Индэр    
2022 оны 3 сарын 1
Зураг
iKon.mn сэтгүүлч

ХУУЛИЙН ТӨСӨЛ: Хүндэтгэх шалтгаантай хүүхдийг ДОЛООН НАСТАЙД нь сургуульд элсүүлж болно

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Боловсролын тухай хуулийг 2002 онд баталснаас хойш 25 удаа нэмэлт өөрчлөлт оруулж байжээ. 

Гэвч зарим зохицуулалтыг нийгмийн эрэлт шаардлагад нийцүүлэх, боловсронгуй болгох зэрэг хэрэгцээ байгаа тул боловсролын салбарынхан хууль эрх зүйн орчноо сайжруулахаар өнгөрсөн онд шинэчлэн боловсруулсан багц хуулийн төслөө УИХ-д өргөн барьсан билээ. 

Багц хуулийн төсөлд

  • Боловсролын ерөнхий хуулийн төсөл
  • Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл
  • Дээд боловсролын тухай хуулийн төсөл
  • Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл зэрэг багтаж байна.

Үүний дээр дагалдах хуулийн төслүүд багтаж байгаа юм. 20 жилийн дараа шинэчлэгдэж буй Боловсролын багц хуулийн төслөөс зарим заалтыг онцлон хүргэж байна. 

Хоёр настнууд цэцэрлэгт явж болох уу?

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгт хоёр ба түүнээс дээш насны хүүхэд суралцдаг. 

Харин шинээр боловсруулагдсан төслөөр бол элсэх нас нь гурав болсон. 

Тодруулбал, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийн 4.2-т Сургуулийн өмнөх боловсролд 3-5 насны хүүхэд хамрагдана гэж тусгажээ. Уг заалт нь хүүхдээ хоёр нас хүрэхэд нь цэцэрлэгт өгч, ажилдаа орохоор зорьж байсан ээжүүдийг хамгийн их бухимдуулсан билээ. 

Гэхдээ 4.3-т заагдсан Цэцэрлэгийн хүчин чадал, бүлэг дүүргэлтийг харгалзан 2 настай хүүхдийг цэцэрлэгт хамруулж болно гэсэн заалт бас бий ч хүрэлцээ бага байдгаас сугалаагаар шийддэг уламжлал тогтоод хэдэн жил болсон нийслэлийн хувьд төрийн цэцэрлэгт энэ заалт биелэх магадлал бага. Хувийн цэцэрлэгүүдэд бол боломжтой мэт харагдаж байгаа юм. 

Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн дагалдах хуулийн төсөл дунд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 5.1-т Хүүхэд харах үйлчилгээнд хоёр наснаас ерөнхий боловсролын сургуульд элсэх хүртэлх насны хүүхэд хамрагдана гэсний ерөнхий боловсролын сургуульд элсэх хүртэл гэдгийг ГУРАВ болгон өөрчлөхөөр тусгажээ. Өөрөөр хэлбэл, хүүхэд харах үйлчилгээнд 2-3 насныхан хамрагдаж магадгүй болж байгаа нь энэ юм. 

Үндэсний цөөнхийг эх хэлээрээ боловсрол эзэмших эрхийг тусгаж, албан ёсны гадаад хэлийг Англи хэл байхаар тусгав

Манай улсад үндэстний цөөнхийн хамгийн том төлөөлөл нь казах, цаатан, тува байдаг. Эдгээр иргэн нь өөрсдийн эх хэлээр боловсрол эзэмших эрхтэй байдаг ч бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн түвшин төдийлөн хангалтгүй байгааг "Бүх нийт боловсролын төлөө!" иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг нэгэн хэлэлцүүлгийн үеэр хэлж байв

Тодруулбал, Монгол хэлний тухай хуулийн 13.1.5-д үндэстний цөөнх монгол хэл болон эх хэл дээр боловсрол эзэмших, соёл, зан заншлаа өвлөх, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах хэмээн заасан байдаг ч энэ нь Бага, дунд боловсролын тухай хуульд тусгагдаагүй байв.

Мөн 2018 онд Эх хэлний хөтөлбөр бүрэн боловсруулагдаж, сургалтад хэрэгжиж байна. Бүрэн дунд боловсролын казах хэлний хөтөлбөр, суралцахуйн удирдамж боловсруулагдаагүй байсаар буйг тухайн үедээ цохон тэмдэглэж байсан билээ.

Харин шинэчилсэн төслийн 

  • 7.2-т Суралцагчийн дийлэнх олонх нь хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнхийн суралцагч байх тохиолдолд цэцэрлэг болон бага ангийн сургалт, үйл ажиллагааг эх хэлээр нь зохион байгуулж болно.
  • 7.3.Энэ хуулийн 7.2-т заасан суралцагчийн дунд, ахлах ангийн сургалтыг монгол хэлээр зохион байгуулна хэмээн боловсруулж, Боловсролын тухай хуульд анх удаа багтаж байна.

Мөн үндсэн гадаад хэлийг Англи хэл хэмээн заасан нь хуулийн төслийн бас нэгэн онцлох заалт болж байна. 

Монгол Улсын болон Үндэсний гэх нэрээ "дархална" 

Дээд боловсролын тухай хуулийн төслөөс онцлог заалт нь нэрийн асуудлыг тодорхой болгосон нь юм.

