Зураг
Зураг
Индэр    
2024 оны 3 сарын 18
Зураг
Эдийн засагч, шинжээч

Чих "зөөлөн" улс төрчид

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цөөхөн хүн амтай, өргөн уудам нутагтай нүүдэлчин гаралтай нэгэн улс байжээ. Энэ улс нэг том асуудалтай тулгарсан нь улс төрчдийнх нь чих хатуу гэнэ. Чих нь хатуу учраас хэр баргийн юм сонсдоггүй аж. Тиймдээ ч зовж шаналсан ард түмнийхээ орилж буйг огтоос мэдэхгүй.

Улс төрчид өөрсдийн хүссэнээ хийв. Улсынхаа төсвийг цөлмөж, хөгжил нэртэй төслөөр мөнгө идэж, гаднаас өр, зээл хүртэл тавив. Үр дүнд нь хоёр иргэн тутмын нэг нь ядуу, халамжаас хамааралтай, дундаж давхарга бараг үгүй, баян хоосны асар том зөрүүтэй улс болжээ.

Азаар улс төрчид дөрвөн жилд нэг удаа чих нь зөөлөрч, ард түмнийг сонсох боломжтой болдог аж. Гэвч ард түмний хүч суларсан тул тэд идэвхгүй сонсож, эрх мэдлээ хадгалж үлддэг болов. Харин энэ жил тэдний чих зөөлөн байх үе иржээ. Тиймээс ард түмэн бид юу шаардахаа мэддэг байх ёстой. Түүнийгээ ч хөтөлбөрөөс нь гадна шаардаж, ам тангаргийг нь авдаг байх хэрэгтэй.

Бид юуг шаардах ёстой вэ?

  • Нүүрс, Хөгжлийн Банк, Ковидын үеийн авлигын хариуцлага
  • Тэтгэврийн реформ, НДШ-ээс тодорхой хувийг нэрийн данс
  • Дэлхийд хорт хавдраар тэргүүлдэг улс, эрүүл мэндийн систем
  • Цээжлэлт суурьтай боловсролын систем, боловсролын сан
  • Дэлхийд өндөр зээлийн хүүг бууруулах стратеги
  • Түгжрэл, утааны асуудал

Түүнээс биш бид тэдний сонсгохыг хүссэн, харуулахыг хүссэн зүйлд автаж болохгүй. Тэр нь ихэвчлэн хэрэггүй зүйлс байдаг.

  • Хятад цустай, Орос ахтай
  • Эрлийз, цэвэр цусгүй
  • Уран иргэдийг ална
  • Тэгвэл ингэвэл мөнгө өгнө гэх мэтэд хууртаж үл болно.

Тэдний чих зөөлөн үеийг зөв ашиглан, зөв сонголтыг хийх хэрэгтэй.