Индэр    
2022 оны 10 сарын 5
Зураг
iKon.mn сэтгүүлч

Боловсролын чанарт анхаарахын тулд суралцах хэлбэрийг сонголттой болгох нь зүйтэй

Зураг

Манай улсын ерөнхий боловсролын сургуулийн нэг ангид суух хүүхдийн дундаж тоо ойролцоогоор 30 байдаг.

Сургуулийн байршил, өмчийн хэлбэр харгалзвал энэ тоо ихээхэн өөрчлөгдөнө. Тухайлбал, Улаанбаатарт буй төрийн өмчийн сургуулиудын бүлэг дүүргэлт 33.2 бөгөөд дүүргүүдээс Сонгинохайрханы сургуулийн нэг ангид дунджаар 35.4 байгаа нь нийслэлд хамгийн өндөрт тооцогдоно. 

Манай улсад бүлэг дүүргэлтийн нормативыг 2007 онд баталж, бага ангид 30-35, дунд, ахлах ангид 32-35 хүүхэд суралцуулахаар тогтоосон байна.

Гэвч нормативыг давсан 84 сургууль байгааг "Боловсролын салбарын статистик мэдээлэл 2021-2022"-т дурджээ. Жишээлбэл, өнгөрсөн хичээлийн жилд

  • лаборатори 23 дугаар сургуулийн бүлэг дүүргэлт 53.6,
  • нэгдүгээр сургуулийнх 51.1,
  • 18 дугаар сургуулийнх 49.1 байсан нь улсдаа хамгийн өндөр үзүүлэлт болов.

Энэ нь боловсролын чанар, тэгш бус байдалтай холбогдоно. Өнгөрсөн жилүүдэд боловсролын салбарынхан хүртээмжид голчлон анхаарч, агуулга, сурагчид эзэмшсэн байвал зохих мэдлэгийнхээ хэдэн хувийг суралцсан зэрэгт төдийлөн анхаараагүй гэхэд болно. 

Иймд эцэг, эхчүүд аль чанартай, сайн гэсэн сургууль бараадсаар улсдаа "толгой цохидог" сургуулиудынхаа ачааллыг улам нэмсэн. 

Тэгвэл хүүхдээ чанартай сайн суралцуулж, чадваржуулахын тулд заавал сургууль бараадах ёстой юу гэх асуулт тавигдана. Угаас бид зайнаас бүхнийг шийдэх боломжтойг мэдсэн, бас хэрэгжүүлсэн.

Хүүхдүүд ч цар тахлын үед зайнаас суралцаж хэвшсэн билээ. Иймд дунд, ахлах ангийн боловсролыг зайнаас эзэмших боломжтой эсэхийг энэ удаад хөндөж байна. Өдгөө АНУ, Канад, Их Британи зэрэг улс зайнаас буюу гэрээс суралцахуйг хүлээн зөвшөөрсөн байдаг. 

Нэг ангид олуулаа шахалдаж суухгүйгээр чанартай боловсролыг гэртээ эзэмших боломж, нөхцөл хэр байна вэ?

Боловсролын ерөнхий хуулийн төсөлд сургалтыг танхимын болон танхимын бусаар явуулж болохоор тусгажээ

Улсын Их Хуралд өргөн барьж, хэлэлцүүлэгт бэлтгэгдэж буй Боловсролын ерөнхий хуулийн төсөлд сургалт танхимын, танхимын бус, эдгээрийн хосолсон байж болно гэж тусгаад байгаа юм. Мөн танхимын бус сургалтад зайн, дэмжигч болон явуулын багшийн, цахим сургалт хамаарна гэж оруулжээ.

Гэхдээ бага боловсролыг заавал танхимаар эзэмших ёстой хэмээн хуульд тусгасныг энд онцолъё. Учир нь сургууль бол зөвхөн мэдлэг түгээгээд зогсохгүй олон нийтийн дунд биеэ хэрхэн авч явах, найз нөхөдтэй болох гэх зэргээр нийгмийн олон талын ач холбогдолтой орчин гэдгийг мартаж болохгүй. 

