Индэр    
2019 оны 6 сарын 21
Зураг
Эдийн засагч, шинжээч

Гадагшаа ямар ч гүйлгээ хийдэггүй, хаалттай эдийн засагтай улс болох уу?

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ирэх хоёр жилд Монголын өмнө тулгараад буй хамгийн том асуудал бол сонгууль биш, Оюутолгой биш, Эрдэнэт биш... Харин СААРАЛ ЖАГСААЛТ юм. Одоогоор тус жагсаалтад: 

  1. Этиоп Улс /Ethiopia/
  2. Серби /Serbia/ 
  3. Шри Ланк Улс /Sri Lanka/
  4. Арабын Бүгд Найрамдах Сири Улс /Syria/ 
  5. Тринидад ба Тобаго /Trinidad and Tobago/
  6. Тунис Улс /Tunisia/
  7. Бүгд Найрамдах Йемен Улс /Yemen/ 
  8. Пакистан /Pakistan/ 
  9. Бахама Улс /The Bahamas/ 
  10. Ботсвана /Botswana/ 
  11. Гана Улс /Ghana/ 
  12. Камбож Улс /Cambodia/ зэрэг улс байгаа юм. 

Бараг тал нь дайн дажин, бослого хөдөлгөөн, авлигал хээл хахууль газар авсан улс. Авлигалын индексээр ихэнх нь сүүл мушгиж буй улсууд.

Энэ сарын 16-21-ний хооронд эдгээр улсууд ФАТФ-ын 40 зөвлөмжид хууль эрхзүйн орчноо нийцүүлсэн, үр дүн нь ямар байснаа тайлагнасан. Монгол Улсын хувьд 2019 оны 8 дугаар сард тайлагнах болно. 2019 оны 10 дугаар сард эцсийн шийдвэр нь гарч, хэрвээ саарал жагсаалтад орохоор бол 2020 оны 2 дугаар сард хэрэгжээд эхэлнэ.

Харин саарал жагсаалтад багтчихвал юу тохиох вэ? Гадны ямар ч банк санхүүгийн байгууллага биднээс нүүрээ буруулна. Өө танай улс чинь олон улсын стандарт мөрддөггүй, мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг зөвлөмжүүд дагадаггүй нөхдүүд байна. Тиймээс 

  • Гадагшаа гаргасан гүйлгээг чинь хүлээж авахгүй. Дотогшоо хийгдэх гүйлгээг чинь ч бас хийхгүй.
  • Хичнээн дансны баталгаа хуулга гаргалаа гээд нэмэргүй. Танайх олон улсын стандарт мөрдөөгүй байна. Гүйлгээ хийгдэхэд маш их удна. Хяналт шалгалт нь их явах учраас тэр.
  • Улсын зээлжих зэрэглэл буурч, дотоодын аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулахад хэцүү болно. Гадаадын хөрөнгө оруулалт саарах болно. Учир нь саарал жагсаалтад орсон улсад хэн бизнес хийхийг хүсэх билээ.
  • Эргээд макро эдийн засгийн хямрал руу ороход хүчтэй нөлөөлж эхэлнэ. 

2012 онд Монгол Улс саарал жагсаалтад ороход Европын бүх банкууд манайхаас харилцаагаа тасалж, манайх Хятадын банкаар дамжуулан өндөр шимгэлтэй гүйлгээ хийж байв. Энэ онд ч гэсэн саарал жагсаалтад орох магадлал өндөр болжээ. Энэ бүхэн хэрхэн эхлэв? Яаж өрнөв? Одоо ямар явж байна? Бид юу хийж чадах вэ?

ЭНЭ БҮХЭН ХЭРХЭН ЭХЛЭВ?

Энэ бүхэн 2001 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр эхэлсэн юм. Америкийн хоёр ихэр цамхаг нурж, олон мянган хүн амиа алдав. Хүн төрөлхтний түүхэнд гарсан томоохон террорист халдлагуудын нэг. Тэр бүлэглэлийг хэн, ямар мөнгөөр хэрхэн санхүүжүүлэв? гэдэг асуудал шуугиан тарив. 

2001 оноос хойш энэ төрлийн терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг олон улсын хэмжээнд хууль, дүрэм, зөвлөмжүүд гарч эхлэв. Энэхүү мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг санхүүгийн хориг тавьдаг олон улсын гол байгууллага нь ФАТФ.

Дэлхий даяар бүс хариуцсан групууд нь байдаг бөгөөд Ази номхон далайн бүс нутгийг хариуцдаг нь APG юм. Ингээд мөнгө угаалт, террорист халдлага, дэлбэрэлтийн талаар зөвхөн киноноос л харж байсан Монгол Улс ч гэсэн дэлхийн дүрмийг дагах шаардлагатай болов.

