Зураг
Зураг
Индэр    
2020 оны 11 сарын 5
Зураг
iKon.mn сэтгүүлч

Монгол хэлний зөв бичгийн дүрэм ОГТ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ!

 
“Монгол үсгийн дүрмийн толь” Ц.Дамдинсүрэн, Б.Осор, Уб., 1983 он

Монгол хэлний зөв бичгийн дүрмийн асуудлыг 2018 онд мэргэжлийн байгууллагаас цэгцэлж, эргэлзээтэй үгүүдийг журамлан “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь бичиг”-ийг гаргасан.

Гэсэн хэдий ч монгол хэлний бичгийн дүрэмтэй холбоотой асуудал иргэдийн дунд маргаан дагуулсаар байдаг. 

Тухайлбал, “цоморлог, туялзна, идэвхэжжээ, шавж” хэмээн бичихийг "үгийн дүрэм өөрчлөгдөж, огт өөрөөр бичигдэх болжээ" хэмээн иргэд шүүмжилж, олон нийтийн дунд хэлний зөв бичгийн дүрмийн талаар төөрөгдөл бий болсныг олон нийтийн сүлжээнээс харж болно. 

Тэгвэл үнэхээр монгол хэлний зөв бичих дүрэм өөрчлөгдсөн үү?

1.Кирилл бичгийн түүхээс...
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн хурлаар 1941 оны тавдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн монгол хэлний шинэ үсгийг хэрэглэх тогтоол батлагдаж, 1946 онд бүх нийтээр, албан ёсоор кирилл бичгийг хэрэглэж эхэлсэн түүхтэй.

Тухайн үеийн дээд газрын шийдвэрээр нэрт эрдэмтэн, академич Ц.Дамдинсүрэн одоогийн бидний хэрэглэж байгаа кирилл бичгийг боловсруулжээ. 

Түүнээс хойш ердөө 3-4 жилийн дараа хүн амын 90 орчим хувь нь кирилл үсгийн дүрмээ сурч, бичих болсон байна. 

Ийнхүү манай улс кирилл бичиг үсэгтэй болсон явдал нь Европын соёлтой танилцахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж салбарын эрдэмтэд үздэг тухай Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор М.Базаррагчаа ярьсан юм. 

Дараа нь 1983 онд Ц.Дамдинсүрэн, Б.Осор нар албан ёсны Монгол үсгийн дүрмийн толийг хэвлүүлэн, олон нийтэд түгээжээ.

Тодруулбал, МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны 429 дүгээр тогтоол, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалын удаа дараагийн албан даалгавар болон БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1980 оны 202 дугаар тогтоолд албан бичиг баримтын хэл найруулгыг сайжруулах, үгийн олон янзын бичлэгийг нэг мөр болгон жигдлэх тухай заасныг мөрдлөг болгон баримталж, түүнийг биелүүлэх зорилгын үүднээс ийнхүү 1983 онд Ц.Дамдинсүрэн, Б.Осор нар толийг зохиосон аж.
 
2. Монгол хэлний дүрэм түүхэндээ өөрчлөгдсөн үү?

Түүнээс хойш монгол хэлний зөв бичих дүрэм хэд хэдэн удаа өөрчлөгдсөн хэмээн олон хүн ойлгодог төдийгүй нэг утга илэрхийлэх үгийг олон янзаар бичих нь одоо ч элбэг. 

Тэгвэл энэ тухай салбарын хүмүүс тайлбарлахдаа нийгмийн шилжилттэй холбон үзэж байна. Тодруулбал, 1983 онд яг өнөөдрийнх шиг олон янзын бичлэг нийтийн дунд байсан тулд дээр дурдсанчлан 1983 онд толь бичиг гаргаж, нэг мөр болгосон байна. Ингэхдээ тухайн үеийн боломждоо тулгуурлан 100,000 хувь хэвлэж, улс даяар боломжоороо тараажээ. Гэвч удалгүй нийгмийн шилжилт, өөрчлөлт өрнөж, иргэд бичиг үсэг гэхээсээ илүүтэй ахуйдаа анхаарахаас аргагүй болсон картын барааны үе таарсан ч өнгөрсөн хугацаанд  Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын толь үндсэндээ 35 жил үүргээ гүйцэтгэсээр ирсэн хэмээн хэлбичгийн хүмүүс үздэг байна.

3. Шинэ толь бичиг гаргахдаа бичиглэлийг огтхон ч өөрчлөөгүй !

Манай улс 2015 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр “Монгол хэлний тухай хууль”-ийг УИХ-ын чуулганаар анх хэлэлцэн баталсан юм.

