Индэр    
2021 оны 1 сарын 7
Зураг
iKon.mn сэтгүүлч

Н.Нарангэрэл: Буруу бичсэн үгийг "алдаа засагч"-тай адил зөв үгээр бүх гар утас, таблет дээр харуулдаг болгохоор ажиллаж байна

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хүн бүр, Монгол Улс даяар “Зөв бичих дүрмийн журамласан толь”-ийн дагуу бичихээр хуульчлагдсан. 

Мэргэжлийн байгууллагын зүгээс ч эргэлзээтэй үгээ уг толь бичгээс харж, зөв бичихийг зөвлөдөг. Гэвч цахим толь бичгээс үг хайх системтэй холбоотой маргаан үргэлжилсээр байна.

Тодруулбал, цахим толь бичгээс хувиргасан үгийг бичиж хайхад дүрмийн алдаатай хэдий ч гарч ирдэг. Харин дүрмээрээ зөв хувиргаснаар нь тухайн үгийг бичиж хайхад гарч ирдэггүй.

Энэхүү доголдол нь монгол хэлний зөв бичгийн дүрмийн талаар иргэдийг төөрөгдүүлж, мэтгэлцэхэд хүргэдэг бөгөөд энэ тухай бид өмнө нь хөндөж байсан.

Тухайлбал, "эрсдэл" гэдэг үгийг "эрсдэлийн" гэж зөв хувиргаснаар хайхад толиос олдохгүй.

 

Харин буруу хувиргаснаар буюу "эрсдлийн" гэж бичээд хайхад дараах үр дүн гарч ирнэ. Энэ нь "эрсдлийн" гэж бичих нь хуулийн дагуу мөрдөх ёстой журамласан толиор зөв гэсэн ташаа ойлголтыг өгч байгаа юм. 

Уг журамласан толь бичгийг ашиглах зааварт, "Үг хайх зурваст нөхцөлөөр хувилсан үг бичиж болох ба зөв бичгийн дүрмийн дагуу үгийг задалж боломжит бүх хувилбарыг харуулна" гэжээ.

 

Тэгэхээр зурагт дөрвөлжилж харуулсан үндсэн үгэн дээр дарахад дараах байдлаар хэрхэн зөв хувирах хувилбаруудыг харуулах нь.

 

Тэгвэл бас нэг өөр үгээр жишээ татъя. Журамласан толь бичгээс "авчээ" гэдэг үгийг толиос хайж үзье. 

 

Мөн "авжээ" гэдэг хувилбараар хайхад ийнхүү гарч ирж байгаа юм.

 

Энэ мэт Журамласан толь бичгийн системийн ойлгомжгүй байдал нь иргэдэд толь бичгийг ашиглахад бэрхшээл үүсгэхийн зэрэгцээ зарим хүнд монгол хэлний өөрчлөгдөөгүй дүрмийг толь бичигт өөрчлөн оруулсан мэт буруу ойлголт өгч байгаа юм.

Иймд бид Хэлний Бодлогын Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэлээс тайлбар авав.

"Толь бичгээс бүх үгийг үндсээр нь бичиж хайх хэрэгтэй"

Тэрбээр хэлэхдээ Толь бичгээс үг хайхдаа тухайн үгээ үндсээр нь хайх хэрэгтэй.

Цахим толь бичгээс үгийг үндсээр нь хайгаад дарж ороход нэр үг нь бүх хувирлаараа гарч ирнэ. 

Харин үйл үгийг бүгдийг нь хувирснаар нь жишээ болгож оруулаагүй бөгөөд тухайн үгээ үндсээр нь хайж ороход адилхан хувирах дүрмийн үг нь жишээ болж орсон байгаа.

Тухайлбал, "ав" гэдэг үгтэй "дулаар" гэдэг үг адилхан хувирах учраас бид аль нэгийг нь л тольд оруулж өгсөн гэсэн үг. Бүх үгийн хувирлыг харуулахаар оруулахад хугацаа их орно.

