Зураг
Зураг
Индэр    
2024 оны 10 сарын 15
Зураг
iKon.mn Сэтгүүлч

М.Алтанцэцэг: Шуламгүй байгууллагад ажилламаар байна гэх залуусын хүсэл хөгжилтэй юм шиг мөртлөө бодууштай

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Одоогийн залуус тэвчээргүй, үг даадаггүй, тууштай биш, тогтвор суурьшилтай ажиллах чадваргүй, цаг барьдаггүй, туйлбаргүй зан чанартай... 

Тиймээс компанийн удирдлагууд, ажил олгогчид, хүний нөөцийн менежерүүд Gen Z буюу шинэ үеийн залуустай хамтарч ажиллахаас "халширдаг" болжээ. Энэ үгийг Та хаа нэгтээ, хэн нэгнээс сонсож байсан уу?

Тэгвэл ид хөдөлмөрийн насны залууст ямар асуудал тулгарч, үе хоорондын ялгаа ажлын байранд хэрхэн илэрч байгаа талаар "Хувь хүний хөгжлийн институт"-ийн тэргүүн, сэтгэл зүйч М.Алтанцэцэгтэй ярилцлаа. 



-Сүүлийн үед үе хоорондын ялгаатай холбоотой сэдэв нийгэмд хурц хөндөгдөх боллоо. Нэг талаар компанийн удирдлагууд шинэ үеийнхэнтэй ажиллах шаардлага үүсэж, нөгөө талаас залуу ажилчдын ур чадвар болон харилцаа хандлагын талаарх шүүмжлэл ч өрнөж байна. Энэ сэдвээр ярилцлагаа эхэлье. 

-Үе хоорондын ялгаа ба үл ойлголцол дан ганц Монголд тулгарч буй асуудал биш. Энэ чиглэлд улс орон болгон өөрийн онцлогт тохирсон судалгааг хийж, гүйцэтгэж байна. 

Бидний мэдэх Gen Z, Gen Y (millennials) зэрэг нэршил нь АНУ-ын судалгаанаас гарсан. Тэгвэл монгол хүмүүсийн онцлогийг судалсан уу? ...

"Sica" байгууллага болон судлаач Ө.Ганзориг нарын судалгаа бий. Энэхүү судалгаагаар монгол хүмүүсийн ялгааг дөрөв хувааж үзсэн. 

Тодруулбал 

  • 1964 оноос "өмнөх үеийнхэн"
  • 1965-1982 он буюу "завсрын үеийнхэн"
  • 1983-1993 он буюу "шилжилтийн үеийнхэн"
  • 1995 оноос хойш "шинэ үеийнхэн" гэж ангилжээ.

Ийнхүү нийгмийн шилжилтийн үеэр ялган зааглаж, Gen Z гэх нэршлийг “шинэ үеийнхэн” хэмээн монгол судлаачид тодорхойлсон байдаг. 

-Тэгвэл Монголын "шинэ үеийнхэн"-д ямар давуу болон сул чанар ажиглагдаж байна вэ. Үе хоорондын ялгаа илэрч буй гол талбар ажлын байр болсон уу? 

-Тэднийг хамгийн сонирхолтой үеийнхэн хэмээн хэлж болох юм. Дөнгөж ажлын талбарт гарч, магадгүй зарим нь шинэхэн аав, ээж болцгоож яваа залуус. 

Харин завсрын болон шилжилтийн үеийнхэн баялгийг үйлдвэрлэгчид. Өөрөөр хэлбэл 35-65 насныхан гол ажил олгогч, бизнес эрхлэгчид болж буй. Одоо эдгээр ажил олгогч, бизнес эрхлэгчид шинэ үеийнхэнтэйгээ хамтарч ажиллах шаардлага гарч байна. 

Үүсэж буй зөрчил, үл ойлголцол нь завсрын болон шилжилтийн үе, шинэ үеийнхний дунд байна гэсэн үг. Магадгүй социализмын үеийнхэн гэж нэрлээд буй 1964 оноос өмнө төрсөн хүмүүс эмээ, өвөө болчихсон учраас ажлын байран дахь зөрчилтэй тэгж их холбогдохгүй. 

