Индэр    
2018 оны 6 сарын 26
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Блокчэйний үүсгэсэн 500 тэрбум ам.долларын зах зээлд Монголын эзлэх байр суурь

Зураг

Блокчэйн технологид суурилсан, энэ технологийн судалгааны чиглэлийн старт-апуудад дэлхий нийтээрээ хөрөнгө хаяж байна. Дөрөвхөн жилийн өмнө энэ салбарт хөрөнгө оруулах компани цөөхөн байсан бол 2016 онд Deloitte, Microsoft, IBM гэхчлэн дэлхийн шаркууд блокчэйнд анхаарч эхлэв. Тэгвэл 2017 онд Barcleys, HSBC гэхчлэн дэлхийн томоохон банкууд энэ технологийг судалж, нэвтрүүлэхэд 5.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. 

Өдгөө блокчэйн технологи үүссэн цагаасаа хойш 500 тэрбум ам.долларын зах зээлийг үүсгээд байна. Компаниуд IPO гэх санхүүгийн хэрэгслийг ашиглан мөнгө босгодог бол өндөр технологид суурилсан гарааны компаниуд шууд анхны хөрөнгөө босгох ICO гэх цоо шинэ санхүүгийн хэрэгсэл трэнд болов.

2018 онд 202 ICO хийж, 12 тэрбум ам.доллар босгосон гэсэн тооцоо байна. Өөрөөр хэлбэл, технологид суурилсан загварууд дээр асар их хэмжээний мөнгө эргэлдэж байна. Хүн төрөлхтөн энэ замаар алхахаас аргагүй болж байгааг илтгэх өөр олон тоо баримт дурдаж болно. Тухайлбал, 2020 он гэхэд 600 хот ухаалаг болох нь.

Тэгвэл Монгол Улс энэ үед хаана байх вэ? Блокчэйний үүсгэсэн тэр том зах зээлд Монгол Улс ямар байр суурьтай байх вэ? Энэ асуултын хариуг тодорхойлох зорилготой “Блокчэйн болон бусад орчин үеийн технологи дээр суурилсан эдийн засгийн хөгжил” хэлэлцүүлэг буюу “What’s next” Улаанбаатар блокчэйн анхны уулзалт өчигдөр HUB Инновацийн төвд боллоо. 

2020 он гэхэд 600 хот ухаалаг болох төвөлтэй байгаа бөгөөд энэ хотууд 2025 он гэхэд дэлхийн ДНБ-ий 60 хувийг үйлдвэрлэх тооцоо байна.

Уулзалтад Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд болон УИХ-ын гишүүн Н.Оюунчимэг, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр нар оролцсон нь төр засаг, хотын удирдлагууд анхаарал тавьж, ач холбогдол өгч буйг илтгэсэн гэж болно.

Уулзалтын эхэнд болсон панел хэлэлцүүлгийн модератораар “The Defacto institute”-ийн үүсгэн байгуулагч, эдийн засагч Д.Жаргалсайхан ажиллаж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Нийслэлийн Үйлвэрлэл, инновацийн газрын орлогч дарга Ж.Билэгсайхан, iTools компанийн ТУЗ-ийн дарга А.Баттамир, SteppeTech компанийн хамтран үүсгэн байгуулагч Б.Гэрэлмаа нар панелистаар оролцсон. 

Панелистуудын эшлэлийг онцолбол: 
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:

Гэрэл зургийг mpa.mn
  • МҮХАҮТ-тай хамтраад блокчэйн технологи ашиглан Ch-Embassy хэмээх цахим ЭСЯ-тай болохоор технологийн компаниудтай хамтран ажиллаж байгаа. 
  • Улаанбаатар хотод ажлын цаг дууссан ч цахим ЭСЯ руу хандаад хөрөнгө оруулах гэж буй салбарынхаа мэдээллийг худалдааны аттешейгаас авах боломжтой. Хэрэв мэдээллийн сангийн мэдээлэл хангалтгүй байвал тухайн салбарыг хариуцсан яамны мэргэжилтэнтэй цахимаар холбогдох боломжтой. 
  • Солилцсон бүх мэдээлэл хадгалагдах тул албан хаагчдын хувьд хариуцлагын тогтолцоо бий болно. 
  • Гэрээгээ ч цахимаар үйлдэх боломжтой. Хэлэлцээрийн текстэд засвараа онлайнаар тохироод хийхэд бүх засвар хадгалагдана. Дараа нь маргах шаардлагагүй болно. 

