Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Баримтат гэрэл зурагчдын шилдэг бүтээлээс дэлгэлээ

Б.Сумъяа, Монголын мэдээ
2017 оны 4 сарын 27
Монголын мэдээ
Зураг зураг

Баримтат гэрэл зураг сонирхогч залуу зурагчдын шилдэг бүтээлийг олон нийтэд таниулах, дэмжих зорилготой “Шинэ бүтээл-хүмүүс-6” үзэсгэлэн өчигдөр Гамма галерейд нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнг баримтат гэрэл зургийн “Ц.Батзориг” сангаас санаачлан зургаа дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд 80 гаруй зурагчны 700 орчим бүтээлээс шалгарсан шилдэг 40 зурагчны 47 бүтээлийг сонгон олон нийтэд танилцуулж байна.

“Ц.Батзориг” сангийн дэд тэргүүн Д.ДаваанямЭнэ жилийн үзэсгэлэн Ц.Батзориг агсны төрсөн өдөр тохиож буй гэдгээрээ онцлогтой. Бас мэргэжлийн шүүмжлэгч, фото редакторууд үзэсгэлэнд ирүүлсэн бүтээлийг шүүж, зураг бүрийн дор шүүмж бичдэгээрээ онцлогтой. Гэрэл зурагт өөрийн авсан зураг өөрт сайхан харагдах тохиолдол байдаг учраас өөр хүний нүдээр бүтээлээ шүүмжлүүлэх, сонголт хийлгэх хэрэгцээ шаардлага байдаг юм. Тэр үүднээс манай шүүмжлэгч, фото редакторууд зураг бүрд боломжоороо шүүмж бичсэн” гэлээ.

Баримтат гэрэл зурагчдын ур чадвар жилээс жилд сайжирч буйтай холбоотойгоор энэ удаагийн үзэсгэлэнд гарах шилдэг бүтээлийг шалгаруулахад хүндхэн байсныг ч үзэсгэлэнгийн нээлтийн үеэр шүүгч С.Туяа хэлж байлаа.

Тэрбээр “Үзэсгэлэнд маш олон бүтээл ирсэн. Урьд нь шүүлтэд ирсэн зурагнуудаас зураг сонгох гэж зовдог байсан. Тэгвэл энэ жил хангалттай бүтээлүүдээс өөрсдийнхөө санхүүгийн хэмжээнд тохируулж, бүтээл сонгож авсан. Энэ ч бас яггүй даалгавар байдаг юм байна. Манай залуу зурагчид сайжирчээ. Жилээс жилд ур чадвар нь нэмэгдэж байгаад бид үнэхээр баяртай байгаа” гэсэн юм.

“Ц.Батзориг” сан нь нэрт гэрэл зурагчин Ц.Батзориг агсны үйл хэргийг үргэлжлүүлэх, баримтат гэрэл зургийг хөгжүүлэх, гэрэл зургийн үнэлгээ, үнэлэмжийг дээшлүүлэхийн зэрэгцээ гэрэл зурагчдыг дэмжих, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор энэ удаагийн үзэсгэлэнг зохион байгуулжээ.

Гэрэл зурагчин Ц.Батзориг агсан 1998 онд бие даасан “Хүмүүс” гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэж байсан бол хоёр дахь “Хүмүүс” үзэсгэлэнг 2013 онд гэрэл зурагчин Д.Давааням Ц.Батзориг агсны дурсгалд зориулж хамтарсан үзэсгэлэн хэлбэрээр гаргасан байдаг.

Харин 2014 оноос эхлэн “Шинэ бүтээл-Хүмүүс" үзэсгэлэн болгон гэрэл зурагчдын дунд нээлттэйгээр зарлаж, шалгаруулалтад ирсэн нийт бүтээлээс тухайн жилийн “Шинэ бүтээл-Хүмүүс” үзэсгэлэнд гарах шилдэг бүтээлийг сонгон авдаг болсон байна. Үзэсгэлэн ирэх сарын 5 хүртэл үргэлжилнэ.

 

Зураг