Дэлхийн банкны 2019 онд хийсэн судалгаагаар Монгол Улсын нэг иргэн өдөрт 2.6 килограмм хог үйлдвэрлэдэг бөгөөд энэ үзүүлэлтээрээ манайх дэлхийд 12 дугаар байрт жагсаж байгаа талаар Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Б.Эрдэнэ хоёрхон хоногийн өмнө хэлж байсан юм.
Айл өрхийн хаягдлын 60 орчим хувь нь дахивар буюу дахин боловсруулах боломжтой хог хаягдал байдаг гэсэн судалгаа ч байдаг.
Тиймээс байгальд ээлтэй, зөв дадалтай амьдрахыг хүсвэл юун түрүүнд хаягдал дахивар хогоо дахин боловсруулах үйлдвэрт өгөх нь хамгийн оновчтой шийдэл.
Гэвч үйлдвэрүүд ихэвчлэн хотын захаар байрлалтай учраас иргэд тэр бүр үйлдвэрт хүргэж чаддаггүй билээ.
Тэгвэл иргэдийн ангилсан хогийг дахин боловсруулах үйлдвэрүүдэд хүргэх ажлыг "Царцаа ногоон" дуудлага тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа юм.
“Царцаа ногоон” дуудлагын дахивар тээврийн үйлчилгээг санаачлагч Б.Саруултай ярилцлаа.
Тус үйлчилгээ нь байгаль орчинд ээлтэй байх үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдсан учраас бид онцолж буй гэдгийг дурдах нь зүйтэй.
- "Царцаа ногоон" үйлчилгээг санаачлах болсон шалтгаанаа хуваалцахгүй юу?
- Анх бид “Хогоо багасгая” фэйсбүүк хуудсаараа дамжуулан 10,000 орчим айл өрхөд хог хаягдлыг ангилан ялгах талаар болон тогтвортой хөгжлийн зорилтод тусгагдсан хэрэглээгээ багасгах, хог хаягдлыг дахин боловсруулах зэрэг чухал ойлголтуудын талаар сурталчилж байв.
Тэр санаачилга маань олон нийтийн сүлжээнд хөдөлгөөн болон өрнөсөн юм.
Энэ явцад иргэдийн ангилан ялгачихсан хог хаягдлыг зөөвөрлөдөг тээврийн үйлчилгээ заавал байх шаардлагатай юм байна гэдгийг олж харсан. Ингэхдээ тэр үйлчилгээ нь зөвхөн тээвэрлэх биш, бүтэн нэг систем байвал үр дүнгээ үзүүлнэ гэж үзээд “Царцаа ногоон” гэх үйлчилгээг бий болгохоор зорьсон.
2018 оны наймдугаар сараас эхэлсэн энэ үйлчилгээ маань одоогоор таван хүний бүрэлдэхүүнтэйгээр өргөжөөд явж байна.
-Яагаад “Царцаа ногоон” гэж нэрлэх болсон юм бэ?
- Намайг бага байхад Царцаа гэж АН-2 онгоц байдаг байсан. Тэрэн шиг айл өрхүүдэд нисээд л очно гэсэн утгыг илэрхийлж, ингэж нэрлэсэн.
Ногоон гэдэг бол мэдээж байгаль ээжийг илэрхийлж байгаа хэрэг.
-Одоогоор ахуйн хог хаягдал дахин боловсруулах хэдэн үйлдвэртэй хамтран ажилладаг вэ. Мөн хэр олон өрхөд үйлчилгээ үзүүлж байгаа бол?
-Улсын хэмжээнд дахин боловсруулах 23 үйлдвэр байгаагийн 10 нь л ахуйн хог хаягдлыг дахин боловсруулдаг. Энэ үйлдвэрүүдэд хогоо өгвөл ахуйн хаягдлын 60-80 хувийг дахин боловсруулах боломжтой.
Харин дээрх 10 үйлдвэр тус бүр 1-2 төрлийн дахиварыг л дахин боловсруулах чадвартай. Тиймээс "Царцаа ногоон" ахуйн хог хаягдлыг найман төрлөөр ангилан авдаг.
Үүнд:
"Царцаа ногоон" үйлчилгээ бий болсноосоо хойш 1,000 гаруй айл өрх, 10 орчим аж ахуйн нэгжид хүрч ажиллаж байгаа бөгөөд нэг жилийн хугацаанд нийт гурван тонн орчим дахивар цуглуулсан байна. Үүнээс 1.5 тонн орчим нь хуванцар, гялгар уут.