Нийслэлийн Үйлвэрлэл, инновацийн газрын орлогч дарга Ж.Билэгсайхан: 

 
  • Төрийн үйлчилгээг цахимжуулж, хялбаршуулах зорилгоор эхний ээлжинд нийслэлд юу хийх боломжтой талаар SteppeTech-тэй хамтраад судалгаа хийж байна.
  • Инновацийн төв дээр Блокчэйн лаборатори байгуулахаар ажиллаж байна. Судалгааны төв мөн байгуулна. 
  • Газрын бүртгэлийг давхардалгүй болгох гээд яаж хийх талаар нийслэлийн Газрын алба, Ерөнхий төлөвлөгөөний газартай хамтарсан Ажлын хэсэг гараад судалгаануудаа хийж байнаа. 
  • Ямар ч байсан 2025 он гэхэд дижитал сити болох зорилт тавиад энд хүрэх замаа тавьж байна.

iTools компанийн ТУЗ-ийн дарга А.Баттамир: 

 
  • Блокчэйн хөгжүүлэх дэд бүтцийг бид бий болгож байна. 
  • Криптовалютыг сайн боломж гэж харах хэрэгтэй. 
  • Монголын анхны персонал компьютерийн зохиогчийн эрхийг 1986 оны есдүгээр сард үүсгэсэн байдаг. Гэхдээ тэр нь олон улсын бүтээгдэхүүн болж чадаагүй. Фэйсбүүк 2004 онд үүссэн бол 2003 онд монгол залуус dursamj.mn сошиал сайтыг хийсэн. 40,000 гишүүнтэй, хүмүүсийг tag хийдэг байсан. Гэтэл Фэйсбүүк 2-3 жилийн өмнө л зураг tag-ладаг болсон. Гэвч хөрөнгө оруулалт нь шийдэгдээгүй дууссан. 
  • Манай залууст ур чадвар хангалттай байна. Хууль, эрх зүйн дэмжлэг л хэрэгтэй байна.

SteppeTech компанийн хамтран үүсгэн байгуулагч Б.Гэрэлмаа:

 
  • Хамгийн түрүүнд дэд бүтэц хэрэгтэй байна. Жишээ нь, Б гэдэг хүн хаана газартайг мэдэхийн тулд цаас бариад л явдаг. Байгаа технологио ашиглаад, регистрээ хийгээд, онлайнаар харуулж яагаад болохгүй гэж.  
  • Старт ап компаниуд эрсдэлээ үүрээд чадах хэмжээндээ хийж байгаа ч явсаар явсаар хууль, эрх зүйн систем дээр гацдаг.
  • Боловсон хүчний асуудал бас чухал байна. Программистууд маш эрэлттэй байна. Манай программист руу ажлын санал тавьсан дуудлага өдөрт дор хаяж 10 ирдэг.
  • Татварын таатай орчин хэрэгтэй. Монгол татварын таатай орчинтой бол компаниуд Сингапурт 17.5 хувийн татвар төлөөд байхыг хүсэхгүй. 
  • Инноваци гэдэг бол чөлөөтэй орчинд, өөр өөр хүмүүстэй уулзаж, ярилцаж, энэ харилцаан дундаас шинэ санаа төрснөөр бий болдог. Энэ орчныг бүрдүүлж, хотын дарга HUB төвийг байгуулж өгсөн нь анхны том дэмжлэг.

Дефакто Д.Жаргалсайхан:

 
  • Эстони улс сонгуулийг хар хайрцгаар хийдэггүй юм байна. Хүн болгон дижитал үнэмлэхтэй. Гар утсаараа сонгуулиа өгдөг юм байна. Гэтэл манайд сонгууль гэж хэдэн тэрбум төгрөг зарж байгаа. 
  • Улаанбаатар хотын газар бүртгэлгүй байгаа. Бүртгэлгүйг нь ашиглаад Яармагт нэг хүн хоёр га газрыг 700 саяар өгнө гэж байх жишээтэй. Хөрөнгийг эзэнтэй болгоход блокчэйн ашиглаж болно. 
Digital free economy zone болох санаачилгыг Д.Цогтбаатар сайд гаргав

Монгол Улс Инновацийн тухай хуультай ч энэ нь технологийн хурдацтай хөгжлөөс хэдийнэ хоцрогджээ. Тухайлбал, уг хуульд старт ап компани Шинжлэх ухааны байгууллагын дэргэд байгуулагдсан байх ёстой хэмээн тусгасан нь хувиараа өндөр технологи, инноваци шингээсэн гарааны бизнес эхлүүлж буй заууст дэмжлэг болж чадахгүй байгаа талаар “Startup marketing space” компанийн үүсгэн байгуулагч Т.Мөнхбаяр энэ үеэр Засгийн газрын гишүүдэд хандаж хэлсэн. Уг хуульд заасан старт ап компанийн тодорхойлолтод ийнхүү багтаж чадахгүйгээс болоод улсын бүртгэлд компаниа бүртгүүлээд 14 хономогц татварын харилцаанд ордог, хилээр тоног төхөөрөмж оруулж ирэхдээ хөнгөлөлт эдэлж чаддаггүй зэрэг бэрхшээл учирдгийг дурдсан юм. 

Инноюацийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өнгөрсөн оноос эхэлсэн ч батлагдаж амжаагүй байтал орсон заалтууд нь хуучрах тийш хандаж байгааг Нийслэлийн Үйлвэрлэл, инновацийн газрын орлогч дарга Ж.Билэгсайхан мөн дурдсан. 

