Индэр    
2018 оны 7 сарын 3
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Блокчэйний Монголд олгосон том “бэлэг” буюу нүүрсээ шилэн кабелиар экспортлох бидний боломж

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Японы мэдээллийн хамгийн том цахим хуудас болох Nikkei Монголын нүүрсийг шилэн кабелиар экспортлох тухай мэдээлснийг ICT группийн захирал Г.Лхамсүрэн твиттер хуудастаа жиргэсэн байсныг та анзаарсан уу.

Уг холбоост Японы Unimedia группийн криптовалют майнингийн машинуудыг Монголд ажиллуулах гэрээг iTools компанитай байгуулж, зургаадугаар сарын 12-ноос албан ёсоор хамтын ажиллагаагаа эхлүүлснийг мэдээлсэн байсан юм. Ингэхдээ манай улсын ажиллах хүч болон эрчим хүчийг маш хямд болохыг онцолжээ. 

ICT группийн захирал Г.Лхамсүрэн сарын өмнө болсон Эдийн засгийн найм дахь удаагийн чуулганы салбар хуралдааны үеэр “20 сая ам.долларын нүүрс шилэн кабелиар экспортлох төсөлд бид гарын үсэг зурсан” хэмээн мэдэгдсэн нь дээрх гэрээний тухай байв. Түүнийг 2010 онд яг энэ талаар ярьж, танилцуулахад хэн ч хүлээж авч ойшоогоогүй төдийгүй бараг л шоолж байсан гэдэг. Харин өнөөдөр нүүрсээ шилэн кабелиар экспортлох түүний санаа блокчэйн технологийн тусламжтайгаар биеллээ олж буйн түүхэн гэрч нь бид болж байна.

Nikkei-н онцолсончлон эрчим хүчний хямд өртөг бүхий үйлдвэрлэл Монгол Улсад энэ давуу талыг бий болгож байгааг дахин сануулъя. 

Криптовалют бол цахилгааны “мангас”
 

Аж үйлдвэрийн IV хувьсгал, интернэтийн дараагийн үеийн хөгжил хэмээгдэж буй блокчэйн технологийг бөмбөрцгийн анхаарлын төвд авчирсан хэрэглээ нь цахим мөнгө буюу криптовалют. Технологийн эриний энэхүү шинэ мөнгөн “тэмдэгт”-ийн нэг сул тал нь цахилгааны хязгааргүй хэрэглээ. Криптовалют майнинг буюу олборлох процесс гэдэг нь блокуудыг үүсгэх үйл явц ажээ. Ийнхүү олборлолт явуулахад тодорхой компьютерүүд ашиглаж, асар их хэмжээний цахилгаан зарцуулах шаардлагатай. Харин энэ сул тал нүүрсээр баян манай орны хувьд маш том давуу тал болоод байгааг дуулгахад таатай байна. Өөрөөр хэлбэл, блокчэйн технологийн энэ сул талыг ашиглан Монгол Улс нүүрсээ шилэн кабелиар экспортлох боломж бүрджээ. 

iTools компанийн ТУЗ-ийн дарга А.Баттамир энэ боломжийг тайлбарлахдаа дараах тоонуудыг эш татсан юм. Биткойныг олборлоход Asic, Bitfury, S9 гэхчлэн өөр өөр нэртэй ч нэг ёсны процессорыг ашигладаг. Нэг ийм процессорыг бүтэн жил ажиллуулахад дунджаар 8 тонн нүүрс шатаах хэмжээний эрчим хүч зарцуулдаг байна. Манай улсын хувьд одоогийн байдлаар 150,000 ширхэг S9 ажиллуулах хэмжээний боломж хангалттай байгаа гэнэ. Хэрэв 100 мянган ширхэг төхөөрөмжийг нутагтаа ажиллуулж чадвал Монгол Улс Япон улсын эрчим хүчний нүүрсний нэг жилийн импортын 1 хувьтай дүйцэхүйц хэмжээний эрчим хүчийг зарцуулна. Шилэн кабелиар нүүр экспортолно гээд буйн учир энэ ажээ. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээлснээр Монгол Улс 2017 онд 47.5 сая тонн нүүрс олборлож, 33.3 сая тонн нүүр экспортолсон байна. Тэгвэл Ройтерс агентлагийн мэдээлснээр Япон улс 2017 онд 114.5 сая тонн нүүрсийг импортолжээ. Үүний 1 хувь гэдэг нь 1.1 сая тонн буюу манай улсын нийт экспортын даруй 3 хувьтай тэнцэж байна. 2017 онд тус улсын эрчим хүчний нүүрсний импортын ханш тонн тутамд 99.16 ам.доллар байжээ. Энэ үнээр тооцвол 1.1 сая тонн гэдэг нь 110 сая ам.доллар буюу 260 тэрбум орчим төгрөг. Хэрэв Монголд Японы 150 мянган ширхэг криптомайнингийн машин ажиллуулбал бид ямар ч төмөр зам, авто зам, боловсруулах үйлдвэр байгуулж, гүний усаа шавхалгүйгээр ийм хэмжээний экспортыг шилэн кабелиар дамжуулан “хийж” болох нь. Гэхдээ бүр өнөөдөр ч шууд экспортлоод эхлэх боломжтой. 