Уг хуулийн төслийн 5.4-т “Монгол Улсын” болон “Үндэсний” гэсэн үг, түүний англи хэл дээрх орчуулга, барааны тэмдгийг зөвхөн төрийн өмчийн дээд боловсролын байгууллагад хэрэглэнэ гэж тусгав.

Ингэснээр хувийн хэвшлийн сургуулиуд төрийн өмчит сургуулийн нэртэй давхцах, эндүүрэл гаргахаас сэргийлж байгаа хэрэг юм. 

Жишээ татвал, өнгөрсөн оны намар Монгол Улсын Их Сургууль болон Монголын Үндэсний Их Сургууль хоёрын товчилсон нэр болон англи хэл дээрх орчуулга нь давхцаж байгаа нь томоохон асуудал үүсгэсэн билээ. Шүүхэд хандахдаа тулсан уг асуудлын чимээ тэгэсхийгээд намжсан.

Түүнчлэн хуулийн төсөлд их сургууль болон дээд сургууль, коллеж нь ямар шаардлагыг хангасан байх талаар тодорхой зааж өгсөн нь онцлох зүйл яах аргагүй мөн юм. 

ОНЦЛОХ ЗААЛТУУД

Боловсролын ерөнхий хууль:

8.2.Бага ангийн сургалтыг заавал танхимаар зохион байгуулна.

8.5.Гамшгийн улмаас боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг хязгаарласан тохиолдолд энэ хуулийн 8.2 дахь хэсэг хамаарахгүй ба хичээл, сургалтыг танхимын бус болон хосолсон хэлбэрээр зохион байгуулна.

11.4.Мэргэжлийн боловсролын байгууллагад суралцагчид Засгийн газраас тогтоосон хэмжээний дагуу сар тутам тэтгэлэг олгоно.

11.5.Тэргүүлэх, нэн шаардлагатай мэргэжлээр суралцагчид сургалтын төлбөрийн тэтгэлэг, зээл олгоно.

12.11.Багш мэргэжлээр амжилттай суралцаж, өөрийн хүсэлтээр орон нутагт 5 буюу түүнээс дээш жил ажиллах гэрээ байгуулсан төгсөгчид төрөөс дэмжлэг үзүүлнэ.

13.2.6.хувь хүний нууцыг хадгалах, хамгаалах, суралцагчийг ялгаварлан гадуурхсан аливаа үйлдэл гаргахгүй байх, суралцах арга барилыг дэмжих;

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль:

4.4.Сургуулийн өмнөх боловсролыг 5 настай хүүхдэд заавал эзэмшүүлэх бөгөөд 200-аас доошгүй цагийн сургалтад хамруулсан байна.

4.7.Хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл мэндийн болон бусад хүндэтгэх шалтгаантай хүүхдийг 7 настайд нь сургуульд элсүүлж болно.

5.3.Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч хичээлийн жилийн хугацаанд 170-185 хоног хичээллэнэ.

6.1.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь хүүхдийн хөгжлийн онцлог, ялгаатай хэрэгцээнээс үл шалтгаалан хүүхдэд боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээнэ.

10.3.Гадаад дахь монгол хүүхдэд зориулсан эх хэл, түүх, соёлын жишиг сургалтын хөтөлбөрийг боловсруулна.

12.1.6.эрүүл мэнд болон хоол, хүнсний аюулгүй байдлыг хангасан, суралцагч өөрийгөө хөгжүүлэх нөхцөл боломжтой, тайван амьдрах дотуур байраар хангагдах.

14.2.Цэцэрлэгийн нэг бүлэгт багш, туслах багш ажиллах бөгөөд бүлгийн хүүхдийн тооноос хамаарч ээлжийн багш ажиллуулна.

16.7.Багшийн мэргэжлийн түвшин, ур чадварыг үнэлэх ажлыг 3-5 жил тутам зохион байгуулж, багшийн хөгжилд дэмжлэг үзүүлнэ.

26.2.Сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээгээр хүүхдийн сургуульд суралцахад шаардлагатай мэдлэг, чадвар, хандлагын түвшнийг тогтооно.

Дээд боловсролын тухай хууль:

15.2.Суралцагчийн сургалтын агуулгыг багц цагаар тооцно.

15.3.Сургалтын байгууллагын онцлогоос хамааран суралцагчийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, суралцаж буй мэргэжлийн чиглэлээр олон улсын тэмцээн, уралдаанд гаргасан амжилтыг энэ хуулийн 15.2-т заасан багц цагт тооцож болно.

22.5.Ахисан түвшний сургалтын хөтөлбөрийн хүрээнд багш, суралцагчийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үнэлж, багшийн нэмэлт орлого олох, суралцагчийн сургалтын төлбөрийг хөнгөлөх эх үүсвэр болгон ашиглаж болно.

30.1.9.сургуулийн нэрийн бүтээгдэхүүн болон бүртгэгдсэн барааны тэмдэг гаргах, бусдад ашиглуулах, түүний борлуулалтаас орох орлого;

 

Боловсролын багц хуулийн төсөлтэй энд дарж танилцана уу