Индэр    
2018 оны 8 сарын 7
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

БЛОКЧЭЙН ба Монголын ирээдүй

Зураг
Блокчэйн технологийн талаар эрх баригчид өнгөрсөн есөн сарын хугацаанд үр дүнгүй ярих зуур манай залуус энэ технологийн ид шидийг эхнээс нь үзээд зогсохгүй бүтээсэн платформуудыг нь гаднын улс орнууд сонирхож, бүр суралцахаар Монголыг зорих болжээ. Үүний нэг жишээ нь, iTools болон Ай Си Ти Группийн мэргэжилтнүүд хамтран блокчэйн технологид суурилан бүтээсэн үнэт цаас арилжааны UBEX платформыг худалдан авах санал Украин болон хэд хэдэн орны хөрөнгийн бирж ирүүлээд амжсан байна. Зарим орны төлөөлөгчид нь энэ долоо хоногт Монголд ирж буй сурагтай. Мөн ICT группийн криптовалют майнингийн машинуудыг Монголд ажиллуулах төсөл Тайвань, Япон, Кувейт, Тайландынхны анхаарлыг татаад, эхнээсээ ажил хэрэг болоод явж буй. Яг энэ тухай бид өмнө нь нийтэлсэн.  

Тэгвэл дээрх хоёрхон жишээ маш чухал нэг л зүйлийг илтгэж байгааг Та лав анзаарсан байх. Аж үйлдвэрийн IV хувьсгалыг дэлхий ертөнцөд эхлүүлсэн БЛОКЧЭЙН технологийн талаар Монгол Улс энэ гараг дээрх бүх улс оронтой ижил гараан дээр, ижил түвшний ойлголттой төдийгүй зарим улсаас хэдийнэ түрүүлж алхсаныг харуулж байгаа юм. Магадгүй Марк Зукербергийн блокчэйний талаарх ойлголт манай технологийн залуусынхтай яг ижил байж мэдэх юм. Тэр хүн манай залуусын адилаар блокчэйнийг хэрхэн ашиглах талаар энэ мөчид толгойгоо гашилгаж буйг үгүйсгэхгүй. Тиймээс яг одоо блокчэйн технологийг маш хурдан зөв ойлгож, боломжийг олж харж, түрүүлж ашиглаж чадсан нь өрсөлдөх чадварын хувьд дархлаатай болж, мянга мянган боломжийг улсдаа авчрах түүхэн цаг үе тохиож байгааг онцолъё. Товчхондоо, БЛОКЧЭЙН бол мэдээлэл технологийн энэ шинэ эринд Монгол Улсад бурхнаас өгсөн бэлэг ажээ. 

Сул талаа давуу тал болгох нь буюу монголчууд “олуулаа” болох боломж

 
Гэрэл зургийг MPA.mn

Бурхнаас өгсөн бэлэг хэмээн “сүржигнэх”-ийн учир нь БЛОКЧЭЙН үнэхээр Монгол Улсад од шүүрч, хөгжлийн манлайд хүрэх ховорхон боломжийг олгож байна. Үүнийг тоочихын өмнө зарим зүйлийг тайлбарлах хэрэгтэй болох нь. 

Юуны өмнө блокчэйн технологи бол криптовалют биш гэдгийг хатуу ойлгохыг зөвлөе. Цахим мөнгө бол блокчэйн технологийн зөвхөн нэг жижиг үзэгдэл. МЭ-ий II зуунд анх цаасыг хийснээр хүн төрөлхтөн цаасан дээр бичиг хэрэг хөтөлж, ном бичиж, сууцныхаа ханыг хүртэл гоёдог болоод зогсохгүй цаасан мөнгө төлбөр тооцооны хамгийн чухал хэрэгсэл болсон. Яг үүнтэй ижил хувьсгалыг БЛОКЧЭЙН дэлхийд авчирч буй юм. Цаасаар худалдан авалт хийхээс гадна дээр өгүүлсэнчлэн маш олон зүйлийг хийж болдог шиг БЛОКЧЭЙН технологи цахим мөнгөөр зогсохгүй асар их зүйлийг хийж, бүтээх боломжийг олгож байна

