Индэр    
2020 оны 1 сарын 23
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ц.Энх-Амгалан: Манай бэлчээр 25 сая мал тэжээх экологийн чадавхтай

 

Хүлэмжийн хийн ялгарал нэмэгдсэнээс үүдэлтэй дулаарал манай улсад дэлхийн дунджаас 2.5 дахин эрчимтэй явагдаж, Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эрсдэлтэй орны нэг болоод буй.

Сүүлийн 20 жилд л гэхэд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан цаг агаарын гамшигт үзэгдэл/аадар бороо, хүчтэй салхи, их цас, үер, мөндөр/ өмнөх 10 жилтэйгээ харьцуулахад төрөл зүйл бүрээрээ ХОЁР ДАХИН нэмэгдсэн.

Үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөн улс орнуудтай харьцуулахад манай улсын ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээ харьцангуй бага хэдий ч хүлэмжийн хийг хэн ялгаруулж байгаагаас үл хамааран хохирлыг нийтээрээ үүрч байна.

Тиймээс Монгол орны хүлэмжийн хийн ялгарлын 50 орчим хувийг бүрдүүлдэг ХАА-н салбар, тэр дундаа мал аж ахуй, бэлчээрийн нөхцөл байдлын талаар "Ногоон алт" төслийн менежер Ц.Энх-Амгалантай ярилцлаа.

- Монгол орны хүлэмжийн хийн ялгарал ХАА-н салбарт малын тооноос шууд хамааран тогтмол өсөх хандлагатай байгааг Уур амьсгалын өөрчлөлтийн НҮБ-ын суурь конвенцын хэрэгжилтийн Үндэсний тайлан илтгэл боловсруулах төслийн тайланд онцолсон. Малын тоо өсөж байгаа нь хүлэмжийн хийн ялгаралд шууд нөлөөлж байна уу?

- Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах асуудалд бид экологийнхоо онцлогийг ойлгох хэрэгтэй. Манай улсын нийт газар нутгийн 8 хувийг ой эзэлдэг бол үлдсэн хэсэг нь тал хээрийн бүс нутаг. Энэ өргөн уудам тал хээрийн бүс нутаг маань манай Монгол орны уур амьсгал, газар зүйн байрлал, унах хур тунадасын хэмжээнд хэдэн зуун сая жилийн байгалийн шалгарлаар дасан зохицсон маш нарийн бүтэцтэй экосистем.

Ой хүлэмжийн хий шингээх чадварын тухай судалгаа дэлхий дахинд маш түгээмэл хийгдсэн байдаг ч үетэн өвст тал хээр нутгийн хүлэмжийн хий шингээлтэд үзүүлэх үр нөлөөний тухай судалгаа харьцангуй бага. Харин сүүлийн үед дэлхийн хуурай газрын 41 хувийг эзэлдэг хээр талын экологийн чадавх, талхагдал, цөлжилт, өөрчлөлт, ялангуяа хүлэмжийн хийг шингээхэд ямар нөлөөтэй талаар судалгаанууд хийгдэж байна.

Хуурай, ширүүн уур амьсгалтай газрын хөрсний өнгөн давхаргын ургамал тачир, ногоон масс багатай ч урт, саглагар, хүчтэй үндэстэй байдаг. Тэр хүчирхэг үндэс нь хүлэмжийн хийг шингэгээд буцаагаад хүчилтөрөгч ялгаруулахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг.

Манайхтай төстэй, тал хээр газар нутаг ихтэй, түүнийгээ малын бэлчээрийн зориулалтаар ашигладаг Америк, Австрали, Испани, Казахстан гэх мэт улс орнууд нэгдээд энэ экологийн системээ судалъя, цаашид хэрхэн зүй зохистой ашиглах вэ гэдэгт анхаарлаа хандуулж байна.

- Манай бэлчээрийн нөхцөл байдал ямар байгаа, хэдэн хувь нь талхлагдсан талаар сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс танилцуулбал?

