ABS-2A хиймэл дагуулыг Монголсат-1 нэрээр тамгалан тунхаглах арга хэмжээ өнөөдөр Шангри-Ла зочид буудалд болж, манай улс сансар огторгуйд хиймэл дагуултай боллоо.
ВИДЕО:
"Монголсат" нь Монгол Улсын түүхэн дэх хамгийн анхны хамтарсан тамгалан тунхагласан хиймэл дагуул болж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Өнөөдөр дэлхийн сансар огторгуйд хиймэл дагуул өргөлөө. Хиймэл дагуулын үйл ажиллагаа Монголчуудад маань үр өгөөжөө өгөх боломж бололцоог бүрдүүлж өгсөн байна.
Нийслэлийн захын дүүргүүд болон орон нутагт ажиллаж, амьдарч байгаа ард иргэд сансрын холбооны үйлчилгээ, телевиз, интернэтийн үйлчилгээг өндөр хөгжилтэй улс орнуудын жишигт хүрсэн хурдтай, хямд үнэтэйгээр авах боломжтой болж байна.
Тиймээс АВС компани болон Монголсат Нэтворкс компанийн удирдлага, хамт олонд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон Монголчуудынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна” гэв.
Энэхүү шинэ хиймэл дагуулын үйлчилгээ нь Монгол Улсын өргөн уудам газар нутгийг бүрэн хамарч, орон даяар хүрэх боломжтой ажээ.
ABS компанийн гүйцэтгэх захирал Том Чой “Бид шинээр хөөргөсөн хиймэл дагуулынхаа 12х27 МГц багтаамжийг Монголсат-1 брэнд нэрээр ашиглах болсныг баяртайгаар дуулгаж байна.
Энэ нь Монголын ард түмэн хийгээд, мэдээллийн дэд бүтцийн салбарт дэвшил хөгжлийг авчирна.
Хиймэл дагуулын тусламжтайгаар сансрын антенаар дамжуулан Монгол Улсын хамгийн алслагдсан орон нутагт оршин сууж байгаа газар ч 100 телевизийн сувгийг үнэ төлбөргүй үзэх боломжтой.
100Mb-ийн өргөн зурвас бүхий үйлчилгээг нэвтрүүлэхээс гадна харилцаа холбооны салбарт маш хямд үнээр үйлчилгээ явуулах боломжтой болох юм.
Мэдлэг мэдээлэл бол хүч юм. Мэдлэг мэдээлэлтэй, харилцаа холбоо нь өндөр хөгжсөн улс орон хамгийн хүчтэй байдаг” хэмээн тайлбарлалаа.
Монголсат Нэтворкс компанийн гүйцэтгэх захирал Ц.Бат-Эрдэнэ “АВS 2А хиймэл дагуул нэгдүгээр сарын 21-нд үйл ажиллагаагаа эхлүүлсэн байгаа. Хиймэл дагуулын ашиглалтын хугацаад 20 орчим жил байна.
Бусад операторуудтай харьцуулахад илүү өндөр чанартай үйлчилгээг бага үнээр хүргэнэ гэж төлөвлөж байгаа. Малчид өнөөдөр хоёр төрлийн төхөөрөмж худалдан авах боломжтой.
Бид харилцаа холбооны салбарт бусад телевизийн компаниудтайгаа хамтран ажиллана гэж бодож байна” хэмээн тайлбарлалаа.
Гэрэл зургийг Mpa.mn