БЛОКЧЭЙН үнэхээр Монгол Улсад од шүүрч, хөгжлийн манлайд хүрэх ховорхон боломжийг олгож байна

Монгол Улсын хүндрэл бэрхшээл, сул талуудыг тоочоод байвал дуусахгүй. Тэр тусмаа ийм том газар нутаг дээр маш цөөхүүлээ амьдардаг нь бусад улс орон шиг өндөр бүтээмж үйлдвэрлэж, том эдийн засагтай болох хөгжлийн замд “тээг” болсоор ирсэн билээ. Энэ бэрхшээлийг сөрж, эдийн засаг тогтвортой байх хэмжээний бүтээмж бий болгож, салбар бүрийг хөгжүүлэх загварын талаар ярихын тулд монголчууд дор хаяж таван сая хүн амтай болох хэрэгтэйг Нээлттэй нийгэм форумаас эхлээд олон судлаач, эдийн засагч тодотгодог. Гэвч НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс гаргасан Хүний хөгжлийн зургаа дахь илтгэлд 2040 он гэхэд манай улсын хүн ам 4 саяд хүрэх тооцоотой байгааг дурдсан. Магадлалаар бол 2032 он гэхэд бид таван саяулаа болоход тун ойртож мэднэ. 

Одоо Монгол Улс дөнгөж гурван сая гаруйхан хүн амтай. Бид долоо хоногт өдөр тутам 12 цагаар ажиллаад ажиллаад ердөө 9-хөн сая хятад хүний бүтээмжийг л үйлдвэрлэж чадах нь. Биологийн хүчин чадал хязгаартай учраас тэр. Хэрэв таван саяулаа болохоо хүлээвэл дахиад дор хаяж 15 жилийн нүүр үзнэ. Харамсалтай нь, биднийг ийн өсөж, үржихийг дэлхийн хөгжил хүлээхгүй. 

Тэгвэл энэ сул талыг аж үйлдвэрийн IV хувьсгал буюу БЛОКЧЭЙН технологи давуу тал болгон олгож байна. Өнөөдөр Монгол Улсын ганцхан иргэн 100 сая хүнтэй улсын бүтээмж үйлдвэрлэх бизнес санааг гаргахад л бидний цөөхөн хүн амтай гэгддэг энэ сул тал үгүй болно. 

Монголд нутагшуулах гаргалгаа 

 
Гэрэл зургийг MPA.mn

Блокчэйн л гээд байх юм, Монголд яг юу хийж болох юм бэ гэсэн асуулт гарч ирж байна. Тэгвэл энэ технологийн тусламжтайгаар бүх зүйлийг, өнөөг хүртэл Монгол Улсад стресс үүсгэдэг мянга мянган бэрхшээлийн үндэс болсон бүртгэлийн системийг цогц шийдэж чадна. БЛОКЧЭЙН гэдгийг цахимжсан баталгаат бүртгэл хэмээн сийрүүлэх боломжтойг технологийнхон хэлж буй. Тодорхой жишээ дурдъя.

Боловсролын салбарт:

Өнөөдөр Монгол Улсад их, дээд сургууль төгссөн дээд боловсролтой хүмүүс ажилгүйчүүдийн эгнээг тэлж, бүртгэлтэй ажилгүй иргэдийн 70 гаруй хувийг дээд боловсролтонгууд эзэлж байгаа. Ганцхан сэдвээр 40-50 хүн диплом хамгаалж байгаа талаар салбарынхан нь ярих боловч үүнийг хэн ч хянаж, баталгаажуулж чаддаггүй. Цэцэрлэг, сургуулийн хүртээмж муугаас 2-5 насны хүүхдүүдийн 30 орчим хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байна. Бага анги, дуу хөгжмийн багшийн хүрэлцээ муу гээд боловсролын салбарт тулгамдсан энэ мэт олон асуудлыг зөвхөн бүртгэлийн тогтолцоог сайжруулснаар шийдэх боломжтой аж. 