Тиймээс иргэд цахим толиос үг хайхдаа үндсээр нь хайхыг зөвлөж байна. Мөн толь бичгийг хэрэглэхдээ ашиглах зааврыг нь эхэлж унших хэрэгтэй” гэсэн юм.

Өөрөөр хэлбэл, "Авчээ" гэдэг үгийг толиос зөв хувирснаар нь хайх бус "Ав" гэсэн үйл үгийн үндсээр нь хайх нь зөв. Ингээд хайсан үг дээрээ дарж орвол дараах байдлаар зөв хувирсан хэлбэрийг жишээ үгээр оруулсан байна.

 

Түүнээс гадна цахим толиос буруу хувирсан үгийг хайхад яагаад гарч ирээд байдаг талаар тодруулахад "Иргэдээс ирсэн санал, гомдлын дагуу буруу хувилбараар хайсан үгийг зөвөөр үзүүлэх байдлаар системийг шинэчилсэн" гэсэн тайлбарыг Н.Нарангэрэл өгсөн юм.

"Цаашид бүх гар утас, таблет дээр хувирсан үгийг "алдаа засагч" шиг харуулдаг болгохоор ажиллаж байна"

Мөн тэрбээр “Аливаа зүйл анхнаасаа төгс бүтээгдэнэ гэж байхгүй. Толь бичиг гараад өдгөө хоёр жил өнгөрчээ. Энэ хугацаанд иргэдээс ирсэн саналуудыг бид нэгтгэж улам хэрэглэхэд хялбар болгох тал дээр ажиллаж байна.

Нөгөө талаар иргэд цахим толь бичгээ ашиглаж чадахгүй байгаа нь цаашид иргэдэд цахим толь ашиглах зааврыг илүү сурталчилж, сургалт арга хэмжээ явуулах шаардлагатайг илэрхийлж байна.

Хэлний бодлогын үндэсний зөвлөл нь Худалдаа аж үйлдвэрийн танхимтай санамж бичиг байгуулсан. Бид цаашид бүх гар утас, таблет дээр буруу бичсэн үгийг "алдаа засагч"-тай адилхан зөв үгээр нь харуулдаг болгохоор ажиллаж байгаагаа хэлье.

Цаашид Google, Apple, Microsoft-ийн төхөөрөмжийн бүх гар дээр зөв бичих дүрэм суух боломжийг хайн ажиллаж байна" гэсэн юм.

2015 онд батлагдсан Монгол Хэлний тухай хуульд зааснаар, Монгол Улсын хэмжээнд кирилл болон үндэсний бичгийн зөв бичих тус тусын нэгдмэл дүрэмтэй байх бөгөөд иргэн, хуулийн этгээд уг дүрмийг дагаж мөрдөнө гэжээ.

Харин кирилл болон үндэсний бичгийн зөв бичих дүрмийг баримтлан зохиосон толь бичгийг ШУА-ийн бүтцэд монгол хэл, түүний хэрэглээ, хөгжлийг судлах, монгол хэлний хэм хэмжээ, үгийн сангийн өөрчлөлттэй холбоотой санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Монгол хэл шинжлэлийн хүрээлэн болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд монгол хэлийг хамгаалах, хөгжүүлэх үндсэн үүрэг бүхий Хэлний бодлогын үндэсний зөвлөл хэлэлцэн батлахаар тусгажээ.

Хууль батлагдсанаас хойш гурван жилийн дараа "Монгол хэлний зөв бичгийн дүрмийн журамласан толь" хуулийн хүрээнд нийтийн хүртээл болсон ба цахим хэлбэрээр ашиглах боломж бүрдсэн билээ. 

Иймд Монгол хэлний зөв бичгийн дүрэм огт өөрчлөгдөөгүй учир батлагдсан хуулиа дагаж, толь бичгээ ашиглаж хэвших нь маргааныг таслах шийдэл гэдгийг эцэст нь дахин сануулъя.