Тухайлбал, дөрөвдүгээр сараас хойш хуванцар сав 520 кг орчим, гялгар уут 600 кг, лааз 400, цаас, картон хайрцаг 800-1,000 км-ыг тус тус цуглуулжээ.
Магадгүй зарим хүнд энэ тоо бага сонсогдож болох ч нэг тонн хог хаягдлыг дахин боловсруулалтад оруулсан гэдэг бидний хувьд амжилт.
-Хуванцар гэхэд л гурав ангилагдаж байна, тийм үү?
-Тийм. Тухайн дахиврыг авдаг дахин боловсруулах үйлдвэрээс хамааран хуванцар савыг дөрвөн төрлөөр ангилж байгаа хэрэг.
Иргэд дээрх найман төрлөөр л ахуйн хог хаягдлаа ангилах нь зөв. Энэ бол Монгол Улсад байгаа үйлдвэрүүдэд дахин боловсруулж болох л ахуйн хог хаягдлын ангилалт юм. Дахивар болдог зүйлээ л ангилна.
Тэрнээс хаях гэж байгаа бүхнээ нэг бүрчлэн ангилалтын булан руу явуулах гээд сандрах хэрэггүй гэж хэлмээр байна.
Мөн Хужирт, Үлэмж, АҮС, АПУ, Урбанек, хүүхдийн нухашны шил гэж тусгайлан нэр заасан учир нь манайд одоогоор шилийг дахин боловсруулах үйлдвэр байхгүй. Тиймээс дахин ашиглах боломжтой дотоодын зарим үйлдвэрийн шилнүүдийг үйлдвэрт нь буцаан хүргэдэг юм.
-Та бүхний дахин боловсруулалтад өгсөн дахивруудаар ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу?
-Заримаас нь нэрлэхэд “Хэв хашмал” компани PP хуванцар буюу хатуу хуванцрыг дахин боловсруулж, хуванцар сандал, барилгын материал зэргийг үйлдвэрлэдэг.
Мөн гялгар уут дахин боловсруулах үйлдвэр болох "Пластик Центр" компани хуванцрыг дахин боловсруулж, нүхэн жорлонгийн доторлогоо, бохир усны шугам хоолой, траншейний таг, гадна тохижилтын сандал гэх мэт төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
“Сан оргио” гээд гялгар уут болон нэг удаагийн хоолны савыг дахин боловсруулж, дээрх хоёр үйлдвэртэй ижил төрлийн бүтээгдэхүүн гаргадаг компани бий. Түүнчлэн “Амарсанаа Стэп” компани хөнгөн цагаан, хайлш дахин боловсруулах үйлдвэртэй бөгөөд ахуйн хог хаягдал болох лаазыг нэмж авч байгаа.
“Амарсанаа Стэп” компанийн онцлог нь хөнгөн цагаан, хайлшийг дахин боловсруулан усан онгоцны сэлбэг хэрэгсэл болгоод Япон улс руу экспортолдог.
Энэ мэт олон төрлийн бүтээгдэхүүнийг ахуйн хог хаягдлаар үйлдвэрлэж болдог. Тиймээс л бид найман төрлөөр нь ангилаад дахин боловсруулах найман үйлдвэртээ хүргэдэг юм.
-Дуудлага өгөхөд ямар үнээр үйлчилдэг юм бэ?
“Царцаа ногоон” үйлчилгээ айл өрхүүдэд 5,000 төгрөгөөр, аж ахуйн нэгжийн хувьд дуудлагын давтамжаас хамаараад 10,000-40,000 төгрөгөөр үйлчилж байгаа.
Ингэхдээ:
Дахивраа ялган өгч байгаа иргэдээ хараад бахархах сэтгэгдэл төрдөг ч заримдаа иргэд маань “Бид хогоо өгч байгаа мөртлөө яагаад та нарт төлбөр төлөх ёстой юм” гэцгээдэг.
Гэвч ингэж төлбөртэй үйлчилж байгаад маань хэд хэдэн шалтгаан бий.
Ангилсан хог хаягдлыг бид худалдаж авахыг хэчнээн хүссэн ч дахивар түүхий эдийн үнэ цэнэ нь бага.
