Зураг
Зураг
Индэр    
Сонгууль өвөл болдог байсан бол...
Зураг
2024 оны 5 сарын 28
Зураг
iKon.mn сэтгүүлч

Сонгууль өвөл болдог байсан бол...

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сонгуулийн жилд бүх зүйл боломжтой гэдгийг бид нүдээр үзэж байна. 2024 он гарснаас хойш "таатай" мэдээ ар араасаа хөвөрсөөр.

Төрийн албан хаагчдын цалин өсөж, тэтгэвэр тэтгэмж ч нэмэгдэв. Хэдэн жил аниргүй байсан 1,072 хувьцаа "амилж", хоёр жилийн ашгаа өглөө. Малчдыг хоршоо байгуулаад зээл ав ч гэв. Ер нь энэ жил "есөн цагаан хүсэл" биелэх онцгой он цаг бололтой.

Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаалгах үедээ нэгэн ээж "Утааг арилгаж өгөөч" гэж Ерөнхийлөгчөөс хүссэн гэнэ лээ. Түүний энэ хүсэл биелэх болов уу? Энэ бол өнөөгийн нийслэлчүүд бидний мөрөөдөл болсон зүйл. 

Утаа бидний эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж буй хамгийн аюулт дайсан. Тиймээс дорвитой шийдэл гаргахыг үе үеийн эрх баригчдаас шаардсаар байна. 

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.4-т Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, амьдрах орчин, орон байрны аюулгүй нөхцөлийг баталгаажуулах, гэмт хэрэг, халдлагын золиос болохоос хамгаалах нь хүний аюулгүй байдлыг хангах үндэс мөн гэж заажээ.

Гэтэл энэ нь ноцтойгоор зөрчигдөж буй ердөө нэг жишээ нь утаа. Үүний уршгаар есдүгээр сарын сүүлээс дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл харшлын гаралтай ханиад, хатгалгаа гэх оношоор антибиотик, ханиалга намдаах эм, амин дэм гээд эм, эмийн бүтээгдэхүүнийг нийслэлчүүд хоол шиг хэрэглэсээр.

Сүүлийн жилүүдэд утаа улам "зэвүүн" болж байна. Үнэр танар нь ч дийлдэхээ болив. Бид үнэндээ юугаар амьсгалж байгаагаа мэдэхгүй. Үнэр бол энгийн ойлголтоор агаарт ямар нэг бодис дэгдсэнээс үүсэж буй. Гэвч яагаад, ямар учраас үнэр гарав гэдгийг тодорхойлох лабораторийн чадамж манайд байхгүй нь харамсалтай. 

 Агаарын бохирдол нь Монгол Улсад хавсарсан байдлаар нас баралт, хөгжлийн бэрхшээлд хүргэх эрсдэлийн 10 гол хүчин зүйлийн нэг

НЭМҮТ-ийн Хор судлал, шуурхай удирдлагын албаны дарга Б.Баттүвшин "Үнэр өөр, өөр химийн бодис агуулдаг. Дэлхий дээр нийтдээ 100 мянга орчим химийн бодис хэрэглээнд байна гэсэн судалгаа бий. Үүнээс Монголд 50 орчим байдаг гэж үздэг. Угтаа тэр бүрийг нэг бүрчлэн шинжлэх ёстой. Нарийвчилж судлахын тулд дээж авахаас эхлээд нарийн технологи шаардагдана. Жишээ нь хийн хоромаграфи буюу GC, масс спектросколи буюу MS, индуктив хосолсон плазм-оптик цацралтын спектрометр буюу ICP-OES гэх зэрэг химийн нэгдлүүдийг тодорхойлдог суурь багажууд бий.

Хийн хоромаграфи буюу GC гэхэд дангаараа нэг тэрбум орчим төгрөгийн үнэтэй. Мөн ICP-OES нь 200-300 сая төгрөг байх жишээтэй. Үүнээс гадна эдгээр багаж төхөөрөмж дээр ажиллах мэргэжилтэн бэлтгэх гэдэг том асуудал байдаг. Багажиндаа гаршихын тулд хоёр жил зарцуулдаг" хэмээн Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа дурдаж байв.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын

  • 80 хувийг гэр хорооллын айл өрхийн гэрийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагын 3,200 орчим халаалтын зуух,
  • 10 хувийг замын хөдөлгөөнд оролцож байгаа 400 мянга гаруй авто тээврийн хэрэгсэл,
  • 5-6 хувийг дулааны цахилгаан станцууд,
  • дөрвөн хувийг үнсэн сан, замын тоос шороо, ил задгай хаясан хог хаягдал зэрэг бусад эх үүсвэр ялгаруулдаг.