-Завсрын (1965-1982), Шилжилтийн (1983-1993 ), Шинэ (1995 оноос хойш) үеийнхний гол ялгааг тайлбарлахгүй юу. Тэдний дунд ямар үл ойлголцол бий болж болох вэ? 

-Завсрын болон шилжилтийн үеийнхэн ямар зарчим баримталдаг яг түүн шигээ шаардлагыг шинэ үеийнхнээс хүсэж байна. Гэтэл шинэ үеийнхэн тэднээс шал өөр үзэл бодолтой, эсрэг тэсрэг итгэл үнэмшилтэй, баримталдаг зарчим нь хүртэл ялгаатай. 

Хоёр тусдаа зарчим, үнэт зүйлстэй учраас хэнд нь бурууг өгөх вэ? Үүнд хариулт хэлэхэд хэцүү. 

Сүүлийн үед хүний нөөцийн менежер, ажил олгогчоос “шинэ үеийнхэн залхуу”, “үг даадаггүй”, “бие даах чадваргүй” гэдгийг цөөнгүй сонсож байна. Миний хувьд ингэж хэлмээргүй санагддаг.

Яагаад гэвэл үе болгонд давуу чанарууд бий. Харин эсрэгээрээ сул, хэрэггүй, ашиггүй зан чанарууд ч бий.

1960-1980-аад оныхон ид ажил хөдөлмөр хийж явсан 20, 30 настайдаа өөрийн гэсэн үнэ цэнтэй зарчмуудтай байсан. Тэд хариуцлагатай, цаг баримталдаг, шударга, нийтийн төлөө, нийгмийнхээ төлөө гэсэн “маш хатуу” үзэл баримтлал, чиг шугамтай.

Энэ л хамгийн зөв хувилбар, хамгийн зөв шийдэл гэж хардаг байсан үеийнхэн.

Шинэ үеийнхэн буюу одоогийн залуус илүү эрх чөлөөтэй, уян хатан байдлыг хүсдэг. 

-Цагийг биш бүтээмжийг чухалчилдаг юм шиг санагддаг. Жишээ нь өдрийн найман цаг ажиллахын оронд гурав, дөрвөн цаг сайтар төвлөрч, бүтээмжтэй ажиллахыг илүүд үздэг юм шиг. Харин үлдсэн цагтаа өөрийгөө хөгжүүлье гэдэг байр суурь залуусын дунд ажиглагддаг. 

-Яг тийм. Байр суурь, баримталдаг зарчмууд нь зөрчилдөөд эхэлсэн гэсэн үг. 

Хорвоо ертөнцийг таньж мэдэхийн тулд хүн нийгэмд гарч бусад хүмүүстэй харилцаж, улмаар түүнээсээ туршлага олж амьдардаг амьтан. Ямар ч туршлагагүй хүн яахаа мэдэхгүйтэй адил.

Заримдаа бидэнд дан ганц ажлын туршлага гэхээс илүү амьдрах туршлага хэрэг болдог.

Хүнтэй харилцах, хүний арга эвийг олох, нийгэм, соёлтойгоо дасан зохицох, бусдыг ойлгох зэрэг танин мэдэхүйн чухал аргууд хэрэг болдог гэсэн үг. 

Ажил олгогчдын үеийнхэн ихэнхдээ туршлага дээр суурилсан, эсвэл ахмадынхаа туршлагыг харж суралцсан хүмүүс. Гэтэл шинэ үеийн залуус хорвоо ертөнцийг илүү хийсвэрлэж, мөрөөдөж, хийж үзэх гэхээс илүүтэйгээр сонирхолдоо хөтлөгдөж тэр бүхэнтэй танилцаж байна.

"Ингээд хийчихвэл болох юм биш үү" гэдэг саналыг эрх чөлөөтэйгөөр тавьдаг. Өөрийн гэсэн үзэл бодлоо шуудхан илэрхийлдэг.

