Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Пүрэвхүү: Бид "Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр"-т сэтгэл хангалуун бус байна

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газарт ажлын хэсэг байгуулагдсаны дагуу “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталжээ. Энэ хөтөлбөрт нийт 9.9 их наяд төгрөг зарцуулахаар болсон. Гэвч, “Утааны эсрэг ээж аавууд” ТББ эрх баригчдыг агаарын бохирдлыг бууруулахын тулд 2.3 их наяд төгрөг л зарцуулахаар харагдаж байна хэмээн үзэж байгаа аж.

Энэ талаар “Утааны эсрэг ээж аавууд” ТББ өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын тэргүүн Х.Пүрэвхүү "Энэ хөтөлбөр бол цаашдын 5 жилд хийгдэх ажлууд. Дийлэнх зардлууд нь огт хаа хамаагүй төслүүд байна. Энэ хөтөлбөр одоогоор төслийнхөө шатанд байгаа. Хэрэгжихээс нь өмнө энэ хөтөлбөрийг дахин сайн харах хэрэгтэй байгаа юм. Гэвч батлагдсан энэхүү хөтөлбөрт маш сэтгэл хангалуун бус байна" гэлээ.

Нүүрс бол асар их бохирдол учруулдаг, үр ашиг муутай түлш

“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын УЗ-ийн гишүүн Д.Сүхгэрэл "Үндэсний хөтөлбөрийн ажлуудын ихэнх нь нүүрстэй холбоотой байгаа. Гэвч бид дэлхий нийтээрээ хөгжлийн бодлогод нүүрс бол асар их бохирдол учруулдаг, үр ашиг муутай түлш болсон нь нотлогдсон.  Азийн Хөгжлийн Банк, Дэлхийн банк гэх мэт олон улсын томоохон санхүүжүүлэгчид нүүрстэй холбоотой төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байгаа. Гэтэл манай улсад эсрэгээрээ бүх орон даяар нүүрсээр ажиллах станцууд барихаар төлөвлөсөн.

Өнөөдөр Улаанбаатар хот гамшгийн түвшинд хүрчихээд ард түмэн бид сандарч эхлэж байхад Засгийн газрын бодлого нүүрсийг хөгжүүлэх хэвээрээ байна. 

Шинээр гарсан агаарын бохирдлыг бууруулах энэхүү хөтөлбөрт сайжруулсан түлш, сайжруулсан зуух хэрэглэнэ гэсэн байна. Нүүрсийг ашиглах хэвээрээ л байна. Жишээлбэл, Улаанбаатар хотын 4 дүүрэгт нүүрс угаах үйлдвэр байгуулж, сайжруулсан нүүрсийг түгээнэ гэнэ. Нүүрс угааж боловсруулахын тулд асар их хэмжээний ус хэрэглэдэг.

Мөн, агаарын бохирдлыг бууруулахын тулд иргэдийг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах ёстой. Гэтэл Барилга Хот байгуулалтын яам энэ чиглэлд дорвитой ажил хийсэнгүй. Үүний оронд Ухаа Худагийн нүүрсийг нийслэлчүүдэд хэрэглүүлэхээр тулгаж байна. Үүний шалтгааныг чанартай, илчлэг өндөр нүүрс гэж тайлбарлаж байна" хэмээн ярив.

Нийслэлчүүд Шивээ-Овоо уурхайн нүүрсийг ашигладаг. Гэтэл эрх баригчид цаашид энэ уурхайгаас биш харин Өмнөговь аймаг дахь Ухаа худагийн нүүрсний ордын нүүрсийг хэрэглэх аж. Нүүрсийг өөр нүүрсээр  орлуулж байгааг "Утааны эсрэг ээж аавууд” ТББ эсэргүүцсэн юм.

“Утааны эсрэг ээж аавууд” ТББ хоёр ч удаа Сүхбаатарын талбайд жагссан. Энэ үеэр тэд хүүхдийн эмнэлэг барих шаардлага тавьсан. Гэвч хотын дарга амлалтаа биелүүлэхгүй байгааг ярьж байлаа. Тэд Эх Нялхас шиг томоохон хүүхдийн эмнэлэг барихыг шаардаж, энэ оны улсын болон хотын төсөвт эмнэлэг барих зардлыг суулгах ёстой. Ингэснээр эд өвчлөлийн үед хүүхдүүдэд хэрэгтэй гэж үзэж буй юм.