Кино, телевизийн салбарынхны шилдгүүдийг тодруулах 74 дэх удаагийн “Алтан бөмбөрцөг” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр АНУ- ын Лос Анжелес хотноо зохион байгуулагдлаа. Ёслолын үйл ажиллагааг Жимми Фэллон хөтлөн явуулсан юм.
“Алтан бөмбөрцөг” кино, телевизийн салбарын хээнцэр одууд улаан хивснээ алхсанаар эхэлж, ярилцлага өгөх, шилдгүүдийг нэрлэх гэх зарчмаар үргэлжилжээ. Ингээд шилдгүүдийг зарлах мөчид Холливудын алтан үеийнхнийг дүрсэлсэн найруулагч Дэмьен Шазелийн “La la Land” мюзикл кино хамгийн олон номинаци буюу нэр дэвшсэн долоон төрөлдөө шилдгээр шалгарч, энэ удаагийн “Алтан бөмбөрцөг”-ийг хамлаа.
Тус кино “Шилдэг инээдмийн мюзикл кино” төрөлд шалгарснаас гадна гол дүрийн жүжигчид болох Райн Гослинг, Эмма Стөүн нарын жүжигчид шилдэг гол дүрийн эрэгтэй, эмэгтэй номинацид тус тус тэргүүлсэн байна. Түүнчлэн, шилдэг найруулагч, шилдэг зохиол, шилдэг хөгжим, шилдэг киноны дуу гэх зэрэг нийт долоон төрөлд шалгарчээ.
Ингэснээр ирэх сард зохион байгуулагдах Оскарт ч тус кино оролцсон номинациуддаа шилдгээр нэрлэгдэх магадлал өндөр болж ирлээ. Харин шилдэг драмын кино төрөлд “Moonlight” кино тэргүүллээ. Улмаар драмын шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин төрөлд “Manchester by the Sea” кинонд бүтээсэн дүрээрээ жүжигчин Кейси Аффлек, шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин номинацид “Elle” киногоороо Изабель Юппер нар тус тус нэрлэгджээ.
Харин телевизийн салбарт “The Night Manager” цуврал гурван төрөлд ялалт байгуулжээ. Шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн Райан Гослинг шагналаа гардан авахдаа эхнэр Ева Мендездээ талархал илэрхийлж үг хэлсэн нь олны сэтгэлийг хөдөлгөсөн юм. Тэрбээр, “Талархал илэрхийлэх олон хүн байгаа ч нэг хүнд тусгайлан баярласнаа илэрхийлмээр байна. Намайг дуулж, бүжиглэж, төгөлдөр хуур тоглож, урьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй сайхан бүхнийг мэдэрч байхад миний эхнэр охиноо өсгөн, хоёр дахь охиноо гэдсэндээ тээн, хавдартай тэмцэж байсан ахдаа туслаж байсан юм.
Намайг энэ кинонд тоглуулах боломжийг олгохын тулд тэрбээр энэ бүх ачааг үүрээгүй байсан бол одоо энд миний оронд өөр хүн зогсож байх байсан биз. Чамдаа баярлалаа. Амада, Эсмеральда охидууддаа хайртай шүү. Би энэ шагналыг эхнэрийнхээ ах Хуан Карлос Мендезд зориулж байна” хэмээн ярьсан юм.
Ингээд шилдгүүдийн жагсаалтыг хүргэе.