Индэр    
2020 оны 2 сарын 20
Зураг
iKon.mn сэтгүүлч

Иргэд шахмал түлш авах гэж хоёр дүүрэг дамнан хайж байна

"Тавантолгой түлш" ХХК өдөрт 2,500-3,000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай.

Гэвч сүүлийн үед шахмал түлш болон түүний барьцалдуулагчийн нөөц хомстож, түгээлт муу байна гэх яриа иргэдийн дунд гараад байгаа юм.

Энэ талаар Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Өдөрт 100-200 тонн барьцалдуулагч БНХАУ-аас орж ирж байна. Тэгэхээр барьцалдуулагч тасарсан гэсэн ойлголт байхгүй. Мөн хүмүүст зургаан шуудайгаар буюу өгдөг тоогоороо өгч байгаа.

Үйлдвэрлэлийн хүчин чадал хэвийн ажиллаж байгаа ба өдөрт 3,000 тонн шахмал түлш үйлдвэрлэж, улсын хоёр байцаагч үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. Барьцалдуулагч болон шахмал түлшний хомстол үйлдвэрлэлийн явцад одоогоор үүсээгүй” хэмээн шахмал түлштэй холбоотой ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэж байсан юм.

Харин энэхүү тайлбар нь бодит үнэнд хэр нийцэж байгааг сурвалжлахаар хүн ам хамгийн олонтой, тэр дундаа гэр хороолол зонхилдог Баянзүрх дүүргийг зорилоо.


Сансрын колонкоос баруун зүгт явах замд шахмал түлшний борлуулалтын хэд хэдэн цэг таарсны хамгийн эхнийх нь Баянзүрх дүүргийн 174 дүгээр цэг байв.

Таксины буудал дээр ирэв үү гэмээр автомашинууд энд эгнэн зогсжээ.

 

Худалдаа хийж буй залуугаас өдөрт хэдэн тонн шахмал түлш ирж байгааг лавлахад "Манай цэг дээр шахмал түлшний түгээлт өдөрт хоёр удаа таван тонноор ирдэг ч хүмүүсийн хэрэгцээнд тэр бүр хүртэхгүй байгаа мэт санагддаг.

Учир нь түлш орой 19:00 цаг гэхэд зарагдаад дуусчихдаг. Ажил тарах үеэр ачаалал ихэсдэг" гээд завгүй байгаагаа хэлээд наймаагаа үргэлжлүүлэв.

"Эрэлт их, нөөц багатай үедээ аль болох л нөхцөл байдалтайгаа тохируулан борлуулахыг хичээдэг"

 

Харин тус борлуулалтын цэгийг хариуцагч Х.Цэндсүрэн “Манайд өнөөдөр 11 тонн шахмал түлш ирсэн. Одоогоор долоон тонн түлш зарчхаад дөрөвхөн тоннтой л үлдсэн байна.

Манай цэг 24 цагийн үйлчилгээтэй учраас түлшний хангамж тасардаггүй. Өдөр 10-20 тонн шахмал түлш ирдэг. Энэ нь нэг борлуулалтын цэгийн хэмжээнд хангалттай гэж бодож байна. Харин нийт иргэдийн хэрэгцээний хувьд цэг бүрийн хүргэлтээс шалтгаалж янз бүр байгаа болов уу.

Яг үнэнийг хэлэхэд шахмал түлшний хэмжээ өмнөхтэйгөө харьцуулахад хомстолтой байна уу даа гэмээр байгаа” гэлээ.

Мөн тэрбээр "Зарим үед олон хүн дараалал үүсгэдэг. Ийм үед түлш багатай байвал ирсэн хүмүүстээ хүртээмжтэй байлгах үүднээс хүн бүрт 2-3 шуудайг борлуулдаг" гэдгээ нуусангүй.

Үүнийгээ тэр "Түлш бага үлдсэн үед түрүүлж ирсэн хүмүүст нь зургаа, зургаан шуудайгаар нь түлшээ өгчхөөр авч чадалгүй үлдэх хүмүүст нь хэцүү шүү дээ. Тиймээс эрэлт их, нөөц бага үлдсэн орой аль болох л нөхцөл байдалтайгаа тохируулан борлуулахыг хичээдэг” хэмээн учирласан юм.

"Хоёр дүүрэг дамжин байж түлшээ олж авч байна" гэв

Тус борлуулалтын цэгээс түлш авахаар ирсэн иргэнтэй ярилцлаа.

