Зураг
Зураг
Индэр    
2024 оны 5 сарын 27
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ши Анийн тэмдэглэл

Зураг

Дөрөвдүгээр сарын сүүлчийн зэврүүн бүүдгэр өдрүүд үргэлжилсэн Улаанбаатараас хэсэг сэтгүүлчид галт тэрэг, автобус, онгоцоор газар дөтөлсөөр Хятадын Шааньси мужийн чийглэг дулаан уур амьсгалтай Ши Ань хотод хөл тавьцгаав. Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан багт багтсан Монголын сэтгүүлчид БНХАУ-д хийх сурвалжилгаа эхлүүлэхээр саатсан нь энэ.  

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл Бүх хятадын сэтгүүлчдийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд жил бүр хоёр орны сэтгүүлчид харилцан зочилж, сурвалжилга бэлтгэдэг уламжлалтай. Энэхүү уламжлал болсон арга хэмжээг энэ удаад ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба болон Шааньси мужийн Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дэмжлэгтэйгээр Хятадын орчин үеийн технологийн хөгжил, худалдааны эргэлт, түүхэн аялал жуулчлал болон хөдөө аж ахуйн салбарын ололт амжилтыг сурвалжлах хүрээнд зохион байгуулсан юм.

Шааньси муж нь түүхэн аялал жуучлалын чиглэлээр улсдаа төдийгүй дэлхийд алдартай газар аж. Учир нь мужийн нэрийн хуудас болсон хэдэн мянгаар тоологдох цэргийн баримал, эртний хаадын бунхан тус мужийн Ши Ань хотод оршдог. Мужийн хэмжээнд 150-аад музей байдгаас 100 орчим нь Ши Ань хотод байдаг гэхээр ямархан хэмжээний эд өлгий, түүхэн дурсгалт зүйл энэ нутагт хадгалагдаж байсныг илтгэх биз ээ.

Хоёр орны хамтарсан сурвалжилгын багт хөтөч хийж явсан нутгийн эмэгтэй “Ямар нэгэн нэмэлт сурталчилгаа хийлгүйгээр хэдэн мянган жилийн түүхээрээ гадна, дотнын жуулчдын татаж чаддаг  газар” хэмээн бахархалтайгаар танилцуулсан юм. Үнэхээр ч хятадын муж болгоноос ирсэн хүүхэд, хөгшид, жуулчид энэ хотын газар болгоныг сонирхож явахтай таарч байв.

Хятадын түүх, соёлыг нэгэн том мод гэж үзвэл Ши Ань хот нь тэрхүү модны үндэс аж. Энэ нутагт эртний Тан, Жу зэрэг олон төрт улс байгуулагдаж басхүү  мөхөж, суурин дээр нь дараагийн гүрэн байгуулагдсаар олон мянган жилийг өнгөрөөжээ. Түүхэнд тэмдэглэснээр 1,100 жилийн өмнө энэ нутагт хятадын хамгийн анхны нийслэл хот төвлөрч, алдарт торгоны зам эндээс эхэлдэг байж.

Ямар ч алт, мөнгөн овоо Ши Ань хотын шороон овоонд хүрэхгүй” гэх үг хятадуудын дунд яригддаг. Учир нь хотын орчмын тариалангийн талбай, барилгын сууриас эртний олдвор хэдэн мянгаараа гарч ирдэг аж. Түүхэнд нэр нь үлдсэн төрт улсуудын хаад, язгууртнуудын булш, түүнийг дагалдуулан онголсон эд өлгийн зүйл дээр энэ хот оршин тогтдог гэсэн үг.  Үүнийг батлах нэг баримт  бол онгоцны буудлаас хот руу орж ирэх зам дагуугаас 3,000 гаруй булш олдсон явдал юм.   