Гэтэл нөгөө ажил олгогч нар маань хэзээ ч өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх эрх чөлөөгүй “Том хүний урдаас үг хэлж болохгүй”, “Чиний бодол санаа ер хамаагүй, зүгээр л ингэж хий” гэдэг хатуу зарчим дээр туршлага нь хуримтлагдсан.

Үзэл бодлоо илэрхийлдэг үеийнхэн гарч ирсэн

Өөрийгөө илэрхийлдэг үеийнхэн гараад ирэнгүүт завсрын болон шилжилтийн үеийнхний дотор байгаа суурь зарчмууд хөндөгдөж эхэлсэн байна шүү дээ. Энэ чинь өвдөлт. 

Миний насаараа баримталсан зарчмыг чи эсрэгээр нь яриад байна гэдэг чинь тэр хүний дотоод үнэт зүйлийг хөндөж буй хэлбэр. Үүнээс үүдэн зөрчилдөөн гарч байгаа гэсэн үг.

-Нэг нэгнийхээ онцлогуудыг таньж мэдэж, ойлгоогүйгээс үүдэн ямар үр дагаварт хүрч болох вэ? 

-Энэ зөрчлөөс үүдэн ажлын байранд бие биеэ гомдоох, бүтээмж буурах, үл ойлголцох, ажил дээр удаан тогтохгүй орж гарч хүний нөөцийн сэлгэлт ихсэх асуудал гардаг.

Завсрын болон шилжилтийн үеийг бидний үеийнхэн гээд яриад явъя. (Инээв)

Бидний үеийнхэн маш дуулгавартай. Том хүн үг хэллээ гэхэд “За” гээд үгэнд ордог дуулгавартай чанар Ази соёлын нэг хэсэг. Чих зөөлөн сайн гэж үздэг. Одоо шинэ үеийнхэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлмээр байна гэдэг.

Мөн бидний үеийнхэн нэг ажилд орлоо гэхэд тэтгэвэрт гартлаа 30, 40 жил ажилладаг байсан. Гэтэл шинэ үеийнхэн маань нэг ажилд орж өөрийгөө сорьж, дараагийн нэг ажилд орж сорьж, туршлага хуримтлуулаад өөрийгөө хайгаад явах хандлагатай.

Өөрөөр хэлбэл бидний үеийнхэн “Чи ийм л байх ёстой” гэдэг хэв загварт өөрийгөө хийчхээд тэр нэг хэв загвараараа насан туршдаа амьдарч ирсэн.

-Ажлын байранд бие биеэсээ хүсэх хүлээлт нь яагаад өөр байна вэ? 

-Магадгүй миний үеийнхэн хатуу итгэл үнэмшил, зарчимтай, үг даадаг, санаачилгатай байх зэрэг олон зүйлийг хүсэж байгаа байх.

Өөрөө тийм зарчмаар явсан учраас эргээд түүнийгээ бусдаас хүсээд байгаа гэсэн үг. Гэтэл шинэ үеийнхэн өөр. 

-Харилцаанаас харилцаа үүсдэг гэдэг. Тэгвэл байгууллагын удирдлагууд шинэ үеийн ажилчидтайгаа хэрхэн харьцаж, ямар арга барилаар хамтран ажиллавал зүйтэй юм бэ?

-Ажлын байрны зөрчлөөс гадна ээж, охид ч санал зөрөлдөх үе гарч ирдэг. 

Бидний хооронд гараад буй зөрчил нь өөрсдийн онцгой онцлогуудыг хүлээн зөвшөөрөхгүй байдагтай холбоотой. 

Гэр бүлийн дотор үүсэж болох зөрчил дараагийн өөр хэлбэрээр ажлын байранд үүсэж байгаа л гэсэн үг. Одоогоор ажлын байранд робот биш хүн ажиллаж байна. Тэгэхээр ялгаагүй гэр бүлд болдог шиг уур амьсгал, зөрчил давтагдах нь ердийн үзэгдэл. 

Гэхдээ та нар ойлголц гээд хаяхгүй нь ойлгомжтой. Судлаачид янз бүрийн арга техникүүдийг санал болгож байгаа.