SteppeTech компани ICO хэрэгслийг ашиглаад 100 сая орчим ам.доллар босгожээ.

Тиймээс төр засаг технологийн хөгжлийн хурдыг мэдэрч, эрх зүйн шинэчлэл, төрөөс баримтлах бодлогоо яаралтай гаргаж, блокчэйн технологийг Монголд хөгжүүлэх боломжийг нээх шаардлагатайг “What’s next” уулзалтад оролцогчид хөндсөн. 

Харин энэ үеэр Д.Цогтбаатар сайд хоёр шинэ санаачилга шууд гаргасан. Нэгдүгээрт, Монгол Улсыг Digital free economy zone буюу татварын уян хатан улс болгох санаачилга байв. Тухайлбал, 1-2 сая ам.долларын орлоготой ажиллаж буй технологийн компаниудад татваргүй, түүнээс дээш орлогод шаталсан татвар ногдуулах хувилбар байх боломжтой гээд энэ санаачилгаа Засгийн газрын түвшинд хэлэлцэхээр болсон. Хоёрдугаар санал нь, Digital fund буюу сан байгуулах. Гэхдээ энэ нь оролцогчдын санаачилгатай давхцсан юм. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мөн Инновацийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажилд анхаарч, дэмжихээ энэ үеэр илэрхийлсэн. Засгийн газрын дэргэд Цахим засаглалыг хөгжүүлэх дэд хороо байгуулагдан ажиллаж байгааг УИХ-ын гишүүн Н.Оюунчимэг дуулгаад мөн дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

SteppeTech компани ICO хэмээх санхүүгийн хэрэгслийг ашиглаад 100 сая орчим ам.доллар босгожээ. Цаашид блокчэйн технологид суурилсан гарааны компаниудыг анхны хөрөнгө оруулалтаар дэмжих санг мөн байгуулж байгаагаа дуулгасан. Түүнээс гадна Улаанбаатар хотын хүндрэлүүдээс нь гаргахаар NeoPax төслийг өчигдөр албан ёсоор нээсэн юм. Энэ төслийн хүрээнд дээр дурдсанчлан газрын бүртгэлээс эхлээд нийслэлд энэ технологийг ямар байдлаар ашиглаж болох судалгааг хийж, үе шаттайгаар хэрэглээнд нэвтрүүлэх аж. 

2020 он гэхэд технологийн компаниуд БНСУ-ын ДНБ-ий 10.7 хувийг үйлдвэрлэж, 850 мянган ажлын байр бий болгоно гэсэн тооцоо байна.

БНСУ-ын хувьд блокчэйн болон бусад технологийн хөгжил ямар байгаа талаар тус улсын Tanker Fund компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Хьюнсео Лим танилцуулсан юм. Өнөөдрийн байдлаар БНСУ-д 35,000 гарааны компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ тоо улам өсөх хандлагатай байна. 2010 онд л гэхэд технологийн старт ап компаниудын зах зээлийн үнэлгээ 100 тэрбум ам.долларт хүрсэн байна. Гарааны бизнест оруулсан хөрөнгийн хэмжээ 2018 онд 600 сая ам.доллараар хэмжигдэж байна. 60 гаруй компани 10 саяас дээш ам.долларын хөрөнгө оруулалт босгосон бөгөөд 2020 он гэхэд технологийн компаниуд ДНБ-ий 10.7 хувийг үйлдвэрлэж, 850 мянган ажлын байр бий болгоно гэсэн тооцоо байна. Гэвч тус улсын Хууль зүйн сайд криптовалютыг хориглосон шийдвэр гаргасан нь маш том тээг болж байгааг Хьюнсео Лим хэлсэн. Үүнийг “БНСУ блокчэйний хөгжлөөр дэлхийд тэргүүлэх боломжоо алдлаа” хэмээн технологийн салбарынхан дүгнэн ярьж байгаа аж. 
 
Манай улсад ч мөн энэ салбарт хөгжих боломж байгаа. Гагцхүү хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлснээр энэ нөхцөл биеллээ олно гэдгийг түүний илтгэл нотлов. Яагаад гэвэл Монгол Улс одоо хууль эрх зүйгээ шинэчилж байгаа тул үүнээс сэргийлэх боломжтой юм.

iTools-ийн А.Баттамир захирлын хэлсэнчлэн 10 жилийн өмнө бид компьютер, сошиал сайтыг байгуулаад дэмжлэггүйгээс хаягдсан гэхгүйн тулд одоо л блокчэйн дээр ажиллах хэрэгтэй байна. Ямар ч байсан хоцроогүй төдийгүй блокчэйний үүсгэсэн 500 тэрбум ам.долларын зах зээлд Монгол Улс түүчээлэх ч боломж байгааг оролцогдчид онцолж байсан. Тэр дундаа Блокчэйн буюу аж үйлдвэрийн IV хувьсгал Монголд өмнө байгаагүй маш том боломжийг нээж өгч байгааг Дефакто Д.Жаргалсайхан үе үе сануулж байв.