Тус хуулийн 8 дугаар зүйлд зааснаар,

  • Монгол Улсын хэмжээнд кирилл болон үндэсний бичгийн зөв бичих тус тусын нэгдмэл дүрэмтэй байх бөгөөд иргэн, хуулийн этгээд уг дүрмийг дагаж мөрдөнө.
  • Кирилл болон үндэсний бичгийн зөв бичих дүрэм, түүний өөрчлөлтийг энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллага буюу (ШУА-ийн бүтцэд монгол хэл, түүний хэрэглээ, хөгжлийг судлах, монгол хэлний хэм хэмжээ, үгийн сангийн өөрчлөлттэй холбоотой санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Монгол хэл шинжлэлийн хүрээлэн) хариуцан боловсруулж, 21.1-д заасан эрх бүхий байгууллага буюу (Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд монгол хэлийг хамгаалах, хөгжүүлэх үндсэн үүрэг бүхий Хэлний бодлогын үндэсний зөвлөл) баталснаар хүчин төгөлдөр болно.
  • Мөн Кирил болон үндэсний бичгийн зөв бичих дүрмийг баримтлан зохиосон толь бичгийг хоёр байгууллага хэлэлцэн батална гэжээ.

​​Өөрөөр хэлбэл, монгол хэлний зөв бичих дүрмийн өөрчлөлтийг ШУА-ийн Монгол хэл шинжлэлийн хүрээлэн санаачлан боловсруулж, Хэлний бодлогын үндэсний зөвлөл баталдаг тогтолцоог энэхүү хуулиар бий болгов. Нийтээр дагаж мөрдөх учиртай толь бичгийг ч мөн энэхүү хоёр байгууллага батлан гаргана гэсэн үг.

Ийнхүү 2015 онд хууль баталсны дараа 1983 оны толийг “Зөв бичих дүрмийн журамласан толь” нэрээр, Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын боловсруулсан 64 зүйлийн дүрмийг оруулснаар дахин хэвлэв.

Тодруулбал, 2016 оны есдүгээр сарын 8-ны өдрийн Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн тогтоолоор Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 оны тольд хавсаргасан үсгийн дүрэмд нийцүүлэн толь бичиг бүтээхийг үүрэг болгож байсан нь тухайн үеийн БСШУС-ын сайд Ж.Батсуурийн гарын үсэгтэй хамт баримт болон үлджээ.

 

Ийнхүү шинэчлэхдээ 1983 оны толь дээрх бичиглэлийг огт өөрчлөөгүй хэмээн Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор М.Базаррагчаа учирлав. Тэрбээр 2018 оны журамласан толь бичгийг боловсруулсан Ажлын хэсгийн гишүүн учраас бид тодруулсан юм.

"Хүмүүсийн буруу бичиж хэвшсэн цөөн хэдэн үг байсныг 2018 онд хуучнаар нь зөв болгож оруулсан"
 

Гавьяат зүтгэлтэн М.Базаррагчаа хэлэхдээ “1941 оны кирилл үсгийн дүрмийг сүүлд 1983 онд Ц.Дамдинсүрэн гуай нэлээд боловсронгуй болгон журамлаж, жижиг толь бичиг гаргасан. Тэр цагаас хойш монгол хэлний кирилл бичгийн дүрэм огтоос өөрчлөгдөөгүй.

Монгол Улс олон талт, нээлттэй гадаад бодлого баримталж байгаа улсын нэг учраас монгол хэлний үгийн сангийн үг нэмэгдэх, бас социализмын үед хэрэглэгдэж байсан үг хэрэглэгдэхгүй болох тохиолдол нийгэм цаг үе өөрчлөгдөхийн хэрээр гарч байна. Иймээс 1983 оны толиос хүмүүсийн хайсан зарим үг нь олдохгүй, яаж бичих тухай их асуудаг байсан.

Бид иргэдийнхээ хүсэлтийн дагуу л хайсан үгийг нь тольдоо оруулаад, үгийн сангийн хувьд хуучнаасаа арай баяжуулсан толийг 2018 онд бүтээсэн хэрэг. Ингэхдээ 1983 оны Ц.Дамдинсүрэн гуайн боловсруулсан зөв бичиг дүрмийг баримталж л бичсэн. Өөрөөр хэлбэл, 2018 онд кирилл бичгийн дүрэмд шинээр зохиосон зүйл байхгүй. Харин хуучин буруу бичиж хэвшсэн цөөн хэдэн үг байсныг зөв болгон оруулсан. Тухайлбал, “төвшин” гэдэг үг төлөв төвшин гэсэн утгатай. Харин “түвшин” гэдэг нь ямар нэг соёлын түвшин, далайн түвшин гэсэн утга санааг илэрхийлдэг.