Тухайлбал, “Их Засаг” сургууль саяхан блокчэйн технологид шилжсэнээ нийтэд мэдээлсэн. Ингэснээр тус сургуульд элсэн орсноос эхлээд төгсөх хүртэлх оюутны бүх мэдээллийг блокчэйнд суурилсан бүртгэлд оруулах нь. Оюутан ямар хичээлүүдэд хамрагдаж, ямар дүнтэй суралцсан зэрэг мэдээллийг тухай бүрт нь багш системд оруулах бөгөөд хэн ч тэр мэдээллийг засах, хуулбарлах боломжгүй. Ингээд сургуулиа төгсөхөд нь  диплом дээр бичигдэх дүнг систем өөрөө тооцоолон гаргах аж. Ингэснээр сурагч анхнаасаа хичээлдээ хариуцлагатай хандаж, диплом хамгаалах бол түүндээ ач холбогдол өгч, сэтгэлээсээ хийх, ийнхүү хамгаалсан диплом нь ч үнэ цэнэтэй болно хэмээн тус сургуулийн удирдлагууд үзжээ. 

БЛОКЧЭЙН гэдгийг цахимжсан баталгаат бүртгэл хэмээн сийрүүлэх боломжтой 

Бүх их, дээд сургууль блокчйнд шилжвэл дээд боловсролын чанарын үнэхээр сайжрах боломж харагдаж байна. Жишээ нь, оюутан Саруулын бичсэн дипломын сэдвээр улсын болон хувийн бусад аль ч сургуулийн оюутан санаатай болон санамсаргүйгээр давхардаж  бичих боломжгүй болно. Үүнийгээ дагаад Саруулын хамгаалсан дипломын ажлыг компаниуд хэрэгжүүлж, үр дүнг үзэж, манай улсын боловсролын салбарын үнэлэмж ч дээшлэх бус уу. 

Нэгэнт бүх их, дээд сургуулийн оюутан, үйл ажиллагааны бүртгэл мэдээлэл ил байх тул мэргэжилтнүүдээ ч эрэлтэд нийцүүлэн бодлоготойгоор бэлтгэх суурь судалгаа бий болно гэсэн үг. Нэг ажлын байрны төлөө 200, 300-гаараа өрсөлдөж, ар өврийн хаалга, авлига хээл хахууль өгөх бүх гажиг үзэгдэл механикаар үгүй болж, тогтолцоо бүхэлдээ эрүүлжих боломж блокчэйний тусламжтайгаар бий болохоор байна. 

Цэцэрлэг, сургууль ч мөн ялгаагүй. Цэцэрлэгийн, сургуульд орох насны хэчнээн хүүхэд хаана байгаа нь тодорхой харагдах тул ачааллыг эртнээс зохицуулж, зөв бодлогоо тодорхойлох нөхцөл бүрдэнэ.

 

Эрүүл мэндийн салбарт:

Эрүүл мэндийн салбарын бүртгэлийг блокчэйн болгосноор мөн л олон гажуудал аяндаа засагдана. Тухайлбал, иргэн Чимэг эмнэлэгт очих болгондоо карт нээлгэж, шинжилгээ өгч, нэг өвчиндөө аль нь зөв нь мэдэгдэхгүй олон янзын онош тавиулдаг байдал үгүй болно. Бүртгэл дээр тухайн өвчтөнийг аль эмнэлгийн ямар эмч, хэзээ үзэж, ямар онош тавьсан, өвчтөний биеийн байдал гээд бүх мэдээлэл тодохой болно. Хэн ч тэр мэдээллийг дур мэдэн засах боломжгүй гэдгийг дахин сануулах нь зүйтэй. Хэрэв засвар оруулсан байвал хэн нэмж мэдээлэл оруулж, засаж, өөрчилсөн нь ч тодорхой харагддаг нь блокчэйн технологийн давуу тал. Ингээд ирэхээр иргэний ч, эмчийн ч хариуцлага сайжирч, хамгийн бодитой мэдээллийн суурь бааз бий болно. Монгол Улс иргэдийнхээ эрүүл мэндийг мэддэг болно. 

