Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Марк Зукерберг Фэйсбүүкийг сонгуулийн үр дүнд нөлөөлөөгүй гэлээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 11 сарын 11
IKON.MN
Зураг зураг

Өнгөрсөн сонгуулийн хачирхалтай үр дүнд Фэйсбүүк сүлжээ буруутай гэх яриа сүүлийн үед идэвхжсэн юм.

Учир нь Фэйсбүүкээр тарсан үндэслэлгүй, хэт нэг талыг барьсан мэдээ хүмүүсийг төөрөгдүүлж, сонголтонд нь нөлөөлсөн гэж олон хүн үзэж байна. Тэгвэл Марк Зукерберг өчигдөр Techonomy чуулганд оролцохдоо энэ сэжиг таамгийг няцаажээ.

Тэрээр “Фэйсбүүкээр тарсан цөөн тооны худлаа мэдээлэл сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэдэгт би хувьдаа итгэхгүй байна, энэ бол дэндүү солиотой санаа” хэмээн мэдэгдсэн байна.

Марк “Хүмүүс өөрийн бодит туршлага дээрээ үндэслэн сонголт хийсэн гэж би бодож байна” гэжээ.

Гэхдээ сүүлийн хоёр жилийн хугацаанд Фэйсбүүк хэд хэдэн удаа ийм асуудалтай тулгарч байна. Тус сүлжээний NewsFeed хуудсанд мэдээллийг гаргах сонголт нь хэрхэн явагддаг нь тодорхойгүй. Өмнө нь энэхүү сонголтыг Фэйсбүүкийн ажилчид гараар хийдэг гэсэн дуулиан дэгдэж Марк Зукерберг мэдээний хэсгийн зарим хүнээ халж байсан. Дараа нь энэ явцыг хүний оролцоогүй, алгоритм ашиглан хийдэг болсноо мэдэгдэж байв.

Pew Research Center байгууллагын сүүлийн судалгааны дүнгээр Америкчуудын 20 хувь нь сошиал сүлжээнээс үзсэн мэдээлэл дээрээ үндэслэн ямар нэг сэдвээр хувийн үзэл бодлоо өөрчилдөг гэж хариулжээ.

Тиймээс өдөр тутам Фэйсбүүк сүлжээнд ордог 1.18 тэрбум хүний багагүй хэсэг нь тус сүлжээний тарааж байгаа мэдээлэлд итгэдэг болох нь харагдаж байна.

Өнгөрсөн сонгуулийн үеэр буюу энэ жилийн турш Фэйсбүүк сүлжээгээр барууны үзэл бодлыг шингээсэн мэдээ, мэдээлэл их тарж байсан нь Трампыг ялахад хүргэсэн хэмээн үзэгсэд олон байгаа юм.

 

Эх сурвалж: Techcrunch