Энэ мэтээр хоёр салаа утга гараад ирэхэд түүнийг нь тэмдэглэх үү, болих уу гэх асуудал бий болдог. Тиймээс цөөн хэдэн үгийн утгыг ялгаж, зөвөөр нь оруулж өгсөн юм” хэмээн тайлбарлав.

Мөн “Хэл гэдэг бол нэг талаар аяндаа өөрийн дотоод зүй тогтлоороо хөгждөг. Нөгөө талаар, гадаад байдал буюу нийгмийн байдлаас шалтгаалж хувьсаж байдаг. Өөрөөр хэлбэл, хэл нь өөрөө гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалж оршин тогтнодог. Хэрвээ салаа утга, хувилбарууд гардаггүй байсан бол хэлний шинжлэх ухаан царцмал байдалд орно” хэмээн доктор М.Базаррагчаа хэлсэн юм.

4. 1983 оны толь бичиг дээр ч "Шавж, эрвээхэй, саримс, цоморлог" гэж бичигдсэн байгааг олж хараасай

Иргэдийн дунд аль үгийг хэрхэн бичих талаарх маргаан өдгөө ч өрнөсөөр. “Би анхнаасаа ингэж л заалгасан" хэмээн зүтгэдэг. Тэгвэл дээр дурдсанчлан 1983 оны толь бичигт хэрхэн бичиж ирснийг иргэдийн дунд маргаан ихээр дагуулдаг үгсээр харуулъя.

Тухайлбал, (Улаан нь буруу, Ногоон нь зөв бичиглэл)

  • шавьжшавж
  • эрвээхий, дэгдээхийэрвээхэй, дэгдээхэй
  • дугараг, дугирагдугариг
  • санаачлага- санаачилга
  • ишлэлэшлэл
  • төгсөгчиддөөсурагчиддаа, нөхөддөө- төгсөгчдөдөө, сурагчдадаа, нөхдөдөө
  • увидас, увьдасувдис
  • суртхуунсуртахуун
  • аврагааварга
  • авъяасавьяас
  • сармиссаримс гэх мэтчилэн...

Эдгээр үгийн тухайд М.Базаррагчаа “Академич Ц.Дамдинсүрэн гуайн журамласан анхны толь дээр л тэдгээр үг зөвөөрөө байсаар ирсэн. Толь бичиг дээр зөвөөрөө байгаа зүйлийг зарим хүн өөрсдөө буруу харж, бичиж хэвшсэнийгээ зөв хэмээн тайлбарладаг. Түүнийг нь толь дээрх байснаар нь тайлбарлахаар бид шинээр зохиогоод, өөрчилчихсөн мэтээр ойлгох тал бий” хэмээж байв.

Тодруулбал, саримс гэдэг ийм байж ирсэн ба сармис гэж бичгийн хэлэнд огт байхгүй. Саримсыг 1983 оны тольд бүр “Саримсаг” гэж журамласан байдаг. Энэ нь бичиж хэвшихэд илүү төвөгтэй болох учир “аг”-г нь хасаж, саримс гэж бичихээр тогтсон байна.

Мөн шавж гэдэг үгийн хувьд 1983 оноос өмнө “шавьж” байсныг 1983 онд журамлахдаа үгийн гарал, бүтээвэр зүйн зарчмаараа “шавж” болгон өөрчилжээ. Учир нь шавж гэдэг үг нь өөрөө бөөнөөрөө шавж амьдардаг амьтныг илэрхийлнэ хэмээн үзсэн гэж тайлбарлав.

1983 онд хэвлэгдсэн толиос зарим үгийн зөв бичиглэлийг харвал (Зураг дээр дарж томруулж харна уу)

5. Үг, дүрэм цаашид өөрчлөгдөх үү?

Аль ч улсын хэлний зөв бичгийн дүрмийг зохиоход зарчим гэж зүйл бий.

Үүнд,

  • Бүтээвэр зүйн зарчим буюу бүтээврүүдийг тогтвортой байлгах утгат хэсгүүдийн зарчим
  • Түүнийгээ дуудах нэг авиа зүйн зарчим
  • Түүхэн зарчим багтдаг байна.

Харин академич Ц.Дамдинсүрэн авианы зарчмыг баримтлан анх зөв бичгийн дүрмийг зохиосон бол бүтээврийн зарчмыг баримталж 1983 онд журамлажээ.

