Зураг
Зураг
Индэр    
2024 оны 11 сарын 11
Зураг
iKon.mn Сэтгүүлч

Б.Золзаяа: Монгол компаниудад БАГААР АЖИЛЛАХ, АЧААЛАЛ ДААХ зэрэг чадвар дутагдалтайгаас ажлын байрны сэлгэлт их ажиглагдсан

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Сэтгэл зүйн эрүүл мэндийн зөвлөгөө, ярилцлагыг уншигч Та бүхэнд хүргэе -

Энэ жил дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг “Ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндийг тэргүүлэх чиглэл болгоё” уриатай тэмдэглэн өнгөрүүллээ. 

Хүний амьдралын цагийг

  • Ажлын
  • Амин хувийн
  • Унтаж амрах цаг хугацаанд гурав хувааж үзвэл тус бүрд найман цаг оногдоно. 

Энэ дундаас ажлын байр нь хувь хүний сэрүүн, идэвхтэй цагийн дийлэнх хувийг эзэлдэг тул сэтгэл зүйн эрүүл мэнд төдийгүй амьдралын чанарт нөлөөлөгч томоохон хүчин зүйл болдгийг Сэтгэцийн эмч Г.Гантулга хэлж байсан юм.

Ажлаас халшрах, гарах, бүтээмж буурах гол шалтгаан нь ажлын байран дахь ХАРИЛЦАА-наас үүдэлтэй. Энэ нь бүр 80 хувьтай нөлөөлж байдгийг Харвардын судлаачид тогтоосон байдаг. 

Өөрөөр хэлбэл харилцаа нь цалингаас илүү нөлөөтэй хүчин зүйл гэдгийг Сэтгэл зүйч М.Алтанцэцэг ярьсан билээ.

Тэгвэл ажлын байрны уур амьсгал ба эерэг харилцаа хандлагын талаар Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн Сэтгэл судлалын тэнхимийн багш Б.Золзаяатай ярилцсанаа уншигч Та бүхэнд хүргэж байна. 

"Харилцах, ярилцах, сонсох, ойлголцох чадварыг хөгжүүлэх нь хамгийн оновчтой арга хэлбэр гэж тэрбээр зөвлөсөн юм. 



-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хүмүүс бие биедээ эергээр нөлөөлж, сэтгэл зүйн эрүүл мэндээ анхаарах энгийн алхмын талаар ярилцлагаа эхлэх үү. Тэр дундаа ажлын орчин дахь эерэг уур амьсгал хувь хүний сэтгэл зүйд ямар нөлөөтэй вэ? 

-Бид ажлын орчиндоо сэтгэл зүйн эрүүл мэндээ анхаарснаар юуг олж авч болох вэ гэвэл 

  • Эерэг сэтгэл зүй
  • Бүтээмж
  • Цаашилбал хувь хүний амьдралын сайн сайхан байдалд ч нөлөөлөхүйц үр дүнтэй. 

Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарахын тулд "Чи зүгээр үү" гэж нэгнээсээ асууж, ярилцах цаг гаргах нь хамгийн энгийн арга. 

Ажлын байранд эерэг уур амьсгал бүрдүүлэхдээ бие биедээ нэргүй захидал илгээж, уншуулдаг туршлагыг ч байгууллагууд хэрэглэдэг. 

-Сүүлийн үед нийгэмд үе хоорондын ялгаатай байдлын талаар шүүмж өрнөх боллоо. Нөгөө талаар үе гэж ялгарах шаардлагагүй, хувийн төлөвшил хандлага л тухайн хүнийг тодорхойлно гэж үзэж байна. Үүнийг та мэргэжлийн сэтгэл зүйчийн үүднээс хэрхэн тайлбарлах вэ? 

-Тийм ээ. Залуу хүн гэхээрээ л нэг хэлбэр хэвд цутгасан юм шиг адилхан байхгүй. Хувь хүн бүр харилцан адилгүй нь ойлгомжтой. 

Гэхдээ хүн хоорондын харилцаанд эергээр нөлөөлж, бие биесээ хүлээн зөвшөөрөх, ойлгох чухал арга зам бол харилцах, ярилцах, асуудлаа хуваалцах нээлттэй зан чанар юм.