- Манай улсын нийт газар нутгийн 70 хувь буюу 110 сая га газрыг малын бэлчээрийн зориулалтаар ашигладаг. Тэгэхээр мал аж ахуйгаа зөв зүйтэй эрхэлж, бэлчээрээ зүй зохистой ашиглаж чадаж байна уу, үгүй юу гэдгээс тал нутгийн экосистемийн асуудал үндсэндээ хамаарна гэсэн үг.

Гэтэл хамгийн сүүлийн үеийн судалгааны дүгнэлтээс үзэхэд бэлчээрийн 65 хувь нь талхлагдалд өртсөн байна. Үүний 100 мянган га нь цөл болчихсон. Энэ үйл явц сүүлийн 30 жилийн дотор маш хурдацтай өрнөж байгаа жишээ олон байна. 1990 оныг хүртэл малын тоог бэлчээрийн даацдаа тохируулан барьдаг, нүүдэл сэлгээ ч төлөвлөгөө гарган маш сайн хийдэг байж. Малын тоо өсөхийн хэрээр  сэлгэж нүүдэллэх бэлчээрийн талбай хязгаарлагдаж, нэг газраа удаан хугацаагаар олон давталттай малаа бэлчээснээс энгийн үгээр хэлбэл бэлчээрийн ургамалд нөхөн төлжих хугацаа гарахгүй байна.

- Бэлчээр талхлагдахад нөлөөлж байгаа хамгийн том хүчин зүйл нь юу вэ?

- Бэлчээр талхлагдахад нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл бол малын тоо. Хөрс гишгэгдэх тоолондоо эвдэрч, суларч байдаг. Дараагийн бас нэг хүчин зүйл нь экологийн чадавх. Хүний хоногт идэх хүнс, илчлэг, калорийг тогтоож өгсөн байдагтай адил малд бас хоногт идэх өвс, ургамлын хэмжээ гэж бий.

Нэг толгой малын өдөр тутам бэлчээрээс идэх өвсний норм хэмжээг тооцоод үзэхээр одоо байгаа бэлчээр таван толгой малаар 25 орчим сая, хонин толгойгоор 50 сая орчим мал тэжээх чадвартай. 2019 оны байдлаар малын тоо 70.9 саяд хүрсэн. 110 сая хонин толгой гэсэн үг.

Гэхдээ сум бүр харилцан адилгүй. Даац нь 10 дахин хэтэрсэн малтай сумд ч бий. Бэлчээрийн даацыг олон жилээр ийнхүү хэтрүүлэн хэрэглэснээр бэлчээр тахлагдахаас гадна байнгын өлөн зэлмүүн байдал нь малын үржил шимд муугаар нөлөөлж байна.

Бид Монгол орон даяар явж, тухайн нутгийн цаг агаар, хур тунадасны хэмжээ, хөрсний бүтэц, ургамлын төрөл зүйл тус бүрээр нь үнэлээд энэ хэсэг газар тэдэн тооны малын бэлчээр болох экологийн чадавхтай юм байна гэдгийг тодорхойлж, бэлчээрт ашиглаж байгаа тал нутгийг экологийн чадавхын 25 төлөв байдалд ангилсан.

- Бэлчээрийг 25 төлөвт ангилсан судалгааг ямар хугацаанд, хэр хэмжээний газар нутгийг хамруулан хийсэн бэ?

- 2000 оны өвөл зуд болж, тухайн үед 30 гаруй сая малтай байсан манай улс 14 сая малаа алдаж байсан гашуун түүх бий. Тэр үеийн Засгийн газар НҮБ-аар дамжуулан дэлхий нийтэд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байгааг зарласан байдаг. Энэ хүсэлтийг хүлээн авч зуданд нэрвэгдсэн малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэрийг  Швейцарын Засгийн газар гаргаж тэр төсөлд нь би орчуулагч бас  судлаачаар ажиллаж байсан. Тухайн үед гадаад дотоодын эрдэмтэдийн нийлсэн судалгааны баг бэлчээрийн менежментийг зөв хийхгүй л бол байгалийн эрсдэлд эмзэгших, түүнээс үүдэн зуд байнга давтагдах процесс юм байна гэж үзээд бэлчээрийн зүй зохистой ашиглалтыг дэмжих зорилгоор “Ногоон алт” төслийг эхлүүлсэн.

