Индэр    
Махны зах зээл дэх өрсөлдөөн наймаачдыг бухимдуулж байна
Зураг
2019 оны 9 сарын 5
Зураг
iKon.mn сэтгүүлч

Махны зах зээл дэх өрсөлдөөн наймаачдыг бухимдуулж байна

Манай улсад махны үнэ улирлын чанартай бөгөөд хавар нь өсөх, намар нь буурах хандлагатай байдаг. 

Үүнийг нийслэлийн Статистикийн газрын долоо хоног бүрийн судалгаа харуулж байна.

Гэвч наймдугаар сарын сүүлийн долоо хоногт буюу ердөө долоон хоногийн өмнө махны үнэ 100-300 төгрөгөөр өсжээ.

Бид бодит байдлыг сурвалжлахаар өчигдөр өглөө  "Хүчит шонхор" захыг зорьсон юм. 

05:00 цагт. Биднийг очиход урьдын адил орон нутгийн дугаартай мах ачсан машинуудыг зах руу оруулж байлаа.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Наймаа 06:00 цагаас эхэлдэг учир тэрнээс өмнө махны үнийн талаар нэг бүрчлэн шалгааж амжив.

Тэдний хэлснээр махны бөөний үнэ:

  • Хонины мах кг нь: 6,500 -7,800 төгрөг
  • Ямааны мах кг нь: 6,700-6,800 төгрөг
  • Адууны мах кг нь: 5,200-6,000 төгрөг
  • Үхрийн мах кг нь: 7,000-8,500 төгрөг
  • Тэмээний мах кг нь: 5,000,-5,500 төгрөгийн ханштай байлаа. Гэхдээ малын гарал үүсэл болон тээвэрлэлтээс шалтгаалж 100-300 төгрөгийн ялгаатай байдаг аж.

Сүхбаатар аймгаас мах оруулж ирдэг гэх нэрээ нууцлахыг хүссэн нэгэн худалдаачнаас сүүлийн үед махны үнэ хэр нэмэгдсэнг тодруулахад өмнөх долоо хоногт 100-200 төгрөгөөр өссөн. Түүнээс хойш дахиж нэмэгдээгүй гэдгийг хэлсэн юм.

Мөн тэрбээр “Би 20 орчим жил мах нийлүүлж байна. Гэтэл сүүлийн хоёр жил л махны үнэ чангарчихаад олигтой бууж өгөхгүй байна. Жил бүрийн өдийд махны үнэ харьцангуй буурдаг ч одоо хятад үйлдвэрүүд муу махыг өндөр үнээр худалдаж авч байгаагаас болж олигтой буухгүй байна.

Энгийн жишээ хэлэхэд, бага үхрийн махыг л тэд кг-ийг 7,600-7,800 төгрөгөөр авч байхад монгол эр үхрийн мах 8,000 төгрөгт хүрэх нь тодорхой” гэлээ.

Өөр олон хүнээс хариулт авахад нэг л юм ярьж байсан нь малчдаас үхрийг амьдаар нь худалдаж авах гэхэд 2.5 сая төгрөгөөс буудаггүй. Тиймээс үхрийн махыг борлуулахад нядалгаа, тээвэрлэлтийн зардалтайгаа нийлээд кг нь 8,000 төгрөгөөр зарахаас өөр аргагүй гэцгээж байв.

Нэг бүтэн үхрийн махыг шулж, цул мах гаргаж авахад ойролцоогоор 25-30 кг яс гаргаж хаядаг байна.

Мөн ХХААХҮЯ-наас жил бүр гаргадаг мах экспортлох квот гаргахад махны компаниуд тендер зарлаж наймаачид тухайн компанид мах нийлүүлдэг аж. Харин тендерийг нь хэдхэн хүн түрүүлж авчихаад экспортлох эрхээ ашиглан махаа дамалж зардаг тухай ч наймаачид цухуйлгаж байлаа. 

05:50 цагт. Нам гүм байсан хүмүүс бүгд хөдөлгөөнд орж, наймаа эхлэх нь тэр...

 
Гэрэл зургийг Mpa.mn

Хамгийн их хүн цугласан том оврын ачааны машин дээр очтол зөвхөн хонь, ямааны мах зарж байлаа.