Хамгийн эхэнд өмнөх үеийнхэн шигээ нэг ажлын байранд олон жил ажиллах ёстой гэдэг зарчим байхгүй болж байна. 

-Бусдынхаа онцлог давуу талуудыг судалж, танин мэдэж, ойлгох нь чухал чадваруудын нэг болжээ, тийм үү?

-“Одоогийн залуучууд” гэдэг хэллэг бүр МЭӨ байсан юм гэсэн. Ромын үед суут гүн ухаантнууд ч “Одоогийн залуус яачихсан юм бэ” гэж хэлдэг л байсан юм байна. (Инээв)

Одоо Gen Z гэж онцлон ярьж байгаа ч гэсэн дараагийн Alpha, Delta үе гараад ирвэл та нар ч гэсэн "Ямар ойлгомжгүй хүмүүс вэ" гээд сууж байж магад. Харилцан адилгүй үзэл бодол, өөр өөр зарчимтай хүмүүс ажлын талбарт гарч ирж байгаа өөрчлөлтийг ажил олгогчид өөрсдөө хүлээн зөвшөөрье.

Шинэ үеийнхнийг яаж ч хичээгээд яг өөрсөд шигээ болгох боломжгүй. Яг өөрсөд шигээ ажилтан хайгаад нэмэргүй. Тийм хүн хаана ч байхгүй. Яагаад гэвэл тэр хүмүүс социализмын үед өсөөгүй.

Тэр үед бүх мэдээлэл хаалттай байсан бол одоо хоёр настай хүүхдэд ч дэлхий үүд хаалгаа нээчихсэн байна. 

-Хүн амьдралынхаа 20-40 нас хүртэл гэр бүл, найз нөхөд болон бусад хүрээллээс илүү ажлынхантайгаа хамгийн их цагийг өнгөрүүлдэг юм байна. Тиймээс ажлын орчиндоо эерэг харилцааг эрхэмлэснээр амьдралын сэтгэл ханамж, чанар сайжрах болов уу? 

-Тийм ээ. Харвард бизнес тоймоос саяхан харж байсан. Судлаад үзэхэд 

  • Ажлын байрнаасаа халшрах
  • Ажлаасаа гарах
  • Ажил дээрээ тогтохгүй байх
  • Бүтээмжгүй байх гол шалтгаан нь ажлын байран дахь харилцаанаас үүдэлтэй. Энэ нь бүр 80 хувьтай нөлөөлж байдаг юм байна.

Харилцаа бол цалингаас илүү нөлөөтэй хүчин зүйл гэж гаргаж иржээ.

-Тэгвэл чухам ямар алхам хийвэл бүтээмжтэй, найрсаг, эерэг сайхан хамт олныг бий болгох вэ? 

-Энэ нь хувь хүмүүсийн өөрсдийнх нь сэтгэл зүйн боловсрол, сэтгэл санааны байдал, сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой. 

Саяхан монгол хүмүүсийн сэтгэл зүй хэр эрүүл байна вэ? гэсэн судалгааны үр дүн гарчээ. Үүнээс харахад 60 хувь нь асуудалтай байна. 

Бүгдээрээ сэтгэцийн өвчтэй гэсэн үг биш. Жишээлбэл стрессээ удирдаж чадахгүй байх, гомдол цөхрөлөө тайлж чадахгүй удаан явах, бүтээмжтэй ажиллах арга барилаа мэдэхгүй байх зэргээс шалтгаалж үүсдэг эмгэгүүд багтдаг. Мөн архаг стресс, сульдаа зэрэг нөлөөлж болно.

Эдгээр нь эргээд ажилтны биеийн эрүүл мэндэд нөлөөлж эхэлнэ. Амархан чөлөө аваад эмнэлэгт хэвтээд бие нь өвдөөд эхэлнэ гэсэн үг. 

“Залуу хүн өвчин тоочлоо" гэх хандлага манай нийгэмд ажиглагддаг. 

Завсрын болон шилжилтийн үеийнхэн чинь “Чиний насан дээр бие өвдөнө гэдгийг мэддэггүй байсан” гэдэг. Тэр үедээ л тийм байсан болохоос одоо цаг өөрчлөгдсөн.