Иргэн н.Батбаяр “Манайх Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах Салхит гэдэг газар байдаг. Би зургаан шуудай шахмал түлш авахын тулд хоёр дүүрэг дамнан явж байж олж байгаа нь энэ. Тэр хавийн борлуулалтын цэгүүдэд шахмал түлш нь огт байхгүй, бүгд хоосон байна.

Борлуулагчдаас нь асуухаар “Одоо ачиж байна” л гэсэн хариу өгдөг. Би л лав өчигдрөөс хойш гэрийнхээ ойр хавиас шахмал түлш хайгаад олсонгүй. Цагаан сар болох гээд байхад түлш, түлээгээ бэлдэх гэсэн хүн олон байх нь мэдээж. Гэтэл яг ийм үеэр түлш хангалтгүй байгаа нь бухимдал төрүүлж байна.

Уг нь түлшний хувьд илч сайтай. Гэхдээ зарим долоо хоногт зургаан шуудай түлш хүрэлцдэггүй. Үнэндээ би өөрийн гэсэн унаа тэрэгтэй тулдаа л энэ хол ирж, түлш авч байна. Гэтэл машингүй хүмүүс тэргээ түрээд аль хүртэл явж байгаа бол гэдэг хаа хаанаа хэцүү” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Баянзүрх дүүргийн 174 дүгээр цэгээс шахмал түлш худалдан авч байсан иргэдийн дунд иргэн Батбаярын адил холоос зорьж ирж түлш авч байгаа хүн цөөнгүй байсан гэдгийг энд дурдах нь зүйтэй.

 

Иргэн Т.Аззаяа “Манай гэр Сансарт байдаг. Гэрийн ойролцоо шахмал түлш алга. Тийм учраас л эндээс түлшээ авах гээд дугаарлаад зогсож байна. Зарим үед шуудайн ёроол нунтаг ихтэй, түлэхэд тортог их гардаг ч илчний хувьд маш сайн бөгөөд манайд зургаан шуудай түлш долоо хоногтоо хангалттай хүрдэг. 

Энэ цэгээс түлш авахад дараалал ихтэй л байдаг болохоос биш хүрэлцээ сайн” гэсэн юм.

Эхлээд таарсан ганц цэг дээр л энэ мэт асуудал хөндөгдөв. Харьцангуй төвдөө ойр энэ цэгээс гадна захын хорооллуудад байдал ямар байгааг сурвалжлахаар цааш Шархадны эцсийн буудлыг зорилоо. 

"Манай цэгээс иргэд бараг л түлш авдаггүй"

 

Баянзүрх дүүргийн 76 дугаар борлуулалтын цэгийн гадна овоолж бэлдсэн модноос өөр ямар ч шахмал түлш харагдсангүй. Хэзээ түлш нийлүүлэхийг нь асуухад “Шахмал түлш дууссан. Орой ирнэ” гэсэн хариу өгөв.

Яагаад байхгүй байгаа тухай асуухад борлуулалтын цэг дотор нь суух нэг эрэгтэй “Манай цэгт өдөрт 200 шуудай түлш ирдэг. Манай цэгээс иргэд бараг л түлш авдаггүй. Хажууханд өөр нэг цэг бий. Тэднээс мэдээлэл авсан нь дээр" хэмээн зөвлөж байлаа.

Түүний хэлснээр хажууханд нь өөр нэг борлуулалтын цэгт хангалттай шахмал түлштэй байсан боловч худалдаа эрхлэгчид мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Цааш зам дагуу явахад дараалан байрлах 151, 158 дугаар цэгт шахмал түлш огтхон ч байсангүй.

"Өчигдөр орой ирсэн зургаан тонн түлш өглөө гэхэд дууссан"

Баянзүрх дүүргийн 158 дугаар шахмал түлш борлуулах цэгийн борлуулагч н.Чимгээ “Өчигдөр орой манай цэгт ирсэн зургаан тонн түлш өглөө гэхэд дууссан. Өнөөдөр өглөө ирсэнгүй. Одоо ирэхийг нь хүлээж байна. Түлш дууссан хойгуур олон хүн асууж ирдэг.

Бид захиалга өгөхдөө түлш үйлдвэрлэгчид, түгээгчдэд эрэлт их байгааг байнга хэлж байгаа. Түрүүхэн ирж байна гэж ярьсан. Яг хэзээ ирэхийг нь мэдэхгүй байна” гэв.