Нийслэлийн агаар дахь PM2.5-ын жилийн дундаж агууламж ДЭМБ-ын зөвлөмжөөс ДОЛОО ДАХИН ИХ

Агаарын чанарын суурин харуулын 2024 оны нэгдүгээр сарын мэдээгээр

  • хүхэрлэг хий 145 мкг/м3 буюу стандарт хэмжээнээс гурав дахин,
  • азотын давхар исэл 70 мкг/м3 буюу стандарт хэмжээнээс 1.4 дахин,
  • том ширхэгт тоосонцор 130 мкг/м3 буюу стандарт хэмжээнээс 1.3 дахин,
  • нарийн ширхэглэгт тоосонцор 114 мкг/м3 буюу стандарт хэмжээнээс 2.2 дахин өндөр агууламжтай байна.
Нарийн ширхэглэгт тоосонцор PM2.5 жилийн дундаж агууламж ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс долоо дахин их байгааг Хүний Эрхийн Үндэсний Комисс(ХЭҮК)-оос бэлтгэн гаргасан Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын тухай 23 дахь илтгэлд дурджээ. 

Агаар дахь РМ2.5-ын хэмжээ нэг нэгжээр нэмэгдэхэд 0-5 насны хүүхдийн томуу, уушгины хатгалгаа өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тоо 15 хувиар нэмэгддэг

Түүнчлэн уг илтгэлд Монгол Улсад агаарын бохирдол нь хүн амын дунд амьсгалын зам, уушги, гуурсан хоолой, зүрх судас, дархлаа тогтолцооны өвчлөл, хорт хавдар үүсэхэд нөлөөлөх гол хүчин зүйл болж байгааг цохон тэмдэглэсэн байгаа юм.

2021 оны “Амьсгал, зүрх судасны тогтолцооны өвчлөл, нас баралт, өвчний дарамтад гадаад орчны агаарын бохирдлын үзүүлэх нөлөө” судалгаагаар уушгины хатгалгааны 18, уушгины архаг бөглөрөлт өвчний 13.3, зүрхний шигдээс өвчний 31.4, тархины судасны өвчний 31 хувьд агаарын бохирдол нөлөөлдөг болохыг тогтоожээ. Агаарын бохирдол нь Монгол Улсад хавсарсан байдлаар нас баралт, хөгжлийн бэрхшээлд хүргэх эрсдэлийн 10 гол хүчин зүйлийн нэг болоод байна.

Монгол Улсад жилд дунджаар 300 хүн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний улмаас нас барж байгаагийн 240 нь 0-5 хүртэлх насны хүүхэд байгаа бөгөөд 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаанд уушгины хатгалгаа орж байгаа аж. Улаанбаатар хотын агаар дахь РМ2.5-ын хэмжээ нэг нэгжээр нэмэгдэхэд 0-5 насны хүүхдийн томуу, уушгины хатгалгаа өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тоо 15 хувиар нэмэгддэг байна.

Энэ мэтчилэн харамсаж халаглах тоо баримт их бий. Мөн өвлийн цагт утаанаас зугтаж гадаад орныг зорих хүмүүс нэмэгдсээр буй.

2017-2020 оны хугацаанд нийт 456.1 тэрбум төгрөгөөр утаатай "тэмцэв"...

Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд болон эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг 2017 онд судалсан бөгөөд агаарын бохирдлоос шалтгаалсан өвчний улмаас 0-18 насны хүүхдийг эмчлэхэд 2016 онд 10.4 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2025 онд 24.8 тэрбум төгрөг зарцуулах тооцооллыг хийсэн байна.

Мөн улсын төсвөөс агаарын бохирдлын эсрэг арга хэмжээнд 2008-2018 онд 147.3 тэрбум төгрөг, 60.7 сая ам.доллартой тэнцэх хэмжээний гадаадын зээл тусламжийн хөрөнгийг зарцуулжээ. Нэгтгэвэл агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 оны хугацаанд нийт 456.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Гэхдээ үр дүн ямар байгаа нь нүдэнд ил.

Сайжруулсан түлш сайн байж чадсан уу?

Дээр дурдсанчлан нийслэлийн агаарын бохирдлын 80 хувь нь гэр хороолол, аж ахуйн нэгжийн халаалтын зуухнаас шалтгаалж буй.

Иймд бохирдлыг бууруулахын тулд санаачилсан нэг арга хэмжээ нь түүхий нүүрсийг халж, сайжруулсан шахмал түлш хэрэглэх юм. Засгийн газрын уг шийдвэрийг хэрэгжүүлэхээр "Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэр 2018 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Тус үйлдвэр өнөөг хүртэл 2.2 сая тонн түлш үйлдвэрлэн нийслэлийн гэр хорооллын 200,000 айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангажээ.

Агаарын бохирдлоос шалтгаалсан өвчний улмаас 0-18 насны хүүхдийг эмчлэхэд 2025 онд 24.8 тэрбум төгрөг зарцуулах тооцоололтой байна

Гэхдээ сайжруулсан гэх нэртэй боловч үнэхээр сайн байж чадсан эсэх нь эргэлзээтэй.