“Монгол Улс нүүрсээ олборлоод, зөвхөн цахилгаан эрчим хүчээ үйлдвэрлээд, түүнийгээ хэрэглээд эцсийн бүтээгдэхүүний эцсийн бүтээгдэхүүн болгож, олон төрлийн нэмүү өртөг шингээгээд зарахад бидэнд ийм хэмжээний боломж олгож байгаа юм. Үүнийг дагаад эрчим хүчний системд тогтвортой хэрэглээ бий болж, хэрэглээгээ дагаад хөгжинө. Үүнээс гадна тэр хэмжээний нүүрс шатаахад ялгарах дулааны эрчим хүчийг ашиглаж бусад төрлийн аж үйлдвэрлэлийг дэмжих,  мэдээллийн технологиудын үйлчилгээний компаниуд ч шинээр бий болж, ажлын байрыг нэмэгдүүлэх гээд олон үр дүн бий болгоно” хэмээн ноён А.Баттамир тайлбарласан. Энэ бол мэдээж шууд ухаж аваад урагш нь гаргаснаас хавьгүй өгөөжтэй. 

Монголын эрчим хүчний салбар Аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлэн үү
 
Гэрэл зургийг MPA.mn

Зөвхөн цахилгаанаар тэжээгдэн өндийх Аж үйлдвэрийн IV хувьсгалд манай улсын эрчим хүчний салбар бэлэн болов уу. Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан чадал 1,100 орчим мВт. Сүүлийн жилүүдэд хүн амын өсөлт, хотжилт, технологийн хөгжил зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр эрчим хүчний хэрэглээ огцом өсөж буй. Өнгөрсөн өвөл буюу эрчим хүчний ашиглалтын хамгийн оргил үед ачаалал 1,080 мВт хүрч байжээ. Зарим үед суурилагдсан чадлаас давах ч тохиолдол гарах болсон байна. 

Нийт хэрэглээний 30 гаруй хувийг ахуйн, 10 гаруй хувийг үйлчилгээний салбарын хэрэглээ эзэлдэг. Тийм ч учраас шөний цагаар айлууд унтаж, албан газар, үйлчилгээний байгууллагууд хаачихаар шөнийн цагаар 20-30 орчим мВт эрчим хүчний илүүдэл бий болдог. Харин энгийн үед хоногт 400-500 мВт цахилгаан ашиглаж байна. Гэхдээ сайн хөршийн буянаар эрчим хүч дутагдаад ирвэл ОХУ-аас импортолж, илүүдсэнээ мөн тийш урсгах байдлаар зохицуулж ирсэн. Одоо ч тэр хэвээрээ байгаа. 

Хэлбэлзэл тохируулах төхөөрөмжийн тусламжтайгаар сэргээгдэх эрчим хүчийг тогтвортой, найдвартай нийлүүлж болно

Энэ салбарыг хөгжүүлж, Азийн супер сүлжээнд орох гээд Эрчим хүчний салбарын амбийц Монголд бий. Ямар сайндаа л оргил үеийн хэрэглээнээс 15 дахин их зөвшөөрлийг олгочихсон байдаг талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. 

Сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 120 мВт-д хүрсэн. Гэхдээ хэлбэлзэл тохируулах төхөөрөмжийн тусламжтайгаар сэргээгдэх эрчим хүчийг тогтвортой, найдвартай нийлүүлэх боломжтой болно хэмээн ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван учирласан. Тиймээс эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангахын тулд хуучин станцуудаа өргөтгөх ажлуудыг хийж байгаа тухай ярьсан. Мөн battery storage буюу эрчим хүч хуримтлуулах шинэ технологи ашиглахаар судалж байгаа аж. 100 мВт эрчим хүч нөөцлөх төхөөрөмж суурилуулахад 100 саяас дээш ам.долларын санхүүжилт хэрэгтэй юм байна. 

