Индэр    
2020 оны 10 сарын 28
Зураг
iKon.mn сэтгүүлч

Тусгайлсан хяналтгүй хилээр нэвтэрдэг мотоциклын ослоор жилд 100 гаруй хүний амь ХОХИРЧ байна!

Зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ТЦА

Мотоциклын замбараагүй хэрэглээг хазаарлаж, зориулалтын СТАНДАРТЫГ баталъя!

Манай улсад зөвхөн зам тээврийн ослын улмаас жилд дунджаар 560 орчим хүн амиа алддаг гэх сэтгэл өвтгөм тоо баримт бий.

Дээрх ослын 60 гаруй хувь нь аялал жуулчлалтай холбоотой автомашины осол байдаг учир холбогдох байгууллагуудаас голлон анхаарлаа хандуулдаг.

Гэхдээ үүний хажуугаар хөдөө орон нутагт ямар ч хараа хяналтгүй мотоциклын осол олноор гарч, хүний амь нас эрсэдсээр байгааг мартаж болохгүй.

Тодруулбал, 2020 оны оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд гарсан мотоциклтой холбоотой зам тээврийн 392 ослын дийлэнх нь буюу 313 нь хөдөө орон нутагт бүртгэлтэй байна.

Ослын улмаас нийт 243 хүн гэмтэж бэртэж, 91 хүн амь насаараа хохирчээ.

Өөрөөр хэлбэл, сард дунджаар 10 хүн мотоциклын ослоор нас барж, 27 хүн гэмтэж, бэртсэн гэсэн үг.

Мотоциклын ослын эдгээр тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт дуудлага 1.5 хувиар, хүний амь нас хохирсон осол 4.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа бол ослын улмаас гэмтсэн хүний тоо 8.5 хувиар өссөн байгаа юм.

(Сүүлийн дөрвөн жилд бүртгэгдсэн мотоциклтой холбоотой ослын тоог хот, хөдөөгөөр харьцуулан харах боломжтой)

(Мотоциклын ослын улмаас гэмтсэн хүний тоо сүүлийн 2016-2020 оны есдүгээр сар хүртэл)

График.3 (Мотоциклын ослын улмаас амиа алдсан хүний тоо 2016-2020 оны есдүгээр сар хүртэл)

"Он гарсаар эхний есөн сард бүртгэгдсэн мотоциклтой холбоотой 392 ослын 70% нь улсын дугааргүй байсан​"

Орон нутагт мотоциклын осол ингэж ихээр бүртгэгддэг нь иргэдийн хайхрамж, ухамсаргүй үйлдэл болоод хяналтгүй худалдан авалттай шууд холбоотой гэдгийг ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Б.Зоригоо хэллээ.

Тэрбээр “Мотоциклтой холбоотой осол орон нутагт хамгийн их бүртгэгддэг. Энэ нь нэгдүгээрт хөдөө орон нутгийн иргэдийн хайхрамжгүй байдалтай шууд холбоотой.

Өөрөөр хэлбэл, хөдөөний иргэдийн дунд мотоцикл байнгын хэрэглээ болчихсон. Тэд ямар ч жолоодох эрхийн үнэмлэхгүй, аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар ч мэдэхгүй, мэдсэн ч үл ойшоон мотоцикл жолоодож байна.

Бүр насанд хүрээгүй хүүхдээ хүртэл хонь, мал эргүүлэхдээ мотоцикл унуулаад явуулчихдаг ч тохиолдол бий” хэмээн ярив.

Он гарсаар мотоциклын ослоор 91 хүн амиа алдсаны хоёр нь насанд хүрээгүй хүүхэд байжээ.

“Нөгөө талаар хөдөө, орон нутгийн иргэд мотоциклыг өдөр тутамд хэрэглэдэг энгийн бараа шиг хараа хяналтгүй худалдаж авдаг” гэдгийг дурдав.

Тодруулбал, мотоциклын стандарттай холбоотой журам манай улсад байдаггүйн улмаас техникийн шаардлага хангахгүй, орон нутгийн замд унахад тохиромжгүй мотоцикл худалдаж авахын зэрэгцээ бүртгэл хийлгэж, оношилгоонд оруулдаггүй аж.

2020 оны аравдугаар сарын 14-ний байдлаар улсын хэмжээнд 67,469 мотоцикл улсын дугаарын бүртгэлтэй байна.