Хэлэхгүй бол хэн ч мэдэхгүй, ойлголцолд хүрэхгүй шүү дээ. Тиймээс харилцааны ур чадваруудаа нэмэгдүүлэх шаардлага нэн тэргүүнд үүсэж байна. Энэ нь үл ойлголцлыг бууруулах шалгарсан шийдэл. 

Хүмүүс бие биесээ хэрхэн яаж ойлгодог юм бэ? Ярилцаж 

Нөгөө талаас хүн ямар орчинд өссөн, төрсөн, юуг үнэт зүйлээ болгож явдаг, ямар нийгэм цаг үед амьдарч яваа зэрэг олон талаас нь харвал бусдыг ойлгоход дөхөмтэй. 

Жишээлбэл би дараах асуултыг асууя. 

  • Та хаана төрж өссөн бэ?
  • Тэр үеийн нийгмийн байдал чухам ямар байсан юм бэ?
  • Таны одоогийн зан төлөвт таны өссөн, төрсөн орчны нөлөө бий юу?
  • Тухайн орчны гол онцлог болон одоогийнхтой ямар ялгаатай юм бэ?

Эдгээр асуултын хариултыг хоорондоо хуваалцах нь хувь хүнийхээ хувьд ялгаатай байдлаа тодорхойлох арга байж болох юм. Улмаар нэгнийгээ үгүйсгэлгүй "Хүлээн зөвшөөрөх" нь чухал. 

-Эерэг харилцаа хандлагыг хэн нэгнээс түрүүлж хүсэх бус өөрөөсөө эхлүүлэх нь чухал алхам байх, тийм үү? 

-Магадгүй өглөө ажилдаа ирээд тухайн өдрийн талаар ч хөнгөн яриа өрнүүлэхэд эерэг уур амьсгал нэмэгдэнэ. 

Хамгаалагдсан, аюулгүй мэдрэмжтэйгээр өөрийгөө илэрхийлэх боломжит орчныг дотооддоо бүрдүүлж ярилцвал үл ойлголцлыг арилгаж болно. 

Харин үзэл санааны хувьд "Энэ л ажлын бүтээмжид чухал нөлөөтэй" гэж хувийн зарчмаа бусдад хэт тулгахгүй байх нь зүйтэй. 

"Бусдад үзэл бодлоо тулгахгүй байна" гэдэг нь маш чухал. Энэ л туйлын зөв гэдэг хэт өндөр, тогтсон хандлага асуудлыг эергээр шийдэх гарц биш. Яагаад гэвэл тэр таны үзэл баримтлал болохоос бусдынх биш. 

Хамгийн гол нь хүн бүрд сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсрол олгоосой.

-Чухам ямар хүнийг сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсролтой гэж тодорхойлж болох вэ? 

-Өөрийгөө халамжлах, өөртөө санаа тавихаас эхэлнэ. 

Нэг талаас өөрийн дотоод мэдрэмжийг чөлөөтэй ойлгуулж, нөгөө талаас таныг ойлгож хүлээн авч байна гэж мэдрэхэд харилцаанд ахиц гардаг. Үүнийг дагаад хүн хоорондын харилцааны зөрчлүүд буурах, ажилчдын бүтээмж нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой. 

Байгууллагууд дотооддоо ярилцах арга хэлбэр рүү шилжээсэй, ойлголцох цагуудыг гаргаасай. Магадгүй мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө аваасай.

-Өмнөх дугаарт үе хоорондын ялгаатай байдлын талаарх ярилцлагыг хүргэж байсан. Өөрөөр хэлбэл орчин үеийн залуусын түгээмэл хандлага ба ажлын байранд баримталдаг зарчмын зөрүүтэй ойлголтын талаар хөндсөн. Ер нь залуус ажлыг байрнаасаа юуг хүсэж хүлээж байна вэ? 

-Ажил, амьдралын тэнцвэрийг хадгалж байгаа, өсөн дэвших боломжтой, карьер хөгжил нь хурдацтай байхыг залуус илүүтэй хүсэж байна. 