Энэ өөрчлөлтийг л соргог анзаарч харилцах нь чухал.

-Ажлын байрандаа зайлсхийвэл зохистой харилцааны тухайд мэргэжлийн хүний хувьд хэрхэн зөвлөх вэ?

-Өөрийн сэтгэл хөдлөлийг удирдаж, зохицуулах ёстой байдаг. Хаана дуугүй байх, хаана инээх, уурлах, харилцааны ур чадваруудыг мэддэг байх хэрэгтэй. 

Одоогийн залуус "Toxic" гэж ярьцгаадаг. Ийм харилцаанаас сэргийлэх аргыг эцэг эх, багш нар ч төдийлөн зааж өгдөггүй. Зарим хүн ийм харилцаатай байгаагаа ч анзаардаггүй. Харин хэлээд заагаад өгөхөөр ойлгодог.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Чухам ямар зан чанарыг "Toxic" гэж тодорхойлох вэ?

-Үүнийг мэдэх маш амархан юм шиг санагддаг. Тэр хүний бусадтай харилцах харилцаа "Toxic" байгаа нь яаж илэрдэг вэ гэвэл ганцаардмал болдог.

Хүмүүстэй харилцах дургүй байгаагаа илэрхийлж эхэлнэ. Найрсаг хүмүүс цөөрнө. Улмаар бие нь өвдөж эхэлдэг.

Аливааг дандаа сөргөөр харж, бодож, хоёр хөмсөг нь байнга зангидаасай явахаар аяндаа толгой өвдөх, даралт ихсэх зэргээр биеийн эрүүл мэндэд дохио өгч эхэлнэ. 

Цаад шалтгаанаа мэдэхгүй эмнэлэгт хэвтээд тариа, дусал хийлгээд эм уугаад гүйгээд байдаг.

Магадгүй таны харилцаа, амьдрах хэв маяг зарим нэгэн газраа алдагдаад байгааг олох, харилцах, хайрлах, хайрлуулах, итгэх, үл итгэх энэ бүх зүйл тэнцвэртэй бус алдаатай, зөрчил байгааг илтгэж буй хэлбэр. 

Сүүлийн үед анзаарч байхад 20 гаруйхан настай ажилд ороод удаагүй залуус ажлаасаа халшраад ядаргаанд ороод байгаагаа илэрхийлж байна. Үүний цаад шалтгаан юу вэ? 

Саяхан цахим орчноос хөгжилтэй эсвэл бодууштай нэг зүйл уншлаа. 

“Би шуламгүй байгууллагад ажилламаар байна” гэдгийг та ч магадгүй харсан байх. 

Биднийгээ шуламс гээд нэрлэчихсэн. (Инээв) Энэ нь үл ойлголцлыг илтгэж байгаа гэсэн үг. Маш хатуу үзэл бодолтой, хатуу зарчимтай хүмүүс эргээд яг л тийм зүйлсийг бусдаас шаарддаг. Уян хатан байж чаддаггүй.

Залуу хүүхдүүд мэдрэлийн ядаргаанд их орж байна. Мэдээж ажлын ачаалал байгааг үгүйсгэхгүй. Дараагийн асуудал бол тэр байгууллага дахь харилцаа эрүүл бус байгааг илтгэж болно.Хүний бие махбод өвдөх хамгийн анхны шалтгаан бол сэтгэл санаа. 

-Урт насалсан хүмүүсийн дунд судалгаа хийж үзэхэд нийгмийн эерэг харилцаатай байсан тухай судалгааг уншиж байсан. Тэгэхээр гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олны уур амьсгал хүний наслалтад хүртэл нөлөөлдөг чухал хүчин зүйл бололтой. 

-Тийм ээ. Та эрүүл мэнддээ, өөртөө анхаар гэж олон хүн зөвлөдөг.Гэтэл би өөртөө мянга анхаараад яах юм бэ. 

Нийгмийн сөрөг орчин хүний сэтгэл зүйд шууд нөлөөлнө шүү дээ.

