Хүүхдийн 20,000 төгрөгийг хүүхэд бүрт тэгш хүртээх, Цалинтай ээж хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг шаардаж буй талаар эцэг, эхчүүдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.
Төсвийн тодотголоор хүүхдүүдийн 40 хувьд нь хүүхдийн мөнгийг олгохоор шийдвэрлэсэн.
Тэд Монгол орны өнцөг булан бүрт оршин суугаа эцэг эхчүүдийг оролцуулан 2,000 гаруй гарын үсэг бүхий өргөх бичгийг Засгийн газарт өргөн барихаар болжээ.
Эцэг, эхийн төлөөлөл А.Гарамханд “ОУВС-гаас зээл авахын тулд хүүхдүүдийн маань мөнгийг хассан. Үүн дээр Сангийн сайд Д.Чойжилсүрэн хэтэрхий хавтгайрсан халамжийн бодлого гэдэг үүднээс хандаж байгаа.
Үүнийг ээж, аавууд бид халамжийн бодлого гэж огт бодохгүй байна. Учир нь хүүхдийн ирээдүйд зарцуулагдах мөнгө. Бид эцэг, эхчүүдийнхээ өмнөөс өргөх бичиг барина. Одоогоор бид 2,000 гаруй хүний гарын үсгийг цуглуулаад байна.
Эцэг, эхчүүдээ бидэнтэй нэгдэж, гарын үсэг зураарай гэж уриалмаар байна. Өргөх бичигт маань шийдвэртэй хариу өгөөсэй гэж хүсч байна. Өргөх бичгээ өгөөд бид 14 хоногийн хугацаанд харна. Цаашид жагсаал цуглаан хийх, хуурай өлсгөлөн зарлах, суулт хийх зэрэг дараа дараагийн арга хэмжээ бий.
Ээжүүдээ битгий ийм цөхөрсөн алхам хийлгээч гэж төр засаг, УИХ-ын эрхэм гишүүдээсээ хүсье” хэмээв.
Эцэг, эхийн төлөөлөл Т.Энхтөр “Хүүхдийн мөнгийг яагаад мөнгөн хэлбэрээр олгох ёстой юм бэ гэдгийг тайлбарлая. Анхнаасаа хүүхдийн мөнгийг өгөхдөө мөнгөн хэлбэрээр олгоно гэж ярьж байсан.
Өнөөдрийн банкны хүүгээр буюу жилийн 16.2 хувийн хүүтэйгээр өнөөдрөөс эхлэн хүүхдийн мөнгийг хадгалбал 18 жилийн дараа нэг хүүхдэд 25,479,000 төгрөг цуглана. Энэ мөнгө хүүхдүүдийн ирээдүйд маш их хэрэгтэй.
Нөгөө талаас өнөөдөр зөвхөн хүүхдийн мөнгөөр амьжиргаагаа залгуулдаг өрх айл байгаа. Олон жишээ дурдаж болно. Мөн нэг айлын хоёр хүүхдийн нэгэнд нь мөнгө ороод нөгөөд нь ордоггүй. Энэ ямар судалгаа юм бэ.
Үүнээс гадна 2018 оноос эхлэн хүнсний талон хэлбэрээр өгнө гэсэн байна. Хүнсний талон хэний бизнесийг дэмжээд байгаа юм бэ?” гэлээ.
Эцэг, эхийн төлөөлөл Ц.Ариунаа “Эхчүүдэд ажлын байр огт байхгүй. Нярай хүүхэдгүй нь ажилд орж чадахгүй байхад, нярай хүүхэдтэй хүнийг хэн ажилд авах вэ. Цалинтай ээж хөтөлбөрийг бид гаргаагүй, төр засаг өөрсдөө хэрэгжүүлсэн.
Ажил хийдэггүй эхчүүд яаж амьдрах билээ. Хөдөө, орон нутгийн ээж, аавууд бүгд л ажилгүй байдаг. Хүүхдийнхээ мөнгөөр л амьдардаг” гэв.