Эрчим хүчний нийлүүлэлтийг энэ мэтчилэн тогтвортой, найдвартай болгосноор блокчэйн технологийн ашиглалтыг дэмжих боломжтой аж.

“Блокчэйн технологи 24 цагаар тогтмол ачаалал авч ажилладаг. Бид эрчим хүчний 24 цагийн тогтвортой хэрэглээг одоогоор нэмэх боломж байхгүй учраас одоохондоо энэ технологийг дэмжээд, эрчим хүчээр хангаад явах боломж хомс байна. Том чадлын эх үүсвэрүүд баригдсаны дараа тэр асуудлуудыг дэмжих боломжтой” хэмээн ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван ярьсан юм. 

Эрчим хүчээ импортолсон ч Монголд ашигтай

Эрчим хүчний салбар өргөжихгүй байгаагийн нэг шалтгаан нь тогтмол өндөр хэрэглээ байхгүйтэй холбоотой болохыг iTools-ийн ТУЗ-ын дарга А.Баттамир тодотгосон. Манай улсын эрчим хүчний тогтвортой нийлүүлэлт хүрэлцэхгүй тул одоохондоо энэ технологийг цахилгаанаар хангахад хэцүү гэж яам үзэж байгаа бол Японы компанитай гэрээ хийж ажиллуулахад асуудал үүсвэл яах вэ гэсэн асуултад тэрбээр “Угаасаа бид шаардлагатай нэмэлт хэрэглээгээ ОХУ-аас импортолж байгаа. Импортын үнээр тооцоолоод Япон руу экспортолсон ч  ашигтай. Мэдээж өөрсдөө үйлдвэрлэвэл илүү ашигтай, импортолбол арай бага ашиг хүртэнэ. Ямар ч байсан ашигтай” хэмээн хариулсан юм. 

Хүрэн нүүрсээр цахилгаан үйлдвэрлэх Цахилгаан станц байгуулах 16 зөвшөөрөл ЭХЯ-наас олгосон байдаг талаар ICT группийн захирал Г.Лхамсүрэн яриад “Монгол цахилгаан станц шаардлагатай юу гэвэл шаардлагатай. Гэхдээ том хэмжээний хэрэглээ үүсдэггүй тул хөгжихгүй байна. Хэрэв тогтмол хэрэглээ үүсээд, дата төвүүд ажиллуулаад ирвэл тэр тусгай зөвшөөрөлтэй 16 газар станцаа бариад, цахилгаанаа үйлдвэрлэх болов уу. Нэгэнт төрөөс зөвшөөрлийг нь олгосон бол одоо төр засгийн бодлого, дэмжлэг гэхээсээ илүүтэй хувийн хэвшлийнхний нэгдэл, ойлголцол маш чухал” хэмээн нэмж хэлсэн. 

Хүрэн нүүрсээр цахилгаан үйлдвэрлэх Цахилгаан станц байгуулах 16 зөвшөөрөл ЭХЯ-наас олгосон байдаг

Тус компани Япон улсын компанитай хамтран ажилласнаар Монголд эрчим хүчний тогтвортой хэрэглээг бий болгох ажлын эхлэлийг тавьж байгаа нэг хэлбэр юм.

Хэрэв тогтвортой хэрэглээ бий болбол эрчим хүчний салбар хөгжинө гэдгийг Г.Лхамсүрэн захирал мөн хэлж байв.

ICT групп Дархан-Уул аймагт дата төвөө байгуулж байгаа юм байна. Дархан ДЦС-ийг 35мВт-аар өргөтгөх ажил энэ онд хийгдэж байгаа бөгөөд 2019 онд дуусах хуваарьтай байгаа билээ.   

Монгол Улс дэлхийн том хэмжээний дата төв болох бүрэн боломжтой
 
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улс геополитик, газар зүйн байршлаараа дата центр байгуулахад хамгийн боломжтой улсуудын эгнээнд багтдаг байна. Өөрөөр хэлбэл, манай улсын хөгжлөөс хойш чангаадаг “Далайд гарцгүй” гэх тодотгол технологийн хөгжлийн хувьд мөн л давуу тал болж буй аж. Далайгаас хол оршдгийн давуу тал нь Монголд цунами, хар салхи, хөрсний нуралт зэрэг байгалийн гамшигт үзэгдэл тохиолддоггүй. Геополитикийн хувьд ч аюулгүйд тооцогддог байна. 