Тухайлбал, нэг килограмм хуванцар савыг үйлдвэрүүд 400-450 төгрөгөөр авдаг. Нэг килограммд хүргэхийн тулд ойролцоогоор 40-45 ширхэг хуванцар цуглуулах хэрэгтэй. 45 ширхэг хуванцар гэдэг бол нэг өрхийн 1-2 сар цуглуулсан сав юм шүү дээ.
Сар цуглуулсан дахиврын тань хуванцрыг л дахин боловсруулах үйлдвэрт өгөхийн тулд хариуд нь бид 450 төгрөг авдаг гэсэн үг. Гэтэл “Царцаа ногоон” үйлчилгээ долоо хоногт гурван удаа айл өрхүүдээрээ явж, хураасан дахивраа дахин ангилаад үйлдвэрүүдэд тушаах зардал өндөр.
Ажиллах хүч, санхүүжилт дутмаг учраас бид орлогоосоо өдөр тутмын зардлаа л нөхдөг. Бид энэ үйлчилгээг ашгийн төлөө санаачлаагүй. Сайн дураараа, байгальд ээлтэй байх гол зорилгын төлөө ийм үйлчилгээ үзүүлж байгаа.
Тиймээс “Царцаа ногоон”-д төлж буй төлбөр нь байгаль орчинд ээлтэй амьдрах хүсэлтэй иргэн таны өмнөөс хүргэж буй үйлчилгээ гэсэн зөв ойлголтыг иргэддээ өгөхийг хүсэж байна.
-Нэг өрхийн сар цуглуулсан хуванцар гэснээс, сард нэг өрхөөс хэр хэмжээний дахивар гардаг вэ?
-Айл өрхүүд яг ахуйн хог хаягдлаа ангилаад ирэхээр хаях давталт нь харьцангуй багасдаг.
Нэг өрх болон нэг аж ахуйн нэгж 2-3 сард л нэг удаа дуудлага өгдөг болохоор сард гэх хэмжээ гаргахад төвөгтэй.
Ямартай ч хоёр сар ангилан цуглуулсан айлаас Номингийн том уутаар төсөөлбөл 2-3 тор хог хуванцар, нэг тор гялгар уут, нэг тор лааз, нэг тор бичгийн цаас, нэг тор шил гэх мэтээр найман тор дахивар гардаг.
2-3 тор хуванцрын ихэнх нь ус, ундааны сав.
Ангилаад эхэлсэн айл, өрхүүд өмнө нь өдөр болгон хогоо хаядаг байсан бол одоо дахивруудаа тусад нь цуглуулаад бусад хагдлаа долоо хоногт 1-2 удаа хаяж байгаа.
Эндээс энгийн хог хаягдлыг эх үүсвэр дээрээс нь ангилаад ирэхээр хэрхэн буурч байгаа нь харагдаж байна шүү дээ.
Одоо байгаа дахин боловсруулах хэдхэн үйлдвэр дээрээ тулгуурлаад бид ангилж болох найман төрлөөр авч байна. Хэрвээ үйлдвэрүүд дахин боловсруулах түүхий эдийн төрлөө нэмэгдүүлж чадвал, хаягдах хог улам багасна л гэсэн үг.
-Айлуудаас цуглуулсан дахивруудаа хаана дахин ялгадаг юм бэ. Дахин ангилах цэг бий юу?
-Бид “Хогоо багасгая” фэйсбүүк группээр дамжуулан, зардал багатайгаар дахивар цуглуулдаг цэг үүсгэсэн. Тэр цэг дээрээ л цуглуулсан дахивруудаа цэгцлээд төрөл төрлөөр нь үйлдвэрүүд рүүгээ хүргэдэг.
"Хоум" плаза төвийн хажууд бий. Дуудлага өгч чадахгүй бол өөрсдөө хүргэж өгч болно. Энэ тохиолдолд төлбөргүй авна.
Гэхдээ ахуйн хог хаягдлыг ангилж хүлээн авах тал дээр зөвлөгөө өгөхийн тулд бид цагийн хязгаарлалтад оруулсан.
