Индэр    
2019 оны 6 сарын 6
Зураг
iKon.mn сэтгүүлч

Элдэв таагүй үнэр, тэр байтугай хоолны үнэр ч өвчин үүсгэдэг

Зураг

Үнэр гэдэг бол агаарт тархсан дэгдэмхий хий болон уур бөгөөд хортой эсвэл хоргүй байдаг аж.

Тэгвэл ямар үнэр дийлэнх хүмүүст тааламжгүй байхын зэрэгцээ хортой, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болохыг Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооны тэргүүн, эрүүл ахуйч Д.Нарансүхээс тодруулсан юм.

Ингэхдээ гурван төрлийн үнэрийн нөлөөллийг онцоллоо. Үүнд:

  • Улаанбаатарчуудад тулгамдсан асуудлын нэг болоод буй Цэвэрлэх байгууламжийн буюу ялгадасны үнэр
  • Шинээр баригдсан болон засвар хийсэн барилгын дотор орчин дахь барилгын материалын үнэр
  • Орон сууц, оффисын барилгад байрладаг хоолны газраас гарч буй үнэрийг богино хугацаанд үнэрлэхэд тааламжгүй байдал үүсгэдэггүй ч байнга үнэртэхэд тавгүйтүүлдэг учир шалтгааныг асуув.
Бохирын үнэр хортой ч өвчлөл үүсгэх шалтгаан болохуйц хэмжээнд хүрч буй эсэх нь тодорхойгүй байна
 
Төв цэвэрлэх байгууламжийн лагийн талбай /Гэрэл зургийг mpa.mn/

Зарим өдөр хот даяар үнэртдэг Төв цэвэрлэх байгууламжийн бохир үнэрийг "Хүний биед сөрөг нөлөө үзүүлж байгаа", эсвэл "Үгүй" гэж шууд хэлж мэдэхгүй байгаагаа эрүүл ахуйч хэлж байв. Учир нь энэ чиглэлийн судалгаа Улаанбаатарт хийгдээгүй байгаа аж.

Гэхдээ тэрбээр “Зарчмын хувьд цэвэрлэх байгууламжаас ялгарч байгаа хийнүүд хоргүй байсан бол тэнд хүн хордож нас барахгүй байсан. Бохироос ялгарч, үнэр гаргаж байгаа гол хий нь хүхэрт устөрөгч. Үүнээс гадна хүний ялгадас задарч, азот агуулсан нэгдэл буюу аммоний хий үүсгэдэг. Мөн бусад хий ч байгаа. Эдгээр хий хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлаад тогтоочихсон. Гол асуудал нь эдгээр хий тодорхой түвшинд хүрч байж эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Түүнийг нь зөвшөөрөгдөх дээд хэмжээгээр хязгаарлан зааж өгдөг. Олон улсад хийгдсэн судалгаагаар 1 сая эсвэл 100 мянга хүн тутамд нэгээс олон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх түвшинд үндэслэн зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоодог.

Зарчмын хувьд цэвэрлэх байгууламжаас хортой хий ялгарч, хүмүүс хордож байгаа нь үнэн. Гэхдээ агаарт агуулагдаж буй хортой хий Улаанбаатарчуудыг өвчлүүлэх шалтгаан болохуйц хэмжээнд байгаа эсэхийг шинжилгээ хийж байж л мэдэх боломжтой” хэмээн тайлбарлав.

Тэгэхээр цэвэрлэх байгууламжтай ойрхон амьдарч, ажилладаг хүмүүсийн дунд бохирын үнэрээс үүдэлтэй өвчлөлийн магадлал тодорхой хэмжээгээр байна гэсэн үг.

Бохироос ялгардаг хүхэрт устөрөгч, аммооны зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их хийнд өртсөн тохиолдолд ямар өвчнөөр өвчлөх эрсдэлтэй вэ?

Эрүүл мэндийн нөлөөллийг урт болон богино хугацааны хэмээн ангилдаг байна.

Дээрх хийнүүдэд богино хугацаанд их хэмжээгээр өртсөн тохиолдолд амьсгалын замын эрхтнийг цочроож, тархи гэмтээх бөгөөд ухаан алдана. Ухаан алдсан ч гэсэн уушги ажиллаж байдаг учраас амь насанд ч хүрэх эрсдэлтэй аж.

Урт хугацаандаа бол хэт мэдрэгшлээс үүдэн харшилтай болох, мэдрэлийн системд нөлөөлж, ой санамж муудах, амьсгалын замын эрхтнүүд, салст, мөгөөрсүүд байнга цочирсоор байгаад бүтцийн хувьд өөрчлөлтөд орсноор уушгины архаг бөглөрөлт өвчин багтраа үүсэх эрсдэлтэй.  
Түүнчлэн хамрын үнэрлэх мэдрэхүй гэмтдэг тул Цэвэрлэх байгууламжид ажиллаж байгаа хүмүүсийн үнэрлэх мэдрэхүй хэдийн гэмтчихсэн байгааг эрүүл ахуйч хэлсэн юм.

