Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын засаглал ба АН-ын шинэчлэл

З.Боргилмаа
2016 оны 7 сарын 19
MorninigNews.mn
Зураг зураг

-МАН доторх бүлэглэлүүд Миеэгийн байгуулж өгөх Ж.Эрдэнэбатын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, цаашлаад сайдууд нь хэн хэн байхыг санаан зоргоороо зураглан шантааж үзүүлээд эхэлжээ- 

Засаг барих эрхийг авсан МАН болон засгийн эрхээс буусан АН өчигдөр тус тус намын эрх барих дээд байгууллагынхаа хурлыг хийлээ. 
МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, байнгын хороодын дарга нарын асуудлыг ярилцана гэх яриа байсан ч өчигдрийн хувьд аймгуудын Засаг дарга нарын томилгоог хэлэлцсэн юм.

УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа томилон батламжилснаас хойш МАН дотор Засгийн газрын гишүүдийн томилгоотой холбоотой тулаан өрнөж эхэлсэн нь тогооноосоо хальж, хэрүүлийнх нь зах зух хэвлэлийн сэдэв болоод байна.

Дотоодын зөрчлөө тогоондоо цэгцэлж, эмх журам, эв нэгдлийн илэрхийлэл болж харагддаг байсан МАН-д энэ удаад гэнэт ирсэн эрх мэдэл зохих уу, эс бөгөөс зодоон үүсгэх үү гэж эрхгүй асуумаар болж байх аж.

М.Энхболдын байгуулж өгөх Ж.Эрдэнэбатын Засгийн газар

Уг нь намын дүрмээр бол сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд болох учиртай ч М.Энхболд яагаад ч юм бэ тэрхүү албан тушаалд очсонгүй. УИХ-ын дарга боллоо. Намынх нь нөхөд түүний эл шийдвэрийг “хариуцлагаас зугтсан алхам” гэж үзэж буй ч чухам яагаад ийм нүүдэл хийснийг нь хэн ч хараахан тайлж хэлээгүй байгаа.

Харин яг ийм тохиолдолд ямар алдаанд хүрдгийг өмнөх дөрвөн жилд засагласан Ардчилсан нам яруу тодоор үзүүлсэн юм.

МАН-ын хувьд улс төрд харьцангуй шинэ, залуу нүүр царай болох Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилсон ч түүний энэ байдлыг намынхан нь далимдуулж, танхимаа өөрийн итгэл үнэмшлээр бүрдүүлэх эр зоригийг нь чухам сорьж, сонжиж байна.

Тэгээд түүний танхимыг бүрдүүлж өгөх ажлыг намын даргын хувиар спикер М.Энхболд нам доторх бүлэглэлүүдийн өрсөлдөөнийг зохицуулах замаар гүйцэтгэж өгөх нь тодорхой байна.

Яг л өмнөх Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн танхимын шийдвэрийг нам нь гаргадаг, намынх нь шийдвэрийг УИХ-ын дарга З.Энхболд эрхшээдэг байсанчлан МАН ийм л загвараар засаглалаа эхлэх нь ээ.

Шинэ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тамга гардан авсныхаа дараахан Ерөнхийлөгчтэй уулзах үедээ үндсэн чиг үүргийн яамдын сайд нарыг УИХ-аас бусдыг гаднаас томилох байр суурь барьж буй гэдгээ мэдэгдэж байлаа. Харин өнөөдөр сонсогдож байгаа сураг ажгаар бол түүний төсөөлөл замхрах шинжтэй болжээ. МАН доторх бүлэглэлүүд Миеэгийн байгуулж өгөх Ж.Эрдэнэбатын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, цаашлаад сайдууд нь хэн хэн байхыг санаан зоргоороо зураглан шантааж үзүүлээд эхэлжээ.