Импортоор орж ирж буй эмнүүд, эрүүл мэндийн даатгал ч энэ системд багтана. Тэгэхээр манай улсад ямар эм хэдий хэмжээгээр хэрэгтэй болохыг эндээс шууд тодорхойлно гэсэн үг. Хэн нэгэн эмчийн хариуцлагагүй байдлаас болж өвчтөн хохирох асуудал ч үгүй болно. Хаана ямар мэргэшлийн эмч шаардлагатайг нь тодорхойлох гээд олон давуу талыг тоочиж болж байна.  

Улаанбаатар хотод:

Бохирдол, бухимдлын уурхай болчихоод буй Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, төвлөрлийг бага ч болов сааруулах зорилгоор хотын дарга С.Батболд нийслэл рүү шилжин ирэх хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргасан. Үнэндээ бүртгүүлэхгүйгээр хэчнээн хүн ирж буйг одоогийн нөхцөлд тодорхойлж чадахгүй байгаа. Тэгвэл блокчэйнийг ашигласнаар нийслэлийн нэг биш асуудлыг шийдэж болох нь. Тухайлбал, хамгийн түрүүнд бүх иргэнээ бүртгэлжүүлнэ. Түүнд тулгуурлан татвар, нийгмийн халамжийн бодлогоо явуулж, харин бүртгэлгүй хүн эрүүл мэндийн үйлчилгээ авах, газар эзэмших зэргээр Улаанбаатар хотод амьдрах боломжгүй байхаар энэ бэрхшээлийг зохицуулах боломж байна. 

Хууль бус газар олголт, автомашины бүртгэл, үзлэг оношлогоо, үл хөдлөх эрхийн бүртгэл гээд олон зүйлийг блокчэйнээр шийдэх боломжтой. Үүнийг дагаад давхардал гэдэг зүйл үгүй болно. Бие биенээ залиан мэхлэх, авлига, ашиг сонирхлын зөрчил ч аяндаа арилна. Мөн төрийн хүнд суртал, системгүй асар их зардал чирэгдэл үүнийг дагаад засагдаж болох нь таньд төсөөлөгдөж байгаа байх. Гагцхүү түрүүлж алхаж, бусад улс орноос өрсөж блокчэйнд төрийн болон хувийн хэвшлийнхэн зоригтой нэвтрэх шаардлага байгааг дахин дахин хэлмээр байна. 

Дээд боловсролтой ажилгүйчүүдээс айх хэрэггүй

Гэрэл зургийг mpa.mn

Хиймэл оюун ухаан, блокчэйн гэгчлэн технологийн хөгжил олон мянган ажлын байрыг орлож, тэр хэрээр хүмүүс ажилгүй болж байгааг дэлхий нийтээрээ ярьж, бичиж байгаа. Гэхдээ монголчууд үүнээс айх хэрэггүй. Энэ бол цөөн хүн амтай Монгол Улсын хувьд бас нэг давуу тал болох юм. 

Тодруулбал, UBEX үнэт цаас арилжааны платформ 250 хүний хийдэг ажлыг 20 болгон цөөрүүлж болохыг ICT группийн гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн хэлсэн. Цаашид хиймэл оюун ухаан олон ажлын байрыг орлож, хүний хийдэг ажлуудыг гүйцэтгэдэг болно. Харин монголчууд энэ хүндрэлийг хэрхэн ашиглах талаар Г.Лхамсүрэн “230 хүн ажилгүй болж байна гэж харах хэрэггүй. Учир нь 250 хүний ажлыг 20 хүн хийчих учраас тэр 230 хүн эрэлттэй байгаа өөр мэргэжилд хувирч, дасан зохицож, дахин 230 хүний бүтээмж үйлдвэрлэх боломж бүрдэнэ гэсэн үг. Тэд шаардлагатай байгаа бусад мэргэжил рүү хөрвөх, багш, сэтгэл зүйч болж, бусад орон зайг нөхөж, бид цөөхүүлээ гэдэг сэтгэлгээг бүрэн эвдэх боломжтой” гэсэн юм. 