Гэхдээ хойч үе нь энэ их “баялгийг” бүгдийг нь ухаж, судлаад ил гаргачихсангүй. Судлаач, эрдэмтдийнхээ үгийг сонсож, бас ч үгүй удаан маргалдсаны эцэст олон хаадын бунхан дундаас Чинь Шыхуан хааны болон хятадын түүхэн дэх цорын ганц эмэгтэй хааны бунхныг хамгаалж үлдээхээр шийджээ.  

 Чинь Шыхуан хааны бунхан болон түүнийг хамгаалах мянга мянган цэргүүд

Энэ хотод ирсэн хэн бүхний зорин очиж үзэх ёстой газар бол Өвөрмонголын радио телевизийн сэтгүүлч-орчуулагч Болорын хэлсэнчлэн шавран хүүхэлдэй буюу шавраар урласан хэдэн мянган цэргийн баримал. Тулаанд орохоор жагссан мэт зуун зуун цэргийн баримал бүхий асар том гурван байгууламж энд бий.

1974 онд худаг ухаж байсан нутгийн тариачин эдгээр шавар цэргүүдийн анх олжээ. Түүнээс хойш археологийн малтлага хийсээр одоогийн байдлаар 2,000 гаруйг нь сэргээн засаж, ил гаргасан байна. Хэдэн мянган жилийн настай шавран баримлыг нар салхинд ил байлгах боломжгүй учир сэргээн засварласан баримлыг хамгаалахуйц хэмжээний байгууламжийг газар дээр нь барьсан байна. Мөн ийм зориулалттай байгууламж дахин хоёр бий. Тэнд өнөөдрийг хүртэл малтлага, сэргээн засварлах ажил үргэлжилсээр буй. Судлаачдын үзэж байгаагаар энэ газарт нийт 8,000 орчим шавар цэрэг байгааг тогтоосон тухай хөтөч-тайлбарлагч хэлж байсан.

Хамгийн гайхалтай нь хүний дүр төрх бүхий энэхүү баримлууд хооронд нэгээхэн ч давтагдаагүй байдаг аж. Өндөр нам, царай төрх, биеийн хэлбэрээр үл давтагдах баримлуудаас тухайн цаг үед амьдарч байсан эрэгтэй хүний ерөнхий төрхийг тодорхойлжээ. Ингэхэд Тан гүрний үеийн эрчүүд 170 орчим см дундаж өндөртэй, махлаг, бадируун байсан гэж үзсэн байна.

Харин хааны бунхны тухайд 56 мянган м.кв талбайг эзэлдэг. Эртний хаад хаан ширээнд суусан цагаасаа эхлэн бунхнаа бэлддэг байсан аж. Энэ ёсоор Чинь Шыхуан хааны бунхныг 30 гаруй жилийн хугацаанд 700 орчим хүн барьж байгуулжээ.

Бунханд маш их хэмжээний үнэт эдлэл, эд өлгийн зүйл дагалдуулан хийсэн учраас оньсон төхөөрөмжөөр хамгаалсан гэж үздэг байна. Мөн домог, аман яриагаар хааны шарилыг илжирч муудахаас хамгаалж авсанд нь мөнгөн ус хийсэн гэж яригддаг аж. Тиймээс бунхныг ухаж, онгойлгохыг түр хойш тавьж, түүний оронд судалж, хамгаалж, басхүү жуулчдыг татах "бүтээгдэхүүн" болгож чаджээ.

Хааны шарилтай хамт бунхалсан нэгэн үнэт олдвор нь дөрвөн морь хөллөсөн сүйх тэрэг. Энэхүү олдворыг бодит хэмжээнээс нь хоёр дахин багасган урлаж, хааны бунханд хийсэн байжээ.

2023 онд зөвхөн Ши Ань хотод 278 сая жуулчин очсоны 11 сая нь Чинь Шыхуан хааны бурхан музейг үзсэн гэдэг тоо баримт байв.