Нэгэнт л 1983 оны дүрмээр байгаа үг цаашид өөрчлөгдөхгүй

"Энэ хоёрын буюу авиа зүйн зарчим, бүтээвэр зүйн зарчим хоёр таардаг боловч зарим талаараа зөрөлдөж байдаг. Хэрвээ хоорондын зөрчил байхгүй бол хэлний хөгжил, гүн ухаан нь өөрөө байхгүй болно гэсэн үг" хэмээн доктор М.Базаррагчаа хэлж байв.

Тэрбээр "Зөв бичгийн дүрмээр нэгэнт журамласан үгийг өөрчлөх шаардлага төдийлөн бий болохгүй. Нэгэнт л 1983 оны дүрмээр байгаа үг цаашид өөрчлөгдөхгүй" гэсэн юм.

2011 онд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр бага ангийн багш нараас ирсэн саналын дагуу олон янзаар бичигдэж байгаа буюу 700 үгийг сургалтын түвшинд журамласан. Харин журамласан толь бичиг шинээр гарснаар Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс тэрхүү журмыг хүчингүй болгосон байна.

Тухайн үед "Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь гарснаар Төрийн хэлний зөвлөлийн 2011 оны 01 дүгээр тогтоол буюу олон нийтийн дунд яригдаж хэвшсэн 700 үгийн тогтоол хүчингүйд тооцогдож байна" хэмээн Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл хэлж байв.

Тиймээс "Монгол Улс даяар одоо зөвхөн “Зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг л барьж бичих нь.

6. Бичгийн хэл болон ярианы хэл тусдаа ойлголт

Хэдийгээр монгол хэлний кирилл бичгийн дүрэм ярианы хэлтэй ойролцоо гэгддэг ч түүнийг өдөр тутмын хар ярианы хэлтэйгээ огтхон ч хольж хутгаж болохгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. 

Хэрвээ бид бүх үгийг ярианы хэлээрээ бичвэл хэл өөрөө аюулд орж, тогтворгүй болно

Гараар бичээд нүдээр хардаг зүйлийг амаар хэлж чихээр сонсохдоо тухайн орчин үеийнхээ дуудлагаар хэлэхэд зөрүүтэй байх тохиолдол бий. Энэ хоёр зөрчилдөж байж нэг нь зөв бичиж дүрэм, нөгөөх нь зөв дуудах дүрэм бий болдог аж.

Энэ тухай доктор М.Базаррагчаа "Монгол хэлэнд зөв дуудах дүрэм төдийлөн гараагүй. Харин гаднын толь, сурах бичгүүд дээр үргэлж бичих дүрэм, дуудлага хоёрыг тусад нь ялгасан байдаг" гэсэн юм.

Мөн тэрбээр "Ярианы хэллэгээрээ бичиж болохгүй юу гэж олон хүн хэлдэг. Тэгж болох л байх. Гэхдээ ингэвэл тухайн үгийн уг язгуур нь эвдэгдэх аюултай. Хэрвээ бид бүх үгийг ярианы хэлээрээ бичвэл хэл аюулд орж, тогтворгүй болно" хэмээн тайлбарлаж байна.

Хэрвээ үгийн язгуур нь алдагдаад эхэлбэл тухайн хэлний сэтгэлгээ, агуулга алдагдах аюултай аж.

7. Иргэд зөв бичих дүрмийн толь бичгийг ашигладаггүй !

Зөв бичих дүрэмтэй холбоотой маргаан, замбараагүй байдал үүсэж буй гол шалтгаан нь бид өөрсдөө толь бичгээ ашигладаггүй, сөхөж үзэж судалдаггүйтэй шууд холбоотой.

Үүний тод илрэл нь Хэлний бодлогын үндэсний зөвлөл рүү дүрмээ асуух гэж залгах иргэдийн дуудлага.

Тодруулбал, "Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь" хэвлэмэл номоос гадна орчин үеийн хэрэгцээнд нийцүүлэн гар утасны аппликэйшн, цахим толь хэлбэрээр гараад хоёр жил өнгөрч байхад хүмүүс одоог хүртэл Хэлний бодлогын үндэсний зөвлөл рүү аль үгийг хэрхэн бичих нь зөв болох талаар залгаж асуудаг хэмээн Хэлний Бодлогын Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл сурвалжилгын явцад дурдаж байлаа.

Түүнчлэн журамласан толь бичгийн гар утсанд зориулсан аппликэйшнийг хоёр жилийн дотор ердөө 100,000 гаруй хүн татаж суулгажээ.