Дэргэдээс нэг нь “Чи талыг нь хонь болгочих. Тэгээд надад 20 ямааны гулууз ачуулчих” гэхэд хажууд нь зогсох эмэгтэй "Би чамаас түрүүлээд 40-г ачуулна гэдгээ хэлсэн. Битгий ингэж барьцаж бай” гэх мэтээр хүндхэн өнгө аястай ярьцгаав.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Дээрх машин 120 орчим ямааны, 80 гаруй хонины мах авчирсан ч ямааных нь тэр дороо зарагдаж дуусахын зэрэгцээ наймаачдын хооронд багахан маргаан үүсгэсэн нь энэ аж.

Ямартай ч өчигдрийн байдлаар Лхагва гарагийн байдлаар тус зах дээр хамгийн түрүүнд ямааны мах борлуулагдаж дууссан.

Учир нь биднийг өөр машинуудаас ямааны мах байгаа эсэхийг асуухад “Халуунд бага зэрэг удсан 6,200 төгрөг” гэх таван гулуузаас өөр олдоогүй бөгөөд бүгд зарагдчихсан байсан юм.

Үхрийн мах худалдаж авч буй Шонхор захын худалдагчаас махны үнэ өдийд яагаад буурахгүй байна гэх мэтээр яриа өдөхөд “Намар болохоор уг нь малчид хөгшин өвлийг давж чадахгүй гэсэн малнуудаа нядалдаг учир мах элбэгшиж, үнэ нь буурдаг тал бий.

Гэтэл хятад үйлдвэрүүд бидэнтэй зэрэгцэн махыг нь өндөр үнээр авч байна. Бид наймаагаа таслахгүйн тулд тэднээс ялгаагүй л үнээр авч, борлуулахаас өөр аргагүй. Харин ч хонины цул мах лангуун дээр 10 мянган төгрөгөөр зарж байсан нь одоо найман мянга болж хямдарсан” гэлээ.

06:30 цагт. Гэгээ ч хангалттай оржээ. Мах ачсан машины урдуур бужигнаж байсан хүмүүс сийрэг болсныг анзаарахад наймааны оргил үе дууссан бололтой.

Гэрэл зургийг mpa.mn

Биднийг "Хүчит шонхор" захын хашаанаас гарах үеэр Төв аймгийн дугаартай машины эзэн “Наймаачид миний авчирсан адууны махыг нэг дор бөөнөөр нь худалдаж авахгүй, тус тусдаа хэсэгчилж авах учир 6,000 төгрөгөөр зарна. Харин Хятад үйлдвэр бөөнд нь авчихдаг болхоор 5,000 төгрөгөөр тэдэнд өгсөн нь дээр” гэсний улмаас тэр хэсэгт мөн л таагүй уур амьсгал үүссэн байлаа.

Ямартай ч зах зээл дэх махны өрсөлдөөн наймаачдын бухимдлыг ихэд төрүүлж байна.

Наймдугаар сарын 20-ны өдөр Улсын онцгой комиссын хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх өвөлжилтийн бэлтгэлд нэн түрүүнд гурил болон махны үнийн асуудалд сайтар анхаарах ёстойг онцолж байв.

Гэтэл махны үнэ буудаг энэ саруудад махны үнэ өсч буй нь экспорттой холбоотой юу эсвэл Засгийн газрын буруу бодлоготой хамааралтай юу?

Үнэ зах зээлийн жамаар эрэлт, нийлүүлэлтээсээ хамаарч тогтох нь шударга. Тэр тусмаа махны үнэ өсөх нь малчдын орлого нэмэгдэх давуу талтай.

Гэхдээ орлого нь өсөөгүй инфляц, үнийн өсөлтөд цохиулж буй худалдан авагч буюу иргэдэд энэ нь хэрхэн тусч байна вэ гэдэг хамгийн чухал асуудал. 

Нийлүүлэлтийн гаралтай инфляцид хамгийн өндөр нөлөөтэй бүтээгдэхүүн бол мах. Нөгөө талд дотоодын хэрэглэгчдийн хэрэглээний зардалд хамгийн том бүлгийг мах эзэлдэг гэдгийг сануулах нь илүүц биз ээ.