МАН дотор болж буй үйл явдалд ойр эх сурвалжаас гарсан мэдээллээр бол Сү.Батболдын фракц М.Энхболдыг шантаажилж, Засгийн газрын танхимд Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил, олон оффшор компанид хувь эзэмшигч Д.Цогтбаатар тэргүүтэй нэг бус “тэжээврүүдээ” шургуулахаар санаархаж байгаа гэх.

Харин хэвлэлийнхэнд буй мэдээллээр бол бизнесийн бүлэглэл, залуучуудын төлөөлөл, ахмадын “холбоо” гэсэн фракциуд суудал горилон тэрсэлдэж байгаа гэх. Тэд намдаа хандивласан хөрөнгө мөнгө, намдаа өргөсөн хүч хөдөлмөр, намдаа зориулсан он жилүүд гээд тус тусын “үнэлэмж”-ээ дурдан дурсан байж эрх мэдлийн төлөө тэмцэлдэж буй нь ойлгомжтой юм.

Намынхаа мөрийн хөтөлбөрөөр тунхаглан ард иргэддээ амласан “мэргэжлийн Засгийн газар байгуулах” мөрөөдөлд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат л итгэж яваа бололтой.

З.Энхболдын шинэчилж өгөх АН-ын ирээдүй

АН-ын хувьд фракцийн, овог аймгийн, хамаатан садны зэрэг мафи маягийн сүлжээгээр дамжуулан намын бүхий л эрх мэдлийг хэрэгжүүлэх болсон нь тэдний гол алдаа гэж өөрсдөө дүгнэж байгаа. Сонгуулийн ялагдалд, хамгийн гол нь засаглалын завхралд хүргэж, төрт улсаа хорлосон энэхүү алдаагаа засах битгий хэл хэлэлцэж амжаагүй яваа.

Түүгээр ч барахгүй яг л өмнөх алдаа бүхий схемээрээ улс төрийн шийдвэрүүдээ гаргаад эхэлчихсэн юм. Ардчилсан намыг дарангуйллын машин болгон хувиргасан гол буруутан гэгдэж байгаа экс дарга З.Энхболдын эрх мэдэл, ашиг сонирхлын нөлөөн дор УИХ дахь бүлгийн удирдлагуудаа, цаашлаад намын даргын үүрэг гүйцэтгэгчээ томилчихсон яваа. 

Ардчилсан намын эрх барих дээд байгууллага ҮЗХ өчигдөр хуралдаж, шинэчлэлийг авчрах алхмуудаа хэлэлцсэн. 

Ардчилсан намын эрх барих дээд байгууллага ҮЗХ өчигдөр хуралдаж, шинэчлэлийг авчрах алхмуудаа хэлэлцсэн. Хэрэв шинэчлэлийн асуудлыг өнөөгийн ҮЗХ-гоор хэлэлцэн шийдвэрлэнэ гэвэл хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэх гишүүд цөөнгүй байгаа аж. 

Учир нь эрх барих дээд байгууллага намын дарга З.Энхболдтой хамт хариуцлага хүлээх ёстой субъект гэдэгтэй маргах хэцүү. Тийм байтлаа АН-ын шинэчлэл хийгээд тунгалагшилтыг тэд тодорхойлно гэвэл “хуцав аа” гэж хэлэх гишүүд захаас аван олдоно. Тэд сүүлийн найман жил огт хуралдуулаагүй Их хурлаа эхлээд хуралдуулж, намын дүрмээ шинэчилж баймааж шинэ “цэвэр” дүрмийн дагуу ҮЗХ-гоо дахин бүрдүүлэх ёстой.

Үүний дараа АН-ын даргын асуудлыг ярих ёс суртахууны эрхтэй болно гэж үзэж байгаа нь уг нь зөв байх. Эгэл гишүүд, дэмжигчдээсээ холдон тасраад байсан намын удирдлагын аппаратыг өөрчлөхийн тулд гишүүд, дэмжигчдийнхээ дуу хоолойг юун түрүүнд сонсохоос л тэрхүү шинэчлэл нь эхлэх ёстой байх. 

Зураг