Индэр    
2018 оны 7 сарын 4
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

"Инновацийн экосистем бүрдүүлнэ гэдэг нь мэдлэгийг баялаг болгох тухай л асуудал юм"

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

...Ухаалаг хот бол инноваци юм. Ухаалаг хот хэмээх олон янзын тодорхойлолтуудыг судалж нэгтгэхэд “Ухаалаг хот гэдэг нь мэдээлэл, харилцаа холбооны технологийн орчин үеийн дэд бүтцэд суурилан, иргэдийн тав тухтай, аюулгүй оршин суух таатай нөхцөлийг хангаж, нийгэм–эдийн засгийн салбарууд, шинжлэх ухаан, технологи, инноваци хөгжих экосистем бүрдүүлсэн, хүн амын төвлөрөл бүхий суурин газар, нийгэм, эдийн засаг, экологийн бие даасан тогтолцоо мөн.” хэмээн ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Технологийн менежментийн салбарын ахлах багш, доктор М.Бурмаа “Ухаалаг Улаанбаатар хотын хөгжлийн түвшний судалгаа”-ндаа тодорхойлжээ. 

Тэрбээр өчигдөр нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар болсон “Улаанбаатар хотыг инновацийн чиг хандлагаар хөгжүүлэх арга зам” хэлэлцүүлгийн хамгийн эхний илтгэгчээр оролцсон юм. Технологийн хурдацтай хөгжил, Аж үйлдвэрийн IV хувьсгал гээд өдрөөс өдөрт хувьсан шинэчлэгдэж буй дэлхийтэй хөл нийлж, өрсөлдөх чадвартай байхын тулд Улаанбаатар хотыг ухаалаг болгохоос өөр сонголт үгүй. 

Үүнийг УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т нийслэлийг дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр технологид суурилсан үйлдвэр, үйлчилгээ, оюуны багтаамжтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Азид тэргүүлэх аялал жуулчлалын бүсийг байгуулах замаар орчин үеийн
хүчирхэг эдийн засагтай, монгол үндэсний хэв маяг, дүр төрх бүхий “Ухаалаг хот” болгон хөгжүүлэхээр хэдийнэ тодорхойлсон.

Мэдлэгийн эдийн засгийн өсөлтийг инноваци тодорхойлдог

Харин хэрхэн орчин үеийн ухаалаг хот болгох талаар энэ өдөр хэлэлцсэн юм. ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургууль, нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Хамтын ажиллагааны хүрээнд тус сургууль нийслэл хотыг инновацийн чиг баримжаагаар хөгжүүлэх нөхцөл байдлын судалгаа хийж байгаагаас гадна Нийслэлийн инновацийн дэд хөтөлбөрийг боловсруулах ажлыг хамтран хийж байгаа аж. 

Энэ хүрээнд зохион байгуулж буй хэлэлцүүлэгт судалгаа хийж, сургалт явуулдаг байгууллагууд болон дүүргийн Үйлдвэрлэл, инновацийн хэлтсийн мэргэжилтнүүд, МҮХАҮТ-ын Инноваци, гарааны бизнесийн зөвлөл, хамтын ашиглалтын оффисуудын төлөөлөл оролцлоо. Мөн ШУТИС-ийн БуХС-ийн Технологийн менежментийн салбарын ахлах багш, доктор М.Бурмаа “Ухаалаг Улаанбаатар хотын хөгжлийн түвшний судалгаа танилцуулсан бол ШУА-ийн Инноваци, мэдээллийн хэлтсийн дарга, МУИС-ийн докторант Д.Батхуяг “Инновацийн экосистем бүрдүүлэх асуудал”, ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн докторант Б.Ариунжаргал “Нийслэлийн барилгын салбар, барилгын компаниудын инновацийн чадавхийн үнэлгээ”, ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн доктор, профессор Л.Оюунцэцэг “Нийслэл хотыг инновацийн чиг хандлагаар хөгжүүлэх арга зам” илтгэлийг тавьсан. 

Илтгэл тавьсан хүмүүсийн зарим онцлох эшлэлийг хүргэвэл.

 
Гэрэл зургийг MPA.mn

ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Технологийн менежментийн салбарын ахлах багш, доктор М.Бурмаа:

  • Судалгаагаар харахад Улаанбаатар хот ухаалаг болоход технологийн бэлэн байдал дундаж, иргэдийн нийслэл хотын хөгжилд сэтгэл хангалуун байдал дундаж байсан.
  • Нийслэлд давуу байдал 8.5, сул тал 32.5, боломж 2.3 хувь, эрсдэл 39 хувьтай гарсан. Энэ нь Улаанбаатар хот сөрөг үнэлгээтэй байгааг харуулж байна. 
  • Улаанбаатар хотын ухаалаг шинжийг хэмжиж, үнэлэхэд 2016 оны байдлаар хөгжлийн индекс 30.15 байгаагаас харахад ухаалаг хотын хөгжлийн эхлэлтийн шатнаас хөгжиж буй (II) шатанд шилжих шилжилтийн үед байна гэж дүгнэж болно.
  • Дэлхийн дахины хотуудын хөгжлийн чиг хандлага, туршлагаас үзэхэд ухаалаг хотыг хөгжүүлэх “Грийнфийлд” (Greenfield) ба “Браунфийлд” (Brownfield) гэсэн хоёр үндсэн загварыг хэрэгжүүлж иржээ. “Грийнфийлд” загвар нь ухаалаг хотыг шинээр байгуулан хөгжүүлэхэд түлхүү ашигладаг бол “Браунфийлд” загвар нь уламжлалт хотыг ухаалаг хот болгон хөгжүүлэх загвар юм. Улаанбаатар хотын хувьд эдгээр загварыг хослуулан ашиглах нь тохиромжтой.
 

ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн докторант Б.Ариунжаргал:

  • Монгол Улсын барилгын салбар ДНБ-ий 6-7 хувийг эзэлж байна. Энэ нь Европын холбоо, Япон, Өмнөд Солонгос улстай харьцуулахад доогуур үзүүлэлт биш байна. 
  • Нийт хөрөнгө оруулалтын 20 хувь барилгын салбарт хийгдэж байгаа нь Монгол Улсад уул уурхайн салбарын дараа орох үзүүлэлт болж байна. 
  • Барилгын ажил жил ирэх тусам өсч, дотоодын компаниуд 80 хувийг нь гүйцэтгэж байна.
  • Барилгын салбарын инновацид тулгарч байгаа саад бэрхшээл гэвэл инновацийн талаар нэгдмэл ойлголт, бизнесийн тодорхой практик хомс. Хууль эрх зүйн таатай бус орчин мөн нөлөөлж байна.

ШУА-ийн Инноваци, мэдээллийн хэлтсийн дарга, МУИС-ийн докторант Д.Батхуяг:

  • Инновацийн экосистем бүрдүүлэх нь зөв гэсэн хандлага бий болсон. 
  • Манай улсад өнөөг хүртэл Инновацийн сан алга. Харин инкубатор төвүүд хөгжиж байна.
  • Судалгаагаар 6.1 хувь нь л инновацийн экосистем шаардлагатай гэж 2015 онд үзэж байсан бол 2017 онд энэ тоо 52 хувьд хүрсэн нь энэ асуудлыг чухлыг иргэд ойлгож байгааг харуулж буй юм. 
  • Инновацийн таатай орчин бүрдүүлэхийн тулд кластерийг хөгжүүлэх, чадварлаг хүний нөөц бэлдэх, судалгааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих шаардлагатай байна. 
 
Гэрэл зургийг MPA.mn

ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн доктор, профессор Л.Оюунцэцэг:

  • Уламжлалт эдийн засгийн үндэс нь байгалийн баялаг, түүхий эд байсан бол орчин үеийн цоо шинэ эдийн засгийн үндэс нь мэдлэг болсон.
  • Инновацийн экосистем бүрдүүлнэ гэдэг нь мэдлэг баялаг болох таатай орчныг бүрдүүлэх л асуудал юм.
  • Мэдлэгийн эдийн засагт хүн нэг л мэргэжлээр сураад нэг ажлын байран дээр 20-30 жил ажиллаад тэтгэвэртээ гарах биш, олон талын мэдлэгтэй болж, тасралтгүй хөгжиж, насан туршийн боловсрол эзэмших хэрэгтэй болж байна. 
  • Инноваци нь эдийн засгийг хөгжүүлдэг бөгөөд ажил амьдралыг хөнгөвчилөхөд чиглэх ёстой. 
  • Орлогыг нэмэгдүүлж, карер өсгөж, амьдралыг тань чанартай болгож байвал тэр хэрэгтэй мэдлэг. 
"Инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд битгий хэл хэрэглэхэд хүртэл хүнээс мэдлэг шаарддаг"

Нийслэлийн инновацийн дэд хөтөлбөрийн эхний хувилбар бэлэн болжээ. Хөтөлбөрийн зорилго нь шинжлэх ухаан-үйлдвэрлэл, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэн нийслэлийн үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтэц, байгаль хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлыг орчин үеийн дэвшилт технологи, шинэ мэдлэгийг ашиглан шийдвэрлэх, дотоод, гадаадын зах зээлд өндөр технологи, мэдлэг шингэсэн инновацийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргах, инновацийн гарааны компаниудыг хөгжүүлэх замаар Нийслэлийн өрсөлдөх чадварыг олон улсад дээшлүүлэхэд оршиж буй аж. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ зорилт болон зорилгуудыг нэлээд нарийвчлан тусгажээ. Гэхдээ энэхүү хувилбарыг илүү сайжруулах үүднээс хэлэлцүүлгийг өрнүүлсэн бөгөөд ирэх намар яамд, хувийн хэвшлийнхнийг хамруулсан илүү өргөн хүрээний хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. 

Нийслэлийн инновацийн хөтөлбөрийг 2018-2019 он буюу Улаанбаатар хотод шинжлэх ухаан-боловсрол- үйлдвэрлэлийн үр ашигтай уялдаа холбоог хангахуйц инновацийн дэд бүтцийг бий болгох үйл ажиллагааг тогтворжуулах, 2020-2022 он буюу нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй хувийн хэвшлийг дэмжих, хөгжүүлэх, хөтөлбөрт тусгагдсан   зорилтуудыг хэрэгжүүлж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэх гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

“Мэдлэгийн институцид гол тоглогчид гэж байдаг. Их, дээд сургууль бол мэдлэг бүтээх институцид тооцогддог. Тэр мэдлэгийг аж үйлдвэр болон бизнесийн салбар хэрэглээ болгодог бас нэгэн том тоглогч. Харин дэмжлэг үзүүлэгч институци нь төр. Мөн зах зээл.

Инновацийн зах зээл ердийн зах зээлэс маш онцлогтой. Яагаад гэвэл инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд битгий хэл хэрэглэхэд хүнээс мэдлэг шаарддаг. Тиймээс хүмүүсээ хөгжүүлэх шаардлагатай” хэмээн доктор, профессор Л.Оюунцэцэг тайлбарласан.