Зураг
Зураг
Индэр    
2024 оны 5 сарын 30
Зураг
iKon.mn сэтгүүлч

Онлайнаар "өвчтөнөө" оношилж, "эморсон" хонь эмчилдэг эмнэлэг

Зураг

Өнөө цагт хотоос хөдөөг зорин аж төрж буй залуусыг нийгэм эергээр хүлээн авч, аль болох сурталчлан таниулахыг зорьдог болсон. Яг ийм жишиг манай урд хөршид ч бий болоод байгаа аж.

Энэ жишгийг сурвалжлахаар Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан баг Өвөрмонголын өөртөө засах орны Баруун үзэмчин хошууны Баянхошуу сумын Шүүт гацааны малчин Б.Омогшилынд саатсан юм. Эргэн сануулахад, Монголын Сэтгүүлчийн нэгдсэн эвлэл Бүх хятадын сэтгүүлчдийн холбоотой хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хамтарсан сурвалжилгыг энэ удаад “Хятадын орчин үеийн шинэчлэлШааньси, Өвөрмонголоор аялахуй” сэдвийн хүрээнд бэлтгэсэн билээ.

Хосууд 2016 онд Өвөрмонголын их сургуулийг төгсөөд, ОХУ-ын Санкт Петрбургийн их сургуульд нийгмийн ухааны чиглэлээр суралцахаар явжээ. Ингээд хоёр жилийн дараа төгсөж нутагтаа ирээд малчин болцгоож.

зураг
 

Б.Омогшил “Бид 2019 оноос малчин болсон. Манайх 160 орчим га газартай. Энд өмнө нь үзэмчин үүлдрийн хонь, адуу голлон маллаж байсан. 2019 оноос малын бүтэцдээ тохируулга хийгээд семминтал үүлдрийн махны чиглэлийн үхэр өсгөж байна” хэмээн ярив. Эднийх 2020 онд семминтал үүлдрийн үхрийн тугалыг 2,000 юаниар зарж, жилд нэг сая юанийн орлого олсон байна. Б.Омогшил энэ туршлагаа түгээх зорилгоор сар бүр 120-иос доошгүй малчин хүлээн авч туршлагаасаа хуваалцдаг хэмээн хуучилсан.  

зураг
 

Гэргий О.Алтанзураг “Манай мал аж ахуй ирээдүй бидний гарт байна. Тиймээс сурч, мэдсэнээ, мөн гаднын ололттой талуудыг өөрсдийн төрсөн нутагтаа авчрахыг хүссэн. Мал маллах, хот суурин газарт амьдар хоёр ялгаагүй байхгүй. Яагаад гэвэл манай эндэх хошуу хотдоо ойр, ус, цахилгаан гээд шаардлагатай бүх зүйл байна. Бид хоёр өдөр нь ажлаа хийчхээд орой нь хошуу орж юм идэж, зугаацаж байгаад буцаад ирдэг ч юм уу амар хялбар амьдрах бүрэн боломжтой” гэсэн

Залуус технологи, машин механизм ашиглан мал аж ахуйн үр шимийг дээшлүүлэх арга замын байнга эрэлхийлдэг тухайгаа ярьсан. Тухайлбал, өөрийн туршлагад үндэслэн үхрийг үзэж, оношлох, эмчлэх аргыг хялбарчлах төхөөрөмжийн загварыг гарган мэргэжлийн хүмүүстэй хамтран бүтээжээ.

Энэ төхөөрөмжид малыг оруулан өвчтэй хэсгүүдэд хүрч, шинжих цаашлаад жижиг хэмжээтэй мэс засаж ч хийж болох аж. Мөн хүн хүч шаардахгүйгээр малын жин, өндрийг хэмжин, вакцин тарилга хийхэд хялбар болгосон байна.

Сүүлийн жилүүдэд малын халдвар өвчин гараагүй гэв  

Мал аж ахуйн хөгжилд дан ганц малчдын оролцооноос гадна төрөөс дэмжих бодлого чухал байр суурь эзэлдэг. Хийгээд зүтгээд байгааг нь дэмжээд л байдаг гэсэн үг.
Үүний нэг жишээ нь Баруун Үзэмчин хошууны мал эмнэлэг. Энэ эмнэлгийг оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан.

Нэг зүйлийг сонирхуулахад, “Энд малын халдварт өвчин хэр их гардаг вэ” гэж асуусан сэтгүүлчийн асуултыг мал эмнэлгийнхэн нэлээд гайхав. Учир нь энд малын халдварт өвчин барагтай бол гарахаа больж. Энэ нь мал эмнэлгийн үйлчилгээний чанарыг харуулж байгаа хэрэг биз ээ.  

Гэсэн ч азарганд хазуулсан адуу, “эморсон” хонь гэхчлэн тус эмнэлэгт “хэвтэн эмчлүүлэгч” цөөнгүй. Өвс тэжээл идэхгүй, хэвтээд байсан хонийг эмнэлэгт авчир хэд хонуулахад овоо тэнхрээд ирж. Үүнийг сонссон сурвалжилгын багийн сэтгүүлчид “Өө тэгвэл наад хонь чинь зүгээр л эморсон юм байна” гэцгээн хөгжилдөөд амжсан.

Мал нь өвдсөн шинж илэрвэл мал эмнэлэгт авчирч “хэвтүүлнэ”. Хэрэв эмнэлэг рүү явах боломжгүй бол малын эмчтэй онлайнаар холбогдон “өвчтөнийг” харуулж, оношлуулж, зөвлөгөө авах бүрэн боломжтой. Биднийг мал эмнэлэгтэй танилцах зуур нэгэн малчин малын эмч хоёр цахимаар холбогдон өвдсөн үхэр үзэж байв. Эмч малчинд үхрээ цааш нь алхуулж, тэнд нь гараараа дар, энэ нь яаж байна гэхчлэн заах аж. Энд малаа эмчлүүлэхэд нэг хоногийн төлбөр монгол мөнгөөр дунджаар 9,000 төгрөг. Хэд хоног тариа хийлгэж, дусал залгуулсан мал дорхноо сэргээд ирдэг аж.