Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын хориг Монголд ойртсон уу - 1

Р.Оюунцэцэг, IKON.MN
2019 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улс СААРАЛ ЖАГСААЛТ-д орох эсэх хувь заяа ирэх наймдугаар сард Австралид болох ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн байгууллагын жилийн хурлаар шийдэгдэнэ. 

Хэрэв Монгол Улс уг жагсаалтад орчихвол олон улсын эдийн засгийн хоригт орж буйтай ялгаагүй. ОУВС-гийн хөтөлбөр зогсож, хөрөнгө оруулагч гадны компаниуд магадгүй Монголыг орхино. Арилжааны банкууд гадаадын банкуудтай харилцах үүд хаалга хаагдаж, бид мөнгө гуйвуулахад ч хүндрэлтэй болно. Товчхондоо Монгол Улс эдийн засгийн хувьд хямарч мэдэх хүнд байдалд орно гэсэн үг. 

Ямар учраас Саарал жагсаалтад орох нөхцөл үүссэнийг доорх хүснэгтээс харж болно. ФАТФ улс орнуудад санхүүгийн системийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр 40 зөвлөмж л хүргэдэг. Харин Монгол Улс тэдгээр зөвлөмжөөс 20-д нь бүдэрсэн тул мөнгө угаах эрсдэлтэй орноор үнэлэгдэж, эрчимтэй хяналтад орчихоод буй. Чухам ямар 20 зөвлөмж дээр бид муу дүн авчихаад байгааг доорх хүснэгтэд харуулав.

Хүснэгт. ФАТФ-ын 40 зөвлөмжөөс бүрэн хэрэгжүүлээгүй 20 зөвлөмж ба дүгнэлт

Дугаар Зөвлөмж Дүгнэлт Үнэлгээ
1 Зөвлөмж 1 - Эрсдэлийн
үнэлгээ, эрсдэлд
суурилсан
аргачлалын
хэрэгжүүлэх
Монгол Улс мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх Үндэсний эрсдлийн үнэлгээг 2016 онд гүйцэтгэжээ. Тус баримт бичигт эрсдлийг тодорхойлоход түлхүү анхаарч харин дүн шинжилгээ хийх, ойлголтоо ахиулах асуудлыг орхигдуулжээ. Үнэлгээнд терроризмыг санхүүжүүлэх асуудал үндсэндээ тусгагдаагүй байна. Монгол Улс эрсдэлд суурилсан аргачлалыг нэвтрүүлээгүй байна.   Монгол Улс Зөвлөмж 1-ийг хэсэгчлэн биелүүлсэн байна.
2 Зөвлөмж 2 -Үндэсний хамтын ажиллагаа, уялдаа холбоо Монгол Улс тодорхойлсон эрсдэлдээ үндэслэн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний стратегийг хэрэгжүүлэх ёстой. Үй олноор хөнөөх зэвсгийг санхүүжүүлэхтэй тэмцэх ажлыг уялдуулж зохицуулах механизм бүр байхгүй аж.  Монгол Улс Зөвлөмж 2-ыг хэсэгчлэн биелүүлсэн байна.
3 Зөвлөмж 6 - Терроризм болон терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг санхүүгийн
зорилтот хориг арга хэмжээ
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1267, 1373-р тогтоолд нийцүүлэн санхүүгийн зорилтот хориг арга хэмжээ авах тогтолцоотой ч хөрөнгө царцаах; санхүүжүүлэхийг хориглох; санхүүгийн байгууллагууд болон Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид царцаасан хөрөнгө, авсан арга хэмжээгээ тайлагнах зэрэг үүрэг хэрэгжих боломжгүй байгаа нь Монгол Улсын сул тал байхаар байна. Монгол Улс
Зөвлөмж 6-г хэсэгчлэн биелүүлсэн байна. 
4 Зөвлөмж 7 - Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй холбоотой санхүүгийн зорилтот
хориг арга хэмжээ
Зөвлөмж 7-гийн дагуу хориг арга хэмжээг хэрэгжүүлэх хууль эрх зүйн зохицуулалт
Монгол Улсад байхгүй байна. 
Монгол Улс Зөвлөмж 7-г биелүүлээгүй байна. 
5 Зөвлөмж 8 - Ашгийн бус байгууллагууд

Монгол Улс эрсдэлтэй ашгийн бус байгууллага(АББ)-ыг тодорхойлоогүй байна. ТББ-ын тухай хуулийн дагуу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар(ОӨУБЕГ) нь ТББ-ыг бүртгэх, зарим төрлийн хяналт хэрэгжүүлснээр ТББ-ын ил тод байх, олон нийтийн итгэлийг хүлээх бодлого хэрэгждэг аж. ОӨУБЕГ нь эрх бүхий байгууллагуудтай мэдээлэл солилцох боломжтой. Терроризмтой холбоотойгоор ашгийн бус байгууллага буюу Хадгаламж зээлийн хоршооны талаарх олон улсын лавлагааг ТЕГ хүлээн авна.                                                       Монгол Улсын хувьд хэд хэдэн ноцтой дутагдал байна. Үндэсний эрсдлийн үнэлгээнд АББ-уудын эрсдлийг зохих түвшинд үнэлээгүй. Монгол Улс дараах зүйлийг хийж гүйцэтгээгүй байна:

  1. Эрсдэлтэй ТББ-уудад хүрч терроризмыг санхүүжүүлэх эрсдэл(ТСЭ)-д өртөх магадлал, эмзэг байдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх
  2. Эрсдэлтэй ТББ-уудтай хамтран ажиллаж ТСЭ-тэй тэмцэх сайн туршлагыг бий болгох
  3. АББ-ууд гүйлгээгээ хяналт, зохицуулалттай санхүүгийн сувгаар дамжуулан хийхийг дэмжих.

ТББ-ын тухай хуульд заасан шийтгэл нь үйлдсэн гэмт хэрэгт дүйцэх, урьдчилан сэргийлэхүйц байх зарчим хангагдахгүй байна. 

Монгол Улс Зөвлөмж 8-ыг
хэсэгчлэн биелүүлсэн байна.  
6 Зөвлөмж 14 - Мөнгө болон үнэ бүхий зүйл шилжүүлэх үйлчилгээ(МҮБЗШҮ)

Монгол Улсын Зөвлөмж 14-ийн хэрэгжилт дунд зэргийн доголдолтой байна. Дараах
зүйлс тодорхойгүй байна.

  1. Мөнгөн болон үнэ бүхий зүйл шилжүүлэх үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлгүй этгээдэд ногдуулах шийтгэл нь тохирсон, дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц эсэх
  2. Мөнгөн болон үнэ бүхий зүйл шилжүүлэх үйлчилгээ үзүүлж буй ББСБ-ын төлөөлөгчид тусгай зөвшөөрөл авдаг буюу бүртгүүлдэг эсэх, өөрөөр хэлбэл ББСБ-ууд нь төлөөлөгчдийн жагсаалтыг хөтөлж тэднийг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрт хамруулж комплаенсийг нь хянадаг эсэх. 
Монгол Улс Зөвлөмж 14-ийг
хэсэгчлэн биелүүлсэн байна
7 Зөвлөмж 17 - Гуравдагч этгээдэд тулгуурлах

Монгол Улс Зөвлөмж 17-г хэрэгжүүлэхтэй холбоотой томоохон доголдол
ажиглагдаж байна. Үүнд:

  1. Гуравдагч этгээдэд тулгуурлах явдлыг зөвхөн санхүүгийн байгууллага болон Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч(СББМҮҮ) дээр хязгаарлах шаардлага байхгүй юм
  2. Гуравдагч этгээдэд тулгуурлах нь харилцагч, эцсийн өмчлөгч, бизнесийн мөн чанарыг тодорхойлох төдийхнөөр хязгаарлагдаж байна
  3. Харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааны эцсийн үүрэг хариуцлагыг мэдээлэх үүрэгтэй этгээд хүлээх зохицуулалт алга
  4. Гуравдагч этгээдийн байрлах улсыг тодорхойлохдоо тухайн улсын эрдслийн түвшинг тодорхойлдог байх
  5. Нэг санхүүгийн нэгдэлд харьяалагдах гуравдагч этгээдэд тулгуурлах зохицуулалт боловсруулах. 
Монгол Улс Зөвлөмж 17-г
биелүүлээгүй байна. 
8 Зөвлөмж 19 - Өндөр эрсдэлтэй улс орнууд

Монгол Улс Зөвлөмж 19-ийг хэрэгжүүлэх шаардлага байсаар байна. Монгол Улс
өндөр эрсдэлтэй орнуудын хувьд харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа(ХТМ)-г  өргөтгөсөн үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлага тавьдаг ч дараах дунд зэргийн доголдол ажиглагдаж байна. Үүнд:

  1. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд өндөр эрсдэлтэй улс орнуудыг ФАТФ-аас тодорхойлсноор хэмээн томъёолоогүй байна
  2. Эрсдэлтэй нь уялдуулан харилцагчийг таньж мэдэх болон хориг арга хэмжээг төрөлжүүлэх шаардлага тавьдаггүй аж.
 Монгол Улс Зөвлөмж 19-ийг хэсэгчлэн биелүүлсэн байна.
9 Зөвлөмж 21 - Мэдээллийг задруулах болон нууцлал

Монгол Улсын Зөвлөмж 21-тэй холбоотой дунд зэргийн доголдлыг дурьдвал:

  1. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд сэжигтэй гүйлгээний тайланг мэдүүлж буй этгээдийг иргэний болон эрүүгийн хариуцлагаас хамгаалахыг шууд заасан зүйл анги байхгүй
  2. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 12.1, 12.2-р зүйл нь зөвхөн мэдээлэх үүрэгтэй этгээд(МҮЭ)-ийн хувьд хүчинтэй, харин тэдгээрийн захирлууд, ажилтнууд болон албан хаагчдыг хамрахгүй байна
  3. Мэдээлэл задруулахгүй байх заалт нь зөвхөн МҮЭ болон тэдгээрийн захирлууд, ажилтнууд, албан хаагчдад хамааралтай болохоос биш банк бус МҮЭ-ийн захирлууд, ажилтнууд, албан хаагчдад хамаарахааргүй байна.
 Монгол Улс
Зөвлөмж 21-ийг хэсэгчлэн биелүүлсэн байна.
10 Зөвлөмж 22 - Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч(СББМҮҮ) Харилцагчийг таньж мэдэх Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх шаардлага Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдээс зөвхөн нотариатчдад хамаарах тул хууль явцуу хүрээнд үйлчилж байна. Зөвлөмж 12, 15, 17-той холбоотой цуврал дутагдал, доголдол оршиж байна Монгол Улс Зөвлөмж 22-ыг биелүүлээгүй байна.
11 Зөвлөмж 23 - Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх бусад арга хэмжээ  Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх шаардлага Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдээс зөвхөн нотариатчдад хамааралтай тул Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль явцуу хүрээнд үйлчилж байна. Зөвлөмж 18, 19, 20, 21-тэй холбоотой цуврал дутагдал, доголдол оршиж байна Монгол Улс Зөвлөмж 23-ыг биелүүлээгүй байна.
12 Зөвлөмж 24 - Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч болон тод байдал Монгол Улс хуулийн бүх төрлийн этгээдийг бүртгэх төвлөрсөн тогтолцоотой.
Гэхдээ эцсийн өмчлөгчийн мэдээллийг бүртгэж баталгаажуулахыг хатуу журамласан зүйл алга.
Мэдээлэх үүрэгтэй этгээдийн харилцагчийг таньж мэдэх хүрээнд цуглуулсан компанийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг хууль сахиулах байгууллагууд ашиглах боломжтой. Монгол Улс эрсдлийн үнэлгээг хуулийн этгээдийн төрлөөр гүйцэтгээгүй бөгөөд Зөвлөмж 24-т хамаарах зөрчилд оногдуулах шийтгэл нь урьдчилан сэргийлэхүйц байж чадахгүй байна. Гадаад улс орнуудаас ирүүлж буй үндсэн хийгээд эцсийн өмчлөгчийн мэдээллийн чанарыг шалгах механизм Монгол Улсад байхгүй аж. 
Монгол Улс Зөвлөмж
24-ийг “хэсэгчлэн биелүүлсэн” үнэлгээтэй байна.
13 Зөвлөмж 25 - Эрх зүйн бусад зохицуулалт бүхий этгээдийн ил тод байдал болон
эцсийн өмчлөгч

Монгол Улсад экспресс траст, түүнтэй адил төстэй бүтэц, чиг үүрэг бүхий гэрээ,
механизм байгуулахыг хуулиар хориглосон байдаг. Иймээс Зөвлөмж 25 сонгодог утгаараа
Монголд хамаарахгүй юм. Гэхдээ итгэлцлийн хууль зөвшөөрөгдсөн эсэхээс үл хамааран бүх улс оронд тавигдах шаардлага Зөвлөмж 25-д байдаг. Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч(СББМҮҮ)-ийг бүрэн хамарч чадахгүй байна.

Мэргэжлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж буй нотариатчид л Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон урьдчилан сэргийлэх журмын харилцагчийг танин мэдэх, мэдээлэл хадгалах шаардлагыг биелүүлэх үүрэгтэй аж. Гэтэл энэхүү үүргийн зөрчилд хүлээлгэх хариуцлага нь зөрчилд нь дүйцэхүйц, урьдчилан сэргийлэхүйц байж чадахгүй байна. Бизнесийн харилцаа холбоо үүсгэх эсхүл босго дүнгээс хэтэрсэн гүйлгээ хийх үед гадаадын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь санхүүгийн байгууллагууд СББМҮҮ-ид статусаа тайлагнах албагүй ажээ. 

Монгол Улс Зөвлөмж 25-ыг
“хэсэгчлэн биелүүлсэн” үнэлгээтэй байна.
14

Зөвлөмж 26 - Санхүүгийн байгууллагуудын зохицуулалт, хяналт шалгалт 

 

Монгол Улсын Зөвлөмж 26-ийн хэрэгжилтэд дунд зэргийн доголдол оршиж байна.
Монгол Улсад гэмт хэрэгтнүүд, тэдний хамсаатнууд санхүүгийн байгууллагуудын удирдлагад багтах, үлэмж буюу хяналтын багцыг нь эзэмших (эсвэл эцсийн өмчлөгч байх)-ээс урьдчилан сэргийлэх тогтолцоо төгөлдөржөөгүй байна.

Мөн Үндсэн Зарчмуудыг хуульчилсан зүйл анги алга. Үүнээс гадна хяналт шалгалтын давтамж, цар хүрээг тодорхойлохдоо Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг харгалзан үзэхгүй байна. Эрсдлээс сэргийлэх ажилд үндэслэн харилцан адилгүй хяналт шалгалтыг санхүүгийн байгууллагуудад хэрэгжүүлж буй зүйл алга.

Үүгээр зогсохгүй, санхүүгийн байгууллагуудын удирдлага болон үйл ажиллагаанд томоохон өөрчлөлт, хөдөлгөөн гарах үед Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдлийн үнэлгээг зайлшгүй гүйцэтгэх заалт байхгүй аж. 

Монгол Улс Зөвлөмж 26-г “хэсэгчлэн
биелүүлсэн” үнэлгээтэй байна. 
15 Зөвлөмж 28 – СББМҮҮ-ийн зохицуулалт, хяналт шалгалт Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч(СББМҮҮ)-д Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналтын гадуур сугарч үлдсэн ноцтой доголдол оршиж байна. Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч бус СББМҮҮ-дийг зохицуулж буй субъект байхгүй ажээ. СББМҮҮ-д Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хяналт шалгалтад хамрагдахгүй байна.  Монгол Улс Зөвлөмж 28-ыг “биелүүлээгүй” үнэлгээ авч байна. 
16 Зөвлөмж 29 - Санхүүгийн мэдээллийн алба Монгол Улс Санхүүгийн мэдээллийн алба(СМА)-ыг байгуулж, СМА нь үйл ажиллагааны дүн шинжилгээ хийж байна. Монгол Улсын ноцтой доголдол, сул тал нь СМА-ны зүгээс стратегийн дүн шинжилгээ хийхгүй байгаад оршиж байна.  Монгол Улс Зөвлөмж 29-ийг “хэсэгчлэн
биелүүлсэн” үнэлгээтэй байна.
17 Зөвлөмж 32 - Бэлэн мөнгө тээвэрлэгчид Монгол Улс мэдүүлэх болон тодруулах холимог системтэй. Зөвхөн "Чингис хаан"
нисэх буудалд хэрэгждэг мэдүүлэх систем нь дотоод, гадаад валют, МТХ-үүдийг
хамарна. Харин тодруулах систем нь хилийн бусад бүх боомтод хэрэгждэг ч МТХ-үүдийг
хамардаггүй байна. Гаалийн тухай хууль нь Зөвлөмж 32-ын шаардлагыг ерөнхийдөө
хангахуйц байна. 
Монгол Улс Зөвлөмж 32-ыг “хэсэгчлэн биелүүлсэн” үнэлгээтэй
байна. 
18 Зөвлөмж 33 - Статистик Монгол Улс (ялангуяа Санхүүгийн мэдээллийн алба) зарим статистик тоо мэдээ гаргаж байна. Гэхдээ Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үр дүнтэй байдлыг хангахуйц иж бүрэн тоо мэдээ, статистикийн тогтолцоо алга. Энэ асуудлыг эрх бүхий байгууллагуудын түвшинд зохицуулсан хууль тогтоомж байхгүй аж. Монгол Улс Зөвлөмж 33-ыг “Хэсэгчлэн биелүүлсэн” байна.
19 Зөвлөмж 34 - Зааварчилгаа эргэх холбоо Сургалт, семинарт МҮЭ бүгд хамрагдаж байгаа ч удирдамж чиглэлээр зөвхөн
Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч бус мэдээлэх үүрэгтэй этгээдийг хангаж байна.
Монгол Улс Зөвлөмж 34-ийг “Хэсэгчлэн
биелүүлсэн” үнэлгээтэй байна. 
20 Зөвлөмж 35 - Шийтгэлийн арга хэмжээ

Монгол Улсад нэвтрүүлсэн шийтгэврийн зарим арга хэмжээ нь гаргасан зөрчилтэй
нь дүйцэхүйц, давтан үйлдэхээс сэргийлэхүйц байж чадахгүй байна. Эрүүгийн ял
шийтгэлийг зөвхөн Эрүүгийн хуульд тусгасан ба түүнд Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Терроризмтой тэмцэх тухай хууль, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх журам зөрчлийг гэмт
хэрэгт тооцох тухай байхгүй аж.

Санхүүгийн байгууллагуудад хүлээлгэх захиргааны арга хэмжээ нь гаргасан зөрчилтэй нь дүйцэхүйц, давтан үйлдэхээс сэргийлэхүйц биш ажээ. Зөвлөмж 6-ийн зөрчилд хүлээлгэх хариуцлага байхгүй байна. Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчээс зөвхөн нотариатчид Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай 
хуулийг мөрдөж буй нь тус хуулийн хамрах хүрээ явцуу байгааг илтгэнэ. Нотариат, ТББ-д хүлээлгэх хариуцлага нь гаргасан зөрчилтэй нь дүйцэхүйц, давтан үйлдэхээс
сэргийлэхүйц байж чадахгүй байна. 

Монгол Улс Зөвлөмж 35-ыг “хэсэгчлэн
биелүүлсэн” үнэлгээтэй байна. 

Эдгээр 40 зөвлөмжөөс гадна шууд хэрэгжилтийн 11 зөвлөмж бий. Тодруулбал, харилцан үнэлгээгээр муу дүн авсан Монгол Улс 2017 оноос 20 зөвлөмжийн дагуу тодорхой өөрчлөлтүүдийг хийж, жил бүр дагалдах тайлангаа ФАТФ-ын харьяа Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан байгууллагад танилцуулж буй. Хэдийгээр ФАТФ-ын зөвлөмжийн дагуу хууль эрх зүйгээ шинэчилж, шаардлагатай бүтцүүдийг байгуулсан ч механизм нь ажиллахгүй, хяналт нь хангалттай хэрэгжихгүй байгаа учраас дээрх 11 зөвлөмжийг нэмж өгсөн гэсэн үг.

Дагалдах тайлангийн жилийн хурал дээр хэлэлцэх төслийг тавдугаар сарын 20-нд Манай улс гишүүн орнууд болон ажиглагч байгууллагуудад тараасан бөгөөд урьдчилсан байдлаар 14 зөвлөмж дээр үнэлгээгээ сайжруулах боломжтой гэсэн найдлага тавьж буйгаа Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун дурдсан юм. Харин тайлангаа хамгаалж чадахгүй бол Монгол Улс Саарал жагсаалтад орно. 

Дараагийн нийтлэлдээ бодит нөхцөл байдлын талаар өгүүлэх болно.