Зураг
Зураг
Индэр    
2024 оны 5 сарын 28
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ши Анийн тэмдэглэл II

Зураг

Өмнөх нийтлэлээрээ Ши Ань хотын түүх, соёл хийгээд жуулчдын сонирхлыг хамгийн ихээр татдаг газруудын талаарх мэдээллийг онцолсон бол энэ удаад технологийн хөгжил, үйлдвэрлэл, худалдааны талаарх мэдээллийг хүргэхийг зорив.

Монголын Сэтгүүлчийн нэгдсэн эвлэл Бүх хятадын сэтгүүлчдийн холбоотой хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хамтарсан сурвалжилгыг энэ удаад “Хятадын орчин үеийн шинэчлэл – Шааньси, Өвөрмонголоор аялахуй” сэдвийн хүрээнд бэлтгэсэн билээ.

Сурвалжилгын багийн хамгийн эхэнд очсон газар бол “Лүнжи” ногоон эрчим хүчний компани. Тус компани нь 2000 онд байгуулагдсан бөгөөд нарны гэрлийг ашиглан ногоон эрчим хүч үйлдвэрлэх чиглэлд ажилладаг.

“Лүнжи” үйлдвэрийн нарны эрчим хүч хураадаг хавтанг хятад даяар төдийгүй олон улс оронд ашигладаг. Одоогийн байдлаар дотоодын 15 үйлдвэрээс гадна АНУ, Бразил, Энэтхэг зэрэг орнуудад салбартай болоод байгаа аж. 2020 онд Олон улсын уур амьсгалын байгууллагад нэгдсэнээр албан ёсоор байгальд ээлтэй цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгч болсныг компанийн зүгээс танилцуулж байв.

Анх үйлдвэрлэл эхэлж байх үед нэг ширхэг нарны хавтангийн үнэ 100 орчим юань байсан бол өдгөө хоёр юань болон хямдарсан нь дэлхий даяар үйлдвэрлэл явуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлсэнтэй холбоотой хэмээн бахархалтайгаар танилцуулсан.

Нарны хавтанг малчин айлын гадна байдаг төхөөрөмжөөр төсөөлдөг байсан бол одоо барилга байгууламжийн гадна өнгөлгөө, дээврээр ч ашиглаж болдог болжээ. Мөн хоёр янзаар эрчим хүч гаргадаг хавтанг ч тус компани үйлдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, нэг тал нь нарны гэрлийг эрчим хүч болгодог бол хавтангийн эсрэг тал нь буюу доош харсан талаараа газраас ойсон гэрлийг шингээн авч эрчим хүч болгодог. Энэ мэт байгальд хоргүй, хямд аргаар эрчим хүч гаргах технологийг бүтээхэд 4,000 орчим хүн ажилладаг байна.

Энэ хэрээрээ ч компанийн ашиг орлого нэмэгдсээр энэ салбартаа тэргүүлэх хэмжээнд хүрч чадсан аж.

Дараагийн танилцсан газар бол Айжюй амуу будаа, тосны үйлдвэр. Тус компани нь амуу будааны тариалалт, ургамлын тос, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэхээс гадна хүнсний импорт, тээвэр ложистикийн асуудлыг цогцоор нь шийдсэн үндэсний томоохон аж ахуйн нэгж юм.

зураг
 

Айжюй компани нь “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Ши Ань дахь олон улсын боомтод түшиглэн Казахстан улстай хамтын ажиллагаа эхлүүлээд байгаа аж. Ингэснээр Казахстан улсаас ургамлын тос, гурил, гурилан бүтээгдэхүүн, дарс, амттан зэрэг бүх төрлийн бараа материал импортлох боломж бүрджээ.

Айжюй нэрийн хүнсний тос, олон төрлийн гурил нь Ши Ань төдийгүй хятадад эрэлт ихтэй бүтээгдэхүүн юм.

Тус компани хүнсний үйлдвэртээ импортын түүхий эдээ шууд хүлээн авч, бэлэн бүтээгдэхүүн болгон савлаад, дэргэдэх худалдааны төвөөсөө хэрэглэгчдэд хүргэдэг нь цаг хугацаа, хүн хүч, хөрөнгө хэмнэсэн авууштай шийдэл санагдсан.

Ингээд зогсохгүй худалдан авагчдыг үйлдвэртэйгээ танилцуулан, өөрсдийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээр үйлчилдэг хоолны газар ч ажиллуулдаг байна.

Ташрамд дурдахад, энэ нутаг түүх, соёлын дурсгалаар зогсохгүй пян пян гэх гурилтай хоолоорооалдартай. Гурилаа урт нарийвтар болгоод хоёр талаас нь барьж, зөөлөн татангаа гамбанзтай хавсран сэгсэрдэг. Ингэхэд пян пян гэх чимээ гардаг учир ийн нэрлэжээ.

Зам дагаж хөгжил гэдэг. Тэгвэл энэ үгийг утгаар нь хэрэгжүүлж буй газар бол Ши Ань дахь Олон улсын боомтын Хятад-Европыг холбосон галт тэрэгний шугам.

2013 оны арваннэгдүгээр сард энэхүү шугамыг нээсэн байна. Ши Ань - Казахстан чиглэлд зорчиж буй ачаа тээврийн галт тэрэг нь “Бүс ба Зам”-ын дагуух улс орнуудад ч үр өгөөжөө өгч байгааг албаны зүгээс танилцуулж байв.

Ши Ань олон улсын боомт нь 59 төмөр замын шугамтай. Үүнээс 18 нь олон улсын чингэлэг тээврийн шугам ажээ. Энэхүү боомт нь жил бүр 5.4 сая чингэлэг хүлээн авах хүчин чадалтай юм.