  • 2004 оноос Монгол Улс тус байгууллагад нь анх гишүүнээр элсэв.
  • Гишүүн улс болсныхоо үүргийг заавал биелүүлэх шаардлагатай. 2006 онд мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхийн эсрэг хууль батлагдав. Тухайн үедээ санхүүгийн мэдээллийн алба гэгчийг байгуулсан.
  • 2008 оны хямралын дараагаар уул уурхайн томоохон ордууд ашиглалтад орж эдийн засаг, улсын төсөв нь хэд дахин томроод эхлэв. Өмнө нь ингэтлээ ихээр мөнгө харж үзээгүй нөхдийн шуналын сэдэл нь хөдөлсөн хэрэг. Гэнэт олдсон их мөнгөө хэрхэн нуухаа мэдэхгүй гадаадад үнэтэй байшин авч, суварга барьж, хурдан морь худалдан авч, урлагын бүтээл цуглуулж эхлэв. Өө хөөрхий, гэтэл энэ нь мөнгө угаалтын хамгийн энгийн аргуудын нэг байжээ. Арай гайгүй ахиу боддог нөхдүүд нь офшор бүсэд компани байгуулан баригдах боломжоо багасгасан хэрэг.
  • 2012 онд Монгол Улс СААРАЛ ЖАГСААЛТ-д оров. Анхнаасаа л манай нөхдүүд хаана, юунд элсэж байгаагаа ч бараг ойлгоогүй бололтой. Саарал жагсаалтын хор уршиг ямар болохыг дөнгөж л тэр үед ойлгосон. Тухайн үед Монголын ямар ч банктай Европын банкууд гүйлгээ хийхгүй болсон. Өнөөх хужаа нар нь харин аминд нь орж, Хятадын банкаар шимтгэл өндөртэй, хяналт ихтэй гүйлгээ хийж байв. 
  • APG нь ФАТФ-н 40 зөвлөмжийг хуульдаа хянаж, нийцүүлсэн эсэхийг нь хянаад ийм шийдвэр гаргасан хэрэг. Мэдээж алдааг засч болно. Тэд 2013 оны 6 сарын 1-н хүртэл хугацаа өгөв. Яг өмнөх өдөр нь буюу 2013 оны 5 сарын 31-нд УИХ-р хурлаар мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхийн эсрэг хуулийн шинэчилсэн хувилбарыг арайхийн амжиж батлав.

ЭНЭ БҮХЭН ХЭРХЭН ӨРНӨВ?

2016 оны 11-р сараас 2017 оны 6-р сар хүртэл Ази, номхон далайн бүс нутгийг төлөөлсөн APG-н зүгээс Монголд дахин үнэлгээг хийв. Энэ удаад тухайн зөвлөмжийг хууль дүрэмдээ тусгасан эсэхийг нь бус тусгаад үр дүн нь хэрхэн гарсныг нь шалгахаар болов. Үнэлгээний тайланд маш муу гарав.

Хүснэгт 1. ФАТФ-н 40 зөвлөмжийг хэрэгжүүлдэг эсэх, Монгол Улс

Эх сурвалж: Ази Номхон Далайн групп: Монгол улсын МУТСТ тогтолцооны харилцан үнэлгээ-2017

Судалгааны дүгнэлт яагаад ингэтлээ муу гарав?

Энэ бүх хугацаанд манайд эрх бүхий цагдаа, шүүхийн байгууллагаар мөнгө угаах гэсэн гэмт хэргээр ялласан тохиолдол байдаггүй байна. Өөрөөр хэлбэл өнөөх бидний дагаж мөрдөж байгаа хууль нь ФАТФ-н 40 зөвлөмжид нийцэхгүй байна л гэсэн үг. Энэ нь ч аргагүй биз. 2006 оноос хойш мөнгө угаалт, авлигалын шинжтэй олон зүйл болсон билээ.

  • Оюутолгойн гэрээний асуудал, офшор данс
  • Гишүүдийн гадаадад худалдан авсан үл хөдлөх хөрөнгүүд
  • Бондын зарцуулалт, Хөгжлийн банк
  • Эрдэнэтийн худалдан авалт
  • Монголбанкны ажилчид хувьдаа ББСБ-тай гэсэн мэдээлэл
  • 60 тэрбумын асуудал
  • Арилжааны 5 банкны дампуурал
  • ЖДҮ-ийн асуудал 

Дээрх шиг томоохон асуудлаас гадна жижиг асуудлууд зөндөө бий. Энэ талд хэн ч ямар ч хариуцлага үүрсэнгүй. Зүгээр л дэмий хашгирсан, орилсон, попорсон хүмүүс л байв. Аль ч хэрэг нь хууль дүрмийнх нь дагуу явсангүй. Одоо ч хэдэн нөхдүүд нь Оюутолгой, Эрдэнэт гээд л тэрний баримт, энэний баримтыг сөхнө шүү гэх мэтээр биенээ шантаажлаад сууцгааж байна.

Гэтэл мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхийн эсрэг хууль, дүрэмтэй холбоотой асуудлыг нь хариуцаад явж буй хэдэн байгууллагууд нь тарьсан балгийг нь цэвэрлэх гээд үйл тамаа үзэж байна. 

Нэгэнт үнэлгээний үр дүндээ муу тавиулчихсан учир засах хугацааг өгсөн. Шалгуулах хугацаа нь 2018 оны 10 дугаар сар байсан боловч бид дахин сунгаад 2019 оны 10 дугаар сар болгосон. Одоо бидэнд арга, чарга үлдсэн үү?

Нэгэнт идсэн, уусан, цадсан хэрүүлээ хийж, ард түмнээ хэдэн хэсэг хувааж байгаад хэрэлдсээр байтал бүхэл бүтэн 2 жилийг алджээ.

Та нар үнэхээр мундаг ажиллаж чаддаг л юм байна. Монголын эсрэг...