Залуус нь асар их хүсэл мөрөөдөлтэй сургуулиа төгсөж ирээд улс нийгмээ янзлаад өгнөө гэсэн чинь ажлын байраар нь дүүрэн шулам, мангасууд сууж байхаар чинь хэцүү шүү дээ.  

Бие биеэ ойлгож, хүлээн зөвшөөрч харилц гэсэн үг. Хүлээн зөвшөөрнө гэдэг маш чухал. Тэгэхгүй өөрийнхөөрөө зүтгээд “Би чиний насан дээр ингэдэг байсан” гээд зөрүүдэлбэл асуудал шийдэгдэхгүй. 

Ажилд орлоо гэхэд "шинэ үеийн" залуусын хувьд ажил үүргийн хуваарилалт маш тодорхой байхад л болчихно. Хийх юмаа хийгээд хийхгүй юмаа хийхгүй.

Харин миний үеийнхэн яаж байна вэ гэхээр бүх юмыг хийнэ. Тэнд нэг хүн ажлаа хийж чадахгүй бол гүйж очиж туслаад, энд нэг хүн зүгээр сууж байвал “Ажлаа хийгээч” гэж загнаад юм бүхэнд оролцоотой.

Нөгөө Z үеийн залуус чинь “Би хийх ёстой юмаа хийсэн. Надад илүү юм хийх шаардлага байхгүй” гэдэг тодорхой харилцаатай. Харин бид маш тодорхойгүй харилцаатай хүмүүс. Асар их ялгаатай үеийнхэн гэсэн үг. 

-Монголд шинэ үеийнхний судалгааг хийж, үр дүн нь гарсан байгааг Та хэлсэн. Тэгвэл Монголын 20 гаруй насны залуус ямар хандлагатай, юугаараа ялгаатай байна вэ?

-Олон улсын судалгаатай тун төстэй. Энэ ижил төстэй байдал нь хэрэглээтэй холбоотой. 

Миний уншиж судалж байснаар монгол залуус илүү гэр бүлсэг, ээж, аав, эмээ, өвөөгөө гэсэн хариуцлага хүлээх байдал нь Америкийн Z үеийнхэнтэй харьцуулахад өндөр. Бусдын өмнө хариуцлага хүлээх чадвартай. 

-Ажлын орчин гэдэг бол хүний хамгийн бүтээмжтэй, эрч хүчтэй цагийг өнгөрүүлж байдаг газар. Энэ их түгжрэлд Улаанбаатарчууд гэртээ бараг унтах гэж л очиж байна. Тэгэхээр ажлын байрандаа найрсаг харилцаа, эрүүл зөв хандлага, соёлтой байснаар бид юуг олж авах вэ гэдгийг ярилцлаа. Үе хоорондын ялгааг таньж мэдэх нь ямар үр ашигтай вэ гэдгийг дүгнэж хэлбэл?

-Чанартай насанд хамгийн урт хугацаагаа өнгөрүүлдэг газар бол ажлын байр. Тиймээс бүх зүйлийг өөрийнхөө хүсэлд нийцүүлэх гэхээс илүүтэй бусдыг ойлгож, хүлээн зөвшөөрч амьдрахад бага зэрэг төвлөрөөд үзье. 

Хүний мөн чанар нь өөрөөсөө өөг хайдаггүй, дандаа бусдаас бурууг олж хардаг гайтай зан чанар.

Тэгэхээр бие биеэ ойлгоё, нэг нэгнээ хүлээн зөвшөөрье. Яг тантай адилхан хүн хорвоо дэлхий дээр байхгүй. Тийм учраас ялгаатай зан чанар, онцлогуудаа хүлээн зөвшөөрч харилцъя. Нэмж хэлэхэд 50 настнуудаа хүлээн зөвшөөрье. 

Шижигнэсэн гоё шинэ үеийнхэн гараад ирсэн чинь шулмууд л болохгүй байна гэж хараад байгаа нь буруу. Тэд нуруундаа маш их ачааг үүрч яваа шүү дээ. Ялгаагүй бие биеэ ойлгох, хүлээн зөвшөөрөх нь чухал.

 

-Дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа.