Индэр    
2020 оны 5 сарын 5
Зураг
iKon.mn сэтгүүлч

МСҮТ төгсөгчдийн 62%, Их, дээд сургууль төгсөгчдийн 76% нь мэргэжлээрээ ажиллаж байна

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ажилгүйдэл, ядуурал зэрэг нь өнөөгийн Монголын нийгмийн байнгын сэдвийн нэг болоод удаж буй.

Үүний нэг жишээг Үндэсний статистикийн хорооноос 2019 оны эцэст хийсэн судалгааны дүн харуулж байна. 

Тодруулбал, өнгөрсөн оны эцэст улсын хэмжээнд 105,139 иргэн ажилгүй байсан аж.

Энэ оны гуравдугаар сарын байдлаар ч бүртгэлтэй 19 мянган гаруй ажилгүй иргэн байна.

Нийгэмд ажилгүйдэл оршин байх энэ асуудал нь нэг талаараа боловсон хүчнээ хангах тогтвортой ажлын байр дутмаг, нөгөө талаар тухайн ажлын байранд тохирох хүн цөөнтэй байдлаас шалтгаалдаг билээ. 

Харин Засгийн газраас ажилгүйдлийг бууруулах чиглэлээр авч буй арга хэмжээний нэг нь залуусыг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-д сургах явдал.

Энэ тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг МСҮТ-д суралцагчдын сар бүр авдаг тэтгэлгийн хэмжээг нэмсэн тухай Засгийн газрын шийдвэрийг танилцуулах үеэр хэлж байв.

Иймд энгийн ажилтан, мэргэжилтэн богино хугацаанд бэлтгэдэг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцах хүсэлтэй хүмүүст зориулан давуу болон сул талуудыг сурвалжлахыг зорилоо.


МСҮТ-ийн 45 хүртэлх насны бүх оюутан тэтгэлэг авна

Дээр дурдсанчлан ажилгүйдлийг бууруулахын тулд төр, засгаас залуусыг МСҮТ-д сургах тал дээр анхаарч буй.

Тэр ч утгаараа 2016 оноос олгохоо зогсоогоод байсан МСҮТ-д суралцагчдын тэтгэлгийг өнгөрсөн оноос дахин өгч эхэлсэн юм.

Мөн энэ жилээс тэтгэлгийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, 200 мянган төгрөг байхаар журамд өөрчлөлт оруулсан бөгөөд дотуур байрны хоолны мөнгийг ч 685 төгрөгөөр нэмж, 3,000 төгрөг байхаар тогтоож өгчээ.

Ингэхдээ тэтгэлгийг 45 хүртэлх насны бүх оюутанд сар бүр олгож байхаар зохицуулсан.

Энэ нь МСҮТ-д суралцаж буй 45 хүртэлх насны бүх суралцагч сар болгон 200 мянган төгрөг авахын зэрэгцээ, мэргэжил эзэмших боломж бүрдсэн гэсэн үг юм.

Жил бүр МСҮТ-д 20 мянга орчим иргэн шинээр элсэж, 18-19 мянган хүн төгсдөг.

Энэ жил улсын хэмжээнд 80 гаруй МСҮТ-д нийт 37,806 иргэн суралцаж буй бөгөөд нийт суралцагчдын 75 хувь нь 24 хүртэлх, 95 хувь нь 45 хүртэлх насныхан бол 45-аас дээш насны суралцагчид 5 хувийг нь эзэлж байна.

Харин 60-аас дээш нас суралцагчдын тухайд “Тэтгэврийн насны хүн суралцаж болохгүй гэдэг нь өрөөсгөл ойлголт. Учир нь эрүүл саруул гар хөл нь хөдөлж байгаа хүмүүс 60 насандаа юм сураад яагаад хөдөлмөрлөж болохгүй гэж.

Тухайн орон нутагтаа сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр ч МСҮТ-д суралцаад хувиараа бизнес эрхлэх боломж нь нээлттэй” гэж албаны эх сурвалж тайлбарлаж байв.

Ямартай ч МСҮТ-д суралцах тодорхой шаардлага хангасан иргэд мэргэжил эзэмшиж, ажилд орох боломж бий.

Залуу үеийнхэн ирээдүйг харсан сонголтыг чухалчлахад илүүдэхгүй

Аж үйлдвэрлэл, бүтээн байгуулалт ихээр хийгдэж буй цаг үед энгийн ажилчин, мэргэжилтний хэрэгцээ улс, орнуудад эрэлттэй байсаар ирсэн.

Манай улсын хувьд ч бүтээн байгуулалт хийгдэж, барилгын салбар идэвхжиж буйтай холбогдуулан МБСБ-аар бэлтгэгддэг мэргэжлүүд өндөр эрэлттэй болохыг 2019 оны хөдөлмөрийн зах зээлийн төлөвт дурдсан байдаг.

Гэхдээ дэлхий дахинд техник, технологи асар хурдацтай хөгжиж буй цаг үед мэдээллийн технологи хамгийн чухал бөгөөд алсдаа энгийн ажилтны хэрэгцээ үгүй болно гэх судлаачдын таамаглалыг мартаж болохгүй.

Тухайлбал, 2030 он гэхэд мэдээллийн технологи одоогоос хэд дахин хөгжиж, давамгайлах нь цаг хугацааны л асуудал болсон гэдгийг энд сануулах нь зүйтэй.

2030 оны дэлхий:

 
Юу Эс Пи Монгол компанийн гүйцэтгэх захирал Ш.Буянжаргалын ярилцлагаас ашиглав

Харин ХНХЯ-наас жил бүр гаргадаг их дээд болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийн ажил эрхлэлтийн тандан судалсан тайлан-2019-д дурдсан мэдээллээс харахад "Нийт төгсөгчдөд гадаад хэл, компьютерын мэдлэг, баримт бичиг боловсруулах, мэргэжлийн мэдлэг, чадвар ажлын байранд нь илүү дутагдсан" гэжээ.

Үүнийг их, дээд сургууль болон МБСБ-ын төгсөгчдөөр нарийн харьцуулбал, МСҮТ төгсөгчид компьютерийн мэдлэгээр их, дээд сургууль төгсөгчдөөс арай дутмаг байгаа нь харагдаж байна.

 
Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа-2019

Тиймээс их, дээд сургууль болон сургалтын байгууллагууд төгсөгчдөд ажиглагдсан дутмаг гэх ур чадварыг анхаарч, сургалтаа сайжруулах бодлого барих шаардлагатайг энэ ташрамд хэлэх хэрэгтэй.

МБСБ-ын төгсөгчдийн 23.9 хувь нь улирлын чанартай ажил хийж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн 2019 оны хөдөлмөрийн зах зээлийн төлөвт засалчин, шаварчин, барилга угсралтын туслах ажилтан, барилгын мужаан, арматурчин, цахилгаанчин зэрэг барилгын салбар идэвхжихтэй холбогдуулан МБСБ-аар бэлтгэгддэг мэргэжлүүд өндөр эрэлттэйг дурдсан байдаг.

Мөн дээд боловсрол шаарддаг инженер, их эмч, нягтлан бодогч, эм зүйч, бага ангийн багш зэрэг мэргэжлийн ажиллах хүч эрэлттэй байна гэжээ.

МСҮТ-д суралцагчид ихэвчлэн уул уурхай, барилгын чиглэлийг сонирхдог тухай ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаа хэлэв.

Тэрбээр "МСҮТ-д суралцагчид ихэвчлэн уул уурхай, барилгын чиглэлийг сонирхдог ч харамсалтай нь энэ салбарын ажлын байрны эрэлт өөрөө улирлын чанартай.

Тиймээс энэ мэргэжлээр төгссөн хүмүүс тухайн ажлын байрт бүртгэгдчихээд дараа нь уул уурхай, барилга зогссон үед нь ямар ажил хийж байгааг бодлогын түвшинд анхаарах хэрэгтэй болсон" тухай онцолж байсан юм.

Хөдөлмөр эрхлэлтийн судалгаанаас үзэхэд ч 2015-2016 оны хичээлийн жилд их, дээд сургууль төгсөгчдийн 8.5 хувь нь, харин МБСБ-ын төгсөгчдийн 23.9 хувь нь түр болон улирлын чанартай ажлын байранд ажиллаж байна.

МСҮТ төгсөгчдийн ажиллаж буй салбар:

 
Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа 2019

"МСҮТ-д суралцагчдын 60 хувь нь төгсөнгүүтээ ажлын байртай болдог"

Их, дээд сургуульд орж чадаагүй нь МСҮТ-д суралцдаг гэсэн өрөөсгөл ойлголт нийгэмд байдаг.

Гэхдээ хүссэн хүн болгон МСҮТ-д элсэж ордоггүй бөгөөд ихэнх элсэгч ажлын байртай болох магадлалыг тооцдог гэх албан бус яриа бий.

Тэгвэл ХНХЯ-наас жил бүр гаргадаг их дээд болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийн ажил эрхлэлтийн 2019 оны судалгаанд дурдсанаар МБСБ төгсөгчдийн 71.6 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаагийн 62 хувь нь мэргэжлээрээ хөдөлмөр эрхэлж буй аж.

Харин их, дээд сургууль төгсөгчдийн 79.6 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд нийт төгсөгчдийн 76.6 хувь нь мэргэжлээрээ хөдөлмөр эрхэлж байна гэжээ.

Энэ талаар А.Халиунаа хэлэхдээ “МСҮТ-д суралцаж буй хүүхдүүд үйлдвэрийн дадлага хийх хугацаанд л тухайн байгууллага нь төгсөхөөр нь ажилд авна гээд шууд л гэрээ байгуулдаг.