Үүнээс 9,811 мотоцикл нь Улаанбаатар хотод бүртгэлтэй бол үлдсэн 57,658 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байгаа юм.

Гэсэн хэдий ч сүүлийн есөн сарын хугацаанд бүртгэгдсэн 392 ослын 70 гаруй хувь нь улсын дугааргүй мотоциклын осол байсан гэдгийг мэргэжилтэн Б.Зоригоо онцолж байв.

"Тээврийн хэрэгслээ АТҮТ-д бүртгүүлэх нь иргэдийн заавал биелүүлэх ёстой үүрэг"

Мөн Авто тээврийн үндэсний төвийн Статистик тоон мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Батсүх “Хөдөө орон нутгийн иргэд аймгийн аль нэг техникийн захаас л мотоциклыг худалдаад авчихдаг. Худалдаж авч буй мотоциклоо бүртгэлжүүлж, оношилгоо хийлгэхгүйгээр захаас шууд худалдаж аваад явчихдаг талтай.

Уг нь тээврийн хэрэгслээ Авто тээврийн үндэсний төвд бүртгүүлж, улсын дугаар авах нь иргэдийн заавал биелүүлэх ёстой үүрэг. Гэвч ихэнх нь сумын болон аймгийн төв рүү мотоциклтой орох ажилтай нөхцөлд л дугаар авч бүртгэлжүүлэх хандлагатай байдаг. Судалгаагаар осол гаргасан мотоциклын дийлэнх нь БНХАУ-аас орж ирсэн, 1-2 жилийн насжилттай, ямар үйлдвэрт яаж үйлдвэрлэгдсэн нь тодорхой бус, бүртгүүлээгүй, улсын дугааргүй байдаг” хэмээн батлав.

2018 онд 4,634 мотоцикл улсын дугаар авсан бол 2019 онд 3,560 мотоцикл бүртгүүлж, улсын дугаар авжээ.
"Импортоор орж ирж буй мотоциклд тусгайлсан шаардлага тавьдаггүй"

Үнэхээр хаана, яаж үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, ямар нэг стандарт шаардахгүйгээр мотоцикл хилээр орж ирдэг эсэх талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас тодруулахад "Хилээр оруулж ирэх мотоциклын стандарт, шаардлагатай холбоотой асуудлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Гаалийн ерөнхий газар шалгадаг” тухай учирласан юм.

Харин МХЕГ-ын Хэвлэлийн төлөөлөгч Т.Балжинням “Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс хилээр орж ирж буй мотоциклд араам нь заавал төмөр байна, хурд нь километр цагаар заасан байна гэх мэтчилэнгээр тодорхой заасан стандартын шаардлага тавьдаггүй.

Өөрөөр хэлбэл, яг Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтын чиг үүрэгт уг асуудал байхгүй” гэлээ.

Түүнчлэн “Мотоцикл нь өөрөө хилээр нэвтрүүлэх хориотой бараа биш учраас Гаалийн ерөнхий газраас тусгайлсан шаардлага тавьдаггүй” гэдгийг ГЕГ-ын Статистикийн хэлтсийн дарга н.Лхагва хэлэв.

Тодруулбал, Гаалийн байгууллагаас хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийн материалын гаалийн бүрдүүлэлтийг хийж, үнэлж, татвар л тооцдог аж.

Манай улсад 2020 оны эхний есөн сарын байдлаар нийт 30,806 ширхэг мотоцикл импортоор орж ирснээс 29,590 нь БНХАУ-ынх байна.

Үнийн дүнгээр нь тооцвол, Монголд Улсад сүүлийн есөн сарын хугацаанд 16 сая ам.долларын өртөг бүхий мотоцикл импортоор орж иржээ.

Хүснэгт. Мотоциклын импорт 2016-2017 он

Тэвштэй буюу тэвшгүй мотоцикл ба хөдөлгүүрт дугуй, дугуйт тэрэг            2016 он           2017 он           2018 он           2019 он 2020 оны эхний 9 сар
тоо ширхэг үнэ /мян ам.долл/ тоо ширхэг үнэ /мян ам.долл/ тоо ширхэг үнэ /мян ам.долл/ тоо ширхэг үнэ /мян ам.долл/ тоо ширхэг үнэ/мян ам.доллар
Австрали     1 23     14 14.744 4 8.5
Австри 26 112.5 28 128.2 73 358.2 99 525.5 61 337.2
АНУ 22 106.9 37 352.7 47 384.4 45 160.1 42 138.4
Белорусь                    
Бельги                    
БНСУ 53 19.8 40 12.7 122 51.2 234 94.6 60 17.2
БНХАУ 21,085 10,729 31,307 15,250 37,843.00 19,484.9 38,076 18,817 29,590 14,520
Болгар                    
Индонез             5 5.6 10 8.3
Исланд             1 1.3    
Испани 1 0.3 1 0.2     2 1.08 2 11.6
Итали 3 15.4 5 17.2 5 14.6 11 32.1 24 31.9
Их Британи         3 3.9 5 9.0 7 9.4
Канад             1 4.705 1 2
Малайз                    
Мексик     9 88.9     4 101.8 2 14.1
Нидерланд                    
ОХУ 13 58.2 5 35.4 6 6.3     1 1.3
Польш 1 7.6         1 2.2    
Сингапур                    
Сянган/Гонконг/                    
Тайвань 2 1.1 3 61.9 5 1.7 23 13.2 23 8.4
Тайланд         2 0.8 8 8.9 21 13.6
Франц 1 0.2         5 10.5 11 23.4
ХБНГУ 7 17 5 7.7 30 147.0 31 67.2 26 58.6
Чех 16 15.5                
Швед                    
Швейцар                    
Шинэ Зеланд                    
Энэтхэг 109 64.8 445 278.5 229 155.2 242 162.7 554 370.5
Япон 257 216.8 281 387.7 381 342.1 534 487.5 362 338.6
Турк                 4 8
Вьетнам                 1 0.4
 Нийт дүн      21,596     11,365     32,167     16,644 38,746 20,950 39,341 20,520 30,806 15,922
"Бараг бүх аймгийн журмын хашаанд эзэн нь хаячихсан мотоцикл өрөөстэй байгаа"

Хятад улсаас орж ирсэн мотоцикл тоо хэмжээгээрээ харьцангуй их байгаа нь үнэ хямдтай холбоотой. Нэгэнт оруулж ирэхэд тодорхой стандарт, шалгуур шаардлага тавьдаггүй учраас аль хямдыг нь олноор оруулж ирэх сонирхол наймаачдын дунд байдаг ажээ.

Иргэд ч хятад мотоциклыг өргөнөөр хэрэглэх болсон нь үнийн байдлаас шалтгаалдаг болов уу. Тэр ч бүү хэл ямар нэг байдлаар дүрэм зөрчиж, мотоциклоо журамлуулчихаад тэр чигт нь хаяад, шинийг авдаг нь мөн л үнэ хямдтай холбоотой гэх.

Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Б.Зоригоо хэлэхдээ “Уг нь мотоцикл барихад заавал А ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх шаардлагатай. Харамсалтай нь дээр дурдсанчлан мотоциклтой холбоотой зам тээврийн ослын дийлэнхэд жолооч ямар нэг жолоодох эрхийн үнэмлэхгүй байдаг. Үнэмлэхгүйн дээр согтуугаар жолоодож яваад баригдаж, мотоциклоо журамлуулдаг ч хаяад шинийг худалдаад авчихдаг.

Манай улсын хамгийн түгээмэл ашигладаг нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн "Даяан" маркийн мотоцикл. Тухайн мотоцикл нь техникийн захуудад 1-1.5 сая төгрөгийн үнэтэйгээр худалдаалагддаг. Тиймээс ч 1-2 жил уначихсан хямд үнэтэй мотоциклоо журамлуулчихаад хаяж яваад, өөрийг худалдаад авчихдаг байх.

Бараг бүх аймгийн журмын хашаанд хураагдсан буюу эзэн нь хаяад явчихсан мотоцикл өрөөстэй байгаа” гэсэн юм.

Түүнээс гадна аливаа техник хэрэгслийг зориулалтын эд ангиар нь засаж, янзлах ёстой. Гэвч монголчууд хэрхэн үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, дээд тал нь хоёрхон жилийн насжилттай гэгдэх мотоциклынхоо эвдэрсэн эд ангийг өөрсдөө “монголчилж” буюу шаардлага хангахгүй зүйлсээр орлуулан янзалдаг.

Наад зах нь гэрэл нь шатчихсан мотоциклоо шөнө дөлөөр унахдаа асаагуурын гэрэл амандаа зууж яваад онхолдож, хүнд бэртсэн тохиолдол ч байдаг байна.

Дээрх байдлуудыг үндэслэн Тээврийн цагдаагийн албанаас өнгөрсөн тавдугаар сард мотоциклтой холбоотой стандарт баталж, журамлах хэрэгтэй талаарх саналаа холбогдох байгууллагуудад албан ёсоор хүргүүлжээ.

Өөрөөр хэлбэл, мотоциклын замбараагүй хэрэглээг бууруулахын тулд заавал дагаж мөрдөх ёстой стандартын дүрэм, журам батлан мөрдүүлэх хэрэгтэйг албаныхан хэлж байна.

Уг саналаас дурдвал,

  • Мотоциклын техникийн ерөнхий шаардлага, аюулгүй байдалтай холбоотой үндэсний стандартыг шинээр боловсруулж, хил, гаалиар чөлөөтэй нэвтэрч байгаа мотоциклуудад хяналт тогтоох,
  • Иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, өмчлөлд байгаа улсын бүртгэлд бүртгүүлээгүй мотоцикл бүрийн судалгааг гаргаж, улсын бүртгэлд бүртгүүлж, улсын дугаарын тэмдэг олгуулах, цаашид шинээр худалдан борлуулж байгаа мотоциклыг улсын дугааргүй борлуулахгүй байх,
  • Мотоцикл худалдаалахад стандартын шаардлагад нийцсэн 2-оос доошгүй хамгаалалтын малгай дагалдуулж байх талаар энэ төрлийн худалдаа эрхэлж буй иргэн, ААН-д албан мэдэгдэл, зөвлөмжийг хүргүүлэх,
  • Мотоцикл хэрэглэгчдийг А ангиллын курс, сургалтад заавал хамруулж үнэмлэхжүүлэх чиглэлээр нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг дарга нартай хамтарч иргэдэд замын хөдөлгөөн аюулгүй байдлын талаар мэдлэг олгох зэргийг тусгажээ.

Дээрх нөхцөлүүдийг хангаж чадвал хайхрамжгүй жолооч нарыг маш олон эрсдлээс сэргийлэх БОЛОМЖ БАЙНА!

Нөгөө талаар, мэдээж аливаа осол хэргийг санаатайгаар үйлдэж, амь нас, эрүүл мэндээрээ хохирохыг хэн ч хүсэхгүй. Тиймээс иргэд амь насаа хайрлаж, санамсар болгоомжгүй аливаа үйлдэл үргэлж эрсдэл дагуулж байдгийг санаж, аюулгүй байдлаа өөрсдөө чанд сахих ёстой.

Хүйтний улирал эхэлж байна. Яг ийм үеэр буюу аравдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд мотоциклтой хөдөлгөөнд оролцохыг аймаг, сум дүүрэг, нутгийн удирдах байгууллагаас хориглож, захирамж гаргадаг.

Гэтэл хөдөө орон нутагт хараа хяналт хангалтгүй. Ямар ч стандартгүйгээр орж ирдэг, өвөл эсвэл зуны дугуй гэж байдаггүй, зөвхөн асфальтан замд явах зориулалт бүхий мотоциклыг иргэд улирал харгалзахгүй унаж, амь насаа алдсаар байна. Иймд уг асуудалд анхаарал хандуулж, ядаж мотоциклтой холбоотой стандарттай холох шаардлагатайг энэхүү тээврийн хэрэгслийг дагасан осол аваар харуулж буй.

Нийслэлийн хувьд түгжрэлээс залхсан иргэд цагаа хэмнэх зорилгоор бусад төрлийн хэрэгслүүдээр хөдөлгөөнд орох болсон. Үүнийг дагаад осол хэргүүдийн төрөл ч нэмэгдэж байна.

Тухайлбал, он гарсаар есөн сарын хугацаанд зөвхөн цагдаагийн газарт бүртгүүлсэн унадаг дугуйн осол 15, мопидтой холбоотой осол дөрөв гарчээ. Гэтэл мотоциклын хэрэглээг ч зохицуулаагүй сууж байна.

Нэмж хэлэхэд, төр засгаас дээрх асуудалд илүү нухацтай хандаж, дор бүр нь хяналт, шаардлага бий болгохгүй бол тээврийн хэрэгслээс гарсан хог хаягдлаа шингээх газаргүй манай улс хоёрхон жилийн настай төмрийн хогоор дүүрэх ч эрсдэл хүлээж байна!!!