Хуулийн төсөл дээрх байдлаараа батлагдвал үнэлэх, дүйцүүлэх, баталгаажуулах журмаа Боловсрол, Шинжлэх Ухааны Яам(БШУЯ) тодорхойлно. 

Дээр дурдсанчлан бид өнгөрсөн хугацаанд хүртээмжийн хүрээг өргөсгөж, аль болох олон хүүхдийг сургуульд сургахыг зорьсоор ирсэн. Иймдээ ч боловсролын салбарын нийт хөрөнгө оруулалтын ихэнхийг сургууль, цэцэрлэгийн барилга, өргөтгөлд зарцуулсаар ирсэн. Үнэндээ боловсролын яам нь барилгын яам мэт ажиллаж байсан гэдэгтэй маргах хүн цөөн биз ээ.

Манай улсад өнгөрсөн оны тоон мэдээгээр ерөнхий боловсролын 848 сургууль үйл ажиллагаа явуулж, суралцагчдын тоо 712 мянга байв. Суурь боловсролын хамран сургалт 2020 оны байдлаар 97 хувь байна. Энэ бол тун сайн үзүүлэлт ч гэлээ тэдний хэдэн хувь чанартай суралцаж, эзэмшвэл зохих мэдлэгээ авсан бэ гэдгийг ирэх оны арванхоёрдугаар сард PISA үнэлгээний дүн гарснаар л бодитой мэдэх боломжтой. 

Г.Ганбаяр: Home schooling буюу гэртээ суралцах эрх зүйн орчин одоогоор хаалттай

Одоогийн нөхцөлд зайнаас буюу гэрээсээ суралцах ямар боломж бий талаар Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр "Home schooling буюу гэртээ суралцах эрх зүйн орчин одоогоор хаалттай. 

  1. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд
  2. Ямар нэг өвчтэй, тодорхой хугацаанд эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийн асуудалд гэрийн сургалт шаардагддаг. 

Мөн хамгийн том бүлэг нь гадаадад байгаа хүүхдүүд. Гадаад улсад олон мянган монгол хүүхдүүд амьдарч, суралцаж байна. Тэдний асуудлыг бид анхаарах ёстой. Иймд УИХ-д өргөн барьсан Боловсролын багц хуульд гэрийн сургалтын талаар тусгаж өгсөн. 

Тодорхой хөтөлбөрөөр агуулгаа бие дааж, эсвэл багшийн удирдлагад судлаад, шалгуур хангасан тохиолдолд боловсролын бичиг баримт олгодог болох юм. Хууль батлагдсанаар том дэвшил болно" гэв.

Бид тооноос илүү чанарт анхаарах нь зүйтэй билээ. Цар тахлын үеийн хичээл сургалтын үйл ажиллагааны өөрчлөлт, ихэнх сургалт зайнаас явагдсан нь нэг талаар бэрхшээлтэй байсан ч нөгөө талдаа шинэ боломж бийг харуулсан.

Хүүхдүүдээ сайн багшийн удирдлагад эсвэл батлагдсан агуулгын дагуу эцэг, эх нь өөрсдөө хичээллүүлээд байвал сургууль судалж, бараадах, хүүхдээ зөөх авах гээд олон асуудлыг өвөрмөцөөр шийдэх боломж бас байж болно.

Гэхдээ сургуулийн орчны олон талын ач холбогдлыг үгүйсгээгүй бөгөөд цаг үеэ дагаж, шинэ содон шийдлийг нэвтрүүлэх буюу сургалтын хэлбэрийг сонголттой болгосноор тулгамдсан бэрхшээлийг асран хамгаалагчид ба хүүхдүүд өөрсдөө шийдэж болох юм гэх санааг дэвшүүлснээ тодотгоё.

Сонирхуулахад, гэрийн сургалтаар Томас Эдисон, Теодоре Рузвельт, Агата Кристи, Александр Грахам Белл зэрэг түүхэнд нэрээ үлдээсэн хүндэт эрхмүүд гэрээр суралцжээ. Мөн АНУ-ын нэрт гимнастикч, олимпын дөрвөн медальтай Саймон Байлз, жүжигчин Райан Гослинг,Эмма Ватсон, дуучин Жастин Тимберлейк зэрэг алдартан гэрээр боловсрол эзэмшсэн байдаг.