Тэрбээр "Гэхдээ 1983 оноос хойш манай улс зөв бичих дүрмийн толь бичгээ журамлаад шинэчилж явсан бол иймэрхүү буруу бичиж хэвших асуудал үүсэхгүй байх байсан болов уу. Ц.Дамдинсүрэн гуай журамласан толь бичгийг гаргаснаас хойш 30 гаруй жилд дахин шинээр журамлагдсан толь бичиг гараагүй учраас ийм төөрөгдөл үүсэх нь ч аргагүй байх" гэж байв.

Уг нь түгээмэл хэрэглэгддэг 1,000 гаруй гадаад үгийг сонгож, 2018 оны журамласан тольд  зөв бичих дүрмийнхээ дагуу хувирган нэмжээ. Мөн улс орон, нийслэлийн нэрүүдийг ч зөв бичиглэлээр нь оруулсан байна.

Гол нь бид толь хэрэглэж сурах хэрэгтэй. Толь хэрэглэхгүй, хэн нэгнээс асууж таамгаар бичдэг нь үг буруу бичих шалтгаан болж байгаа гэдгийг тодотгож байна.

8. Журамласан толь бичгээс үг хайх систем өөрөө иргэдэд төөрөгдөл үүсгэж байна!

Хүн бүр, Монгол Улс даяар “Зөв бичих дүрмийн журамласан толь”-ийн дагуу л бичихээр хуульчлагдсан.

“Журамласан толь” гэсэн аппликэйшнийг гар утсандаа суулгах боломж нь нээлттэй.  

Гэхдээ тус толиос хайлт хийхдээ тухайн үгийг заавал үндсээр нь бичиж хайх хэрэгтэй болж байгаа нь толь бичгийн цахимжуулсан системийн нэг дутагдал ажээ.

"Толь ашиглах зааварт "Үг хайх зурваст " нөхцөлөөр хувилсан үг бичиж болох ба зөв бичгийн дүрмийн дагуу үгийг задалж, боломжит бүх хувилбарыг харуулна" гэсэн тайлбар байна. Харамсалтай нь зөвөөр хувилгаж бичсэн үг хайлтын системээс олдохгүй, харин эсрэгээрээ буруу хувиргасан үг хайхад гарч ирж байгаа нь иргэдэд бас нэгэн төөрөгдөл бий болгохоор байна.

Хоёр үгээр жишээ татъя

1. Тухайлбал, "эрсдэл" гэдэг үгийг зөв хувиргаснаар хайхад толиос олдохгүй байна.

 

Харин буруу хувиргаснаар буюу "эрсдлийн" гэж бичээд хайхад дараах үр дүн гарч ирж байгаа нь иргэдэд энэ хувиргалт зөв гэсэн ташаа ойлголтыг өгч байгаа юм. 

 

Энэ тохиолдолд дөрвөлжилж харуулсан үндсэн үгэн дээрээ дарахад дараах байдлаар хэрхэн зөв хувирах хувилбаруудыг харуулна.

 

 

2. "Гараг" гэдэг үгийг "гаргийн" гэж бичих нь зөв байна.

 

Гэвч энэ үгийн зөв хувиллаар та толиос хайхад доор илэрц харагдана.

 

Гэтэл "Гарагийн" гэж хайвал системд ийнхүү гарч ирж байна.

 

Энэ мэтээр цахим толиос алдаатай үгийг хайхад илэрц гарч ирж байгаа атлаа зөв хувиргаснаар хайхад гарч ирэхгүй байгаа нь өөрөө иргэдийг төөрөгдүүлж, толийг дагаж мөрдөхөд бэрхшээлтэй байдал үүсгэж байна. 

Энэ тухай Хэлний Бодлогын Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл "Иргэдээс ирсэн санал, гомдлын дагуу буруу хувилбараар хайсан үгийг зөвөөр үзүүлэх байдлаар системийг шинэчилсэн" гэсэн тайлбар өгсөн. 

Гэвч буруу хувиргасан үгийг хайхад "буруу" гэсэн ялгах тэмдэглэгээ оруулж өгөөгүй нь цахимжсан толь бичгийн алдаа ажээ.

Ийм тохиолдолд иргэд толь бичиг ашиглахдаа тухайн үгийн үндсийг бичих байдлаар хайх нь хамгийн үр дүнтэй болохыг зөвлөе. Түүнчлэн зөв бичгийн дүрэм огт өөрчлөгдөөгүй тул батлагдсан хуулиа дагаж, толь бичгээ ашиглаж хэвших нь маргааныг таслах шийдэл гэдгийг эцэст нь дахин сануулъя.