Жилийн 365 хоногийн дийлэнхэд нь байнга бохир үнэртдэг бүсэд амьдарч буй хүмүүст дээрх байдлаар нөлөөлөх ч жилийн цөөн хэдэн хоногт бохир бага зэрэг үнэртэх нь өвчин үүсгэх шалтгаан болохгүй аж.

Барилгын материалын үнэр буюу дэгдэмхий органик бодисууд нь хорт хавдар, ургийн гажиг үүсгэх эрсдэлтэй
 

Органик бодисыг эко хэмээн буруугаар ойлгох нь түгээмэл. Тэгвэл органик бодис гэж үйлдвэрлэлийн аргаар гаргаж авсан химийн бодисыг хэлдэг. Хэдэн зуун мянган төрлөөрөө байдаг органик бодис бага тунтай байсан ч хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.

Тодруулбал, Барилгын материалаас ялгардаг үнэр буюу дэгдэмхий органик бодисуудад урт хугацаагаар өртөх нь хавдраар өвчлөх, үр удамд нь нөлөөлж ургийн гажиг үүсгэх, мутацид орох эрсдэл үүсгэдэг байна.

Тиймээс Эрүүл мэндийн болон Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан Барилгын материалын эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг батлах тухай тушаал гараад байгаа.

Дэгдэмхий органик бодисуудын нөлөөгөөр хэрхэн өвчлөл үүсдэг вэ?

Дотоод орчинд агаар дахь хорт бодисуудын хэмжээ стандартад зааснаас их байвал хурц болон архаг хордлого үүсгэдэг.

Өндөр тунтай хорт бодист богино хугацаатай өртсөн тохиолдолд хурц хордлого толгой өвдөх, бөөлжих, тууралт гарах, нүд хорсох гэх мэт шинж тэмдгээр илэрдэг. Гэхдээ илрэх шинж тэмдэг нь химийн бодис бүрээс шалтгаалаад харилцан адилгүй.

Харин бага зэрэг үнэртэй, бараг үнэргүй ч гэж хэлж болох зарим химийн бодист урт хугацаанд өртөж байсан хүмүүст 5, 10, 20 жилийн дараа архаг хордлого буюу хавдраар өвчлөх, үр удамд нь нөлөөлж ургийн гажиг үүсгэх, мутацид орох /ДНХ-ийн гинжин хэлхээг гэмтээх/ гэсэн гурван хэлбэрийн өвчлөл үүсдгийг судалгаагаар тогтоожээ.

"Ногоон титэм" лаборатори 2014 оноос хойш барилгын дотоод орчинд шинжилгээ хийх явцад дэгдэмхий органик нэгдлүүд /Бензол, толуол, этилбензол, ксилолууд/, формальдегид, нарийн ширхэгт тоосонцор PM2.5, хөгц, мөөгөнцөр, тамхины утаа хамгийн түгээмэл илэрч байсан байна.

Дэгдэмхий органик бодисуудын ихэнх нь хүний биед хорт хавдар, ургийн гажиг үүсгэх эрсдэлтэйг судалгаагаар тогтоогджээ.

Байнга хоол үнэртэг орчинд байдаг бол харшилтай болох эрсдэлтэй
 

Хоолны үнэрийн хувьд эрүүл мэндэд үзүүлэх нэг  л сөрөг нөлөө байж болох гэнэ. Тэр нь харшил бөгөөд байнга хоолны үнэртэй орчинд байдаг хүмүүст л хамаардаг байна.

Ургамал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс дэгдэж буй маш нарийн ширхэгтэй тоосонцрууд хүний биед ормогц дархлааны эсүүд түүнийг устгадаг. Тоосонцор байнга биед орж ирсээр байвал дархлааны эсүүд идэвхэжсээр хэт мэдрэгшил буюу харшил үүсдэг байна.

Хоолны үнэрээс хэншүүг салгаж авч тайлбарлавал, хэншүүний найрлагад дутуу шаталтын үед үүсдэг хий болон маш нарийн ширхэгтэй тоосонцор агуулагддаг аж. Тэгэхээр уг тоосонцроос үүдэлтэй мөн л харшил үүсэх эрсдэлтэй.

Түүнчлэн хүнсийг тосонд шарах явцад олон цагаригт үнэрт нүүрсустөрөгч ялгардаг бөгөөд уг бодист байнга өртсөн тохиолдолд хорт хавдар үүсэх эрсдэлтэйг эрүүл ахуйч тайлбарласан юм.