Зураг
Зураг
Индэр    
2018 оны 9 сарын 14
Зураг
iKon.mn сэтгүүлч

Л.Болд: Хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудлаар НИЙТИЙН СОНСГОЛ хийхийг 100% дэмжиж байна

Зураг

НҮБ-ийн Хүүхдийн сангаас Монголд хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудалтай холбогдолтой хууль, дүрэм, журмыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн тулд хамгийн багадаа 11 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн судалгаа гаргажээ.

Харин Монгол Улс 2018 оны төсвөө батлахдаа энэ чиглэлд зориулж 6.4 тэрбум төгрөг төсөвлөсөн юм. Энэ нь өмнөх жилүүдийнхээс “огцом” нэмэгдүүлж ийм хэмжээнд хүргэсэн гэсэн үг. 

Хүүхэд хамгаалал, хөгжилд зарцуулах энэ хэмжээний мөнгөөр зөвхөн НЭГ байшин барьж, зам тавих гэх мэт хатуу дэд бүтцүүдэд барихаар төсөвлөсөнтэй тэнцүү байх жишээтэй. Энэ байтугай зүйлд зарцуулдаг мөнгөөр бүтэн жилийн турш хүүхэд хамгааллын ажил хийгдэнэ гэж бодохоор хаанаа ч хүрэхгүй байх нь ойлгомжтой. 

Монголын ирээдүй болсон хүүхдүүдийнхээ төлөө Монголын төр яагаад хангалттай хөрөнгө зарцуулж чадахгүй байна вэ. Хуваарилсан жаахан хөрөнгийг нь хурал, семинар зохион байгуулаад үрээд дуусгах уу. Хүүхдийн гэх тодотголтой төрийн байгууллагууд цаасан дээр л ажиллаж байхад захын хорооллын харанхуй гудманд хүүхэд хүчирхийлэлд өртсөөр байх уу. 

Энэ бүхэнд хариулт олохын тулд хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудлаар Нийтийн сонсгол зохион байгуулах санаачилгыг iKon.mn сайт дэвшүүлээд байгаа билээ. 

Бидний санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлсэн УИХ-ын гишүүн Д.Болдын байр суурийг хүргэж байна.  Энэхүү Нийтийн сонсголыг хийхээр дэмжиж буй УИХ-ын гишүүд бусад холбогдох байгууллагын төлөөллийг бид цувралаар хүргэх болно.

- Манай улс хүүхэд хамгаалал, хөгжлийн төсвөө энэ онд хамгийн ихээр буюу өмнөх оныхоос таван тэрбумаар нэмэгдүүлж, нийт 6.4 тэрбум төгрөгөөр баталсан. Үүнийг хэдийгээр ахиц гэж хэлж болох ч гадны нөлөөтэй, томчуудын хайхрамжгүйгээс эндсэн, бэртэж гэмтсэн хүүхдийн тоо буурсангүй. Төсөв нь нэмэгдсэн ч хүүхэд хамгааллын ажил бодит үр дүнд хүрэхгүй байгаатай та санал нийлэх үү? 

- Хүүхдийн эрхийг хамгаална гэдэг нь хүүхэд болгоныг цагдаа дагаад явна гэсэн үг биш. Хүүхэд болгоныг төр ямагт хамгаалдаг байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид, нийгэм бүхэлдээ хүүхдээ хамгаалъя гэсэн ойлголттой байх ёстой. Тэр ойлголт нь өнөөдөр тасалдчихаад байна. Төсвийг нэмснээр өөрчлөлт гарахгүй байна гэсэн асуудлыг хөндөж байна. Бодит байдал дээр хуваарилсан төсвийг хувийн төсөл, хөтөлбөрүүд хувааж авдаг, буруу жишиг тогтчихоод байна.

Замын гарц, сургуулийн орчинд тамхи, гар утас хориглоно гэсэн захиргааны шийдлээр хол явахгүй. Бүхэл бүтэн сургуулийн орчныг тааламжтой болгох, уур амьсгал бүрдүүлэх тогтолцоонууд хэрэгтэй. Эмээр бол үнэтэй эм уусандаа биш. Өвчнөө таниад зөв оношлох юм бол хямдхан эмээр ч илааршуулж болдогтой л адил. Зөвхөн мөнгө тойрч ярих асуудал биш юм. Хүүхэд хамгаалал гэдэг нь маш том сэдэв учраас магадгүй 100 тэрбум төгрөг ч шаардагдаж болно шүү дээ.

Гэхдээ үүнийг харьцангуй бага мөнгөөр илүү үр дүнтэй хийх боломжтой гэж харж байгаа. Төсвийг нь нэмээд нэмээд хүсэл зориг, хүчин чармайлт байхгүй бол үр дүнд хүрэхгүй болов уу. Тиймээс эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид, нийгэм бүхэлдээ хүүхдээ хамгаалъя гэсэн нэгдсэн ойлголттой болох ёстой байх. Ингэхийн тулд төрийн бодлогод өөрчлөлт шинэчлэлт хийх хэрэгтэй. АН-ын бүлэг  энэ дээр нэлээд нухацтай хандаж байгаа.

- iKon.mn Хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудлыг онцгой анхаарах цаг болсныг сануулж, үүнд төсөвлөгдсөн хөрөнгийг хэрхэн зарцуулсанд үнэлэлт дүгнэлт хийх зорилгоор Нийтийн сонсгол зохион байгуулах санаачилга өрнүүлээд байгаа. Та бидний санаачилгыг дэмжих үү? 

- Энэ асуудлыг өнгөрсөн жилээс хойш бид ч шаардсаар байгаа. Хойш тавиад л байсан. Хүүхэд хамгааллын, сургууль, цэцэрлэгийн, багш нарын цалин хангамжийн асуудал, ажил хаялт гээд энэ салбарын бүх асуудал овоорсоор байгаад зад тавьж байна. Одоо УИХ үгээ хэлэх цаг болсон. Үүнээс өөр зам байхгүй. Нийтийн сонсгол хийхийг би 100 хувь дэмжиж байна.

- Хүүхэд хамгаалал, хөгжил гэдэг маш том сэдэв. Магадгүй ирэх оны төсөвт хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудалд зарцуулагдах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх боломж гарвал та дэмжих үү?

- Шаардлагатай арга хэмжээнүүд авах хэрэгтэй. Тэр бүгдэд шаардлагатай төсвийг баталж өгөх хэрэгтэй. Янз бүрийн өр төлбөрт өгөөд байдаг шиг их хэмжээний мөнгө биш шүү дээ энэ чинь. Энэ том асуудалд Монголын төр анхаарлаа хандуулахаас өөр арга байхгүй. Үүнийг бүрэн дүүрэн дэмжинэ.