Ши Ань хотын хэрэм

Манай эриний 582 онд баригдсан Ши Ань хотын хэрэм 1,400 жилийн түүхтэй. Энэхүү хэрмийг Тан гүрний хааны хотын туурь дээр Мин гүрний үед барьж байж. Энэ нь хятадын хамгийн сайн хадгалагдан үлдсэн эртний хотын хана юм.

Ши Ань хотын хэрмийн нийт урт нь 13.74 км бөгөөд 18 хаалгатай.

Хот доторх хот буюу энэхүү хэрмийг зорих жуулчид үл тасарна. Өдөрт 50 мянган жуулчин оруулсан бол хэрмийн хаалгыг барьдаг. Учир нь жуулчдын ачаалал хэтэрнэ гэж үздэг тул хотын хэрмийн гадна үлдсэн жуулчин маргаашийг хүлээхээс өөр аргагүй болдог байна.

Ийнхүү эртний хотын хана хэрмийг сонирхон явсан жуулчид хоорондоо нэлээд зайтай байрлах бэлэг дурсгалын зүйл худалдаалдаг жижиг мухлаг руу өөрийн эрхгүй хөтлөгдөн орно. Үзэж сонирхож яваа зүйлийг нь элдэв янзаар дүрсэлсэн янз бүрийн бэлэг дурсгалын зүйлээс үнэ хайрлахгүй худалдан авах нь ч бий.

Дээр өгүүлсэн цэргийн баримал, хааны бунхны гадна ч мөн л энэхүү худалдаа үргэлжилнэ. Нүдэнд харагдаж, гарт баригдтал ойроос харсан эртний үзмэрийн жижиг хувилбарыг дурсгал болох авахдаа хэн ч гар үл татна. Яг энэ зарчмаар түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлдэг бодлогоос манай дарга нар суралцаасай гэж битүүхэн атаархаж явснаа нуух юун.

Чан Ань арванхоёр цагийн гудамж

Хятадын түүхэнд томоохон орон зай эзэлдэг Тан гүрний цаг үеийг мэдрэх боломжтой нэгэн сонирхолтой байгууламж Ши Ань хотын Чюй Жян дүүргийн Манти плазад бий. 24 мянган м.кв талбайтай энэхүү цогцолборт бас ч үгүй өндөр төлбөр төлж ордог. Ингээд цогцолборын хаалгаар ормогц цаг хугацаагаар аялан Тан гүрний үед очсон мэт сэтгэгдэл өөрийн эрхгүй төрөх аж. Эгээ л нисэж бууж, сэлмээр тулалддаг хятад кинонд гардаг шиг орчин угтаж, хүсвэл тэр үеийн хувцас хэрэглэлийг өмсөж, үс, зүсээ ч янзлуулж болно.

Чан Ань арванхоёр цагийн гудамжинд очсон хөгшин, залуу бүх эмэгтэй Тан гүрний үеийн хувцас өмсөж зургаа авхуулдаг гэмээр.

Энэхүү цогцолборт хоол, үзвэр, худалдааг иж бүрнээр шийдэж, нэгэнт орсон жуулчин сэтгэл хангалуун гарч ирэх бүхий л нөхцөлийг бүрдүүлжээ.

Их Тан гүрний нойргүй хот

Ши Ань хотын Их Тан гүрний нойргүй хотын явган хүний гудамж нь 500 метр өргөн, 2,100  метр урт. Энэ гудамжинд Да Яньта гэх мөн л эртний түүхтэй суварга байрладаг.

Энэ гудамд шөнийн 02:00 цаг хүртэл хөл хөгжөөн тасарна гэж үгүй. Худалдаа наймаа, хоол ундны мухлагууд гудамжны хоёр талаар эгнэн, цаахантай нь томоохон худалдааны төвүүд үргэлжилдэг. Шөнө дунд өнгөртөл хүмүүс зугаалж, зургаа авхуулж, тоглож наргидаг тул бум бужигнасан энэ хавийг нойргүй хотын явган хүний гудамж хэмээн нэрлэдэг байна.  

 

Үргэлжлэл бий…