Индэр    
2019 оны 7 сарын 26
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Олон улсын хориг Монголд ойртсон уу - 2

Зураг
http://www.criterion-quarterly.com/pakistan-fatf-evolving-grey-white-listing/

Терроризмын санхүүжилтийн эх үүсвэр болдог бохир, хууль бус мөнгө хаанаас бий болдог вэ?

Зэвсэг, хүний наймаа, хар тамхи, авлига гэж хамгийн олон хүн хариулах болов уу, над шиг. Тэгвэл хууль бус мөнгө эргэлддэг хамгийн том салбарыг 2016, 2017 онд хуурамч бараа бүтээгдэхүүний худалдаа тэргүүлж, араас нь өнөөх хууль бус ан, авлига, цахим гэмт хэрэг зэрэг бичигджээ. 

Дэлхийн хуурамч бараа бүтээгдэхүүний салбар 2016 онд л гэхэд 461 тэрбум ам.доллараар хэмжигдсэнийг АНУ-ын аюулгүй байдлын судалгааны төв зарласан. Энэ мөнгө ямар их болохыг харьцуулсан сонирхолтой тайлбарууд ч байна. Банканд ийм хэмжээний мөнгө байвал 15 орны эдийн засгийг хангалттай худалдаж авах нь. Хэрэв та секунд тутамд 20 доллар зарцуулж чадна гэвэл нэг тэрбум ам.долларыг үрэхэд 578 өдөр шаардлагатай аж. Үүнээс 461 дахин их мөнгийг хүмүүс хуурамч бараа бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулж байна гэхээр одоо төсөөлөгдөж байгаа болов уу.

Энэ мэдээлэл монголчуудад ямар хамаатай юм бэ, тэр тусмаа Монгол Улсад хамаатай юу?

Бид энэ талаар анзаардаггүй ч маш их хамаатай ажээ. Яагаад гэвэл хуурамч бараа бүтээгдэхүүний гол үйлдвэрлэгч нь манай урд хөрш. Улаанбаатар хотын гудамжаар хуурамч LV, Michael Kors гэх мэт брэндээр гангарсан хүн захаас авахуулаад л тааралдана. Тэр ч бүүхэл дэлгүүрийн лангуун дээр өрөөтэй, фэйсбүүкээр дүүрэн “A, B copy зарна” гэчихсэн зар тууж явдаг. Энэ бүхэн тэр чигтээ хууль бус үйл ажиллагаа ба урд хөршийнхний хуурамч бараа бүтээгдэхүүнээс мөнгө олоход, түүнийгээ угаахад нь бид нийтээрээ гар бие оролцож байна гэсэн үг. 

Дэлхийн томоохон улс орнууд мөнгө угаахтай эрчимтэй тэмцэж, түүний эсрэг байгаа буюу уг үйл хэрэгт нь нэгдэхгүй, хүчин чармайлт гаргахгүй орнуудтай эдийн засгийн харилцаанд орохоос татгалзаж байна.

Хууль бус мөнгө гэмт хэрэгт зоиулагдаж, терроризмыг санхүүжүүлэхэд зарцуулагддаг болохоор тэр ажээ. 

Ингэж олсон мөнгийг угааж, хууль ёсны болгохын тулд хөгжиж буй орнууд руу хөрөнгө оруулалт хэлбэрээр цутгаж, хууль ёсны мэт болгон гаргаж авдаг тул банкны салбар өртөх магадлал хамгийн өндөр. Тэр тусмаа эрх зүйн орчин, хяналтын систем сул, өөрийн эдийн засгийн хэмжээгээ бүрэн гүйцэт тооцож чадахгүй шахам манайх шиг жижиг улсад ийм мөнгийг оруулж угаах нь хамгийн тохиромжтой гэх. 

Мөнгө ороо л биз, гараа л биз гэж бодох хүн мэдээж байгаа. Гэхдээ мөнгө угаах нь тухайн орныхоо Үндэсний аюулгүй байдалд заналхийлдэг аж. Манайх шиг хяналт муутай улсад хүчтэй мэдрэгдэхгүй ч хяналтын систем, илрүүлэлт, хариуцлага нь сайн ажилладаг улс орнууд эдийн засгийг нь хямраах хэмжээнд нөлөөлдөг байна. Тиймээс л тэд хатуу тэмцээд байгаа хэрэг. 

Монгол Улс ба ФАТФ

Монгол Улсад мөнгө угаахтай тэмцэх тогтолцоо 2004 оноос бий болсон.

Гэвч манай улс 2013 онд Саарал жагсаалтад бичигдсэн.

Бичигдэн байж сая нэг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуультай болсноор жагсаалтаас 2014 онд гарсан.

Харамсалтай нь түүнийгээ хэрэгжүүлэх хүчин чармайлт гаргаагүй, бусад шаардлагатай тогтолцоог бий болгон хэрэгжүүлж чадаагүй нь 2016 ФАТФ-аас хийсэн анхны харилцан үнэлгээгээр ил болов. Ингээд Монгол Улс ФАТФ-ын 15 сарын эрчимтэй хяналтад орсон нь азаар сунгагдсаар өдий хүрсэн билээ. Ирэх наймдугаар сард Австралид болох ФАТФ-ын Ази номхон далайн бүсийн байгууллагын жилийн хурлаар манай тайланг хэлэлцэж, Монгол Улс дүнгээ тавиулна. Саарал жагсаалтад орох эсэх нь аравдугаар сард тодорхой болчихно.  

ФАТФ хэмээх байгууллагыг уншигчид бараг мэддэг болсон байх.

ФАТФ бол олон улсын санхүүгийн системийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх үүрэгтэй засгийн газар хоорондын хараат бус байгууллага. ФАТФ улс орнуудад 40 зөвлөмж хүргэдэг бөгөөд түүнийг нь хангаж, сахиж байвал тус байгууллагыг хүлээн зөвшөөрсөн өндөр хөгжилтэй 37 оронтой эдийн засгийн хамтын ажиллагаа өрнүүлэх боломж хэзээд нээлттэй. Зөвлөмжүүдийг дагахгүй ч байж бас болно. Тэгвэл Умард Солонгос шиг оршино л гэсэн үг. Одоогоор FATF-ийн Хар жагсаалтад дэлхийн хоёр улс л орсон байдаг. Иран, Умард Солонгос. Энэ хоёр улстай худалдаа, мөнгөн гүйлгээ хийж, хөрөнгө оруулбал терроризмыг санхүүжүүлэгч болно гэсэн үг. 

Монгол Улсын хувьд ФАТФ-ын харьяа бүс нутаг хариуцсан байгууллага болох Ази номхон далайн бүсийн байгууллага буюу APG-д дагалдах тайлангаа өгөөд явж буй. Тус байгууллагын 2017 оны хурлаар бид эрчимтэй хяналтад орсон бөгөөд шалтгаан нь 40 зөвлөмжийн 20-д нь бүдэрсэн хэрэг. Чухам ямар зүйлс болох талаарх дэлгэрэнгүй хүснэгтийг өмнөх нийтлэлээрээ бид хүргэсэн. 

Үүнээс гадна шууд хэрэгжилтийн 11 зөвлөмж дээр бүхэлдээ унасан тухай ч дурдсан. 

Бидний ЭРСДЭЛ  

Монгол Улсын хувьд одоохондоо хуурамч бараа бүтээгдэхүүн ихээр хэрэглэж байна гэж зэмлүүлээгүй ч тэр бүх мөнгө банкаар дамждаг нь хүссэн хүсээгүй эрсдэл дагуулах аж. Манай улсыг мөнгө угаах олон төрлийн эрсдэл, эмзэг сул талтай нүүр тулж байна хэмээн үнэлгээний тайланд онцолжээ.

Тайлангийн хураангуйлсан үнэлгээнээс заримыг нь дурдвал:

  • Өндөр эрсдэлтэй суурь гэмт хэрэгт залилан, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, татвараас зайлсхийх, авлига; 
  • Дундаж эрсдэлтэй гэмт хэрэгт хэрэгт хар тамхи, контрабанд буюу хилээр хууль бусаар нэвтрүүлэх, зохион байгуулалттай гэмт хэрэг, банкны зохицуулалтын эсрэг гэмт хэрэг, хулгай, гадаадад үйлдсэн гэмт хэргийн хөрөнгө мөнгөтэй холбоотой эрсдэл багтжээ. 
  • Эдгээр суурь гэмт хэрэг үйлдэж олсон орлогын үндсэн хэсгийг Монгол Улсад, үлдсэн хэсгийг (ялангуяа авлигын) оффшор бүсэд угааж байна.
  • Хууль сахиулах байгууллагуудын зүгээс мөнгө угаасан байж болзошгүй олон хэргийг шалгадаг ч мөрдөн шалгах шатанд ердөө 46 хэрэг шилжсэн байна. Эдгээрээс зөвхөн 2 хэрэгт ял оногдуулсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг Дээд шүүхээс хэрэгсэхгүй болгожээ. 
  • Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомжид Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч нарын хүрээг зөвхөн үл хөдлөх хөрөнгийн агентууд болон нотариатчдаар хязгаарласны дээр хууль сахих үүрэг зөвхөн нотариатчдад оногддог байна. Үл хөдлөх хөрөнгийн секторт зохицуулалт байхгүйн дээр борлуулалтын шатанд олон төрлийн бизнес оролцдог ажээ. Тэд бэлэн мөнгө төлж буй худалдан авагчид хямдруулалт амладаг байж болзошгүй байна.
  • Түүнчлэн, Монгол Улсад алт олборлож, улмаар албан бус дилерүүд/зуучлагчдад зарж борлуулдаг хууль бус уул уурхайн томоохон сектор (олон тооны гар олборлогчдыг оролцуулаад) ажилладаг байж болзошгүй байна. 
  • Монгол Улсын үндсэн эмзэг тал нь банкны сектор болон Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч нартай холбоотой. Санхүүгийн секторын хөрөнгийн 95.7 хувийг бүрдүүлж буй банкны сектор нь (үүн дээр цөөн хэдэн банк бус шилжүүлэгчид нэмэгдэнэ) хил дамнасан эрсдэлд өртөж болох салбарын нэг юм гэгчлэн бүхий л салбарын үзүүлэлтүүдийг нарийн дүгнэжээ. 

Монгол Улс Саарал жагсаалтад бичигдвэл ОУВС хөтөлбөрөө шууд зогсооно

Үнэхээр энд онцолсончлон үндэстэн дамнан үйлдэгддэг мөнгө угаах гэмт хэрэгт банкны салбар хамгийн их эрсдэлд өртөх боломжтойд тооцогддог аж.

Өнгөрсөн Мягмар гарагт Монголбанк ОУВС-ийн Активын чанарын үнэлгээгээр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн 7 банкийг нэрлэсэн. Тэдгээрээс нэг банкийг дампууруулаад байгаа бөгөөд зургаа нь өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж чадсан. Тэр дунд системийн нөлөө бүхий банкууд ч бичигдэж буй. Гэвч нэмэгдүүлсэн тэр мөнгөний эх үүсвэрийг батлах шаардлагатай байгаа билээ. Тийм ч учраас хөрөнгийн эх үүсвэрт хөндлөнгийн аудит хийх ажил эхэлчихсэн.

Тайлбарлагдаж чадахгүй байгаа зарим мөнгө Эдийн засгийн ил тод байдлын тухай хуультай холбогдож мэдэхээр байгааг албаны хүмүүс хэлж байв. Уг хуулиар 33 их наяд төгрөгийг ил болгосон гэдэг бол энэ нь гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг өршөөж буй хэрэг хэмээн бүс нутгийн байгууллага үзэх үндэслэл болж байгаа аж. АТГ-ын дарга Энхжаргал ажлаа өгөхийнхөө өмнө ч энэ тухай УИХ-ын танхимаас зарлаад буусан. Авлига, албан тушаалын гэмт хэрэг Монгол ил цагаандаа гарсны нэг жишээ нь энэ. Түүнээс гадна 60 тэрбум, ЖДҮ, оффшор данс, бондын зарцуулалт гээд урт жагсаалт үргэлжилнэ. Харамсалтай шүүхээр шийдэгдсэн хэрэг байхгүй болохыг ФАТФ-ын тайланд дурсаныг дээрх жишээнүүдээс харж болно. 

Өршөөлийн тухай хууль ч эдийн засгийн гэмт хэрэгтнүүдийг өршөөсөн гэсэн шүүмжлэл дагуулж буйг “Монгол Улс хоёр удаа Өршөөл үзүүлэх тухай хууль баталсан нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой тэмцэх чинхүү сонирхол байгаа эсэхэд эргэлзэхэд хүргэж байна” гэсэн тайлангийн дүгнэлт илтгэнэ. 

Хэрэв Монгол Улсын санхүүгийн салбарын 93 гаруй хувийг дангаар эзэлж буй банкны салбарын нөлөө бүхий банкууд эх үүсвэрээ нотолж чадахгүй бол ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх учиртай санхүүжилт зогсоно. Цаашлаад Монгол Улс Саарал жагсаалтад бичигдвэл ОУВС хөтөлбөрөө шууд зогсооно. Гадаадын хөрөнгө оруулагч байгууллагууд ч ялгаагүй нүүр буруулах эрсдэлтэй.

Ингээд Монгол Улс эдийн засгийн хүнд байдалд орох болно. Иргэдийн хувьд гадаад мөнгөн гүйлгээ хийх хүндрэл хамгийн эхэнд мэдрэгдэх биз. Яваандаа улс орны байдал өрх гэрт хүндээр тусаж эхэлнэ. 

Ийм байдалд хүрэхгүйн тулд зөвхөн Монголбанк Засгийн газар төдийгүй төрийн бүх байгууллага, иргэд хамтран ажиллах шаардлагатай байгааг Төв банкны Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх н.Гантуяа онцолж байв. 

Наад зах нь бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа хүртэл таны хөрөнгө оруулалт хууль бус наймааг цэцэглүүлж, терроризмыг санхүүжүүлэхэд нэмэр болж байгаа юм биш биз гэдгийг бодолцох шаардлагатай болж байна. Хил гааль мэдээж үүн дээр санаачилгатай ажиллах хэрэгтэй болно. Хууль сахиулах байгууллагууд ч ажлаа сайн хийхгүй бол улсын эрх ашиг хөндөгдөнө. 

Иргэд адаглаад л банкнаас шаардсан мэдээллийг түвэггүй өгдөг болох зайлшгүй шаардлагатай. Түүнээс гадна орж, гарч байгаа мөнгө нь олигтой хянагддаггүй ломбардуудаа ч манай улс хяналтандаа авахгүй бол горьгүй. Цаашлаад хэрэг нь нотлогдсон ЖДҮ-чин гишүүд, сайд нар, авлигад холбогдсон эрх мэдэлтнүүдийнхээ хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэж, хариуцлага тооцохгүй бол Монгол Улс ФАТФ-ын хараанаас зайлах боломжгүй.

Харин мөнгө угааж, гэмт хэрэг үйлдсэн хүмүүсээ өршөөгөөд, төрийнхөө өндөр албан тушаалд залаад байвал манай улсын эдийн засгийг ямар ирээдүй угтахыг төсөөлөхөд ч бэрх. Ямартай ч Монголын эдийн засагт томоохон ЦОХИЛТ болно гэдгийг Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун сануулсан.