Ингээд олон жил хийгдээгүй орхигдсон судалгааны ажлуудыг хийж эхэлсэн. Төслийн эхний 10 жилийг Монгол орон даяар 2,000 гаруй цэгээс мэдээлэл цуглуулж, манай бэлчээр нутгийн байгалийн унаган төлөв байдал ямар байснаа хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайланг гаргасан. Одоогоор хоёр тайлан гараад байгаагийн эхнийх нь 2015, дараагийнх нь 2018 оны аравдугаар сард гарсан. Гурав дахь тайланг 2021 онд гаргана.

2015 онд нийт бэлчээрийн 7 хувь өөрөө дахин сэргэх чадваргүй болтлоо талхлагдаж цөлжсөн байсан. Гэтэл үүнээс хойш гурван жилийн дотор энэ тоо нэг дахин өсөж, нийт бэлчээрийн 13 хувь буюу 100 мянган га газар талхлагдаж цөл болоод байна.

- Бэлчээрийн даац, экологийн чадавхыг хэрхэн тооцдог юм бэ?

- Зуны сүүлч буюу наймдугаар сард ургамлын гаралт хамгийн оргил үедээ хүрнэ. Тэр үед нь УЦУОШГ-аас бэлчээрт хэмжилтүүдийг хийгээд тухайн газар нутагт хэчнээн тооны мал өвөлжих боломжтой, хаана хаана бэлчээрийн даац хэтэрсэн байгаа талаар тооцооллуудыг хийгээд мэдээлдэг.

10 малын бэлчээрт 30 мал бэлчээнэ гэдэг нь 10 хүний хоолыг 30-уулаа идэхтэй адил.

10 малын бэлчээрт 30 мал бэлчээнэ гэдэг нь 10 хүний хоолыг 30-уулаа идэхтэй адил. Мэдээж цадахгүй учраас үндсийг нь ухаад, идэж болох бүхнийг иднэ. Олон улсын судалгаа, бусад орнуудад бэлчээрийн даацыг хэрхэн тооцдог туршлагаас харвал тухайн бэлчээрийн ургамлын талыг нь идээд, талыг нь үлдээж байвал дараа жил нь дахин ургах боломж бүрдэнэ гэж үздэг. Энэ зарчмаар тооцвол манай бэлчээрийн даац бараг 10 дахин хэтэрсэн.

Идэхээс гадна олон малын туурайгаар механик элэгдэл бас явагдана. Энэ нь яваандаа  унаган ургамлын бүтцийг өөрчилж, малын гол идэш болдог үетэн өвс, хялгана гэх мэт ургамлууд нь устан, орон зайг нь ургах чадвар сайтай ч шим тэжээл багатай нэг наст хогийн ургамал эзэлчихдэг. Ингээд хөрсний ургамлан бүрхүүл эвдэрч, ургамал хоорондын зай холдоно. Хөрсний бүрхүүл халцарч арилна, унаган ургамал цөөрнө гэдэг нь нүүрсхүчлийн хийг шингээж, хүчилтөрөгч ялгаруулах үйл явц төдий чинээ алдагдана гэсэн үг. Энгийн үгээр хэлбэл ийм л үйл явц болдог. Ойлгоход их хялбар.

Бэлчээрийг монголчууд малын идэш тэжээл гэсэн өнцгөөс л хардаг. Гэтэл экологи талаас нь харвал тал хээрийн бүс нутаг бол ойтой нэгэн адил маш үнэ цэнэтэй экосистем. Бэлчээр талхлагдлаа, цөлжилт тэлж байна гэхээр "Тэр газарт мод тарьчихъя" гэх нь бий. Бодит байдал дээр тал нутгийн үетэн өвсийг мод орлох боломжгүй. Байгаль дээрх бүх зүйл өөр өөрийн онцлог бөгөөд экологийн чухал үүрэгтэй.