"200 шуудай шахмал түлш цагийн дотор л зарагдаад дуусчихдаг"

 

Харин Баянзүрх дүүргийн 151 дүгээр борлуулалтын цэгийн борлуулагч н.Батцэцэг “Энэ хавиар эрэлт их байдаг учраас манайх уг нь захиалгаа 10 тонноор өгдөг ч авчирч өгдөг нь тавхан тонн. Таван тонн гэдэг бол 200 шуудай шахмал түлш гэсэн үг. 200 шуудай шахмал түлш цагийн дотор л зарагдаад дуусчихдаг тул орой ажил тарах үеэр ямар ч түлшгүй болсон байдаг.

Оршин суугчид борлуулагчдыг л түлшээр хангаж чадахгүй байна гээд загнадаг. Учир шалтгааныг тайлбарлахаар зарим нь бүр ойлгохгүй "Олигтой захиалахад яадаг юм" гээд уурладаг.

Манайд өчигдөр л түлш ирсэн. Өнөөдөр 17:00 цаг болж байхад түгээлт ирээгүй л байна. Энэ долоо хоногт л гэхэд бүтэн завсардаж байгаа бөгөөд нэг хоногт нь ирээд, нэг хоног ирдэггүй. Уг нь иргэд "Сайн" картаа маш сайн ашиглаж сураад байгаа. Гэвч худалдаж авах түлш хангалтгүй байгаа нь харамсалтай.

Зарим айлын хувьд зургаан шуудай түлш хүрэхгүй байна гэцгээж, ганц шуудайг нэмээд өгчих гэж гуйх нь олон" хэмээн ярив.

Энэ тухай гомдол, саналаа эрх бүхий албан тушаалтнуудад дамжуулсан эсэхийг түүнээс асуухад "Дүүрэг, Онцгой байдлын газар, хорооноос гэх мэт маш олон дарга ирдэг. Бид хүрэлцэхгүй байгаа тухай хэлээд, шаардаад дээрдэж байгаа юм алга.

Цагаан сар болох гэж байхад ямар ч түлш байхгүй, хангамж муу байна. Анх аравдугаар сард түлш хангалттай ирдэг байсан. Түүнээс хойш заримдаа ингээд тасарчхаад байна. Орой болохоор л ажлаасаа ирж байгаа хүмүүс түлш хайгаад явчихдаг. Шинэ жилийн өмнөхөн бас ингэсэн" хэмээн хариулав.

Биднийг тавхан минут ийн ярилцах хооронд тус борлуулалтын цэгээс хоёр хүн шахмал түлш асууж ирсэн юм. 

"30 минут орчим шахмал түлш хайж, гурван цэгээр ороод олсонгүй"

 

Ийнхүү түлш асууж ирсэн иргэн Ж.Мөнхдаваа “Би 30 минут орчим шахмал түлш хайж, гурван цэгээр орсон ч олсонгүй. Одоо Шар хадны эцсийн цэг рүү очиж үзье гэж бодож байна. Үнэхээр олдохгүй, хангамж муу байна.

Би өглөө гараад л орой гэртээ ирдэг. Өнөөдөр түлшээ авах гээд ажлаасаа жаахан эрт гарч ирсэн боловч олдсонгүй.

Түүнээс гадна манай байшин том учраас өдөрт нэг шуудайг түлэхээс нааш дулаацдаггүй. Шахмал түлш илч сайтай, хурдан асдаг хэдий ч долоо хоногт зургаан шуудай хүрэлцэхгүй байна. Гэрт бага насны хүүхэд өнждөггүй тулдаа л хүргэдэг” хэмээн хэлсэн юм.



Энэ бол хотын ердөө нэг захын хэдхэн борлуулалтын цэг дээр үүсэж буй нөхцөл байдлын жишээ. Нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлш борлуулах нийт 400 орчим цэг бий /339 цэгийн байршлыг Эндээс харах боломжтой/.

Нийслэлийн иргэд бид олон жил дарлуулж, толгойны өвчин болоод байсан утаанаасаа энэ жил салцгааж, цээж тэнэгэр амьсгалах болсон нь сайшаалтай хэрэг. 

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн явц ямар ч асуудалгүй бөгөөд өдөрт 3,000 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай гэсэн тайлбарыг албаныхан өгсөөр байгаа. Гэтэл үйлдвэрээс гарсан түлш эцсийн хэрэглэгчдэдээ иймэрхүү байдлаар хүрч байна.

Үнэхээр өдөрт үйлдвэрлэсэн 3,000 тонн түлш иргэдийн хэрэгцээг хангахуйц биш байна уу, эсвэл түгээлт хийх үйл явцад алдаа дутагдал байна уу гэдгийг холбогдох албаныхан анхаарахгүй бол албаны хүмүүсийн үг бодит амьдрал дээр хэрэгжихгүй байгааг иргэд хэлсээр байна.