Зураг
Зураг
Индэр    
2018 оны 9 сарын 17
Зураг
iKon.mn сэтгүүлч

М.Оюунчимэг: Хүүхэд хамгаалахтай холбоотой төсвийг хуулийн цоорхой ашиглан үр ашиггүй зарцуулаад байна

Зураг

Хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудлаар НИЙТИЙН СОНСГОЛ зохион байгуулах санаачилгыг iKon.mn сайт дэвшүүлээд байгаа билээ.

Ингэхийн тулд Нийтийн сонсголын тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүдээс дор хаяж 19 гишүүний дэмжлэг авах шаардлагатай байгаа юм. Бидний энэхүү санаачилгыг төрийн түшээдээс хамгийн эхэнд УИХ-ын гишүүн З.Нарантуяа дэмжсэн бол эрэгтэй гишүүдээс Л.Болд хүүхэд хамгааллын асуудлаар Нийтийн сонсгол хийхийг 100 хувь дэмжинэ хэмээсэн. 

Харин энэ удаад УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга  М.Оюунчимэгийн байр суурийг сонирхсон юм. Дашрамд дурдахад, УИХ-ын залуу гишүүдийг төлөөлж Н.Учрал бидний санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлээд байгаа билээ.  

-Манай улс хүүхэд хамгаалал, хөгжлийн төсвөө энэ онд хамгийн ихээр буюу өмнөх оныхоос таван тэрбумаар нэмэгдүүлж, нийт 6.4 тэрбум төгрөгөөр баталсан. Үүнийг хэдийгээр ахиц гэж хэлж болох ч гадны нөлөөтэй, томчуудын хайхрамжгүйгээс эндсэн, бэртэж гэмтсэн хүүхдийн тоо буурсангүй. Тэгэхээр төсөв нь нэмэгдсэн ч хүүхэд хамгааллын ажил бодит үр дүнд хүрэхгүй байгаатай та санал нийлэх үү? 

-2016 оны сүүлээр эдийн засаг хүндэрч, улс орон нэлээд амаргүй байдалтай байсан учир дараа оны төсвийг батлахдаа ихэнх байгууллагуудын төсвийг хассан. Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалахтай холбоотой төсөв давхар хасагдаад тэрбум ч хүрэхгүй, хэдхэн сая дээр ирчихсэн байсан үе. Тийм учраас миний бие санаачилга гарган 2017 оны төсөвт Ерөнхий сайдын багц дээр 130 сая төгрөг нэмүүлж байлаа.

Манайд нэг асуудал байна л даа. Төсөв мөнгө хумих болохоор хүүхэдтэй холбоотой зардлууд л танагдаад явчихдаг.  

Мөн сая 2018 оны төсөв хэлэлцэх үеэр Төсвийн байнгын хорооны Ажлын хэсэгт нь миний бие орж ажиллан, бусад эмэгтэй гишүүдээ уриалж, хүүхэд хамгааллын төсвийг нэмэх санаачилга гаргасан. Эмэгтэй гишүүд маань ч нэгдээд өөр салбар руу оруулсан байсан төсвүүдийг танаж 5.3 тэрбум төгрөг нэмж тусгаад нийт 6.4 тэрбум төгрөгийг 2018 онд хүүхэд хамгааллын төсөвт тусгаж өгсөн

Энэ төсвийн зарцуулалт нь Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын багцад ороод явна. Энэ мөнгөний хэд нь хаашаа орж, юунд зарцуулагдав гэдгийг задаргаагаар нь намрын чуулган эхлэхээр Байнгын хороон дээр хөндөнө гэж бодож байгаа. 

“Монгол Улс хүүхдүүддээ дайн зарласан мэт болчихоод байна” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Гадны нөлөөний улмаас амиа алдсан, бэлгийн хүчирхийлэлд өртсөн, гэмт хэргийн золиос болсон хүүхдүүдийн тоог нийт хүн амынхаа тоотой харьцуулахад дэндүү эмгэнэлтэй тоо гарна.

Манай улсын хувьд хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн асуудалтай холбоотой олон улсын конвенц, хөтөлбөрт нэгдэн орсон тоо хангалттай олон байдаг. Гэвч үр дүн нь буюу хамгаалагдаж чадаагүй хүүхдийн тоо буурахгүй байгаа нь энэ асуудалд анхаарах цаг болсныг харуулж байна. 

-Тиймээс л iKon.mn сайт Хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудлаар Нийтийн сонсгол хийх санаачилга гаргаад байгаа юм. Та бидний санаачилгыг дэмжих үү?

-Би өөрөө энэ асуудалд санаа тавьж ажиллаж байгаа учир 100 хувь дэмжиж байна. Харин ч бүр iKon.mn сайтынхан нүд хурц, асуудалд ингэж шуурхай хандаж байгаад баярлаж байна. Хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье. 

-Хүүхэд хамгаалал, хөгжил гэдэг маш том сэдэв. Магадгүй ирэх оны төсөвт хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудалд зарцуулагдах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх боломж гарвал та дэмжих үү. Мөн цаашид энэ чиглэлээр ямар ажил хийгдээсэй гэж бодож байна вэ? 

-Төсөв нэмэх нь гол зүйл биш юм. Уг нь бол Олон улсын байгууллагаас Хүүхэд хамгааллын хуулийг боломжийн хэмжээнд хэрэгжүүлье гэвэл 11.1 тэрбум төгрөг шаардлагатай, бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн тулд 21 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гаргасан юм билээ. 

Үнэнийг хэлэхэд 6.4 тэрбум төгрөг хаанаа ч хүрэхгүй. Гэхдээ миний бие өнгөрсөн хаврын чуулганы төгсгөлд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар, хүүхэдтэй холбоотой бүх байгууллагын удирдлагуудад асуулга тавьсан юм. 

Эндээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын багцад хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой зардлууд давхар  суугдаад явж байгааг харсан. Жишээ нь, камержуулалттай холбоотой асуудлыг ХЗДХ-ийн сайд хариуцаж байна.

Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн зарим алслагдмал хороог камержуулсны дүнд гэмт хэргийн тоо эрс буурсан.  

Нийслэлийн хүн амын 70 орчим хувь нь гэр хороололд амьдарч байна гэхээр тэнд хүүхэд янз бүрийн гэмт хэргийн золиос болох хэрэг гарсаар байна. Хаана гэмт хэрэг гараад байна, хаана бэлгийн хүчирхийлэл гараад байна гэхээр камержуулалт байхгүй, хамгаалалт байхгүй газар л гараад байна.

Тиймээс гэр хорооллын сургууль, цэцэрлэгүүд, олон нийтэд үйлчлэх газрууд, харанхуй гудамжуудад камер суурилуулах шаардлагатай байгаа. Жишээ нь, сүүлийн нэг жилийн хугацаанд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн гэмт хэрэг их гардаг зарим алслагдмал хороог камержуулсан. Энэ хугацааны статистикаас харвал гэмт хэргийн тоо эрс буурсан байгаа юм. 

Эндээс харахад бид хүүхдээ хамгаалахын тулд юун дээр илүү ач холбогдол өгөх вэ гэдгээ тодорхой болгох шаардлагатай байна. Хурал, чуулган зохион байгуулах, хэн нэгнийг гадагш нь явуулахаас илүү хамгийн бага нэгж дээр шаардлагатай байгаа зүйлийг олж харах хэрэгтэй. 

Тиймээс төсөвлөсөн 6.4 тэрбум төгрөгийнхөө задаргааг үзэх хэрэгтэй. Өмнөх жишээнүүдээс харж байхад хүмүүсийг сургах нэрээр гадаад явуулдаг, эсвэл семинар нэрээр хүмүүс цуглуулж хоол унд болдог. Зарцуулах ёстой зүйлдээ биш дээрх дурдсан шиг зүйлд зарцуулсан байдаг учраас хөрөнгө мөнгийг хэрхэн зарцуулсан, ямар үр дүн гарсан гэдгийг нь харах маш чухал байгаа юм. 

Бас нэг зүйлийг заавал дурдах хэрэгтэй. Өмнө нь цагдаагийн байгууллагад хүүхдийн байцаагч гэдэг албан тушаал байсан. Хүүхдийн байцаагчийн орон тоог цомхотгосноос хойш хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг их гарах болсныг ХЗДХ-ийн сайд тоо судалгаатай хэлж байсан. Хүүхдийн байцаагч нар хүүхдийн араас нэг нэгдгүй явдаг, анхаардаг байж. Тэгэхээр энэ орон тоог нэмэх төсвийг гаргаж өгөөд, дараа нь хариуцлага, үр дүн ярих хэрэгтэй санагдсан.

Энэ мэтчилэн хүүхэдтэй холбоотой төсөв мөнгө хуваарилагддаг төрийн бүх байгууллагийн уялдаа холбоог нягт болгож, сайн менежмэнт хийвэл 11 тэрбум төгрөгөөр хүүхэд хамгааллын ажлыг боломжийн хэмжээнд хийх бололцоотой. Тиймээс 2019 оны төсөв ярихдах үеэр би энэ асуудлыг гаргаж тавина. 

-Нийтийн сонсголыг хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудлаар хийе гэж байгаа ч нөгөө талдаа төсвийн үрэлгэн байдлыг ил болгох, дүгнэлт хийх ач холбогдолтой гэж бид харж байгаа. Ингэснээр төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг асуудалд хяналт тавьж чадах болов уу? 

-Бид энэ асуудалд бүгд хамт оролцож, нэг зүг рүү харах ёстой. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо ч чухал байна. Нийтийн сонсгол хийх нь эргээд төсвөө хянах, зөв зарцуулах, үр дүнтэй байлгахад зорьж байгаа явдал юм. Яг энэ хүүхэд хамгаалалтай холбоотой төсвийг хуулийн цоорхой ашиглаад үр ашиггүй зарцуулаад байна шүү дээ.  

Зөвхөн хүүхэд хамгаалал дээр биш төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийг хэрхэн үр ашигтай зарцуулж байна эсвэл хэр үрэлгэн байна гэдэг дээр хяналт тавьж хариуцлага тооцож, дахин төлөвлөдөг байх зарчим чухал байна

Жишээ нь, манай Өргөдлийн байнгын хороо Агаарын, хөрсний бохирдлыг бууруулахтай холбоотой сүүлийн 10 жилд зарцуулсан хөрөнгийн задаргааг холбогдох байгууллагуудаас нь шахаж шаардаж, албан тушаалтай нь ярина гэж байж гаргуулж автал аймшигтай дүр зураг харагдсан

Яг үүнтэй адил хүүхэд хамгааллын асуудлаар байгууллага бүр төсвийн зарцуулалтаа нарийн гаргаад нээлттэй мэдээлэл өгөх хэрэгтэй. Үүгээр хэн нэгнийг адалж, мууг нь үзэх гэж байгаа юм биш. Хариуцлагагүй байдалд цэг тавихгүй бол болохгүй байна. Төсвийн сахилга батыг доод дунд шатанд хэрэгжүүлэхийг л яриад байгаа юм. Үнэхээр буруу замаар яваад байгаа бол дохио өгөх нь л чухал байна.