Менежментийн хувьд сул компаниудад залуучууд ажиллах сонирхолгүй болчихсон.

Уян хатан байдлаа нэмэгдүүлэх, өөрчлөгдөх, магадгүй "хэт хатуу", "хэт тогтсон" уламжлалт арга барил тохирохгүй юм байна. 

Бид КОВИД 19-ийн өмнө "ажилчид орж гарах, нэг ажлын байрандаа удаан тогтохгүй байгаа" шалтгааныг тодорхойлох зорилгоор судалгаа хийж, гүйцэтгэж байсан.

Монголын компаниуд дээр яагаад ажлын байрны солигдолт их ажиглагдаж байна вэ? гэвэл ажилчдад тодорхой чадварууд дутагдаж байна л даа. 

Жишээлбэл:

  • Багаар ажиллах чадвар дутмаг учир ажлаас гарахад нөлөөлж байна.
  • Ачаалал даах чадвар мөн яригдах ёстой. 
  • Хувь хүн өөрийнхөө ажил, амьдралынхаа тэнцвэрийг хангах тухай асуудал ч хөндөгдсөн.
Ачаалал даах чадвар гэдгийг олон цагаар тасралтгүй ажиллана гэж ойлгох нь өрөөсгөл. Магадгүй ачаалал даах чадвартай байхын тулд хувь хүн нойрондоо анхаарах хэрэгтэй болж байгаа юм. Сайн нойртой хүн ажлаа сайн хийнэ. 

Үүний зэрэгцээ багаар ажиллах чадвар чухал юм байна. Мөн залуусын тухайд харилцааны ур чадвараа нэмэгдүүлэх шаардлагатайг судалгааны үр дүн илтгэсэн. 

Харилцаа, ачаалал даах, багаар ажиллах чадвараас гадна “эерэг хандлага” ажлын байранд их чухал.

Түүнчлэн хэдхэн жил болоод ажлаа солиод байгаа нь тухайлсан ур чадварууд хөгжихөд саад болдог. Нэг мэргэжлийнхээ дагуу ажиллахад дагаад тэр төрлийн чадварууд хөгжиж байдаг. Цаашид удаан хугацаанд явбал мэргэжлийн өндөр чадвартай болно гэсэн үг. 

Тиймээс залуус ирээдүйн амьдралын зорилгоо тод томруун хараасай. Мэдээж зарим тохиолдолд саад бэрхшээл байлгүй яах вэ. Саад бэрхшээлийг давахад тодорхой чадвар болон сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах боловсрол хэрэгтэй юм байна.

Жишээлбэл сэтгэл зүйч мэргэжилтэй хүн олон ажил солиод явбал сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чадвар муудна.

-Аливаа зүйлээс сөргийг нь шилж сонгож харахгүй, эерэг үзэл бодолтой байх талаар Та дээр дурдсан. Энэ чанар дийлэнх хүнд дутагдалтай юм шиг санагддаг.

-Аливааг эергээр олон талаас нь харах чадвар буюу шийдвэр гаргалт дээрээ ажиллах нь чухал. Энэ нь цаашлаад сэтгэл зүйн эрүүл мэндтэй салшгүй холбоотой.

Тэгэхээр эерэг хандлага, харилцаа, ачаалал даах чадвар, багаар ажиллах чадвартай залуусыг бид бүтээх ёстой юм.

Эцсийн бүлэгт нас, зан чанар зэргээр харилцан адилгүй хүмүүс нэг газар хамтран ажиллаж байгаа нь тодорхой. Цаашид ч ажилласаар байх болно. 

Хамгийн гол нь байгууллага бүр сэтгэл зүйн эрүүл мэндийн цагтай байгаасай, ажилчид сэтгэл зүйн эрүүл мэндээ анхаардаг байгаасай. Энэ нь хоорондын ялгаатай байдлыг бууруулахад тусална.

Үүний цаана хувь хүний аз жаргал, хувь хүний сэтгэл ханамж, хувь хүний амьдралын чанар яригдана.