Ер нь МСҮТ-д суралцагчдын 60 хувь нь төгсөнгүүтээ ажлын байртай болдог. 60 хувь гэдэг бол тийм ч хангалттай дүн биш мэт санагдаж болох юм.

Учир нь төгсөгчдийн долоон хувь нь дээд боловсрол эзэмших сонирхолтой, 5-6 хувь нь цэрэгт явсан болон хүүхэд гаргасан гэх шалтгаантай байдаг.

Ингэхээр цаана нь ажилд орж чадаагүй үлдэж байгаа 20 орчим хувь л байна. Бид яагаад ажлын байртай болохгүй байгаа талаар судалгаа хийж буй.

Мөн тэднийг өөртөө ажлын байр бий болгох болон хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих дотоодын үндэсний хөтөлбөрт хамруулах тал дээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газартай хамтарч ажиллаж байна” гэсэн юм.

"Гагнуурын ангийг төгссөн хүүхэд өндөр хөлсөөр хөдөлмөрөө үнэлүүлж байна"

Зарим тохиолдолд Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагаар бэлтгэгдсэн мэргэжилтэн дээд сургууль төгсөгчдөөс илүү цалингаар хөдөлмөрөө үнэлүүлэх нь элбэг байна.

Тухайлбал, 2017 оны Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцсон суралцагч дөрвөн төрлийн гагнуурыг маш өндөр түвшинд хийж, Монголын томоохон уул, уурхайн компанид хэдэн сая төгрөгийн цалинтай ажилладгийг ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаа жишээлсэн юм.

Тэрбээр хэлэхдээ “Гагнуурын ангийг төгссөн хүүхэд өндөр дүнгээр хөдөлмөрөө үнэлүүлж байна.

Өөрөөр хэлбэл, дээд боловсрол эзэмшсэн ч авч чаддаггүй цалинг МСББ төгссөн хүүхэд гагнуур хийгээд олж байна. Энэ бол ур чадвар.

Дэлхий дахинд үйлдвэрлэл хөгжсөөр ч байна. Харин тухайн үйлдвэрт дандаа дээд боловсролтой хүн ажиллахгүй нь мэдээж. Гагцхүү тухайн үйлдвэрт тоног төхөөрөмж дээр ажиллах хүч л чухал.

Мөн манай улсын томоохонд тооцогдох компаниудаас өөрийн ажлын байрандаа шаардлагатай мэргэжилтэн бэлтгүүлэх захиалга ихсэх болсон” хэмээн ярив.

Гэхдээ төгсөгчдийн одоо авч буй дундаж цалинг сургуулийн төрлөөр нь харьцуулан харахад их дээд сургууль төгсөгчдийнх сарын 910.1 мянган төгрөг байгаа бол МБСБ төгсөгчдийнх 793.4 мянган төгрөг байна.

Мөн хөдөлмөр эрхэлж буй их, дээд сургууль төгсөгчдийн 90.2 хувь нь МБСБ төгсөгчдийн 69.1 хувь нь ажил олгогчтойгоо гэрээ байгуулсан гэх судалгаа бий.

Эзэмшсэн мэргэжлээ үнэгүйдүүлэхээ зогсооё

Одоогийн нийгэмд ямар мэргэжлээр эзэмшиж, хэр мэдлэг хуримтлуулах вэ гэдгээс илүү ямар нэг сургууль төгссөн гэрчилгээнд ач холбогдол өгөх болсон нь харамсалтай.

Тухайлбал, Үндэсний статистикийн хорооны 2019 оны дөрөвдүгээр улирлын Ажиллах хүчний судалгаагаар "Тодорхой мэргэжил эзэмших түвшний буюу техникийн болон мэргэжлийн, тусгай мэргэжлийн дунд болон дээд боловсролтой ажилгүй хүмүүс нийт ажилгүйчүүдийн 64.3 хувь байгаа бол үлдсэн 35.7 хувь нь бүрэн дунд, түүнээс доош болон боловсролгүй иргэд байна" гэжээ.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны сүүлээр ажилгүй байсан 105 мянган иргэний дийлэнх хувь нь ямар нэг байдлаар мэргэжил эзэмшсэн хүмүүс байсан аж.

Хөгжиж буй ихэнх орнуудад гол төлөв боловсрол доогуур буюу боловсролгүй хүн ам ажилгүй байдаг бол манай улсад боловсролтой иргэд илүү ажилгүй байх хандлагатай байгааг уг судалгаанд онцолсон байна.

Тиймээс залуус бид аль сургуульд суралцахаас үл шалтгаалан чанартай боловсрол эзэмшихийн зэрэгцээ олж авсан мэдлэгээ үнэгүйдүүлэхгүй байх нь чухал болоод байна.

Хэдийгээр ямар боловсрол эзэмших нь хувь хүний сонголтын асуудал ч алсдаа ажилгүйчүүдийн эгнээнд орохооргүй мэргэжил сонгох хэрэгтэй.