Энэ бол технологийн давуу талыг ашиглан хүнээ “өсгөж”, олуулаа болох нэгэн гарц. Энэ маягаар гурван сая монголчууд 300 сая хүнтэй эдийн засаг, бүтээмжийг үйлдвэрлэх боломжийг олгож байгаа хүч нь технологийн хөгжил.   

Хөгжил дагасан айдас хүн төрөлхтний түүхэнд байсаар ирсэн билээ. Трактор анжисыг орлож, морин тэргийг машин халж, үйлдвэржилт өрнөхөд олон сая ажлын байр үгүй болж, хүмүүс яг ийм айдаст автаж байсныг түүх гэрчилнэ. Гэхдээ хөгжлийн хувьслын шуурганд хүн төрөлхтөн дасан зохицож, тохиромжтой гаргалгааг олсоор иржээ. Магадгүй үүний ачаар өнөөгийн үсрэнгүй хөгжил ирсэн биз ээ. Тиймээс энэ бол аюул биш.

БЛОКЧЭЙН бол ирээдүй

 

Одоо ярьж суух цаг биш. Олон орны өмнө алхахын тулд одоо л хийх ёстой. “Ёстой” хэмээн тодотгож буйн учир нь БЛОКЧЭЙН бол манай гарагийн ирээдүй. Дэлхий энэ замаар явах нь нэгэнт тодорхой болсон. Монгол Улсад ч үүнээс өөр сонголт үгүй. Тэр тусмаа технологийн компаниуд тэрбум доллараар үнэлэгдэж байгаа энэ үед түүхий эд олборлоод тэднийг гүйцэхээс өнгөрч байна.

УИХ-ын хаврын чуулганаар Бүртгэлийн тухай хуулийг ямар ч байсан шинэчлэн баталж амжсан нь бидний хувьд олз болох нь. Энэ хуульд бүртгэлийг цахим болгох тухай орсон ч амжилт. Гэхдээ чамлалтай байна. Удаан байна. Ярьж алгуурласаар хоцордог гашуун туршлага манай улсад бий. Тиймээс төрийн удаан үйл явцыг хүлээхийн оронд хувийн хэвшлүүд аль болох хурдан блокчэйнд нэвтрэх хэрэгтэй. Түрүүлж алхаж байж хожино гэдгийг мартаж болохгүй. 

Монгол Улсын хувьд блокчэйнд богино хугацаанд нэвтрэх боломж бүрэн бий. Яагаад гэвэл манай улсын суурь дэд бүтэц маш сайн бүрэлдсэн. Харилцаа холбооны зохицуулах газрын мэдээгээр 2017 оны эцсийн байдлаар Монгол Улсад үйл ажллагаа явуулж буй үүрэн холбооны дөрвөн компанийн нийт хэрэглэгчийн тоо 3,886,200-д хүрсэн. Тэдний 2,439,236 нь ухаалаг утас ашигладаг бол дата хэрэглэгчдийн тоо 2,625,685 байгаа. Олон хүн амтай орнуудтай харьцуулахад технологийн дэвшил Монгол Улсад сайн нэвтэрсэн бөгөөд амжилттай яваа. 

Монголчууд дэлхийн хөгжилтэй эн зэрэгцэх ганц гарц нь л технологи. Үнэхээр оюун ухааны чадамжаараа дэлхийд тэргүүлдэг бол монголчууд одоо л үүнийгээ ашиглаж, технологид ухаанаа зарах цаг нь иржээ. 

Эрх баригчдын хувьд имижээ өсгөхийн төлөө биш, хийхийн төлөө блокчэйний талаар дугарч, бодит ажил болгоход манлайлал хэрэгтэй. Ингэж гэмээнэ Монгол Улс төсөөлснөөс 10 дахин хөгжих боломжийг БЛОКЧЭЙН “бэлэглэж” байгааг дахин дахин сануулмаар байна.