Учир нь тухайн цэгийг өмнө нь бид “Хог ангилалтын цэг” гэж нэрлээд 24 цагаар нээлттэй байлгадаг байсан боловч хүмүүс ангилалгүй, дахин боловсруулагддаггүй машины шалавч, цахилгаан бараа гэх мэттэй холиод шууд л аваачиж асгачихаад байсан юм.
Бид өөрсдөө ангилсан дахивруудаа гар аргаар дахин цэгцэлж, ялгадаг учраас цугларсан дахивраа ангилахын тулд бүтэн хоёр өдөр болж байв. Тухайн үед надад хүмүүсийн энэ буруу ухамсар өөрчлөгдөх болоогүй юм байх даа гэсэн бодол төрж билээ.
Иймд хяналттай байлгах үүднээс цагийн хязгаарлалтад оруулахаас өөр аргагүй болсон.
-Хогоо ангилж, ялгалгүй хаяж байгаа хүмүүст хандаж хэлэхийг хүссэн зүйл бий юу?
-Хог хаягдлын үйлдвэрлэгч бол бид. Тиймээс бид өөрсдөө бага боловч хариуцлагатай байх хэрэгтэй.
Бид хог гээд л шууд хаячихдаг. Гэтэл таны хэрэглээнээс үүдэн гарч буй өчүүхэн хог хаягдал эргээд дэлхий нийтийн толгойн өвчин болсоор байгааг санах хэрэгтэй.
Би хог хаягдлыг ангилж ялган, түүгээр баялаг бүтээх нь бидний хөгжлийн түвшин гэж ойлгодог. Тиймээс дахиврыг хог хаягдал гэж ярих дургүй.
Сайн жишээ дурдахад, Швед улс хог хаягдлаа ашиглан авто замын асуудлаа шийдэж байгаа төдийгүй бүр хог хаягдлыг гаднаас импортолдог. Бидний өмсөх дуртай “Adidas” брэнд гэхэд л хог хаягдлаас дахин боловсруулсан пүүзнүүдийг үйлдвэрлээд эхэлчихсэн.
Дэлхий нийт хог хаягдлыг баялаг болгон ашиглаж чадаж байхад бид зүгээр л хаяж, амьдрах орчноо бохирдуулсаар байх уу гэж асуумаар байна.
Өнөөдөр кофе шопоос нэг удаагийн аягаар кофе авч ууж буй хүнээс илүү өөрөө кофеныхоо аягатай явах нэгэн илүү соёлч гэдгийг илтгэдэг болсон цаг үе шүү дээ.
Өөрийн амьдарч буй орчноо энэ хэвээр нь удаан хадгалахыг хүсвэл хог хаягдлаа дахин боловсруулж болох төрлөөр нь ангилаад сурах хэрэгтэй.
-“Царцаа ногоон” үйлчилгээний цаашдын төлөвлөгөө юу вэ?
- Үйлчилгээ эхэлснээс хойш улсын сургуулиуд их хандаж байсан. Цаашдаа бид төсөл хөтөлбөрийн хүрээнд улсын сургуулиуд руу чиглэсэн үйл ажиллагаа явуулна.
Одоогоор ерөнхий боловсролын зургаан сургуульд ангилан ялгалтын тээврийн үйлчилгээ явуулж, хог хаягдлын ангилан ялгах ач холбогдлын талаарх сургалт хийж байна.
Ингэснээр хүүхдүүдэд маань багаас нь хог хаягдлын тухай ойлголт, зөв ухамсар бий болж, ирээдүйд байгаль орчинд ээлтэй иргэн болж төлөвшинө гэдэгт итгэж байгаа.
Эцэг, эхчүүд ч хүүхдээ зүгээр нэг тооны даалгавраа сайн хий, онц сур гэхээсээ илүү зөв ухамсартай нэгэн болгох хэрэгтэй болов уу.
Мөн бид цаашид хог хаягдлыг дахин боловсруулж, ангилан ялгадаг шинэ системийг иргэдийн оролцоотой бий болгож, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэхийг зорьж байна.
Ангилж ялгаснаар хэрэглээгээ багасгах, байгальд ээлтэй амьдрах боломжтой.
Яг хөгжлийн түвшинд авч үзвэл хог хаягдлаас маш их хэрэгцээтэй зүйлийг бий болгох боломжтой систем юм. Бид бодлогын түвшинд энэ санааг маш их ярьж, хэлж, зөвлөлдөж байгаа.
Цаг хугацааны л асуудал байх.