Учир нь шахмал түлшинд агуулагдах хүхрийн агууламж нь Багануурын уурхайн нүүрстэй харьцуулахад 2-3 дахин өндөр, агаарын чанарын суурин харуулын мэдээгээр агаар дахь бохирдуулагч бодисын агууламж стандарт хэмжээнээс 1.4-3 дахин их байгаа нь түлшний түүхий эдийн чанарыг сайжруулах шаардлагатайг харуулж байна гэж ХЭҮК үзсэн юм.

Тэгвэл энэ тал дээр "Тавантолгой түлш" ХХК арга хэмжээ авч буй эсэхийг тодруулахад "Манай технологич нар болон эрдэмтэн судлаачид, Химийн хүрээлэн зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөл багтсан ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг нь шахмал түлшний технологийн хэрхэн илүү сайжруулах талаар судалж байна. Зургаадугаар сарын сүүлээр дүгнэлтээ танилцуулна байх" гэх хариултыг өглөө. 

Түүнээс гадна сайжруулсан шахмал түлшний хэрэглээнээс шалтгаалж угаарын хийд хордох, угаартаж нас барах тохиолдол жил бүр өссөөр байна. НЭМҮТ-д сүүлийн долоон жилийн хугацаанд бүртгэгдсэн угаарын цочмог хордлого нь 9,009 тохиолдол бүртгэгджээ. Тандалтын тоон мэдээг харахад жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна.

Харамсалтай нь 2017-2023 оны байдлаар угаарын цочмог хордлогын улмаас 103 хүн амиа алджээ.

График, Угаарын цочмог хордлогын болон нас барсан тохиолдлын тоо, 2017-2023 он

"Агаарын бохирдлоос болж нийслэлчүүдийн амьдрах хугацаа 5.6 жилээр богиносож байна"

Нийслэлчүүдийн эрүүл мэнд утааны нөлөөгөөр муудсаар. Өнөө маргаашдаа шууд илрэхгүй байж болох ч хэдэн жилийн дараа ямар аюулд хүрэх нь тодорхойгүй байна. 

Иймээс агаар орчны бохирдлыг бууруулахын тулд зөвхөн орон сууцжуулах төсөл ярилгүйгээр цахилгааны эх үүсвэрийн хүчин чадлыг бодитойгоор нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Хүн бүгдийн хүсэл нь орон сууцанд амьдрах гэж ойлгож болохгүй. Халаалтаа цахилгаанаар шийдээд хашаандаа ая тухтай амьдрах сонирхолтой хүн олон бий. 

Мөн орон сууц барихын тоогоор яндан хорогдож байгаа юу гэвэл бас л эргэлзээтэй. 

Улсын нийт хүн амын талаас илүү нь Улаанбаатартаа аж төрж буй. Угтаа Улаанбаатарын асуудал бол нэг хотын биш улсын хүн амын талаас илүүтэй нь холбоотой зүйл гэж харж, агаарын бохирдлыг бодитойгоор, үр дүнтэй бууруулах тэр л гарц шийдлийг тодорхойлж, хэрэгжүүлэх шаардлагатай байна. 

Өвөл болж утаа эхлэхэд өнгөрсөн сард нэмсэн цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл өчүүхэн төдий л нэмэр өгөх болов уу. Утааны уршгаар бид эдийн засгаараа, эрүүл мэндээрээ асар их хохирч байна.

Агаарын чанарын индексийн 2023 (AQLI) тайланд бичсэнээр нарийн ширхэгтэй тоосонцрын бохирдол (PM2.5) хүний дундаж наслалтад хамгийн том аюул тарьдаг аж. Уг тайланд PM2.5 бохирдлыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) зөвлөмжид нийцүүлэн бууруулсан бол дэлхийн дундаж наслалт 2.3 жилээр өсөх байсан гэжээ. Тайлангаас Монгол Улсыг аймаг, хотоор нь харвал Улаанбаатар хотын иргэд агаарын бохирдлоос болж амьдралынхаа 5.6 жилээ алдаж байгаа юм.

зураг
 

Өөрөөр хэлбэл Улаанбаатарын утаагаар амьсгалж буй хүмүүс таван жилээр тооцвол эрүүл, амар тайван амьдрах 1,825 хоногоо алдаж байна. Энэ асуудлыг шийдэх боломж, мөнгө байсан уу гэвэл байсан. Иргэдээс татвар шимтгэл болгож цуглуулсан ямар их мөнгө төрд очиж, түүнийг зохицуулалт, хяналтгүйгээр үрэн таран хийснийг удаа дараагийн сонсголуудаар бид нүдээрээ үзэж, чихээрээ сонссон. Гол нь тэд шийдэхийг хичээгээгүйд л байна. Хэрэв энэ удаагийн сонгууль өвөл болсон бол ч...