Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Батчулуун: Саарал жагсаалтад орвол нийт эдийн засагт нэлээд том цохилт болно

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 7 сарын 25
iKon.MN

Монголбанк өнөөдөр сар бүр хийдэг санхүү эдийн засгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Одоогоор хүлээгдэж буй хамгийн гол сэдэв нь ирэх наймдугаар сард Австралийн нийслэлд болох ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн байгууллагын хурал бөгөөд уг хурлаар Монгол Улсын тайланг хэлэлцэж, Саарал жагсаалтад оруулах эсэхийг шийдвэрлэх юм.

Энэ талаар Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун мэдээлэл өгсөн юм. 2017 Монгол Улсын хамгаалсан харилцан үнэлгээний тайланд тусгасанчлан тогтолцооны хувьд, зохион байгуулалтын хувьд өөрчлөлт хийх зорилгоор хийсэн ажлуудаас заримыг нь дурдлаа. 

  • 2018 оны дөрөвдүгээр сард Мөнгө угаахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан Үндэсний зөвлөлийг байгуулсан бөгөөд төрийн 16 байгууллагын төлөөлөл багтаж буй. 
  • Байгууллага хоорондын хамтын уялдааг зохицуулахаас гадна мөнгө угаах үйл ажиллагаанд санхүүгийн дүн шинжилгээ хийх цогц бүтцийг байгуулах ажлыг хийсэн. Үүнтэй холбоотойгоор дотоод бүтцээ өөрчилж байна. 
  • Мөн хууль сахиулах байгууллагуудын хувьд санхүүгийн шинжээч хэмээх нарийн мэргэшсэн хүмүүсийг хөлслөн авах үйл ажиллагаа явагдаж байгаа. 
  • Санхүүгийн мэдээллийн алба талаасаа хүн хүчээ сэлбэж, орон тоог нэмэгдүүлж байна. Санхнүүгийн мэдээллийн албыг олон улсын стандартад нийцсэн программ хангамжтай болгох хүрээнд АНУ-ын Сангийн яамтай хамтарч, олон улсад хэрэглэгддэг программыг  худалдан авах ажлыг эхлүүлсэн гэв. 

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо нь тухайн улсад амьдарч, үйл ажиллагаа явуулж буй хүн, байгууллага бүрт хамаатай. Тиймээс санхүүгийн байгууллагаар дамжуулж үйлчилгээ авч байгаа тохиолдолд тухайн байгууллагын шаардсан бичиг баримтыг иргэд зайлшгүй өгөх шаардлагатай. Энэ нь бохир мөнгөтэй тэмцэх нэг арга. Одоогоор бид дагалдах тайлантай холбоотойгоор шинжээчдийн үйл ажиллагааг давхар хянадаг үнэлээчдийн шаардсан тайлбар мэдээллийг хүргүүлээд явж байгаагаа хэллээ. 

Үүний дараа Монголбанкнаас 2019 оны зургаадугаар сарын статистик мэдээллийг танилцуулаад сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

 
Гэрэл зургийг MPA.mn

-Гадуур дахин нэг банк дампуурах гэж байгаа тухай яриа гараад байна. Банкуудын талаар мэдээлэл өгөхгүй юу?

Хяналт, шалгалтын газрын дарга Н.Баярсайхан: -Одоогоор дампуурч байгаа банк байхгүй. Монголбанкнаас мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн банкуудын нэрс байгаа. Одоогоор эх үүсвэрийнх нь гарлыг шалгаж байгаа талаар бид мэдээлсэн. 

-Капитал банканд байсан НДС-гийн мөнгийг яах вэ?

-НДС-гийн нэхэмжлэл байгаа. Монголбанкнаас томилогдсон эрх хүлээн авагч тус банкны хөрөнгийн үлдэгдлийг зарсан орлогоос НДС-гийн мөнгийг барагдуулах үүрэгтэй. НДГ болон бусад нэхэмжлэлийг хүлээж авсан. Дарааллыг тогтоогоод барагдуулах ажлыг эхлүүлсэн. 

 
Гэрэл зургийг MPA.mn

-Монгол Улс Саарал жагсаалтад орвол ямар эрсдэл бий болох вэ?

Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун: -Аливаа улс энэ жагсаалтад орвол нэн тэргүүнд харилцагч улсууд санхүүгийн системийн үйл ажиллагаанд тавих хяналтаа өндөрсгөнө. Өөрөөр хэлбэл гадаадаас, эсвэл дотоодоос гадагш хийх гүйлгээнүүд дээр тавих хяналт нэмэгдэж, нэмэлт мэдээллүүд  шаардаж, илүү чанга болно гэсэн үг. Яагаад гэвэл Саарал жагсаалтад орно гэдэг нь тэр улс дотооддоо мөнгө угаахтай тэмцэхгүй байгаагийн дохио. Бусад орнуудын хувьд санхүүгийн салбараа бохир мөнгөнөөс хамгаална. Тиймээс тухайн улсуудаас ирж буй мөнгөн урсгалд хяналт нөлөөлнө. Ийм асуудал үүсэхээр гадны хөрөнгө оруулалтын асуудал гарч ирнэ. Товчхондоо нийт эдийн засагт нэлээд том цохилт болно. 

2013 онд Монгол Улс Саарал жагсаалтад ороод 2014 онд гарсан. Тэр үед манай эдийн засаг жижиг байсан тулдаа компаниудын үйл ажиллагаа, хүмүүсийн халаасанд төдийлөн мэдэгдэлгүй өнгөрсөн. Одоо бол нөхцөл байдал шал өөр, Монгол Улс дэлхийн санхүүгийн зах зээлд орсон байгаа. 

- 40 зөвлөмжийн 20-д нь муу үнэлгээ авсан. Үүнээс 14-ийг нь сайжруулах боломжтой гэж үзэж байгаа гэсэн. Яг ямар байгууллага дээр ямар өөрчлөлтүүд хийж байна вэ?

-Наймдугаар сард тайлангаа хамгаалсны дараа яг ямар зөвлөмжүүд дээр ахих нь тодорхой болно. 

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нь байгууллагын биш, тогтолцооны асуудал. Тухайлбал, мөнгө угаах зүйлчлэлээр олон хэрэг шийдэгддэг ч манайд огт сонсогдохгүй байна. Гэтэл гадаадад жишээ нь мөнгө угаах чиглэлээр хяналтаа сул хийсэн арилжааны банкуудыг тэрбум доллараар торгож, хувийн байгууллагуудыг заримыг нь хааж байна. Манай улсын хувьд 2016 онд үнэлгээ хийлгэж байх үед тухайн оны аравдугаар сараас таслан мэдээллүүдийг авахад мөнгө угаах нэг ч хэрэг шүүхээр яваагүй байсан. Энэ нь Монгол Улс тогтолцоогоороо мөнгө угаах гэмт хэргийн хор нөлөөг ойлгохгүй байна гэсэн ойлголтыг өгсөн. 

 
Гэрэл зургийг MPA.mn

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Монголбанкны хараат бус байдлын талаар хэр тусаж байгаа вэ? 

ХЭЗГ, Эрх зүйн бодлогын хэүлтсийн захирал Б.Эрдэнэхуяг: - Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал, төсөлд төв банкны хараат бус байдлаар дамжуулж эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахад чухал алхам гэж ойлгож байгаа. Монголбанкны хараат бус байдлыг Үндсэн хуулиар баталгаажуулах том алхам хэмээн үзэж байгаа тул бид анхааралтай ажиглаж байна.