- Мал сүргийн 87 хувийг хонь, ямаа эзэлж байгаа. Энэ нь бэлчээр талхлагдахад нөлөөлөх хүчин зүйл мөн үү?

- Нөлөөлнө. Ялангуяа, ямаа маш хатуу туурайтай, туурайгаараа хөрсийг цавчилж, буталдаг бөгөөд бусад малтай харьцуулбал тогтож идээшилдэггүй, байнгын нааш цааш хөдөлгөөнтэй бэлчихээс гадна ургамлыг үндэс рүү нь тулгаж иддэг.

Ямаа бусад мал амьтнаас ялгаатай нь ургамлыг ямар ч улиралд маш сайн иддэг. Ургамлын нөхөн үржихүй болон ишний эрхтнүүдийг эрт ургах үед нь идэж, ургамлыг бүрэн сүйтгэх, хөрс ухаж, ургамлын үндсийг идсэнээр бэлчээрийг ашиглах боломжгүй болгодог. Ямааны өсөлтийг дагаад цөлжилт, ховор ургамал, тал хээрийн бэлчээрт цөлжилт нэмэгдэж байна.

МААЭШХ, Доктор Ч.Оюунцэцэг, Док.про.Ё.Загдсүрэн нарын "Ямаан сүргийн хэт өсөлт ба бэлчээрийн доройтол" судалгаанаас

- Бүс нутгаар авч үзвэл хаана бэлчээр хамгийн талхлагдсан байна вэ?

- Малын тоотой шууд хамааралтай. Хангайн бүсийн Архангай, Өвөрхангай, Хөвсгөл аймгууд малын тоо ихтэй бөгөөд бэлчээр нь хамгийн их талхлагдсан. Газрын зураг дээр харвал төвөөсөө зах руугаа тэлсэн байдлаар талхлагдсан нь харагддаг. Өвс ургамал багатай байдаг говийн бүсийн хөрс хангайг бодвол харьцангуй гайгүй байгаа.

 

-Бэлчээрийн нөхцөл байдлыг тал бүрээс нь судалсан судалгааны үр дүнгүүдээс хуваалцлаа. Одоо тэгвэл бид яах ёстой юм бэ?

-Дээр дурдсанчлан манай улс хүлэмжийн хийн ялгарлаа бууруулъя, экологийн тэнцвэрт байдлаа хадгалъя гэвэл нийт нутгийн 70 хувийг эзэлж байгаа бэлчээр гэж нэрлэсэн хээр тал нутаг руугаа анхаарлаа хандуулах хэрэгтэй.  Бид бодлогоор, тууштайгаар бэлчээр талхлагдалттай тэмцэхгүйгээр экологийн тэнцвэр, олон янз байдлыг ярих боломжгүй.

“Ногоон алт” төсөл долоон аймгийн 150 суманд хэрэгждэг. Бидний зүгээс малчдыг соён гэгээрүүлэх чиглэлд ажилласаар ирсэн. Нөхцөл байдлыг тайлбарлаад өгөхөөр малчид маш сайн ойлгож, дэмждэг. Бэлчээр дээрээ аваачиж, өмнө нь байснаасаа хэрхэн өөрчлөгдсөн, энэ нь юунаас үүдсэн байж болох уу, одоо ямар арга хэмжээ авах уу гээд их ханддаг болсон.

Бэлчээрээ булаацалдаад өвөлжөөнийхөө газраас нүүхгүй, нүүвэл өөр айл ирээд буучихна гээд хэл амаа ололцохгүй байх тохиолдол их байдаг. Ховд аймагт гарсан нэг жишээг ярья. 10-аад жил бэлчээрээ булаацалдаж, бэлчээр нь талхлагдсан газарт очоод бид бэлчээр нь талхлагдаж ямар байдалд хүрснийг, хоорондоо ойлголцохгүй бол удахгүй бэлчээргүй болохыг тайлбарласан. Тэр  даруйд тухайн багийнхан хуралдаж, тэр өвөлжөөнд хоёр жилийн турш айл буухгүй, мал оруулахгүй байх зохицуулалт хийгээд, ээлжээр газраа эргэж, тойрч эхэлсэн. Ингээд хоёр жилийн дараа гэхэд тэр газрын унаган ургамал маш сайхан сэргэж ургаад, бэлчээрээ зөв зохистой ашиглах асуудлаа шийдсэн.

