэлсэн. Уг судалгаанд
2018 оноос эхэлж эдгээр хоёр ойлголтыг нэгтгэн Нийгмийн сайн сайхан байдлын судалгаа гэж нэрлэжээ.
Судалгаанд 2016-2017 онд 2,600 гаруй хүнийг хамруулж байсан бол 2022 онд 2,800 хүн хамруулсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
40 СЭТГЭГДЭЛТЭЙ
|