Дэлхийн хоёр том гүрний дунд оршдгийн хувьд террорист халдлага, баллистик пуужингаас аюулаас хамгаалагддаг гэж үздэг байна. Энэ бол гаднын улс орнуудын хувьд мэдээллийн баазаа хадгалуулахад чухал үзүүлэлт. Дараагийн нэг хүчин зүйл нь цаг уурын таатай нөхцөл. Монгол Улс хүйтэн сэрүүн уур амьсгалтай бөгөөд Улаанбаатар хот бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэлүүдийн тоонд ордог. Энэ нь серверүүдийг хөргөхөд зарцуулах эрчим хүчний хэрэглээ халуун орнуудтай харьцуулахад  80 хүртэл хувиар бага байх нөхцөлийг бүрдүүлдэг байна. 

Олон хүчин зүйл Аж үйлдвэрийн IV хувьсгалын энэ эринд манай улсад урьд өмнө байгаагүй асар том боломжийг олгож байна

Хамгийн том хүчин зүйл нь дэлхий дээрх цахилгааны хамгийн хямд эх үүсвэртэй орнуудын тоонд багтаж буй явдал. Учир нь Монгол улс эрчим хүчний нүүрсний арвин нөөцтэйн дээр сэргээгдэх эрчим хүчний хязгааргүй нөөц бий. Энэ бүгд дээр нэмээд нүд алдам өргөн уудам газар нутагтайгаа мартаж болохгүй. 

Ийм олон давуу хүчин зүйлс Аж үйлдвэрийн IV хувьсгалын энэ эринд манай улсад урьд өмнө байгаагүй асар том боломжийг олгож байгааг технологийн салбарынхан төдийгүй эдийн засагчид ч онцлон сануулсаар байна. 

Англи, Америк, Сингапур, Япон гээд өндөр хөгжилтэй орнуудад технологи хурдтай хөгжих тусмаа л Монголд ашигтай болох нь. Тэдгээр орны, хүн төрөлхтнийг ажилгүй болгоод байгаа тэр серверүүдийг өргөн уудам газар нутагт, хамгийн аюулгүй бөгөөд хямд эрчим хүчний хангамжийн тусламжтай байршуулж болох нь. Манай шилэн кабелийн чанар болоод интернэтийн хурд ямар ч өргөн, нарийн төмөр зам, далайтай зүйрлэхээргүй маш таатай дэд бүтэц болж өгч байгааг Г.Лхамсүрэн захирал хэлж байв. 

Боломжоо ашиглах л үлдэж байна
 

Энэ түүхэн боломжийг Монгол Улс ашиглах л үлдэж байна. iTools компанийн хувьд энэ боломжийн замыг гаргаж, Японы Unimedia Group компанитай гэрээ байгуулсан нь энэ юм. Мөн тус улсын цахим валютын томоохон тоглогч болох Ginco компанитай cloud minig expo дээр хамтарч ажиллах гэрээ байгуулснаа дуулгасан юм. Гурав дахь гэрээгээ Тайванийн компанитай хийхээр зэхэж байгаа бол Кувейт, Тайландын компаниудтай мөн хамтран ажиллахаар ярилцаж байгаа юм байна. 

Эрчим хүчээ хангалттай үйлдвэрлэж чадвал дэлхий даяар ажилгүй болж байгаа тэр хүмүүсийн ажлыг гүйцэтгэх роботуудын серверийг нутагтаа “ажиллуулж”, тийм хэмжээний “ажлын байр”-ыг Монголдоо бий болгож болно

Аж үйлдвэрийн IV хувьсгалын хүрээнд хүний уламжлалт амьдрал бараг л тэр чигээрээ технологийн тусламжтайгаар цахим руу шилжиж байна. Оюун санаа ч тэр, ажил хөдөлмөрийн хуваарилалт ч тэр. Алт, уламжлалт мөнгөн дэвсгэрт гээд бодит зүйлс ч багтаж буй. 

Жишээ нь, Энэтхэг улсад 2025 он гэхэд банкны 180 мянган ажилтан ажилгүй болох магадлалтай байгаа аж. Зөвхөн Энэтхэг гэлтгүй олон оронд ажлын байрыг хиймэл оюун ухаанаар гүйцэтгэх болсон. Хэрэв Монгол Улс эрчим хүчээ хангалттай үйлдвэрлэж чадвал дэлхий даяар ажилгүй болж байгаа тэр хүмүүсийн ажлыг гүйцэтгэх роботуудын серверийг нутагтаа “ажиллуулж”, тийм хэмжээний “ажлын байр”-ыг Монголдоо бий болгож болох нь ээ. 

Учир нь дижитал шилжилтийн гол хүчин зүйл нь ердөө л эрчим хүч. Технологийн “хоол” болсон цахилгаан Монголд тасрахгүй л байх хэрэгтэй байна.