Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэстний цөөнхийн хос хэлний хөтөлбөрийг шинэчилж, боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарах шаардлагатайг онцоллоо

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Үндэстний цөөнхөө эх хэлээрээ суралцах боломжийг зарим улс олгодоггүй. Манай улсад цөөнх эх хэлээрээ боловсрол эзэмших эрхтэй байдаг нь сайшаалтай ч бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн түвшин төдийлөн хангалтгүй байна" хэмээн "Бүх нийт боловсролын төлөө!" иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг өнөөдөр болсон Боловсролын бодлогын хэлэлцүүлгийн үеэр хэллээ. 

Уг хэлэлцүүлэг цаашид өөр өөр сэдвийн хүрээнд үргэлжлэх бөгөөд өнөөдрийн тухайд "Үндэстний цөөнхийн хос хэлний боловсролын асуудал, шийдэл" сэдвээр талууд хэлэлцсэн юм. 

Манай улсад үндэстний цөөнхийн хамгийн том төлөөлөл нь казах, цаатан, тува байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий зохицуулагч Д.Тунгалагийн хэлж буйгаар манай улс "Алсын хараа-2050", Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө 2021-2030-д дээрх асуудлаар тодорхой зорилт тусгасан байгаа ч өнөөгийн нөхцөлд батлагдсан байгаа баримт бичгүүдийн хэрэгжилт хангалтгүй байгааг зэмлэсэн юм.

Тэрбээр "Үндэстний цөөнхийн хос хэлний боловсролын талаарх хуулийн заалтууд тунхгийн шинжтэй байгаагаас хэрэгжилт нь тааруу, ердөө нэг, нэг өгүүлбэр байдаг. Цөөнхийн хос хэлний хөтөлбөр нь төрөлх монгол хэлтэй хүүхдээс тэс өөр байх учиртай. 

Сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа 2018 онд л Эх хэлний хөтөлбөр бүрэн боловсруулагдаж, сургалтад хэрэгжиж байна. Бүрэн дунд боловсролын казах хэлний хөтөлбөр, суралцахуйн удирдамж өнөөг хүртэл боловсруулагдаагүй.

Монгол хэлний хичээл 2 дугаар ангиас эхлэн орж байгаа ч өнөөг хүртэл үндэстний цөөнхийн хүүхдүүдэд зориулсан бага ангийн монгол хэлний хөтөлбөр боловсруулагдаж гараагүй" гэлээ.

Иймээс тэрбээр 

  • үндэстний цөөнхийн хүүхдийн хос хэлний боловсролын бодлого боловсруулж батлах,
  • ЕБС-ийн сургалтын төлөвлөгөө хос хэлний сургалттай сургуулиудыг тэгш хамруулсан байдлаар батлах,
  • үндэстний цөөнхийн бага ангийн сурагчдын хэрэгцээ, сонирхолд нийцсэн монгол хэлний гарын авлага, зөвлөмж зэрэг нэмэлт материал боловсруулж хэвлэн хүргэх зэрэг саналыг дэвшүүлэв.

"Эрт нэмэлттэй хос хэлний хөтөлбөр үр дүн багатай болохыг ЭЕШ-ын дүнгээс харж болохоор байна"

 
Гэрэл зургийг mpa.mn

Түүнчлэн хуульч С.Асланбек үндэстний цөөнхийн хос хэлний боловсролын асуудлаар бодлогын судалгааг хийснээ хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа.

Хуульч С.Асланбек "Цөөнх хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдалт бага, хөгжил хоцрогдолтой байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эх хэл болон Монгол хэл нь тааруу байгаагаас шалтгаалж Элсэлтийн ерөнхий шалгалтад доогуур үзүүлэлттэй оролцож, улмаар хүссэн мэргэжлээрээ суралцах, ажил мэргэжилтэй болох, эх хэл болон монгол хэлээр чөлөөтэй харилцах, хөгжих боломж нь шууд бус байдлаар хязгаарлагдаж байна. 

Баян-Өлгий аймагт сүүлийн жилүүдэд дараах байдлаар хос хэлний хөтөлбөр хэрэгжиж байгаа. Жишээлбэл нэгдүгээр ангидаа бүтэн казах хэл, 2-4 дүгээр ангид казах хэл дөрвөн цаг, монгол хэл уран зохиолын хичээл долоон цагаар үздэг. Тавдугаар ангиасаа хоёр цаг казах хэл, монгол хэл, бичгийн хичээлийг долоон цагаар үзэж байна. Энэ нь эрт нэмэлттэй хос хэлний хөтөлбөртэй дөхөхүйц загвар байна. Мөн уг хөтөлбөр үр дүн багатай болохыг сүүлийн жилүүдийн ЭЕШ-ын дүнгээс харж болохоор байна" гэв. 

Иймд тэрбээр хожуу шилжилттэй загвар буюу эх хэлээр анхлан суралцаж, албан ёсны хэл руу гуравдугаар ангиасаа 80/20, дөрөвдүгээр ангиасаа 70/30 гэх мэтээр шилжих нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн

  • сургуулийн өмнөх болон бага ангийн хичээлийн хөтөлбөрийн ихэнх хэсгийг, тэр тусмаа бага ангид дийлэнх олонх цагийг эх хэлээр явуулах боломжийг олгох
  • хос хэлээр мэргэшсэн багш бэлтгэх маш чухал. Хос хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлэх цөм нь бэлтгэгдсэн багш болох тухай хэд хэдэн судалгаа харуулж байна хэмээлээ.