 

Ер нь бол бэлчээрийн асуудал дээр ашиглагч нь зөв мэдээлэлтэй, эерэг хандлагатай байх нь маш чухал. Түүнийг нь төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй.

- Одоогийн нөхцөлд төрөөс малчдад ямар дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж харж байгаа вэ? Бэлчээрийн даац хэд дахин хэтэрсэн энэ нөхцөлд “Мянгат малчин”-г шагнасаар байгаа нь зөрчилтэй харагддаг.

- Малчид эвлэлдэн нэгдэж чадаж байгааг олон жишээн дээрээс харж болно. Энэ нөхцөлд эвлэлдэж, нэгдсэн малчдаа малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэхэд чиглүүлэх, малын гаралтай түүхий эдийг орон нутагт нь боловсруулах үйлдвэр байгуулах, боловсруулсан бүтээгдэхүүнийг нь зах зээлд хүргэх замыг нээх хэрэгтэй байна. Малаас мах, сүү, ноос, ноолуур л авна гэж ойлгоод байдаг. Бусад түүхий эдийг, өтөг бууцыг хүртэл газар тариаланд ашиглах боломжтой. Малаас гарах бүх түүхий эдийг ашиглаж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлбэл малчид малаа өсгөхөд анхаарахаа болино.

Малаа өсгөсөн малчныг алдаршуулдаг тухайд гэвэл, дэлхий дахинд “Сайн фермер”-ийг тодорхойлохдоо экологид ээлтэй байна уу, нэг малаас авах ашиг шимийг ямар хэмжээнд хүргэв, хэчнээн ажлын байр бий болгосон бэ гэх мэт шалгууруудыг авч үздэг. Малын тоо гэдэг ганцхан үзүүлэлтээр "Сайн малчин" хэмээн тодорхойлох нь хоцрогдсон ойлголт.

Малын тоо гэдэг ганцхан үзүүлэлтээр сайн малчин хэмээн тодорхойлох нь хоцрогдсон ойлголт.

Тиймээс бидний хийж байгаа дараагийн томоохон ажил бол экологид ээлтэй малчин өрхийг дэмжихэд чиглэж байгаа. Энэ хүрээнд малын гаралтай түүхий эдийн чанарыг баталгаажуулах зорилготой “Ногоон нүүдэлчид” системийг нэвтрүүлж, аппликейшн хийгээд байна. Одоогоор уг аппликейшнд 18,000 орчим малчин өрх нэгдээд байна.

- “Ногоон нүүдэлчид” аппликейшны талаар тодруулж тайлбарлавал?

- Малчин айл өрхийн хэмжээндээ жижиг аж ахуй эрхэлж, амьдралаа авч явж байгаа учраас бизнес эрхлэгч. Бэлчээрээс нь өгсүүлээд малын эрүүл мэнд, маллагаа, өвс тэжээл, дулаан хашаа хэвтэр, зүй бусын хорогдолтой эсэх, түүхий эдийн чанар, хүрээлэн байгаа байгаль орчны эрүүл байдлыг илэрхийлэх тоон үзүүлэлтүүдийг багтаасан “Ногоон нүүдэлчид” аппликейшн тухайн малчин өрх, бэлчээр ашиглалтын хэсэг, баг, сум цаашилбал аймгийн түүхий эд чанартайгаас гадна экологид ээлтэй эсэхийг батлах юм.

Ингээд малчны мэдээллийг харсан үйлдвэрлэгчид, худалдан авагчид түүхий эдийн чанараас гадна хүрээлэн байгаа байгаль орчин бэлчээр нутагтай ээлтэй малчны хотноос ирсэн эсэхийг мэдэж сонголтоо хийх нөхцөл бүрдэнэ гэж харж байгаа.

- Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.